Охидыг хүчирхийлж амь насанд нь хүрсэн цуврал ГЭМТ ХЭРЭГ
2017/01/20

Өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймгийн зарим сумдад онц хэрцгий аргаар хүний бие, эрүүл мэндэд халдсан, дээрэм булаалтын хэргүүд дараалан гарсан байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай өсвөр насны охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ. Хохирогч охины биеийн байдал маш муу, нэг хөл нь хугарч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээлэл байна. Дээрх аймшигт хэрэг үйлдэгдсэнээс гурав хоногийн дараа аймгийн төвд байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанаас 19 настай оюутан охиныг бусдад зодуулсан байхад нь олжээ.

Коллежийн оюутан охиныг олсон даруйд эмнэлэгт хүргэсэн гэх ба эмчийн үзлэгээр охиныг мөн хүчирхийлсэн болохыг тогтоожээ. Хохирогч охины биеийн байдал тааруу, аймгийнхаа эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг дор аймшигт хэрэг дараалан гарсантай холбогдуулан нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж, аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Мөн сэжигтнүүдийн ам зургийг гаргаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Улмаар хүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн халдсан онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийг энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид отолт хийн баривчилжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх гэмт хэргүүдийг гурав ба түүнээс дээш хүн үйлджээ. Цагдаа нар отолт хийж тэдний хоёрыг баривчилсан учир нэг ба түүнээс дээш сэжигтэн гадуур эрх чөлөөтэй явж байж болзошгүй талаар Medee.mn сайт онцолжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин