ТҮЦ эрхлэгчид: Олон мянган өрхийн амьдрах баталгааг үгүй хийж болохгүй

Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж, газар чөлөөлөх талаараа мэдэгдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ эрхлэгч Иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тэдний хувьд амьдралын баталгаа болох ажлын байрыг нь үгүй хийж байгаа учир ихэд гомдолтой байгаагаа хэвлэлийн хурлын үеэр онцолж байсан юм. Мөн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар бусад холбогдох байгууллагууд энэхүү асуудалд нухацтай хандаж олон мянган өрхийн амьдрах баталгааг үгүй хийхгүй байхыг уриаллаа.

Төрийн албанийхны уялдаа холбоогүй шийдвэрийн буруугаас сонгууль бүрийн дараа хотын дарга шинээр сонгогдох бүрт шинэ журам батлах нэрийдлээр олон хүнийг хохироодог асуудлыг нэн түрүүнд зогсоох шаардлагатай байна.

2014 оны 4 сарын 21-нд батлагдсан 56-р тогтоолын уршгаар шинэчлэсэн загварын ТҮЦ нэртэй луйврын бизнесийн уршгаар олон хүн өр тавин ТҮЦ худалдаж аваад өрөө дараагүй байхад өнөөдөр ТҮЦэгүүдийг хоморголон нүүлгэж олон иргэнийг өр төлбөрт оруулан, үйл ажиллагааг хүчээр зогсоосны уршгаар зарим иргэд шоронд орохдоо хүртэл тулж хохирол амсаж байна. Энэ хохирлыг буруу шийдвэр гаргасан тухайн үеийн Төр засаг хариуцах уу ? Зөвшөөрөл өгсөн албаны хүмүүсээс нь нэхэмжлэх үү ? Хохирлыг хэн барагдуулах вэ? 

Энд нэг зүйл онцлон хэлэхэд, зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдийн тухайд бүгд хэн нэгэн дарга, том арын хаалгатай байхыг үгүйсгэхгүй аж. Учир нь УИХ, Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр, тэрбүү хэл АСЕМ-ийн үеэр нээгдсэн ТҮЦ-үүд өдгөө зөвшөөрөлтэйд тооцогдоод байна. Харин зөвшөөрөл авч чадахгүй байгаа ТҮЦ эрхлэгчдийн тухайд яг өөрсдийнхөө хөдөлмөрөөр олон жил үйл ажиллагаагаа эрхэлж буй хүмүүс юм.

Дүүрэг бүрээс ТҮЦ эрхлэгч  иргэд, тойргоосоо сонгогдсон УИХ-н гишүүд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан, Нийслэлийн удирдах албан тушаалтнуудад хандан гомдол санал хүргүүлээд байгаа аж. Тэдний зүгээс хамтарч ажиллах, нэг шийдэлд хүрэхийг зорьж буйч шаардлагатай хариуг төдийлөн авч чадахгүй өдийг хүрчээ. Гэвч өчигдөр шөнөөс эхэлж ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхэлсэн нь олон иргэдийг айдаст унагаад зогсохгүй тэмцлийн хэлбэрт шилжихэд хүргээд байгаа юм.

Шаардлага:

-Зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдэд шалгалт оруулах. /Ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу өөрөөр хэлбэл, зөвшөөрлийг хэн гэгч дарга, ямар журмыг үндэслэн өгч буйг шалгах/

- Одоо шинээр зөвшөөрөл хүсэж байгаа ТҮЦ эрхлэгчдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулах, энэ нь ямар нэгэн луйврын аргаар бидний дунд шургалах гэсэн этгээдүүдийг хянах эрхийг хангах юм. Нийслэлд хүргүүлсэн материалыг үндэслэн зөвшөөрөл олгох асуудлыг Нийслэлээс хариуцан гаргахад татгалзах зүйлгүй хамтран ажиллах саналаа хүргүүлсэн. Үүнд : Олон жил үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрөл авах боломжийг нь бүрдүүлэх. 

-Автобусны буудал тус бүрт тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц 2 ТҮЦ байршуулах

-Нэг хүний эрх ашигт үйлчилж байгаа олон Түцтэй хүмүүс,Түүнийгээ түрээслэж бизнес хийдэг түрээсийн олон ТҮЦ бий. Эдгээрийн зөвшөөрлийг нэн түрүүн цуцлуулах

-АСЕМ, УИХ, Орон нутгийн сонгуулиар зөвшөөрөл авч,“Борооны дараах мөөг шиг” олширсон ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх

Дээрх маш энгийн, хялбархан шаардлагыг ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөл хэвлэлийн хурлаараа Нийслэлийн удирдлагуудад уламжилсан юм.

Д.Дуулим
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Haraal idsen mongol ardiin nam iim l yum bodoj olnoldoo
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025