Улсын хэмжээнд 2016 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49892 хүүхэд байна. Эдгээр охид, хөвгүүдийн төлөөлөл 800 сурагч Тусгаар тогтнолын баярын энэ өдөр эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараглалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн, урлаг спортын нэр хүндтэй эрхмүүд оролцож, залуучууддаа иргэний үнэмлэхийг нь гардуулан баяр хүргэлээ.
Иргэний андгай өргөх ёслолд оролцож байгаа залуучуудад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсч үг хэллээ. Тэрбээр "16 нас хүрсэн охид, хөвгүүд та бүхэн өнөөдөр хүүхэд насныхаа гэгээн мөрөөдлийг биелүүлэх, хамгийн ихийг бүтээх эрч хүчтэй насандаа ирлээ. Эх орныхоо баялаг түүхээс суралцаж ахмад үеэ хүндэтгэн улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээж ирээдүйдээ итгэлтэй, өөрөө өөрийнхөө удирдагч байж зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч ажиллаж улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна