Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан жигшүүрт хэрэг нийгмийг цочроогоод байна. Дөнгөж насанд хүрч буй 18 настай хүү хүний эд мөнгө өгнө гэсэн амлалтанд итгэж 7-хон настай хүүхдийн аминд хүрч, 1992 оны залуухан бүсгүй захиалагч нь болчихсон сууж байна. Яахын аргагүй эмгэнэл.
Хэргийн хохирогч болох бяцхан хүүг цахилгаанд цохиулж амиа алдсан гэж анхан шатны шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ч цагдаагийн байгууллагын чадварлаг албан хаагчид гадны нөлөө байгааг олж харсан. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон байдаг. Хэрэв цагдаа нар сайн ажиллаж чадаагүй бол эл хэрэг хүү цахилгаанд цохиулж амиа алдсан болоод л өнгөрөх байсан.
Одоогоор хэрэгт сэжигтнээр захиалагч эмэгтэй, захиалгаар хүүхдийн аминд хүрсэн залуу, мөн талийгаачийн аавыг цагдан хориод байна.
Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж өөрийнхөө том хүүгээс хэдхэн насны зөрүүтэй бүсгүйтэй амраг сэтгэлийн харилцаатай байсан Ц-г чухам ямар үндэслэлээр цагдан хорьсон нь тодорхойгүй байна. Гэхдээ хэрэгт өдөөн хатгасан гэх үндэслэлээр л шалгаж байгаа байх. Харин сэжигтэн 24 настай эмэгтэй С болон захиалгыг гүйцэтгэсэн гэх 18 настай Б нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-т заасан "Бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл" зүйл ангиар буруутгаж байгаа юм.
“Нууц амраг”, шивээсчин бүсгүй С өс хонзонгийн сэдэлтэйгээр хүүхдийн аминд хүрсэн үү?
Талийгаачийн аав Ц-гийн хувьд өмнө нь хэрэгт холбогддог байсан төдийгүй цагдаагийн алба хаагчдын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг зарим сайтууд мэдээллээд байгаа.
Харин нууц амраг нь байсан гэх С-ийг зураач, ямарваа тэмцээн уралдаанд их оролцдог нийгмийн идэвхтэй нэгэн байсан гэдгийг онцлоод байна. Мөн бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээллээр С нь Дорнод аймагт шивээс хийдэг байжээ.
Тэгвэл Дорнод аймгаас ирсэн эх сурвалжийн мэдээллээр нууц амраг болох С нь талийгаачийн аавын хүүхдийг тээж байсан гэх. Харин талийгаачийн аав Ц нь хүүхдээ төрүүлж болохгүйг шаардаж, гар хүрч зодосноос болж С нь хүүхдээ алджээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд зулбасан.
Үүнээс болж С нь өс хонзонгийн сэдэлтэйгээр 7-хон настай бяцхан хүүгийн аминд хүрсэн байх магадлалтай аж.
Талийгаач хүүгийн ах, ээж хоёр нь маш хүнд байдалтай байна
Талийгаач хүүгийн хувьд дээрээ нэг ахтай. Ах нь өдгөө 20 гаруй настай сайхан залуу байдаг байна. Олон жилийн дараа хүүхэдтэй болсон ээжийн хувьд хүүхдээ маш их эрхлүүлдэг, жинхэнэ амьдралынх нь утга учир байж. Тиймээс өдгөө юм ч ярьж чадахгүй маш хэцүү байдалтай байгаа аж. Хүүхдийнхээ талаар, хэргийн талаар ярих гэхээр л уйлж, уймраад байгаа гэж нутгийн иргэд ярьж байна.
Дашрамд хэлэхэд, бид хэн нэгэн хүний нэр төрд халдаж болохуйц зураг, мэдээ мэдээллийг анхлан дэлгээгүй болно. Гагцхүү цахим хуудсуудаар тархсан зургийг хавсаргалаа.
Д.Дуулим
Сэтгэгдэл (11)