Өсвөр насны охид хөвгүүд ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Энэ бүхэнд хууль хяналтын байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, сургуулийн ойр орчимд гэмт хэрэг зөрчил гарахаас сэргийлсэн хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байгаа. Гэвч өсвөр насныхан газ үнэртэх тохиолдол гарсаар байгааг дахин онцлох нь зүйтэй байх.
Өнгөрсөн удаад зочид буудал, кино театрын нойлын өрөө, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн ойр орчимд хүүхдүүд мансуурсан гэх дуудлагын мөрөөр цагдаагийн байгууллага очиж ажиллаж байсан талаар тухай бүрт нь бид мэдээлж байсан. Үүгээр зогсохгүй газ үнэртсэн хүүхэд амиа алдсан хэрэг ч гарч олныг цочирдуулж байсан цаг саяхан. Гэтэл өчигдөр дахин ийм хэрэг тохиолдлоо.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 14 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Тодруулбал, Хангай хотхонд 14 настай эрэгтэй Э газ үнэрлэж мансуурсан байдалтай байсан аж. Одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна