Шинэ сар эхлэхийн өмнөхөн АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагааг эхлүүлж буй талаар олонд дэлгэсэн. Тиймээс өнгөрсөн сард дуулиан, шуугиан тарьсан албан тушаалын буюу эдийн засгийн мөн бусад ноцтой хэргүүдийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг баривчиллаа
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчиллаа. Тодруулбал, АТГ-аас "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэнд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуй нэгжийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсэн учраас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2, 265 дугаар зүйлийн 2, 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж байгаа ажээ.
Өнгөрсөн жил түүнийг баривчлахдаа батлан даалтад гаргаж байсан удаатай. Тэгвэл батлан даалтад байсан Г.Дэнзэнг дахин саатуулах болсон үндэслэл нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, оргон зайлахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Г.Дэнзэнг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хорьж байна.
Н.Мөнхбат, Н.Батбаяр нарын хэргийг нэгтгэв
Сүүлийн үед Хөгжлийн банкны хуучин удирдлагуудыг толгой дараалан шалгаж эхэлсэн. Мөн Мэргэжлийн Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, Хөгжлийн банкинд аудитын шалгалт хийж эхлээд байгаа. АТГ ч өнгөрсөн сарын 15-ны өдрөөс Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж эхлээд өнгөрсөн сарын 21-ний өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Харин Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт сайд асан Н.Батбаярыг шалгахаас өмнө АТГ сэжигтнээр татаж, гадуур байцааж байсан юм.
Тэгвэл АТГ Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж, эрүүгийн хэргийг нь нэгтгэсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Тэднийг хэрэгт сэжиглэх зүйл анги нь өөр ч, буруутгасан хэргийн эх үүсвэр нь нэг гэж АТГ үзсэн гэнэ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагчид Н.Батбаярыг “Гудамж” тэргүүтэй олон төслийг “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн гэх боловч үнэн хэрэгтээ зээл авахыг хүссэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэлгүй буцааж байсан, тэгсэн атлаа шаардлага хангаагүй, хөрөнгө оруулах албагүй олон төслийг гадаад зах зээлээс босгосон хөрөнгөөр санхүүжүүлэхэд шууд бус ч гэлээ оролцсон гэж үзжээ.
Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн 263.2 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, гадуур байцааж буй юм.
Дэд сайд асан Д.Дорждүрэв, МИАТ-ын удирдлагуудыг шалгаж эхлэв
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг өнгөрсөн сарын 21-нд баривчлав. Түүнийг “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллароос нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт буруутган хорьжээ. Д.Доржпүрэв нь дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
МөнМИАТ ХК-ны коммериний захирал Т.Батчулуун, автомашины ченж хийдэг байсан түүний багийн найз Баясгалан, ХБНГУ дахь МИАТ-ын төлөөлөгчийн газрын дарга Дорждэрэм нар үгсэн хуйвалдаж их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм. Одоогоор түүнтэй хамт шалгагдаж байгаа нөхдийг саатуулсан байгаа ч түүнийг саатуулаагүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Т.Батчулуун нь 2014 онд залилангийн хэргээр хуулйн байгууллагад шалгагдаж байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байна.
Хар тамхины хэрэг өсч буйн илэрхийлэл болсон 8 хүнийг баривчлав
Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж хар тамхи худалдан борлуулдаг, худалдан авсан хүмүүсийг саатуулжээ. Нийт 8 хүнийг баривчилсан байна.
Баривчлагдсан найман иргэний хоёр нь эмэгтэй хүн байсан бол гурав нь хар тамхины хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ийн дахин үйлдэл дээрээ баригджээ. Эдгээр залуус бүгд 24-35 насных гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж онцоллоо. Тэдний дунд төрийн албан хаагчид байсан хийгээд дэд сайд хар тамхины хэргээр шалгагдаж байна гэх мэдээлэл гарсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн юм.
Элитийн батальоны ахлагчийн аминд хүрсэн гэх тусгайгийнханд 3-20 жилийн ял оноов
Элитийн батальоны ахлагчийг бүлэглэн зодож танхайрсан гэх Н.Цэрэнчимэд нарын гурван хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар Н.Цэрэнчимэдэд эрүүгийн хуулийн 91.2.2, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж 20 жилийн ял оноосон бол н.Батзориг, Төмөрпүрэв нарт Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус бүр 3.1 жилийн ял оноолоо.
Одоогоос нэг жилийн өмнө буюу 2015 оны аравдугаар сард тусгай албаны гурван ажилтан хоёр найзын хамт Элитийн батальоны дэд ахлагч Н.Ууганбаатарыг зодсоны улмаас амиа алдсан гэж ар гэрийнхэн нь хуулийн байгууллагад гомдол гаргасан билээ.
Өмнө нь тус хэргийн шүүх хурал таван удаа хойшилж байжээ. Харин өнгөрсөн сард прокурорын байгууллагаас шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн зарим зүйл ангид зааснаар танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэх саналаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь энэ юм.
Архи ууж, хүчин хийсэн лам нарт жил гаруйн дараа 3.8 жилийн ял оноов
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд хүчингийн хэрэг үйлдсэн билээ.
Тодруулбал, тус хийдийн тахилч лам Н, Г, голч лам Э,Д, их гэсгүй лам Б,Ж нар хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл хархорин сумын цагдаагийн тасагт ирсэн. Үүний дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч, хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн билээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Өвөрхангай аймгийн шүүхэд лам нарт холбогдох шүүх хурал болсон. Лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6 буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн байсан. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэгвэл хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр өнгөрсөн сарын сүүлээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн нэр бүхий эмч нарт ял оноов
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн нэр бүхий 6 эмчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар 1 жил эмчлэх эрхийг нь хасах, 1 жил хорих ял оногдуулсан ба ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан "Өршөөл үзүүлэх тухай" хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар тодруулбал, шүүгдэгч Н, Б, Э, Д, Н, Ө нар нь эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эмчлүүлэгч Э нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан юм.
Мөрдөн байцаалтын явцад Н, Б, Э, Д, Н, Ө нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал нь өвчтөнийг үхэлд хүргэх шалтгаан болох нь тогтоогдсон байна.
Энэ мэт хэргүүд өнгөрсөн долоо хоногт болж өрнөлөө. Зарим нь шүүхээр эцэслэгдэж, зарим нь дөнгөж шалгагдаж эхэлжээ. Эдгээрээс гадна олныг сэртхийлгэсэн хэд хэдэн хэрэг гарсан. Тухайлбал, долоохон настай хүүхдийн аминд хүрсэн, жирэмсэн эмэгтэй нөхөртэй зодуулж амиа алдсан гэх хэргүүд.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна