-Уг нь татан буугдсан Тахарын албыг анх шүүгч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд байгуулсан-
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хурлын танхимд өнгөрсөн долоо хоногт шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан. Өөрөөр хэлбэл, шүүгчид үүргээ биелүүлж шийдвэр гаргасных нь төлөө шүүгдэгч амиа хорлохыг завдаж шүүх хуралдааныг үймүүлж, шүүхийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан билээ. Харин олон нийтийн зүгээс татан буугдсан Тахарын албыг эрхгүй үгүйлж байгаа нь илт байлаа. Уг нь, энэхүү албыг анх шүүгч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд байгуулсан юм.
Тус албыг байгуулаагүй байхад шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад учир дутагдалтай байсан талаар нэгэн хуульч ийн ярьж байсан юм. Тэрбээр “Өмнө нь тодорхой шүүгчийн бие мах бодь, амь насанд халдсан, доромжилсон тохиолдлууд гарч байсан. Тухайлбал 2008 онд долоодугаар сарын 1-ний цуглаанд оролцсон хүний хэргийг шийдвэрлэсэн нэг шүүгчийн бие махбодод халдаж байсан.
Мөн 2012 оны гуравдугаар сард цагдаагийн хурандаа нарыг цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийг шүүхийн байрны гадаа цохисон, доромжилсон хэрэг гарсан. Тэгэхээр энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд Тахарын албаны тухай хуульд батлагдаж гарсан.
Шүүхийн тухай судалгаа хийх явцад шүүгчид болон шүүхийн ажилтнуудтай ярилцаж байхад Тахарын алба байгуулагдсанаар тэдний аюулгүй байдал хамаагүй сайжирсан, шүүхийн ажил хэвийн явагдах нөхцөл өмнөхөөс илүү бүрдсэн гэж ам сайтай байсан" хэмээж байв.
Хэрвээ тухайн үед Тахарын албаныхан ажиллаж байсан бол шүүгдэгч өөрийнхөө хоолойг хэрчиж амиа хорлохыг завдахгүй л байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь Тахарын байгууллага энэ үүргийг гүйцэтгэж байхад ийм тохиолдол огт гарч байгаагүй гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Хэрвээ энэ мэтээр шүүхийн танхимд шүүгдэгч амиа хорлох оролдлого хийж буй нь шүүгчдийн болон хохирогч, ар гэрийнхний аюулгүй байдал алдагдаж ямар нэгэн эрсдэлд гарахгүй гэх баталгаагүй байгааг энэ удаагийн үйл явдал харуулж байна.
Д.Одхүү: Шүүх хуралдааны үед цагдаагийн нэг алба хаагч байсан
Болсон үйл явдлыг талаар тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү “Шүүх хуралдааны үед цагдаагийн нэг алба хаагч байсан. Өнөөдрийн байдлаар манай шүүх тун ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас харуул хамгаалалтын хувьд цагдаа нар анхаарал хандуулахгүй бол хүн хүч хүрэлцэхгүй тохиолдол их байна.
Өмнө Тахарын байгууллага энэ үүргийг гүйцэтгэж байхад ийм тохиолдол гарч байгаагүй” хэмээн хэлж байгаа нь Тахарын алба шиг хэрэгтэй гэдгийг албаныханд сануулж буй юм. Хэрвээ та бүхэн шүүх хурлын үйл явцын бичлэгийг харсан бол шүүгдэгч ямархуу зан характертэй этгээд байсан, ойр орчимд байсан сандал ширээг хэрхэн түлхэж, цагдааг хэрхэн доромжилж байгаа аймшигтай дүр зургийг харсан нь лавтай.
Тиймээс л тахарын албыг татан буулгахыг эсэргүүцэж “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв" ТББ-ын захирал Д.Энхжаргал дараах тайлбарыг хэлж байсан удаатай. Тэрбээр “Хэрвээ гэмт хэргийн хохирогч болсон бол, тэгээд айдас, дарамтаас хамгаалагдах шаардлагатай тулгарч байсан бол арай өөрөөр харах байсан байх.
Харамсалтай нь ийм хүмүүсийг ингэж хамгаалсан гэж олон нийтэд ил тавих, тайлагнах боломжгүй байдаг ажлынх нь онцлогоос болоод хүмүүс сайн мэдэхгүй байна. Түүнээс биш гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдах эрсдэлд хүрсэн олон хохирогчийн бодитоор хамгаалж чадсан жишээг би мэднэ ээ. Бас зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчийг яаж хамгаалж байсныг. Даанч тэр хүмүүсийн нэр төр, хувийн нууцлалыг хамгаалах үүднээс ил болгож дэлгэх боломжгүй” хэмээж байсан.
Шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэрэг дахиад гарвал яах вэ?
Одоогийн эрх баригчид эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хэт данхайсан бүтэцтэй ийм алба байх хэрэггүй гэж үзсэнээс болж тус албаны зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж байсан билээ. Уг нь тус албыг үнэхээр байх ёстой юу, үгүй юу гэдгийг мэргэжлийн хүмүүсийнх нь санаа бодлыг сонсч байж татан буулгах ёстой байсан. Гэтэл эдийн засаг хүндэрсэн шалтгаанаар алс хэтээ бодолгүй иймэрхүү шийдвэр гаргасан нь энэ удаагийн шүүхийн танхимд шүүгдэгч амиа хорлохыг завдсан хэрэг нотлоод гэрчлээд өглөө.
Шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүгчийн биед халдсан гэмт хэргүүд гарсаар байгаа тухайг албаныхан хэлж байсан.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл буюу шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэргийг 2014-2015 онд шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол дөрвөн удаа гарч байсан аж. Мөн Тахарын ерөнхий газраас есөн сарын хугацаанд шүүгч-хоёр, улсын яллагч-хоёр, гэрч-тав, хохирогч-26, хамаарал бүхий этгээд-29 нийт 64 иргэний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллаж байсан байна.
Энэ бол маш ноцтой тоо баримт. Тиймээс шүүх, шүүгчийн буюу шүүн таслах ажиллагааны оролцогчийн аюулгүй байдлыг хангах бодит шаардлага байгаа нь үүнээс харагдаж байна хэмээн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатар ийн ярьж байсан юм.
Угтаа бол Тахарын алба байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн этгээд гэрч, хохирогчийг айлгах сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, амь биед нь халдах зэргээр дарамт, шахалт үзүүлэх явдал харьцангуй багассан талаар ч албаныхан мэдээлж байсан удаатай. Ямартай ч шүүх хурлыг шударга шүүх шүүгч нар айдаст автаж эхэлсэн нь аюулын харанга дэлдэж эхэллээ. Учир нь тэднийг хамгаалах, өмгөөлөх алба нь татан буугдсан учраас тэд өөрсдийгөө л хамгаалж шүүх хуралд оролцож байгаа нь амь насанд нь заналхийлж байна гэсэн үг.
Сэтгэгдэл байхгүй байна