Хүчирхийлэл дарамтанд байдаг хүүхдүүд гэрээсээ дайждаг

Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндрээд байгаа юм. Тиймээс хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авах арга хэмжээний тухай уг захирамжийн дагуу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, асрамж халамжийн төвүүд болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар хамтран 2 өдрийн турш ажиллав. Энэ хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өглөө. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж, халамжийн төвд, 18 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлэн өглөө.

НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Ирж байгаа хүүхдүүдийг харахад 4 хүүхэд тутмын нэг нь байнгын буюу 2-8 жил хараа хяналтгүй явсан хүүхдүүд байна. Насны хувьд 8-18 насны, 80 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байна. Гэр бүлийн байдлын хувьд 100 хувь хамтарч амьдардаг хэн нэгнийхээ зүгээс хүчирхийлэл, дарамтанд өртдөг, байнгын түгшүүр дунд амьдардаг байгаа юм. Үүнээс болоод хамгийн тайван байх орчныг сонгож, гэрээсээ дайждаг гэсэн үг.” гэлээ.

УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Золжаргал  “Нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 2-ны өдрийн А/847 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас эдгээр өдрүүдэд хүүхэд илрүүлэлтийн чиглэлээр 17 хэлтсийн 20 автомаштинтай 120 гаруй алба хаагч ажиллалаа. Бид ихэвчлэн РС тоглоомын газар, байрны орц хонгил, худалдаа үйлчилгээний төв, захуудаар явж, илрүүлэлт хийсэн” гэв.

Илрүүлсэн хүүхдүүдэд юун түрүүнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж, усанд оруулж, дулаан хувцсаар хангасан байна. Үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөл их байсныг эмч нар хэлсэн. Баянзүрх эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн клиникийн эмч Д.Одончимэг хэлэхдээ “Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг авч үзвэл ихэнх хүүхдүүд гэрээсээ дайжсан, компьютерын хамааралтай буюу дэлгэцийн донтолттой болсон байна. Мөн арьсны өвчин 7 хувьтай, бөөрний өвчлөл 5 хувьтай, амьсгалын замын өвчлөл 3 хувьтай байна”. гэсэн юм. Цаашид хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ зайлшгүй шаардлагатайг мөн хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025