Хордсон ажилчдын ойр орчимд химийн бодис ихээр байдаг байжээ
2016/11/28

Дорнод аймгийн Халх гол суманд “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барсан байна.   Улмаар ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж, хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Зарим өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ.

Улсын Онцгой комиссоос Дорнод аймагт томилогдсон ажлын хэсгийн дарга, УМХЕГ-ын дарга Н.Цагаанхүү "Энэ үйл явдал Дорнод аймгаас 210 км, Халх гол сумаас 110 км-т болсон байна. Ажлын хэсэг осол аваарыг таслан зогсоох, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нэмж  хүн хордоогүй байна" гэсэн юм.

Одоогоор аймгийн Мэргэжлийн хяналтынхан иргэдийн хордсон үл мэдэгдэх шингэнийг шинжлүүлэхээр Улаанбаатар руу илгээж, нэр хаяг нь үл мэдэгдэх зүйлийг хэрэглэхгүй байхыг нутгийн иргэдэд анхааруулж байна.

АНХААРУУЛГА-ыг үл тоосон "Зөв боломж" компанийн үйл ажиллагааг зогсоов

Ийн холбогдох газрууд нөхцөл байдалтай биечлэн танилцаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.  Мөн  “Зөв боломж” компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбай дахь ажилчдын  амьдрах нөхцөл, хоол хүнсний  стандарт хангаагүй байсан байна. Тиймээс  үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

“Зөв боломж” компани нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компани аж. Нийтдээ 200-300 ажилтан ажилладаг тус компани Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөхгүй, зөрчиж байгаа тул өнгөрөгч 10 дугаар сарын 9-нд үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргаж байжээ. Учир нь 19. 21 дүгээр талбай дээр гарал үүсэл нь мэдэгдэхгүй химийн бодисууд ихээр байдаг байна. Гэвч хууль тогтоомжийг мөрдөн ажиллахгүй байж байгаад дээрх асуудал болжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • зочин
    хятадуудыг эх орноосоо зайлуул зайлуул
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
Сонин хачин