Өнгөрсөн баасан гарагт Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл, “Ногоон парламент” ТББ-ын гишүүн Д.Батболд нарын хүмүүс гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлээд зогсохгүй БОАЖ-ийн яамыг 200 гаруй шонхор шувуу агнах зөвшөөрлийг хууль бусаар өгсөн.
Үүний уршгаар улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байв. Тэгвэл тэдний өгсөн энэхүү мэдээлэл хэр бодитой эсэх талаар БОАЖ-ийн яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба дараах асуултад хариулт өглөө.
-Ашгийн бус зорилгоор хэчнээн шонхор хил давсан юм бэ?
-Энэ бол засгийн нууц тогтоолоор хийгддэг ажил учраас тоог нь хэлэх боломжгүй.
-Яагаад нууцалдаг юм бол?
-Энэ асуудлыг засгийн газрын хэрэг эрхлэх газар мэднэ. Учир нь 2013 онд хориглосноос хойш 2014-2015 онд нууцын журмаар орсон. Тагнуулын ерөнхий газар руу тогтоол нь явж байгаа.
-216 шонхор бэлгэнд өгсөн гэх мэдээ байна?
-Засгийн газрын нууц тогтоолтой учраас тооны хувьд би сайн мэдэхгүй байна.
-БОАЖЯ үүнийг мэдэх ёстой биз дээ?
-Үүнийг манай нууцын эрхлэгч мэднэ. Гэхдээ хэлэх боломжгүй. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагад бүх мэдээлэл нь очиж байгаа.
-Нууц тогтоолын цаана нууцаар хууль бус ан агнуур хийсэн гэж мэдээлэл өгсөн хүмүүс хэлээд байгаа.
-Үүнийг хууль хяналтын байгууллага шалгана.
-Бэлэглэлийн журмаар гаргаж байгаа шонхорын нөхөн төлбөрт хэдэн төгрөг өгдөг вэ?
-Бэлэгдлийн журмаар гарч байгаа тохиолдолд үнэгүй байх ёстой. Гэхдээ гэрээ хийхэд нь бид нэг шонхороос орон нутгийн төсөвт зургаан сая 400 мянга, Улсын тэмдэгтийн хураамжид гурван сая 200 мянган төгрөг авдаг.
-Шонхороос өөр ямар амьтанд нууц тогтоол гаргадаг вэ?
-Өөр амьтан дээр гаргадаггүй.
-Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл гэх хүн хууль бусаар ан хийсэн гэх гадны иргэдийн зургийг олон нийтэд ил болгосон. Энэ талаар?
-Бид байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн зургаадугаар тасгийнхантай ярьсан. Энэ асуудалд цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Ямартай ч яамныхан мэргэжлийн анчдын холбооноос хийсэн мэдээллийг бодит үнэнд нийцэхгүй хийгээд яамны ажилчдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл түгээсэн хэмээн шүүхийн байгууллагад өгч буйгаа мэдэгдсэн юм. Хамгийн гол нь шонхор шувууг хил давуулах зөвшөөрлийг БОАЖ-ийн яам олгодоггүй бөгөөд Засгийн газрын тогтоол дээр үндэслэж тус ажлыг зохион байгуулдаг байна.
Тухайлбал, энэ жил өндөр дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн булангийн орны зарим төлөөлөгчдөд шонхор барих зөвшөөрлийг Засгийн газраас олгож уг тогтоолын дагуу БОАЖ-ийн яамтай гэрээ байгуулж холбогдох дүрмийн дагуу төлбөрөө төлж барьжээ.
Тэгэхээр Д.Хурцгэрэл нарын өгсөн мэдээлэл нь бодит баримт дээр тулгуурлалгүй зөвхөн таамаг бүхий мэдээлэл байсан гэдгийг яамныхан хэлж байв.
Ямартай ч манай улс шонхор шувууны экспортоор дараах хөрөнгө оруулалтыг авчээ.
Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн хөгжлийн сангаас Тайширын УЦС барихад 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл,
Кувейт улсын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 83 сая ам.доллар
Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төвд 3.4 сая ам.доллар
Хэнтий болон Баян-Өлгий аймгуудад нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж машин худалдан авахад 360 мянган ам.доллар тус тус олгожээ.
Түүнчлэн 2011-2014 оны хооронд Саудын Арабаас манай улсад олгосон 11 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Баян-Өлгий аймагт 10 жилийн сургууль барьсан. Катар улсын мянганы замын төсөл, Азийн олимпийн наадамд оролцуулах зардал, хурал зохион байгуулах зэрэгт 10 гаруй сая долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.
Түлэнхийн төв болон Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын буух, хөөрөх зурвасыг барихад нийт 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.
Юутай ч манай улс Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, санхүүгийн чадавх сайтай булангийн орнуудаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах, хөрөнгө оруулалт татах, туршлага судлах зэргээр хамтын ажилллагаагаа урагшлуулахад шонхорын хүчин зүйл чухал нөлөөтэй байжээ гэдгийг дээрх зүйлүүд баталж байна.
Сэтгэгдэл байхгүй байна