Шүүх танхимд хоолойгоо зүссэн иргэн ”амьд явах сонирхол алга” гэж байжээ
2017/01/20

Хоёр ч удаа ял шийтггэдсэн ч Өршөөлийн хуулиар суллагдаж байсан 30 орчим настай иргэн шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг энэ сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан юм.  Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан. Гэвч энэ хэргээс болж хоригдож байсан шүүгчдэгч юугаар хоолойгоо зүссэн, шүүх хурлын аюулгүй  байдал, хамгаалалт ямар байгаа зэрэг олон асуудал хөндөгдөж эхлээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүгдэгч шүүх хурлын үеэр “Надад амьд явах сонирхол алга. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзмаар байна” гээд хоолойгоо хэрчсэн байна.

Энэхүү хэргийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа нар албан ёсны тайлбарыг өчигдөр 18.00 цагт өгсөн юм.

-Шүүгдэгч яг ямар хэрэгт шалгагдаж байсан бэ?

 

-Шүүгдэгч Б нь хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан. Шүүх хуралдааны танхимд  хоолойгоо чухам юугаар зүссэнийг тогтоогоогүй байна. Албан мэдээлэлд бол шүүхийн эд зүйлийг гэмтээсэн гэсэн байгаа юм. Бичлэгээс үзэхэд шүүгдэгч яг камерын доор зогссон учраас нарийн тодорхой харагдахгүй байгаа. Нөгөөтэйгүүр амиа хорлох үйлдлийг тэр дор нь зогсоосон боловч юугаар хоолойгоо зүссэнийг одоогоор тогтоож чадаагүй. Учир нь ямар нэгэн төмөр, ирт зүйл байгаагүй,  мөн шүүгдэгч гавгүй байсан. Цагдаагийнхан одоогийн байдлаар хумсаараа судсаа ханасан байж магадгүй гэж байгаа ч 6-7 оёдол тавиулсан, цус нь олгойдож байсан гэхийг бодоход бас эргэлзээтэй гэмээр байгаа юм. 

-Уг нь шүүгдэгчийг нэгжиж шалгасны дараа шүүх танхимд оруулах ёстой биз дээ?

-Тийм. Шүүх хурлын үеэр цагдаагийн албан хаагч дэг сахиулаад шүүгдэгчийн дэргэд нь зогсож байсан. Харин ч албан хаагч гэнэтийн үйлдлийг түргэн шуурхай зогсоосон. Шүүхийн аюулгүй байдал чиг үүргийн хувьд цагдаагийн албанд шилжсэн. Хүн хүчний хүрэлцээгүйгээс шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдалд халдах магадлал өндөр байгааг энэ хэрэг явдал харуулж байна.Өмнө нь тахарын алба ажиллаж байх үед ийм тохиолдол гарч байгаагүй.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин