Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгаагаар хотын нүхэн жорлонд нэг хоногт хуримтлагдаж буй бохирын хэмжээг тогтоожээ. Тодруулбал, нэг хүн өдөрт 1.2 литр шингэн, 200 грамм өтгөн гадагшлуулдаг бол нэг өрхийг дунджаар дөрвөн хүнтэй гэж тооцвол 4.3 литр шингэн, 720 грамм өтгөн гаргадаг байна. Үүнийг нийт гэр хорооллын өрхийн хэмжээнд авч үзвэл нийслэлд өдөрт 945 мянган литр шингэн, 157.5 кг өтгөн цугларч, өдөр бүр ойролцоогоор 1.0 сая литр бохир нүхэн жорлонгоор дамжин хотын хөрсийг бохирдуулж байгаа аж. Хөрсний нянгийн бохирдлоос үүдэн нийслэлд бүртгэгдсэн халдварт өвчний 9.9 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа бол гар, хөл, амны өвчлөлийн 84.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Нүхэн жорлон дахь өтгөн, шингэнийг бохир гэж харахаас илүүтэй дахин ашиглах нөөц, эдийн засгийн эргэлтэд оруулж болох “баялаг” гэдэг талаас нь хандах цаг ирснийг ШУТИС-ийн профессор Д.Басандорж илтгэлдээ дурдав. Тухайлбал, олон улсад төдийгүй манай улсын эрдэмтэн судлаачдын туршиж, хэрэгжүүлж байгаа хэд хэдэн технологийн шийдэл, гарцыг ашиглан өтгөн, шингэнийг дангаар нь болон үнс, нүүрстэй хольж, бордоо хийх, био хий, био гэрэл, био цахилгаан үйлдвэрлэх бололцоотой аж.
Сэтгэгдэл байхгүй байна