Хүн бүр япон, солонгос бүсгүйчүүдийг дууриаж хэд хэдэн эссэнц, серум-уудыг давхарлан хэрэглэх албагүй. Хүн өөрийнхөө хэмжээнд өөрт тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглэх нь л чухал. Тийм учраас бусдыг даган дуурайх биш харин өөрийн гэсэн шинэ өнгө төрхийг өөрийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээрээ өөрийн царай төрхөнд тохируулж байх хэрэгтэй. Та яг одоо эдгээр бүтээгдэхүүн таны гоо сайхны ширээн дээр байгаа эсэхийг шалгаарай.
1. Тоник
Тоник арьсны PH баланс буюу хүчил - шүлтийн тэнцвэрт байдлыг тогтворжуулдаг. Энэ нь таны арьс тухайн өдөр/шөнө - ерөнхийдөө ямархуу бүтэцтэй байх вэ гэдэг асуултын шууд хариулт юм. Тоник хэрэглэхгүйгээр нүүрээ цэвэрлэсний дараа ямар ч сайхан тос, серум, ганц эвэртийн цус олж түрхсэн ч арьсанд наалдахгүй, тэгэсхээд замхардаг. Өөрийн арьсанд тохирсон тоникийг олно гэдэг яг ямар өнгийн суурь будаг хэрэглэх вэ-тэй дүйцэхүйц чухал асуудал. Ажиглаад байхад монгол бүсгүйчүүд тоник худалдан авахдаа нэг их бодож үзэлгүйгээр аль хямдыг нь аваад байх шиг санагддаг. Тоник, серум 2 бол таны хөрөнгө оруулалт хийх гол бүтээгдэхүүн юм шүү.
2. Зовхины тос
Зовхины тосыг бид ихэвчлэн 35 - аас дээш насныханд зориулагдсан бүтээгдэхүүн гэж ойлгодог ч шилжилтийн нас нь дууссан хэн бүхэнд зайлшгүй шаардлагтай байдаг. Учир нь бидний бие насанд хүрмэгц зовхины нимгэн арьс өөрөө тос ялгаруулахаа зогсоодог байна. Ялангуяа манайх шиг эрс тэс, хуурай цаг ууртай оронд зовхио аль болох эртхэн чийгшүүлж дадах хэрэгтэй.
Зовхины тос түрхэхдээ яг нүдний доор бус дээрх зурган дээр заасан шиг нүдний чамархай хэсгээр түрхэх хэрэгтэй. Учир нь энэ орчмын арьс хамгийн их бүтээгдэхүүнийг шингээж дээшээ шилжүүлдэг. Нүдний тариа хийлгэж үзсэн хүн байвал мөн энэ хэсэгт тарьдгийг мэдэх байх.
3. Серум
Серум нь бүтээгдэхүүний нягтаршилтай хэд дахин өндөртэй, арьсны тодорхой нэг асуудалтай тэмцэхэд зориулагдсан тос юм. Өнөөдрийн арьс арчилгааны хөгжлийг серумгүйгээр төсөөлөшгүй. 1960-аад оны үед зөвхөн супер одууд, ерөнхийлэгчийн эхнэрүүд, хатан хаан гүнжүүд зэрэг VIP бүсгүйчүүд л хэрэглэх боломжтой байсан энэ бүтээгдэхүүнийг 1990-ээд оноос масс зах зээлд нийлүүлж хэдэн тэрбум долларын бие даасан индустр-ийг бий болгосон гайхамшигтай түүхтэй. Сайн чанарын серум-н найрлагад "цавуу" болон "өтгөрүүлэгч" найрлага огт байдаггүй дан идэвхитэй, арьсанд яг хэрэгтэй бодисууд л байдаг. Тийм учраас серум-ууд энгийн тосноос хэд дахин жижиг хэмжээтэй ба үнэтэй байдаг.
4. Чийгшүүлэгч тос
Дээр дурьдагдсан бүх бүтээгдэхүүнийг арьсанд "түгжих" үүргийг гүйцэтгэнэ. Тоник, серум-дын найрлагад цавуулаг эд байдаггүй учир маш амархан ууршиж алга болдог. Та арьс арчилгаагаа хийхдээ тоникоо түрхчихээд өөр өрөө хэсээд, зурагт үзээд хэдэн минут алга болсны дараагаар серумаа тониктой нүүрэн дээрээ түрхэж байна гэж бодвол том андуурал шүү. Арьс арчилгааг нэг дор сууж байгаад ар араас нь "давхарлах" маягаар хийх ёстой байдаг.
5. Нарны тос
Нарны тосны тухай нийтлэл маань блог-ийн ганц хит нь болчих шиг болсон шүү. Энэ нийтлэлийг бусад нийтлэлүүдээс даруй 2.5 дахин их хандалт авсан байдаг. Нарнаас хамгаалх тосыг ихэнх охидууд борлохгүйн тулд хэрэглэдэг юм шиг санагдсан. Гэхдээ борлохоос айхтар хамгаалахгүй л дээ. Зун цагт борлолоо гээд яахав дээ, гоё шдээ, Д витамин сайн хуримтлуулаад, эрүүл мэндэд ч тустай. Манайхны бор артсыг үзэн ядаад байдаг сэтгэлгээ их өрөөсгөл, бор арьстай мисс Ариунцэцэг, дуучин Цэлмүүн гм сайхан бүсгүйчүүдийг халтраар нь дуудаад л. Хүн бүхний байгалиас заяасан арьс гоё. Байгаль эх хэзээ ч буруу байдаггүй.
Нар 2 төрлийн цацраг ялгаруулдаг. UVA&UVB -эдгээр цацраг идэвхитэй туяанууд арьсыг хөгшрүүлж, гэмтээн арьсны хавдар үүсгэх эхлэлийг тавьдаг байна. Хөдөөний нар салхинд байнга ил байдаг хүмүүс наснаасаа маш хөгшин харагддаг шүү дээ. Үрчлээснүүдийн 90 хувь нь нарны гэмтлээс үүсдэг байна.
UVA - ULTRA VIOLET A RAY - урт долгионуудтай ба үүл, шил, цонх зэргийг чөлөөтэй сэтлэн артсны гүнд нэвтэрдэг.Энэ туяа нь хөгшрөлт, үрчлээсийг үүсгэгч юм.
UVB - ULTRA VIOLET B RAY - арай богино долгионуудтай ба үүл, шил толийг нэвтлэх чадвар бага. Энэ туяа арьсыг борлуулах, улмаар түлэх чадвартай юм.
Эцэст нь хэлэхэд Гоо сайхан ертөнцийг авардаггүй. Ертөнц Гоо сайхныг худалдаж авдаг цаг ирсэн байна.
Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна