Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэл төдийгүй улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа. Тухайлбал, “Ривер Гарден” хотхоны зоорийн давхарт орсон, хөрсний суулт үүссэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгджээ.
Албаны хүмүүсээс энэ тухай тодруулахад, Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны 40 гаруй орон сууц, барилга байгууламжийн суурийн давхарт газрын хөрсний ус нэвчсэн гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Ингээд долдугаар сарын 23-24-ний өдөр ирсэн уг дуудлагын дагуу Нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг 24-ний өдөр байгуулж, ажлын хэсгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ахлан ажиллаж эхэлсэн байна.
Хэд хэдэн барилгын гарааш руу ус нэвтэрч, цахилгааны шит рүү орох эрсдэл үүссэн учир 11 барилга байгууламжийн цахилгааныг түр хугацаагаар хязгаарласан. Усыг хоёр хоног соруулсан боловч дахин ундарч дүүрч байсан" хэмээн НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж ярьсан.
Харин Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших, Туул голын савд баригдсан “Ривер гарден” тансаг хотхоны зарим барилгын гараашид ус орсныг бүрэн соруулсан гэгдэж байгаа бөгөөд энэ талаар тус НОМИН КОНСТРАКШН ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП болон “Ривер Гарден” СӨХ-оос "Борооны улмаас нийслэл төдийгүй улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд “Ривер Гарден” хотхоны зарим хэсэгт авто замын ус зайлуулах суваг бөглөрсний улмаас зарим хэсэгт ус тогтож, зоорийн давхарт орсныг яаралтай арга хэмжээ авч эрсдлээс урьдчилан сэргийлсэн болно" гэсэн мэдэгдэл гаргажээ.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл (4)