Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийн ажилтан болох жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан хэрэг олны анхаарлын дунд байсан. Түүний эл үйлдлийг гэрчлэх гэрч байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга асан Д.Оюунтуяа Засаг дарга Д.Пүрэвдаваатай уулзахаар очих үед Н.Эрдэнэ гэх эмэгтэйг албаны олон ажилтныхаа өмнө цохиж байхыг харсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ингээд Д.Оюунтуяа Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ гэгч жирэмсэн эмэгтэйн биед зүй бусаар халдаж, заамдан, сэгсчихийг харснаараа гэрч болсон юм. Гэтэл энэ бүгдийг гэрчилснийхээ дараа Д.Пүрэвдаваагийн гомдлоор шалгагдах болсон. Тодруулбал түүнийг “Гүтгэх” гэдэг зүйл ангиар буруутаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдүүлж, эрүүгийн хэрэгт татсан. Харин өчигдөр эл хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нээлттэй шүүх хурлаар хэлэлцэж, Д.Оюунтуяаг цагаатгалаа.
Гэрчийн хувьд Д.Пүрэвдавааг гүтгээгүй гэдэг нь тогтоогдож байгаа нь жирэмсэн эмэгтэйд халдсан гэх мэдээлэл үнэн болохыг баталж байгаа явдал юм. Гэвч Д.Пүрэвдаваагийн хувьд одоо ч “Н.Эрдэнэ гэх эмэгтэйг би нэг ч удаа зодож, гар хүрч байгаагүй" хэмээсээр байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)