СБД-ийн 8-р хороонд байрлах “….” бааранд хүн нас барсан байна гэсэн мэдээллийг өнөөдөр цагдаагийн алба хаагчдад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус бааранд үйлчлүүлж байсан ЧД-ийн 12-р хороонд суух 25 настай эрэгтэй М-ыг ширээ андуурч суух үед ЧД-ийн 12-р хороонд суух 24 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон байжээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Залуус архидан согтуурсаны улмаас нэгнийхээ алтан аминд хүрч, өөрөө төмөр хаалганы цаана орж байгаа энэ аймшигт хэрэг бусад хүнд сэрэмжлүүлэг болоосой. Ид хийж бүтээх, сурч хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуус баар цэнгээний газруудаар үйлчлүүлж, архинаас болж нэгнийхээ аминд хүрнэ гэдэг үнэхээр харамсалтай юм.
Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байгаа эдгээр өдрүүдэд албан байгууллага, найз нөхдийн шинэ жилийн арга хэмжээ тасрахгүй байна. Харамсалтай нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явж чадахгүй болсон иргэд гэмтэж бэртэх, хөлдөж осгох тохиолдол гардаг тул тухайн арга хэмжээг хариуцаж байгаа хүмүүс анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна