“Манжуурын гоо бүсгүй-2016”-д оролцох үндэсний шалгаруулалт ТУН УДАХГҮЙ

Монгол, Хятад, Орос гурван улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болсон "Манжуурын гоо бүсгүй-2016" үндэсний анхдугаар уралдаан тун удахгүй болно. Тэмцээний өмнө үндэстэн болгон тэмцээнд оролцох гоо бүсгүйгээ шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл ОХУ дахь үндэсний шалгаруулалт тэмцээн энэ сарын 21-нд Чита хотноо болох бол Монгол Улсын үндэсний шалгаруулалт тэмцээн энэ сарын 27-нд буюу хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. 

Манжуур хот нь 300 гаруй мянган хүн амтай аялал жуулчлал ихээхэн хөгжсөн худалдааны томоохон хот. Өнгөрсөн жил тус хот таван сая жуулчин хүлээн авчээ. Тэгвэл эл улс гадны жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө зарцуулж, томоохон арга хэмжээг олонтоо зохион байгуулдагийн нэг нь Олон улсын гоо бүсгүй шалгаруулах энэхүү тэмцээн билээ. Анх "Цасан гоо бүсгүй" шалгаруулах тэмцээн нэртэйгээр зохион байгуулагдаж байсан энэхүү тэмцээний цар хүрээ жилээс жилд улам өргөжиж ОХУ, БНХАУ, Монгол улсын сайхан бүсгүйчүүд Манжуурт чуулан авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөн шилдгээ тодруулдаг сайхан уламжлал нэгэнт тогтжээ.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол улсаас 15, БНХАУ-аас 15 гоо бүсгүй өрсөлдөх юм. Тэмцээнд түрүүлсэн мисс нь Олон улсын гоо бүсгүйн батламж, эрдэнийн шигтгээт титэм, 80000 юань гардаж авдаг. 

Өмнөх 12 удаагийн тэмцээнүүдэд монголчууд таван удаа тэргүүн миссийн титмийг хүртэж байжээ. Энэ жилийн Манжуурын гоо бүсгүйн тэмцээнд монгол охид мөн л өнгөлөг жавхаалаг, үзэсгэлэн гоо гэдгээ баталж Монгол Улсаа төлөөлөн оролцох боломж ийнхүү нээгдэж байна. 

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025