Энэ өдөр: 1931 онд Нийслэлийн прокурор байгуулагдаж байв

БНМАУ-ын 1930 оны 6 дугаар Их хурлаар прокурорын байгууллагыг төв, орон нутагт байгуулж эрх хэмжээг тогтоох шийдвэр гаргасан ба БНМАУ-ын Шүүх Яамны сайдын 1931 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 8 тоот тушаалаар Улаанбаатар хотын прокурорыг Хотын шүүхийг түшиглүүлэн 1 прокурор, 3 мөрдөн байцаагч, 1 нарийн бичгийн дарга бүгд 5 хүний орон тоотойгоор анх байгуулж байжээ.

Тухайн үед Улаанбаатар хотын анхны прокуророор С.Пунцагдорж, ардын байцаагч нараар А.Норолхоожав, Г.Жамсран нарыг томилсон байна.

Улаанбаатар хотын прокурорын газрын 1936 оны ажлын тайлангаас үзвэл: тус прокурорын газар нь прокурор, сэргийлэхийн 6 хороодын мөрдөн байцаалтын ажлыг удирдаж, ард иргэдээс жилдээ 86 өргөдөл хүлээн авч барагдуулсан, 799 хэргийг мөрдөснөөс 541 хэргийг шүүхэд шилжүүлж, 127-г хэрэгсэхгүй болгон, 31 хэргийн үлдэгдэлтэй байсан байна.

Мөн онд 24 удаа 3446 хүнд хуулийн яриа, таниулга хийсэн ба сүм, жасын албан татвар төлөлт, лам нараас хураах цэргийн тусгай татвар, цэрэг дайчилгааны ажлын явц байдлыг ерөнхий хяналтаар шалгаж байсан баримт архивд хадгалагджээ.

Түүнчлэн прокурорын байгууллага улсад учруулсан хохирлыг арилгахад онцгой анхаарч 1937 онд хотын Хоршоодын ерөнхий хорооны 631655 төгрөг, Мах кoмбинат, Нарийн боовны үйлдвэрүүдийн 3 сая шахам төгрөгний дутагдал, шамшигдал болон Хотын шүүхийн эрүүгийн тогтоолоор 220766 төгрөг, иргэний тогтоолоор 67933 төгрөг нөхөн төлүүлжээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд ба Шүүх яамны сайдын 1939 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан 28 дугаар тушаалаар прокурорын байгууллагыг шүүхээс тусгаарлаж, бие даасан байгууллага болгосноор Улаанбаатар хотын прокурорын байгууллагын ажлын цар хүрээ өргөжиж, бүтэц зохион байгуулалтын хувьд өсөн бэхжиж ирсэн байна.

1950, 1952, 1960 онуудад Аж үйлдвэрийн комбинат, Налайх, Толгойтод хэсгийн прокурор, 1965 онд Сүхбаатар, Найрамдал, Ажилчны, Октябрийн районы прокурорын газрууд байгуулагджээ.

1962 онд Улаанбаатар хотын прокурорын газарт Цагдан сэргийлэхийн мөрдөн байцаалтын ажлыг орон тооны хамт шилжүүлэн төвлөрснөөр хотын прокурорын газар нь 2 хэлтэс, 28 мөрдөн байцаагчтай Мөрдөн байцаах газартай болсон байна.

1963 онд Улаанбаатар хотын прокурорын газар нь жинхэнэ прокурор 1, газар хэлтсийн дарга, туслах прокурор 18, мөрдөн байцаагч 34, бичиг хэрэг, аж ахуйн үйлчилгээний ажилчид 19, бүгд 71 орон тоотой ачааны машин 1, суудлын машин 3-тайгаар ажиллаж байжээ.

1974 оны 12 сард БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид прокурор, мөрдөн байцаагч нарт цол буй болгох тухай 358дугаар зарлиг гаргаж....прокурор, мөрдөн байцаах ажилтны цолны цалингийн хэмжээг тогтоосон чухал тогтоол гаргаснаар Улаанбаатар хотын прокурорын газрын прокурор, мөрдөн байцаагчид "Хуульч", Ахлах хуульч", Хууль цаазын дэд зөвлөх", Хууль цаазын зөвлөх", "Ахлах зөвлөх" зэрэг албан тушаалын цол ба цолны цалинг бий болгожээ.

1990 онд засаг захиргааны бүтцийн өөрчлөлтөөр Нийслэл хот нийт 9 дүүрэгтэй болсноор Нийслэлийн прокурорын газрын харьяа Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийн прокурорын газрууд нийт 10 нэгж ажиллаж, 67 прокурор, 33 бага тушаалын орон тоотой болсон бол 1996 онд зохион байгуулалтын шинэ бүтцэд шилжиж 101 прокурор, 57 үйлчилгээний албан хаагчидтай болж орон тоо нэмэгдэн тэр хэмжээгээр ажлын цар хүрээ өссөн байна.

Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Нийслэлийн прокурорын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан бөгөөд одоо 36 Прокурор, Захиргаа үйлчилгээний 28 ажилтантайгаар хууль сахиулах үйл ажиллагаагаа явуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025