“Харанхуй хад” МУСК: Мартагдсан Д.Нацагдорж амилсан нь

Бүх зүйл гэнэтийн. Тэгсэн мөртлөө төлөвлөсөөр байхад хийж болдоггүй бүтдэггүй нэг л эв таарахгүй байх тохиолдол бий. Өчигдөр яг л тийм гэнэтийн өдөр. Гэнэт цас орсон, гэнэт “Харанхуй хад” киноны нээлтэнд очсон. “Аймшгийн кино биш биз дээ?” Нэр нь ч содон зурагт хуудас нь хар болохоор тэгж бодсон бололтой, ирсэн хүмүүс бие биенээсээ асууна. Мэдээж залуу үеийнхэн л дээ. Харин кино нээлтэнд чуулсан ахмад сэхээтнүүд бол их нухацтай танин мэдсэн шинжтэйгээр юу үзэхээ хүлээж байлаа.

“Зохиомж”-ийн Б.Цогтбаяр найруулагч угийн ямар ч оршил пиаргүйгээр бүтээлээ гэнэт гаргаж дадсан гэх үү дээ. Яагаад? Түүнд магадгүй илүү дутуу реклам, олон таван үггүй хэрэггүй байдаг ч юм шиг. Зочид нь ч занг нь мэддэг бололтой цагтаа цуглах нь бас л энэ цаг үед ховор харагдах хүндлэл. Товчхондоо тэнд уран бүтээлийн садангууд, оюунлаг сэхээтнүүд цуглажээ. Ингээд кинондоо орцгооё.

Оршил ба оршил

Нуугаад яах вэ, энэ их хүний талаар тийм ч сайн мэдэхгүй юм. Харин уран бүтээлийг нь мэдээж багцаална. Залуу жүжигчин Г.Баярхүү эрхэмийн дүрийг амилуулжээ. Жавхаатай, царайлаг нүдэнд дулаахан Нацаг. Ер нь нэг иймэрхүү л хүн байсан байх. Их Нацагдорж Батмөнх даян хааны угсааны хүн байж. Багадаа эрдэм номд шамдсан, 20 гаруй насандаа орос англи герман хэлтэй, гадаадад сурч байсан, элчин сайдын яаманд ажилласан лут амьтан. Одооных шиг шууд л гадаад явчихдагаас тэр цаг үе их өөр. Гэсэн ч чадалтай оюунлаг хүүхдүүд бол сурдаг л байж. Гэвч тэр хэлмэгдэн хэцүү нэртэд сууж.

-Хэн хэнтэй архидаж байв?

-Гадаадад чамд холбоо сүлбээтэн байна уу?

-Арванхоёрдугаар сарын 3-нд яагаад хөрөнгөтний зугаа цэнгэл хийж наргив? Асуултууд нь үнэндээ л ичиж үхмээр. Ингэж л хүнийг хэлмэгдүүлдэг байж. Одоо цаг сайхан аа. Яг л их Нацагийн мөрөөдөж байсан шиг иргэн нь улсаа мэддэг эрх чөлөөт цаг.

Түүний амьдралд бүсгүй хүн байсан. Нэг нь Пагмадулам нөгөөх нь Нина. Нина охиныг нь төрүүлсэн. Харин Пагмадуламтай бага балчраасаа багшид шавилж эхлэх үеэс ойр өсөж ханилсан ч хэлмэгдүүлэлт хосуудыг тайван амьдруулаагүй. Энэ бүхнийг найруулагч богино хугацаанд үзүүлэв.

Их Нацаг костьюм өмссөн дэгжин залуу. Гэхдээ галладаг байшинд амьдарна. Үе үе хөлчүүрхэнэ. Хүний л ёсоор тэр амьдарч. Одоо цагт “их” гэсэн тодотголыг авсан мундаг хүн арай л өөрөөр амьдарна. Гэхдээ мэдэхгүй ээ, бас л “их” гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөхгүй гэр хороололд бор дарсанд хөлчүүрхэн гутарч суусаар ч байгаа юм билүү.

Их л олон бодол зодолдсон, энэ цаг үеийн нүдээр харахад ойлгомжгүй юмаа түүний амьдрал. Харин үзэж байгаа хүмүүс бол зүрхэндээ ойр хүлээж авч уйлж байсан. “Яг л ийм цаг үе байсан даа ...” гэж шүүрс алдах сонсогдоно.

Тэгээд?

Их Нацаг театрт жүжгийн зохиолч хийж байхдаа “Учиртай гурван толгой”-г бидэнд оюуны өв болгон үлдээжээ. Шекспирийн Ромео Жульетта, Нацагдоржийн “Учиртай гурван толгой” гээд харьцуулчихад надад лав эн тэнцэх агуу, үе дамжин яригдах гэгээн хайрын түүх санагддаг. Товчхондоо богино хугацаанд асар ихийг хийж бүтээсэн нь чухам яаж гэж хүний ухаанаар гайхмаар. Их Нацагт жирийн дундаж хүний хэмжээний аз жаргалтай дүүрэн амьдрал байсангүй. Ядаж л хайрлаж дурлан үр хүүхэдтэйгээ жаргалтай амьдрах он цагийг түүнээс цаг үе нь булаав. Эцэст нь ганцаар. Өөд болохдоо ч зохиолоо бичсээр өрөөндөө өнгөрөв.

Цаг үе нь их хүнээ тоосонгүй, хайрласангүй. Гэхдээ тэр мохсонгүй. Зөвхөн Нацагийн амьдарлаар биш ард түмний зохиолч гэдэг үүргээр амьдарсан юм. Цаг үе бүхэн өөр өөрийн баатруудтай. Гэхдээ яг оршин буй хугацаанд нь таниж хүндэлж байсангүй.

Тэд ба бид

Кинонд энэ цаг үеийн сор болсон сайхан жүжигчид тоглосныг та бүхэн үзэхдээ мэдэх болно. Бодох орон зайтай, үргэлж яарч адгаж биднийг тайван суулгасан эрх чөлөөт уран бүтээл. Сониноос, Д.Нацагдорж тэр үед нас бараагүй гэх үгийг Ц.Дамдинсүрэн гуай хэлж байсан. Германд зохиолчдын том хуралд оролцож байхдаа эргээд харахад ард нь сууж байсан гэмээр домог мэт яриа бий. Дуугарч ч чадахгүй гацаад хурал дуусахаар уулзья гэж бодтол гараад явсан байсан гэдэг. Тэр их хүмүүн худал сенсааци дэгдээх ямар хэрэг байх билээ. Хэрэв үнэхээр харамсалтайгаар гучин хэдэн насандаа хорвоог орхиогүй үргэлжлүүлэн амьдарсан бол аштай юу.

Яг л Дракула шиг үхчихлээ гэж бодтол үхээгүй орчин үед хүмүүсийн дунд явж байдгаар би нүдэндээ төсөөлсөн. Кинонд магадгүй тийм төгсгөл хүсэх саваагүй бодол төрөв.

Өөр нэг эмгэнэлтэй түүх бас сонссон. Их Нацагийн охиныг төрүүлсэн Нина хожим нутагтаа буцаж амьдарчээ. Охин нь ардчилал ялсан ерээд онд монголд ирсэн боловч байрлаж байсан буудалдаа амиа алдсан гэнэ билээ. Гэвч энэ хэргийг одоо хэн ч сөхдөггүй. Чухам юуны учраас яагаад гэдэг оньсого мэт үлдсэн. Энэ мэтчилэн олон оньсого Д.Нацагдорж болон түүний холбоотой байсан бүсгүйчүүдийг тойрон байдаг. Магадгүй хэзээ ч тайлагдахгүй байх.

“Харанхуй хад” киног ч бас их л бодож ухаж ойлгох бүтээл болж. Одоо ч гэсэн бодсоор байна.

У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025