Хууль сахиулахын хуралд 300 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

“Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт хуралд гадаад, дотоодын 40 гаруй байгууллагын 300 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна.

Хууль сахиулахын их сургууль нь Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулснаас хойш Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран салбарын өмнө тулгамдсан тодорхой асуудлаар жил бүр уламжлал болгон Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж иржээ.

Энэ жилийн хувьд Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд “Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвээр Их сургуулийн хичээлийн шинэ байранд зохион байгуулж байна. 
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг нээж Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор тэргүүн комиссар С.Баатаржав үг хэллээ. 

Тэрбээр “Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвээр зохион явуулж буй VI дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд хууль сахиулах үйл ажиллагааны уламжлал, өнөөгийн байдал, чиг хандлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг онол, практикийн түвшинд хөндөж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг нээлттэй хэлэлцүүлэн зөвлөмж гаргаж практик байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм” гэдгийг хэлж байв. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Ирэх 4 жилд Хууль зүйн байнгын хорооны зүгээс эрх зүйн салбарт тулгамдсан асуудал болон УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн талаар судалгаа явуулах, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах үйл ажиллагааны хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллах болно” гэв.  

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Хууль зүйн яамнаас УИХ-д хэлэлцүүлэх хуулийн төслүүдийн өмнөхөн энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Онол, практикийг хослуулсан цагт илүү их амжилтыг гаргана. Хуулиас давсан журам, хуулиа үлгэрлэдэггүй хууль сахиулагч гэж байдаггүй. Учир нь хууль сахиулагчийн гарт хүний амьдрал, хувь заяа, шударга ёсны хэм хэмжээ, төрдөө итгэх олон түмний итгэл үргэлж атгаастай байдаг. Тиймээс хууль сахиулах үйл ажиллагааны процессыг давхардалгүй, хүний эрхийг үндсэн стандартад нийцүүлсэн, иргэдэд ойлгомжтой байдлаар хуульчлан тогтоох хэрэгцээ шаардлага өнөөдөр тулгамдаад байна. 

Хууль сахиулах үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулах, хууль сахиулагчаас хэрэгжүүлэх эрх хэмжээг тогтоохоос хууль сахиулах үйл ажиллагааны шинэчлэл эхлэх ёстой. Ингэснээр хууль сахиулах үйл ажиллагааны үндэс суурь болсон хүний эрхэд суурилсан байх, хуульчлагдсан байх, хяналттай байх зарчим хэрэгжих болно. Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах, шинжилгээ судалгааны ажилдаа Хууль сахиулахын их сургуулиа түшиглэн, татан оролцуулж ажиллах болно” гэлээ.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Беларусь, АНУ, Япон, Турк зэрэг 10-аад орны 30 гаруй төлөөлөгчид, хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн 40 гаруй байгууллагын 300 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. 
Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар үндсэн хуралдаанаас гадна “Хууль сахиулах үйл ажиллагаа ба аюулгүй байдал”, “Хууль сахиулах үйл ажиллагаа ба хүний эрх”, “Хууль сахиулах салбарын инноваци ба боловсрол”, “Гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт 4 салбар хуралдаанаар 30 гаруй илтгэлхэлэлцэх юм. 

Уг олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хууль сахиулах үйл ажиллагааны ойлголт, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, эрх зүйн зохицуулалт, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хууль сахиулахуйн боловсрол, инноваци, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэсэн гадаад, дотоодын туршлага зэрэг онол, практикийн асуудлыг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач, практик ажилтнууд хэлэлцэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг судалгааны эргэлтэд оруулах, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмж гаргах юм байна. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025