С.Одонтуяа: Баянголчуудаа амар амгалан байлгахад хөрөнгө оруулалт хийсэн

БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон дүүргийн холбогдох удирдлагууд гэр хороолол, орон сууцны дундах гэрэлтүүлэг, камерийн Нэгдсэн системийн төвийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, үр дүнтэй танилцлаа.

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Хатанбаатар: Камержуулалт гэмт хэрэг илрүүлэлтэд чухал ач холбогдолтой

-Тус дүүрэгт камержуулалт хэр хангагдсан байдаг вэ?

-Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүрэгтэйгээ хамтраад гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр 2011 оноос хойш гудамж талбайг камержуулж ажиллаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр камер тавих төсвийг шийдвэрлээд 2012-2013 онд дүүргийн хэмжээнд 240 ширхэг камер тавьсан. 2014 онд гэмт хэрэг зөрчил их үйлдэгддэг зургаан хороог сонгож аваад 175 ширхэг камер нэмж байршуулсан. Одоо яг дүүргийн хэмжээнд 415 камерыг хянан ажиллаж байна.

-Камер ашиглаж гэмт хэрэг илрүүлэлт хэр ахицтай байна?

-Алба хаагчид камерыг 24 цагаар хянадаг. Электрон эргүүл буюу камераар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Гэмт хэргийг газар дээр нь халуун мөрөөр нь илрүүлэх, дуудлага мэдээллийг түргэн шуурхай дамжуулах дээр маш ач холбогдолтой байгаа. Бусад дүүрэгтэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт сайн. Улсын дундаж болох 61 хувиас дээгүүр буюу 76.5 хувьтай байдаг.

-Камерийн арчлалт, засвар хийгээд төсөв хөрөнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Камеруудыг анх тавихдаа ашиглалтын зардлыг нь тооцоогүй байсан.  Олон жил ашиглаад ирэхээр камерын дуран бохирдох ч юм уу, утас тасрах зэрэг гэмтэл гараад эхэлдэг. Тэгвэл дүүргийн Засаг даргад ашиглалтын зардлыг шийдвэрлэж өгөх талаар санал оруулаад энэ онд дүүргийн урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ажлын төсөвт камерын ашиглалт, үйлчилгээний зардлыг шийдвэрлэж өгөхөөр тусгасан байгаа.

-Хувийн хэвшил, аж ахуй нэгжийн камеруудыг энэхүү системтэй холбох боломж байгаа юу?

-Аж ахуй нэгжийн дотор болон гадна тавьсан камерыг цагдаагийн байгууллагын хяналтын төвтэй холбох, хяналт тавиад явах боломж бий. Энэ талаар Нийслэлийн хэмжээнд яригдаж байгаа төдийгүй судалгааны түвшинд явж байгаа.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа: Ирэх дөрвөн жилд менежментийг нь сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх дээр анаарч ажиллана

-Бид шинэ мөрийн хөтөлбөрөө батлаад он гарсанаас хойш “Нэг өдөр нэг байгууллага” гэсэн аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр би Засаг даргын хувьд цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээрээ ажиллаж байна. Ер нь ямарваа ажилд хүндрэлтэй тал нь төсөв хөрөнгө байдаг. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр нилээд их хэмжээний хөрөнгө оруулалтыг дүүрэгрүүгээ татсан. Ялагуай гэмт хэргээс урьчилан сэргийлэх, Баянголчуудаа амгалан тайван байлгахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан нь одоо үр өгөөжөө өгч байна.

Бид цагдаагийн хоёрдугаар хэлтсээ байртай, есөн мотоцикл, хоёр фургон машин, 400-гаад станц, камертай болгосон. Ингэж өнгөрсөн дөрвөн жил  маш сайн хөрөнгө оруулалтуудаа хийгээд авсан учир ирэх дөрвөн жилд менежментийг нь сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх дээр анхаарч ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр манай цагдаагийн байгууллагад камерын арчлалт хамгаалалтыг хийхэд төсөв мөнгөний асуудал тулгарч байсан. Тиймээс  энэ жил бид дүүргийнхээ төсөв хөрөнгөнд энэ зардлыг суулгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа бүх камерын арчлалт хамгаалалтыг Баянгол дүүрэг өөрөө хариуцахаар оруулж өгсөн. Энэ маань цагдаагийн байгууллагын ажлыг их хөнгөвчилж байгаа. Нөгөөтэйгүүр бид шинэ дрон хэрэглэж үзье гэж бодож байгаа. Дулаан цагт тодорхой машин явах боломжгүй газруудад дронийг нисгээд түүнийг энэ камерынхаа төвтэй холбоод явбал цагдаагийн хүн хүч, шатахуунаас эхлээд олон зүйлийг хэмнэх юм. Мөн цагдаагийн алба хаагчдаа ч гэсэн GPRS-тэй болгох юм бол хяналтыг сайжруулах давуу талтай гэж үзэж байгаа.

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг: Гэрэлтүүлгийг хянаад ирэхээр ашиглалт нь сайжирдаг

Баянгол дүүргийн хэмжээнд 2012 оны жилийн эцсийн тооллогоор 3500 гэрэлтүүлэг тоологдсон байсан. Өнгөрсөн жилүүдэд дүүргийн хэмжээнд нийт гэрэлтүүлгийн тоогоо 45 хувиар нэмэгдүүлсэн. 4.3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 2592 гэрэлтүүлгийг суурилуулсан. Нийтийн эзэмшлийн зам талбайг 15 хувиар, орон сууцны гэрэлтүүлгийг 51 хувиар , гэр хорооллын гэрэлтүүлгийг 100 хувиар нэмэгдүүлж ажилласан байгаа. Мөн гэр хорооллын гэрэлтүүлгийн Нэгдсэн удирдлагын хяналтанд 100 хувь холбосон.  Ингэснээр гэрэлтүүлгийн ашиглалт эрс сайжирсан үзүүлэлттэй яваа.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025