Ц.Бүжинлхам: Би Хууль зүйн ухааны анхны эмэгтэй доктор

Улсын Ерөнхий прокурорын газраас "Гал тахиа" жилийн босгон дээр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүндэтгэн, хүлээн авах  арга хэмжээний үеэр прокурорын байгууллагын алтан үеийн түүхийг бичилцэж явсан эрхэм хүмүүсийн нэг болох хууль зүйн ухааны доктор, ахмад прокурор Цэрэнбалжирын Бүжинлхамтай уулзаж, ярилцлаа.

Тэрээр Монгол Улсад хуулийн дээд боловсрол эзэмшсэн 2 дахь эмэгтэй хуульч, хууль зүйн ухааны анхны эмэгтэй доктор, 1968 оноос Улсын прокурорын газрын Шүүх хяналтын хэлтсийн даргаар ажилласнаар тус байгууллагын анхны эмэгтэй туслах прокурор, 1972 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 96-р тогтоолоор байгуулагдсан "Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн"-ийн тулгын чулууг тавилцсан гээд олон онцлох зүйлтэй эрхэм хүн билээ.

-Таны  төрж өссөн нутаг, аав ээжийн тухай яриагаа эхлэе?

-Би Архангай аймагт төрж, Улаанбаатар хотод өсч торнисон хүн. Миний аав Цэрэнбалжир Аюулаас хамгаалах яамны  Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа цолтой хүн байсан. Аав маань Тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсад Улс төрийн академи төгссөн. Би чинь айлын том хүүхэд, доороо нэг дүүтэй. Аав маань орос хэлэндээ гаргууд сайн байсан. Тэтгэвэрт гарсан ч гэсэн Хууль зүйн яам, хуулийн хүрээлэнд ажиллаж хууль боловсруулахад хувь нэмрээ оруулж байсан.

-Анхны бүхэн сэтгэлд тод мөрөө үлдээдэг. Та анх прокурорын байгууллагад орсон үеээ дурсана уу?

-Би 1958 онд лаборатори 1 дүгээр сургуулийг төгсөөд Улсын прокурорын нэр дээр Зөвлөлт Улсад Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн хуулийн ангид суралцахаар явсан юм. Надтай хамт дандаа ахмад хүмүүс явж байсан. Би ганцаараа 10 жилийн сургууль төгссөн жаахан охин байлаа.Тэгээд 1963 онд төгсөж ирээд Улсын прокурорын газартаа орсон. Анх намайг  Шүүх хяналтын хэлтэст ажиллана, "14 хоног амарчхаад ир" гэсэн юм. Амараад ирсэн чинь "мөрдөн байцаагч бол" гэсэн. Хагас жил мөрдөн байцаагч хийсэн. Тэгээд шүүх хяналтын хэлтэст эхлээд хяналтын прокурор, дараа нь хэлтсийн даргаар ажиллаж  байлаа. Манай хэлтэст хамт ажиллаж байсан Н.Сүрэнхорлоо, Н.Сосорбарам, Б.Янжмаа, С.Хорлоо, н.Сосорбарам  гээд зарчимч, шударга, мэдлэг, дадлага туршлагатай олон прокуроруудаараа би бахархаж явдаг. Ингээд би 8 жил Шүүхийн хяналтын хэлтсийн дарга хийж байгаад 1973 онд Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн прокурорын хяналтын секторийн эрхлэгчээр томилогдсон. Тэр үед  Ерөнхий прокурор байсан Ж.Авхиа намайг дуудаж уулзаад "чи орос хэлд сайн. Шинээр байгуулагдаж байгаа хүрээлэнд орос мэргэжилтнүүд ирж ажиллана, тэнд очиж ажилла л гэсэн. Хүрээлэнд  10 жил ажилласан.

- БНМАУ-ын прокурор Ж.Авхиа БНБАУ-ын Ерөнхий прокурор Иван Бачков нарын хамт 1977 он-
 
-Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн гэж ямар газар байсан. Энэ талаар та тодруулж яривал сонин байх болов уу?

-1972 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос  Улсын прокурорын дэргэд "Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн"байгуулах тухай тогтоол гаргасан. Энэ хүрээлэн  Монгол Улсын нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, дүн шинжилгээ хийгээд, урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, Зөвлөмж санал өгөх, онол практикийн бага хурал зохион байгуулах гээд гэмт хэргээс сэргийлэх ажлуудыг хийдэг байлаа. Бид  орос эрдэмтэн, криминологи зөвлөхүүдийг урьж авчран судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулдаг байсан юм. Орон нутгуудад  үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгааныг судлахдаа тухайн орон нутагт очиж судалгаа авах, ярилцлага хийх зэрэг олон аргаар ажилладаг байсан.

Улсын прокурорын орлогч хүрээлэнгийн захирал нь байдаг байсан. Одоо МУИС-ийн багшаар ажиллаж байгаа Туяа, Жанцан, Рэнцэн гээд 10 ажилтантай, 3 сектор ажилладаг байлаа. Би прокурорын хяналтын секторын эрхлэгч байсан юм. Энэ хүрээлэн төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулдаг байсан гэж боддог.Манай хүрээлэнгээс 5 хүн эрдмийн зэрэг хамгаалж,  "Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" гэсэн 10 гаруй товхимол, Криминологийн сурах бичиг болон хэд хэдэн бие даасан товхимол, бүтээл бичиж хуульчдын онолын мэдлэгт тус болж байсан юм. Харамсалтай нь уг хүрээлэнг бэхжүүлж чадаагүй юм.

Прокурорын байгууллагын дэргэд "Сургалт, судалгааны төв"  байгуулагдсаныг би их олзуурхан хүлээж авсан. Эхлээд Сургалтын төв гэсэн нэртэй байхаар нь судалгаагаа орхигдуулж байна уудаа гэж л ярьж, хэлж явлаа. Харин одоо сургалт, судалгаа хамт явах болсон байна. Гэмт хэрэг "өслөө", "буурлаа" гэж л яриад байх юм.

Судалгаа нь хаана байна вэ, Яагаад гэмт хэрэг өсөөд байна, яавал буурах бэ,  бууруулахын тулд иргэн хүний зүгээс юунд анхаарах, хуулийн байгууллагууд яаж ажиллах, төрийн байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулах, хууль эрх зүйд ямар өөрчлөлт хийх гээд цогц  бодлого  явагдах ёстой. Манайд эдгээрийг уялдуулсан, төрийн нэгдмэл цогц бодлого байхгүй байна. Одоо ОХУ-д "Криминологийн институт" гээд маш том судалгааны байгууллага байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь судалгаан дээр үндэслэгдэж хийгдэх ёстой, Прокурорын байгууллагын дэргэдэх Сургалт, судалгааны төвийг түшиглэн эдгээр ажлыг прокурор хэрэгжүүлэх ёстой л гэж бодох юм.   

-Эрдмийн ажлынхаа талаар яриач. Ямар сэдвээр доктор хамгаалсан бэ?

-Би хүрээлэнд ажиллаж байхдаа л эрдмийн ажлын судалгаагаа хийж эхэлсэн. 1985 онд Дээд шүүхэд байхдаа "Эрүүгийн анхан шатны шүүн таслах ажиллагаанд тавих прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь" сэдвээр доктороо хамгаалсан. 1983 онд ерөнхийдөө судалгааны ажил маань бэлэн болоод доктороо хамгаалах гэж байтал намын Төв хорооны С.Жалан-Аажав гуай намын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж гүтгэгдэн,1984 онд бүх ажлаас нь буулгаж Завхан аймагт нутаг заагдсан. Би эрдмийн ажилдаа Г.Совд, С.Жалан-Аажав гуайн номоос ишлэл авсан байсан учир буруудаад цолоо хамгаалах боломжгүй болсон юм.
1983 онд Улс төрийн товчооноос "Улсын Дээд шүүхийн ажлыг сайжруулах тогтоол" гарч, Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь өөрчилж байлаа. Тэгээд Улс төрийн товчоогоор орж  Дээд шүүхэд томилогдсон.  Ингээд би Дээд шүүхийн Эрүүгийн коллегийн гишүүн болсон юм.

Зөвлөлтийн Ерөнхий прокурорын дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирсэн Махов гэж эрдэмтэн, С.Жанцан нар миний эрдмийн ажлын удирдагчаар ажиллаж, би бичсэн эрдмийн ажлаасаа  С.Жалан-Аажав, Совд нарын  бүтээлээс авсан ишлэлийг бүгдийг нь хасаж оруулаад, 1985 онд  доктороо хамгаалж байлаа.

-Та "Эрүүгийн анхан шатны шүүн таслах ажиллагаанд тавих прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь" сэдвээр доктороо хамгаалсан гэлээ. Таны үед шүүн таслах ажиллагаанд прокурор хэрхэн хяналт тавьдаг байсан бэ?

-Шүүхийн хяналт чухал алба байсан юм. Улсын прокурорын шүүхэд тавих хяналтын хэлтэс төв орон нутгийн шүүн таслах ажиллагаанд хяналт тавих, Дээд шүүхийн эрүү, иргэний коллегийн хуралд оролцож, дүгнэлт гаргах, иргэдийн өргөдөл, гомдол, прокуроруудын саналаар хэрэг хянах, алдаа зөрчлийг эсэргүүцэл, мэдэгдэл бичих хэлбэрээр засуулах үндсэн үүрэгтэй байсан.
1965 оноос  орон нутгийн прокурорын газарт шүүхийн хяналтын туслахтай болсон. Эрүүгийн анхан шатны шүүн таслах ажиллагаанд улсын яллагчаар оролцох, иргэний хэрэгт прокурор төлөөлөн нэхэмжлэл гаргах талаар өндөр шаардлага тавигдаж, энэ нь ажил дүгнэх гол үзүүлэлт болдог байсан юм.

-Дээд шүүхэд хэдэн жил ажилласан бэ.

1983 онд Улсын Ерөнхий прокурор С.Бүдрагчаа байсан юм. С.Бүдрагчаа прокурор намайг Улсын дээд шүүхэд очих болно гэхэд нь би "та яагаад намайг явуулж байгаа юм" гээд уйлж байлаа. Дээд шүүхийн эрүүгийн коллегийн гишүүн, Шүүхийн судалгааны төвийн захирлаар ажиллаж байгаад 2004 онд тэтгэвэрт гарсан. Улсын прокурорт 20 жил, Дээд шүүхэд 20 жил ажилласан байна.  

-Одоо юу хийж байна даа?

-Би одоо "Их засаг"  Олон Улсын их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн. Магистр, докторын эрдмийн ажилд тусална.  Тэтгэвэр гарснаас хойш "Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй" номыг орос хэл дээр бичсэн. Өөр хэд хэдэн ном бичсэн.

-Та прокурорын байгууллагаас төрсөн анхны хууль зүйн ухааны доктор хүн байна шүү дээ.

-Тиймээ. Би  Монголд хууль зүйн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан анхны эмэгтэй, Хуулийн дээд мэргэжилтэй 2 дахь эмэгтэй.
Дурсамжтай, сургамжтай сайхан ярилцлага өгсөн Танд маш их баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Өнөр
    Тэрхийн голд төрсөн сайхан бүсгүйчүүдийн нэг Бүжин эгчдээ эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.
    2017 оны 02 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025