БЗД-ийн 11-р хороо “Баянзүрхийн товчоон дээр бичиг баримтгүй самар илрүүллээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 01-нд авч шалгахад: ЧД-7 хороонд суух 32 настай эрэгтэй М нь өөрийн эзэмшлийн “Howo” автомашинтай тээвэрлэж явсан нүүрсэн доор гарал үүслийн бичиггүй 10 тн цайруулсан самар ачиж явсныг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
Жил бүр хушны самрыг хууль бусаар бэлтгэх асуудал яригддаг. Иргэд хушны самрыг гүйцэт боловсроогүй үед нь түүж, түүнийгээ борлуулж байна. Үүнд манай аймаг, сум, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж, гарсан зөрчлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг. Гэсэн хэдий ч хушны самрыг хууль бусаар бэлтгэсээр байгаа. Энэ нь нэг талаараа эрэлт хэрэгцээ байгаагийн шинж юм.
Байгалийн бүтээгдэхүүн хямд өртөгтэй, өндөр үнээр худалдаалагддаг учраас иргэд их хэмжээгээр самар түүдэг. Өмнө нь хуулиараа хушны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түүхийг зөвшөөрдөг байсан. Харин сүүлд журам нь шинэчлэгдэж, самрын болцоос хамаарч түүдэг болсон. Иргэд хууль бусаар самар түүх нь байгальд хортой гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно гэж хуульчилсан.
Тэгэхээр хууль бусаар үйл ажиллагаа явуулбал түүсэн жимс, самраа хураалгана гэсэн үг.
Сэтгэгдэл (1)