”Ц.Амгаланбаатар бол таксины жолоочийг мөчилж хөнөөсөн хүнд гэмт хэрэгтэн”
2016/12/21

 С.Зориг агсныг хөнөөсөн гэх аймшигт хэргийн шүүх хурал 18 жилийн дараа анх удаа болж байна. Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө шүүх хурал товлогдсон ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшилсон юм.

Тодруулбал, “Шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг оролцуулах мөн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах хугацааг олгож өгнө үү” гэх хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс бичгээр өгсөн байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж өнөөдрийг болтол хойшлуулаад байсан юм.

Тэгвэл өнөө өглөө 10.00 цагт эхлэх байсан шүүх хуралдаан тодорхой хугацаанд хожимдож эхэлсэн юм. Ингэхдээ нууцын зэрэглэлтэй хэрэг учир хаалттайгаар хэлэлцэх болсоноо шүүгчдийн бүрэлдэхүүн танилцуулаад, шүүх хуралдааныг эхлүүлсэн юм.

Яг одоогийн байдлаар шүүх хуралдаан нэг завсарлаад үргэлжилж байна. Завсарлах болсон шалтгаан нь мөн л хүсэлт ирсэнтэй холбоотой. Гэвч яг ямар хүсэлт ирсэн нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Шүүх хуралдаанд талуудын өмгөөлөгч, шинжээч, улсын яллагч, иргэний төлөөлөл, мөн гэрчүүд оролцож байгаа төдийгүй Б.Содномдаржаагийн төрсөн эх ч мөн шүүхийн танхимд хүрэлцэн ирээд байгаа юм. Түүний хувьд хуралдаанд гэрчээр оролцож байгаа гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байв. Түүнээс гадна Д гэх иргэн гэрчээр оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Мөн шүүх хуралдаан болж буй Цагдан хорих 461-р ангийн гадна яллагдагчдын ар гэрийнхэн ирсэн байна. Тэдний зүгээс хэвлэлийнхэнд хандаж өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа.

Энэ үеэр хүн амины хэргээр ял эдэлж хоригдож байгаад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг уг хэрэгт холбогдуулсан гэх Ц.Амгаланбаатарын талаар хэн юу хэлснийг энд онцолж байна.

Б.Содномдаржаагийн төрсөн ах Б. Даваадаржаа: Багадаа тоглоод гүйж байсан хүүхэд дүүг маань хилс хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна

-Бид хамар хашааны хүүхдүүд. Багадаа тоглож наадаад л явж байдаг байсан. Харамсалтай нь манай ахыг энэ хэрэгт хэлмэгдүүлж байна. Хүчээр хэлмэгдүүлж байна гэж бодож байна. Маш их гомдолтой байна.  Ц.Амгаланбаатарын хувьд мал маллаад явж байдаг л хүүхэд байсан. Ямар учраас ахыг маань хилс хэрэгт гүтгээд байгааг ойлгохгүй байна.

Б.Содномдаржаагийн хүргэн дүү Д.Үйлсдэлгэрэх: Ц.Амгаланбаатар бол таксины жолооч мөчилж алж байсан гэмт хэрэгтэн шүү дээ

Ц.Амгаланбаатарыг хүүхэд байхаас нь мэднэ. Манай хадмын хажуу айл байсан. Ер нь Ц.Амгаланбаатар хүүхэд байхаасаа болж бүтэхгүй нөхөр байсан. Сургууль төгсөөгүй. Мөн түүний хувьд 1998 онд буюу С.Зоригийн хөнөөсөн гэх хэрэг гарч байхад юун Улаанбаатар явах, нутаг сумандаа л байж байсан хүн. Аав нь том машины жолооч, аавдаа туслаад явж байсан залуу. Миний хувьд түүнийг Улаанбаатарт ирээд хүн амины хэрэг үйлдээд явж байсан гэхээр итгэхгүй байгаа юм.

Мөн тэрээр 2007 онд Эрдэнэтэд таксины жолоочийг мөчилж алсан хүнд ноцтой хэрэгтэн. Судлаад, сонсоод байх нь ээ төрсөн ах дүүс байдаггүй юм билээ. Ер нь энэ бүгдээс дүгнэхэд өөрөө шийдчихсэн хүн юм шиг байна. Бидний зүгээс бол хаалттай шүүх хуралдааныг нээлттэй болгохыг л хүсч байна. Ар гэрийнхнийх нь бодол санааг сонсож болохгүй гэж үү.

Монгол Улсын төр засаг үнэнч шударга байж, шүүхийн шийдвэрийг үнэн зөвөөр гаргаасай л гэж найдая.

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат: Ц.Амгаланбаатар хүн гүтгэж амьдралаа зугаатай болгож байна

Ц.Амгаланбаатар бол хүн амины хэргээр шоронд орчихсон нөхөр. Манай ерөнхийлөгч цаазгүй болгоод энэ хүн 25 жилийн ялтай. Тэгэхээр 25 жилийн ялтай хүн юу ч хийж мэднэ. Хүн гүтгэж, амьдралаа зугаатай болгож байна. Ийм хүний үгийг улс төржүүлж, хэргийг ингэс гээд хаах сонирхолтой байна. Энэ хүн бол улстөрчдөд хэрэгтэй. Төр үнэний эсрэг төрийн машины ажлуулчихаж байна. Тагнуул, прокуроруудыг ажлуулж байгаа хүнд хандаж хэлэхэд та Монгол Улсыг, Монголын төрийг муухай харагдуулж байна гэж хэлмээр байна. Шүүх үнэн зөв шийд гаргаасай.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Батнаран хаана явнаа
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
Сонин хачин