БОАЖЯ-ны Д.Даваасамба, П.Бүнчинжав, С.Даваахүү нар 200 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ
2017/02/10

БОАЖЯ-ны гурван албан тушаалтныг авлига авч байхад нь АТГ-ын алба хаагчид тусгай ажиллагаа явуулж үйлдэл дээр баривчилсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба,Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү, нарын гурван иргэнийг Авлигатай тэмцэх газрын алба хаагчид саатуулан шалгаж эхэлжээ.

-Д.ДАВААСАМБА 150 САЯ ТӨГРӨГ, С.БАЯРХҮҮ 40 САЯ ТӨГРӨГИЙН АВЛИГА АВСАН ГЭВ-

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, авлига авсан гэх Д.Даваасамбыг орон нутагт томилолтоор явж ирсний маргааш буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийн орой түүний ажлын өрөөнд Авлигатай тэмцэх газраас гэнэтийн шалгалт хийсэн байна. Улмаар БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүчинжав болон нэг мэргэжилтэнг баривчилж явсан аж. Харин эх сурвалжууд Д.Даваасамба нарыг  600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл өгөхөөр тохиролцож 200 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх мэдээлэл өгч байна.

Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ  “Өнгөрсөн жил хуш модны самар их хэмжээгээр ургасан. Иргэд ч түүнийг нь түүж, аж ахуйн нэгж компаниуд худалдан авсан байдаг. Хуш модны самар цөөн хэдэн компанид их хэмжээгээр байгаа. Бүгд хилээр гаргах зөвшөөрөл хүлээж байгаа юм. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран хууль бусаар хуш модны самар хилээр гаргах гэж байгаа компаниудыг шалгаж эхэлсэн.

“Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахын тулд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарын гурван хүнд авлига өгсөн хэрэгт шалгагдаж байна. Одоогоор Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Баярхүүд 40 сая төгрөгийн авлига өгсөн гэдэг нь тодорхой болоод байгаа. Харин газрын дарга П.Даваасамба "Оюут цагаан барс” компанийн 600 тонн самрыг хилээр гаргах зөвшөөрөл олгоод 150 сая төгрөг авсан хэрэгт шалгагдаж байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.

-БОАЖЯ-НЫ САЙД Д.ОЮУНХОРОЛ АЛБАН ТУШААЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮҮ-

Харин энэхүү хэргийн талаар БОАЖЯ-аас тодруулахад “Болсон үйл явдлын тухай бид ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бол удахгүй бүх зүйл тодорхой болох байх” гэх тайлбарыг өгсөн юм. Ийнхүү БОАЖЯ-ны дээд албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон даруйд салбар яамны сайдыг хэвлэлүүд шүүмжилж эхэлжээ. Учир нь онц их хэмжээний буюу 150 сая төгрөгийн авлига авсан гэх Д.Даваасамба нь БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролын ойр дотны хүн гэх мэдээлэл гарчээ.

Тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нь өмнө нь БОАЖЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байжээ. Мөн түүнийг Д.Оюунхоролын нутгийн, ойр дотны нэгэн гэх ба Д.Даваасамба нь сайдынхаа сонгуулийн ажилд ерөнхий менежерээр ажиллаж байсан гэдэг.  

Харин Д.Даваасамба нарын шууд удирдлаган дор ажилладаг хүмүүс авилгалын хэрэгт холбогдсонтой холбоотойгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол өөрийн хүсэлтээрээ ажлаа өгч, огцрохоос өөр замгүй болсон тухай  МАН дотроо хэлэлцэх болсон талаар зарим нэр бүхий хэвлэл мэдээлсэн байна. Уг мэдээлэлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн өмнө ийм хариуцлагагүй хэрэгт Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яамны дарга нар холбогдож, нийгэмд дуулиан дэгдээсний хариуцлагыг ёс зүйн хувьд ч, зарчмын хувьд ч Д.Оюунхорол намын удирдлагынхаа өмнө хариуцах нь мэдээж хэмээжээ.

Б.ЦОГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин