Яагаад сэхээтэн гэж? Сэхээтэн нь дэндүү олон гэж та гайхаж байгаа байх. Үгүй ээ. Сэхээтнээс илүү хэнээтэн нь олон болжээ. Энэ бол яруу найрагч, энэ цаг үеийн утга зохиолын ертөнцийн Их хатан СГЗ Ц.Хулангийн бат илэрхийлэлт. Энэ бүсгүй хэзээ ч “Би тэгэх гэж байна”, “Би тийм байлаа, ийм байлаа”, “Би тэгнэ” гэж ярьдаггүй хүн. Их цөөн дуугарна, тэр нь үнэ цэнтэй. Ямартаа л түүнийг Их зохиолч Д.Нацагдорж агсны талаар жүжгийн зохиол бичсэнийг Хүүхэлдэйн театртаа бодох юм ихтэй насанд хүрэгчдэд зориулсан жүжгүүд тавих гэж байгааг сэтгүүлчид бид дөнгөж өчигдөр мэдэх вэ дээ.
Өнөөдөр түүний зохиолоор бүтсэн “Монгол ардын суут” жүжиг 19:37 минутанд нээлтээ хийнэ. Энэ их учиртай тоо. Их зохиолч Д.Нацагдорж 1937 оны долдугаар сарын 13-ны өдөр таалал болжээ. Тэрийг ч бас бид нэхэн санаад үг сүггүй цээжлээгүй л байлаа. Тэгсэн мөртлөө бүтээлийг нь мөн ч их мөлжсөн, үеийн үед ашигласаар ирсэн.
Энэ хорвоод амьд юм шиг мөртлөө үхсэн мэт амьдардаг нэгэн байхад жинхэнэ суут хүмүүн өөд болсон ч өдий 110 жил болоход амьд мэт бидэн дунд байжээ. Бодсон, амьд юм шиг л амьдрах юмсаан гэж.
Жүжгийн найруулагчаар МУСГЗ Б.Баатар ажиллаж, хөгжмийг МУУГЗ Т.Сэр-Од зохиосон. Гол дүрүүдийг Ц.Цэрэндорж, М.Энхзаяа, Г.Гандөш, Я.Өнөртуул нарын жүжигчид тогложээ. Зөвлөхөөр СГЗ С.Лочин ажилласан байна. Эл эрхмийн тухайд 1973 оноос хойш Их зохиолчийн тухай судалсаны хувиар уран бүтээлчдэд үнэ цэнтэй зөвлөгөө өгч, жүжиг сэтгэлд нь тун нийцсэн талаар сэтгүүлчидтэй хуваалцаж байв.

Сайтар шигшсэн тариа гэдэг шиг бүрэн боловсорсон ийм нэгэн түүхэн уран бүтээл үзэгчдийн хүртээл болох нь. Нэг зүйл сонирхуулахад жүжгийн тасалбар ярина. Үнэхээр ярина, “Аргун трейд” компанийн бүтээсэн Postbox аппликейшнийг гар утсандаа үнэ төлбөргүй татаж суулгаад, AR тэмдэглэгээг жүжгийн тасалбар дээрх зураг руу чиглүүлэхэд тасалбар ярих юм байна.
Жүжгийн талаар яриад л байвал дуусахгүй арвин сонин содон зүйлс байна. Олныг үл нуршин та бүхнийг нүдээр үзээрэй гэж зөвлөх байна.
Их зохиолчийн сүүлчийн шөнө, тэр ахархан хугацаанд эрхэм найрагч Ц.Хулан ахайтны бүхий л амьдралыг нь багтаан хүүрнэсэн зохиол ийнхүү тайзнаа амилахад бэлэн боллоо.
Сэтгэгдэл (3)