Хорих 457 дугаар ангийн алба хаагчид ялтнуудад хараа хяналт муу тавьдаг гэв
2016/10/20

Ховд аймгийн прокурорын газраас 2016 оны III улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хорих 457 дугаар анги болон Цагдан хорих байранд гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг 2015 он, 2016 оны эхний хагас жилийн байдлаар судлахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 457 дугаар ангид хорих ял эдэлж буй ялтнуудаас 2015 онд 8 ялтан 10 зөрчил гаргасан бол 2016 оны эхний 6 сарын байдлаар 1 ялтан 1 зөрчил гаргажээ.

Зөрчил гарч буй шалтгаан нөхцлийг прокуророос судалж үзэхэд харуул хамгаалалтын ажилтан нараас ялтанд тавих хараа хяналт сул, үзлэг, нэгжлэг хийх ажиллагаа хангалтгүй хийгдсэнтэй холбоотой болох нь тогтоогджээ.

2014 онд нийт 19 ялтан сахилгын зөрчил гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар арга хэмжээ авагдаж байсан бол 2015 онд 10 зөрчил болж 9 буюу 52.6 хувь, 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1 зөрчил болж 18 дахин буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Хорих ангийн болон Цагдан хорих байрны хоногийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг, нэгжлэгийг үр дүнтэй, тогтмол зохион байгуулах, төлөөлөгч нарын зүгээс гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

Дээрх судалгааны дүнг прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдын хамтарсан хурлаар хэлэлцүүлж, цаашид анхаарах асуудлын талаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7/09 дугаар мэдээлэл хүргүүлж, мэдээллийн мөрөөр зохиосон ажилтай 2016 оны 12 дугаар сард танилцахаар шийдвэрлэжээ.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин