Тагнуулын байгууллагын мөрдөн байцаалтын процетур НЭГ ИЙМЭРХҮҮ
2016/10/27

 “Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан учир битүүлгээр амиа алдаад 18 жилийг ардаа орхисон ч хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй байгаа. Гэвч сүүлийн үед хууль хяналтын байгууллагаас С.Зориг агсны хэрэгт холбоотой этгээдийг саатуулсан, хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхийн байгууллагад тун удахгүй шилжинэ. Хэрэгтнийг олсон мэтээр мэдээлж байгаа. Мөн Хотын экс дарга Э.Бат-Үүлээс эхлээд С.Зориг агсны эхнэр Б.Булган, мөн хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаад байгаа юм.

Ингэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хүмүүсийг аль өнгөрсөн жил саатуулсан байдаг. Тэгвэл өнөөдөр эдгээр иргэдийн ар гэрийнхэн хэвлэлийнхний өмнө ил гарлаа. Хэрэг нууцын зэрэглэлтэй төдийгүй, саатуулагдсан иргэдийн ар гэрийнхнийг хэвлэл мэдээлэлд хандахыг хориглосон байсан тул тэд өдийг хүртэл чимээгүй явсан байна.

Мөн хэргийн үнэн мөн шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан ч ямар ч гэм зэмгүй гэж бодож байсан хүү, дүү нь хэргийн гол буруутнууд болох талруугаа зүүний үзүүр чиглэснийг мэдээд тэд ийнхүү зориглон хэвлэлийн хурал хийжээ.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа: Хүний аминд хүрээд ялаа эдэлж байгаа этгээд миний хүүг гүтгэж, С.Зоригийн аллагын буруутан болгох гэж байна

Миний хүү  Б.Содномдаржааг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Миний хувьд энэ хугацаанд хүүтэйгээ уулзах гэж 3 сар хөөцөлдөж, 51 удаа өргөдөл бичсэн. Ерөнхийлөгчид хүртэл захидал илгээсэн ч хариу ирээгүй. Хууль хяналтын байгууллага С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин, ядарсан иргэдэд хэргийг тохох гэж байна.

1998 оны тэр өдрийг би маш тод санаж байна. Миний хүү аавтайгаа хамт трактор унаад тариа ногоогоо хураачихаад ирсэн. Би будаатай цай чанаад, хэдэн хүүхдүүдээ тойруулж суулгаад өгч байснаа сайн санаж байна. Би хүүгээ тухайн өдөр гэртээ байсныг гэрчилнэ. 

Гэтэл 2014 оноос хойш манай хөрш айлын хүн амины хэргээр ял аваад явсан залуу миний хүү рүү байнга мэссэж бичих болсон. Ингэхдээ С.Зоригийн чи надтай хамт алсан биз дээ. Хэргээ хүлээ гэх мэтчилэнгээр учир битүүлэг мэссэжүүд ирэх болсон. Бид мэссэжүүдийг нь цуглуулаад хэвлүүлэх 28 хуудас болж байна. Үүнийгээ хууль хяналтын байгууллагад өгөхөд шалгаагүй.

Гэвч эцэст нь зургаан хүүхэдтэй миний хүүг гэнэтхэн аваад явчихсан. Хоригдсоноос нь хойш хүүгийн маань амьдрал орвонгоороо эргэж хүүхдүүд, эхнэр нь хэцүүдэж байна. 

 Утсаа чагнуулж, мөрдүүлж мөшгүүлсэн айдастай амьдрал

Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат: Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан.  Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна. Дүүг маань н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын хоёр хөгшний өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь “Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан. Дүү маань С.Зоригийг амиа алдах үед бага насны хүүхдүүдтэй байсан. Ийм хүн хүний амь хөнөөгөдө явж байх уу.  Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагаа  явагдаад байна. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн юм. Шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Миний дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Амгаланбаатар очиж “Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. ” гэсэн юм.

Д.Дуулим

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин