Далай ламаас болж зээл өгөхгүй гэж байгаа бол оффшороо уудал !!!

Далай лам 8 удаа ирэхэд Хятад 8 удаа мэдэгдэл гаргаж байсан ч, энэ 9 дэхи удаагийнх шиг дахин дахин эсэргүүцэж, тохирсон зүйлүүдээсээ буцна гэж гэдийж байсангүй. Монголд Далай лам ирэхэд айлдварыг нь амжих нь биечлэн очиж сонсож, амжихгүй нь цэнхэр дэлгэцээр харж сүслээд, эцэг өвгөдөөс ирсэн ёс уламжлалаан дагаад явж байсан болохоос, өнөөгийнх шиг үй олноороо Хятадын ГХЯ-ны мэдэгдлийг гудамжны архичид янхдын хараал хэрүүлтэй хольж хутган, дайрч улайрч байсангүй. Энэ нь юуг илтгэж байнав гэхлээр, Хятадын нөлөө асар их болсон байна, Хятад ч үүнд их эрдэл бардалтай болоод байсан тул үгнээс нь зөрөх нэг үйлдэл Монголд гарсанд маш их уурлаж дургүйцлээ. Тэр хэрээр нь манай хунвэйбин маочууд айж цамнан сүсэгтнүүд рүүгээ, монголчууд руугаа дуу авалцан боорлолоо. ХКН-ын Банчин Богдод ихэнх сүм хийд маань дагаар ороход эд ингэж шарын шашин сөнөтүгэй гэж ноцох нь битгий хэл, ганхийх дуу гаргаж байгаагүй нь аргагүй ээ. Салан тусгаарлагч Далай лам бусад улсын дотоод хэрэгт оролцов гэж улаан хамгаалагчид маань ухаан жолоогүй архиралдаж буй нь Монголыг салан тусгаарлуулах гэлээ гээд байгаа юм уу даа.

Нөгөөтэйгүүр, Далай ламын айлчлалаас үүдсэн үр дагаврыг хэн хариуцах ёстой юм? Өнөөгийн ЗГ, Х Богдын асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдсон, түүнийг уриваас арван хар нүгэл маань цайрч, хөрөнгө зөөр маань арвижих байх гэж горьдсон МАНАН хариуцах ёстой. Тэд л Далай ламыг урьж, зохион байгуулж авчирсан, хүлээж авсан, Их тэнгэр цогцолборт зочлуулсан болно. ЕС Японд очиж, Далай ламыг биечлэн урьсаан гэдгийг Япон дахь монголчууд ч тэр, бусад хүмүүс ч тэр мэдэж байна билээ. Үүнийг нь Хятад улс ч мэдэж байгаа нь хэнд ч тодорхой учир, өөрсдөд нь Далай ламыг урихгүй гэж амлачихаад, биечлэн очиж залсан явдалд бачимдаж байна, мэдэгдэлдээ ч үүнийг дурдсан байсан. Амласнаа биелүүлээгүй гэж. Яагаад Чой хамба урилаа гэж тэд хэлэхгүй, Монгол улс урилаа гээд байгаагийн учир энэ. Аливаа том асуудал дээр хятадууд Далай ламтай харьцахгүй, Тайванийг Хятадын хэсэг гэж зөвшөөрнө гэсэн ам өчиг авч байж хамтран ажилладаг. Зээлийн асуудал дээр ч тэгсэн.

Одоо өөрсдөө ингэж зээлийн асуудлаа замхруулчихаад, олон улсын харилцааг өөрсдийн хэрүүл хулхидалтын дайтай санаж, халаасанд нь, офшорт нь орох мөнгө сангыг багасгачихаад эцэст нь хэнийг буруутгахаа мэдэхгүй мэхийрч байх юм. Байдлыг хэвэнд нь оруул гэж Хятад шаардаж байгаа нь тэднийг "уучлал гуйж, амлалтаа биелүүлнэ гэдгээ батал, дараа нь хэрхэхийг бид шийднэ" гэж байх бололтой. "Бат-Үүлд" гэж байх шиг байна. Ленин, Мао нар их хэлмэгдүүлэлт зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн гэж хэлчихээд Хятадын ЭСЯ эсэргүүцэхэд тэрбээр Ленин л хүн алсан нь үнэн, Мао харин тэгээгүй гэж уучлал гуйж байсан билээ. Энэ бол амласан амлуулсан улсын хоорондын явдал бөгөөд, амласан ноёд маань учраа олох ёстой. Монголын ард түмэнд буруу гэж үгүй. Аягүйдвэл ЕС золионы ямаа болж, огцорч магадгүй болоод байгаа юм билээ. Дээгүүр энэ чиглэлээр толхилцоон эхэлчихжээ. Ичмээр юм даа, Хятад Далай ламыг урилаа гэж зэмлэсэн учир Монгол улсын ЕС огцорлоо гэхэд. Харин битгий л нэг аймаг амлачихаасай билээ.

Нэгэнт Хятад зээлийн асуудлаа хойшлуулж, манай шадар сайдыг айлчлалыг хүлээж авахгүй гэж байгаа бол нам засаг маань Хятадгүйгээр оршиход бэлтгэхээс өөр сонголтгүй болж байна. Үүний тулд Панамын офшор дансны хэдэн арван тэрбум доллараа татах хэрэгтэй. Офшор данс бол хууль бус явдал гэж шууд үзэж болохгүй ч, ямар аугаа их бизнес хийдэг нь ойлгогдохгүй, дарга сайд асан хүмүүс болон хамаатан, хамсаатнууд нь далай их мөнгө хөрөнгөтэй болсон байна гэдэг тун сэжигтэй болой. Панамын “Моссак Фонсека” гэх, мөнгө угаах, татвараас зайлсхийхэд туслах хууль бус үйл ажиллагаа явуулдаг ганц компаний бичиг цааснаас манай офшорчдын нэр дээрхи их мөнгө илэрсэн. Өөр хаана юу байна? Бүгдийг нь шалгаж, улсын өмч хөрөнгийг хураах арга хэмжээ авбаас зохилтой. Ийм нэг гарц байна.

Мөн хамаг ашигт малтмалаа харьд авлига, хээл хахуулиар шилжүүлчихсэн байдлаа цэгцэлж, шалгаж, хуулиа сахиулж баримтлан, улс ард түмнийг баялагтаа эзэн нь болгох шаардлагатай. Бүх байгалийн баялгаа харийнханд өгөөд ард түмэн нь ядуурч байх ёстой, улс нь дампуурах ёстой, дагаар орох ёстой гэсэн нэг ч хуулийн заалт байхгүй. Харин ч байгалийн баялгийн эзэн нь ард түмэн гэдгийг Үндсэн хуульд цагаан дээр хараар, тодоос тод заасан байгаа. Гадаадын авлигачдыг улайлган илчилж, Монголын нийгмийг, ард түмний хохирлыг барагдуулгаж, шоронд орохыг нь оруулж, цаазаар авахуулахыг нь авахуул. Ийм бас аврал байна.

Нэгэнтээ Хятадтай харилцааг ийм болгочихсон аваас үр дагаврыг нь бүрэн хариуц аа, нам засаг аа! Бушуул! Эс бөгөөс хэрхэхийг ард түмэн нь мэдье!

Ч.Мөнхбаяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025