С.Зориг агсныг амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд хэд хонож байна.
Хуулийн дагуу бол хавтаст хэргийг шүүхэд шижлүүлснээс 14 хоногийн дотор шүүх хурлын тов гарах ёстой. Тэгэхээр энэ сарын сүүлээр эсхүл ирэх оны эхээр шүүх хурлын тов гарах юм.
Хэрэгт яллагдагчаар Орхон аймгийн харьяат хоёр иргэнийг татаад байгаагаас гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган, мөн Хотын дарга асан Э.Бат-Үүлийг ч сэжигтэн, яллагдагчаар татсан юм.
Б.Булганы хувьд эрүүл мэндийн байдлаасаа болоод 2 сар гаруйн өмнө батлан даалтад гарч, Төрийн ордонд нэвтэрч нэр бүхий гишүүдтэй уулзаад явсан бол Э.Бат-Үүл намайг хилс хэрэгт гүтгэж, яллагдагчаар дахин татлаа гэж ойр, ойрхон мэдэгдэл хийснээс хойш нам жим болоод байгаа юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө болсон намынхаа ҮЗХ-д нилээн хожуу ирж, саатаад гарсан талаар эх сурвалж онцоллоо.
Тэгэхээр эх сурвалжуудын мэдээллээд буй "цагдан хоригдсон" гэх мэдээлэл ташаа болж таарлаа.
Юутай ч өнгөрсөн удаад хотын дарга асан Э.Бат-Үүл яллагдагчаар татагдсан талаарх мэдээллээ олон нийтэд дэлгэж, улс төрийн зорилготой гүтгэлэг хэмээж байсан ч Нийслэлийн прокурорын газраас ямар тайлбар хийж байсныг эргэн сөхье.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал: Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас л шалгаж байна
“ Э.Бат- Үүлийн хувьд 2000 оны дөрөвдүгээр сарын 11-нд сэжигтнээр, мөн оны наймдугаар сарын 29-нд тухайн үед дагаж мөрдөж байсан, 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж шалгасан.
Уг хэргийг тухайн оны аравдугаар сарын 16-нд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг.
Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалт явуулж буй ажлын хэсгийнхэн түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаж байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас л шалгаж байна” гэж байв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)