Хуучин оны сүүлчийн өдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг эрүүгийн хэргийн сэжигтнээр татах болсон дуулиан дэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Улмаар АТГ-аас энэхүү мэдээлэл үнэн гэдгийг баталсан.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг эрх мэдэл албан тушаалаа урвуулан мөнгө угаасан, эд хөрөнгө залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр сэжигтнээр татсанаас хойш нэлээд хугацаа өнгөрөв.
Энэ хугацаанд түүний хамсаатан "Монголын төмөр зам" компанийн дэд захирал Пүрэвдоржийн Бат-Эрдэнэ, "Либерти партнерс" компанийн гүйцэтгэх захирал Чулуунхүүгийн Ганбат нарыг Интерполоор эрэн сурвалжлуулж байгаа билээ.
Зарим хэвлэлд дээрх хоёр сэжигтний нэг нь "Англид байна, ирж аваач, хэргээ хүлээе" хэмээн захиа бичсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Харин прокурор болон АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсгийн эх сурвалж "Ч.Ганбат захидал бичсэн гэх мэдээлэл цацагдсан нь ямар ч үндэслэлгүй. Өөр дөрвөн хүнийг цагдан хорьсон гэдэг нь ч худлаа. Б.Батзаяаг яллагдагчаар тооцон дөнгөж мэдүүлэг авч эхэлж байна" гэсэн юм.
Энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын иргэн, "Самсунг Си энд Ти" компанийн захирал Ли Жон Гёлыг бас цагдан хориод буй.
Улмаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг шалгаж байгаа бөгөөд өнөөдрийн хэвлэл мэдээллийн хуудаснаа А.Гансүхийг яллагдагчаар татсан талаарх мэдээлэл хөвөрсөн. Тэдний хавтаст хэргийн дугаар нь 201501000154 гэдгийг ч эх сурвалжууд онцолжээ.
Гурван зүйл ангид заасан хэрэгт сэжиглээд байна
Б.Батзаяаг баривчлах үед хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд "Монголын төмөр зам" компанийн эзэмшлийн галт тэрэгний хоёр ч зүтгүүрийг БНХАУ-аас худалдан авч, улмаар түүнийгээ нэгэн арилжааны банкны барьцаанд тавьж 500 гаруй сая ам.долларын зээл аваад "Самсунг Си энд Ти" буюу SCTCEM-д шилжүүлсэн аж.
Ингээд тус компаниас их хэмжээний мөнгө БИД хэмээх банк бус санхүүгийн байгууллагын дансанд орж, улмаар Б.Батзаяад хүрсэн бололтой. Галт тэрэгний зүтгүүрийг барьцаанд тавих эрх олгоход тухайн үеийн ТӨХ-ны удирдлага ч оролцсон юм байна.
Тиймээс энэ хэрэгт Б.Батзаяагаас гадна нэлээд олон хүн тайлбар, мэдүүлэг өгөх бололтой. Тухайлбал, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, Цэцийн гишүүн Д.Сугар, салбарынх нь сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, А.Гансүх нараас гэрчийн мэдүүлэг авахаар болж байгаа" хэмээж байв.
Тэгвэл Б.Батзаяагийн тайлбар мэдүүлэг, бусад нотлох баримтанд үндэслэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татаад байсан ч төд удалгүй яллагдагчаар татсан.
Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, 1661.1-т заасан мөнгө угаах, 272.2-т заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр шалгаж байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр УИХ-ын гишүүн асан, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)