Шинэ хууль: Хохирогчдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ
2017/02/01

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байдаг. 

Шинэ хууль нь өмнөх хуулиасаа урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү тусгаж өгснөөрөө онцлог болжээ.

Тодруулбал,

Нэгдүгээрт, Гэр бүлийн хүчирхийллийг ерөөсөө гаргахгүй байх.

Нийгэм өөрөө соён гэгээрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ, иргэд ямар эрхтэй вэ, миний эрхийг зөрчвөл хүчирхийлэл мөн үү, би ямар үйлдэл бусдын эрхийг зөрчих вэ гэдгийг цэцэрлэгээс нь эхлээд заадаг байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг байх ёстой гэж тусгажээ. 

Хоёрдугаарт, Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх.

Гэр бүлийн хүчирхийллийн эргэн тойронд байгаа хүмүүс хор хөнөөл аюулыг нь мэддэг, мэдээлдэг, зайлшгүй тохиолдолд үүрэг хүлээдэг байх ёстой аж. Насанд хүрээгүй хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд хүчирхийлэлд өртсөн байвал тэдний үүргийг бусад иргэд гүйцэтгэх ёстой аж. Учир нь тэд өөрсдөө мэдээлж чаддаггүй. 

Гуравдугаарт, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн дахин өртүүлэхгүйн тулд тодорхой хэмжээний үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлнэ.

Өмнөх хуулинд энэ үйлчилгээнүүдийг заасан байдаг ч хэн ямар журмаар ямар хүрээнд юу үзүүлэх вэ гэдэг зааг ялгаа тодорхойгүй байсан. Харин шинэ хуулиар бүгдийг нь тодорхой тусгаж, зохицуулжээ.

Гэр бүл хүчирхийлэгчийг албадан сургалтад хамруулна

Гэр бүл хүчирхийлэгчийг зан үйлд нөлөөлөх албадан сургалтад заавал суулгана. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь хэн нэгнийг яллаж, шийтгэх зорилготой биш. Урьдчилан сэргийлэхийг түлхүү зохицуулжээ. Зан үйлд нөлөөлөх албадан сургалт нь хоёр хэлбэрээр явагдана. Нэг нь хүн өөрөө сайн дураараа хүсэлт гаргаад оролцож болно. Нөгөөх нь шийтгэлийн зорилгоор. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч этгээд баривчлагдсан тохиолдолд цагдаагийнхан, хорих ял авсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан явуулах юм.

Хохирогчдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод хэд хэдэн төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэхээр хуулинд тусгасан байна.

Нэгдүгээрт, Хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ. Тодруулбал, дуудлагын дагуу хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага очиж, гэмт хэргийг таслан зогсоох. Дараа нь хохирогчийн аюулгүй байдалд байрлуулна.

Хоёрдугаарт, Нэг цэгийн үйлчилгээ. Тухайлбал, хохирогч эмнэлэгт үзүүлэхэд эмнэлгийнхэн анхан шатны тусламж үзүүлж, нийгмийн ажилтан сэтгэл зүйг нь засахаар хуульчилж өгчээ.

Гуравдугаарт, Нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээг халамжийн тухай хуульд заасны дагуу үзүүлнэ.

Дөрөвдүгээрт, Хууль зүйн зөвлөгөө

Тавдугаарт, Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хамгаалах байранд байрлаж байвал хүүхдийн онцлогт таарсан үйлчилгээг үзүүлэхээр хуульчилжээ

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин