Шаардлага хангахгүй автобусуудтай ”Сутайн буянт”-д прокуророос удаа дараа мэдэгдэл хүргүүлжээ
2016/09/29

Манай улсад гарч буй гэмт хэргүүдийн зонхилох хувийг зам тээврийн осол эзэлж байна. Тэр дундаа бага насны болон хичээлийн насны хүүхдүүд осолд өртөх тохиолдол нэмэгдэж буйг хуулийн байгууллагын холбогдох алба хаагчид онцоллоо. 

Тодруулбал, Тээврийн Прокурорын газраас 2016 оны эхний 8 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 3218 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласны 3026 буюу 93.2 хувийг зам тээврийн осол эзэлж байх ба үүний дотор нийтийн тээврийн жолооч нараас гаргасан 129 осолд хяналт тавьж шийдвэрлэсэн байна.

Тэгэхээр нийтийн тээврийн жолооч нар осол аваар гаргах нь хамгийн элбэг тохиолддог байх нь. Өөрөөр хэлбэл, тэдний хариуцлагагүй, ажил үүрэгтээ хайнга хандсан алдаанаас болж иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа юм.

Судалгааны дүнгээс үзвэл, нийтийн тээврийн "Сутайн буянт” ХХК-ийн жолооч нар зам тээврийн 12 осол гаргаж үүний улмаас 2 хүн нас барж, 1 хүн хүндэвтэр гэмтсэн байна. Улмаар гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар тус компанид прокурорын газраас хоёр удаа мэдэгдэл хүргүүлжээ. Ингээд тухайн мэдэгдлийг үндэслэн нийтийн тээврийн "Сутайн буянт” ХХК-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр шалгалт хийсэн байна.

Шалгалт хийх үеэр 61 тээврийн хэрэгслийг ажилд гаргасан байх ба буусан 28 тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио, шил арчигч ажиллаж байгаа эсэхийг шалгахад үзэхэд дараахь зөрчлүүд илэрчээ.

1.Тээврийн хэрэгслүүдийг ажлаас буухад болон гарахад нь тоормозыг шалгадаг гэх боловч компанийн хашаан дахь талбайн зай бага, шороон зам байгаа нь стандартын шаардлага хангахгүй, 6 автобусны хурд хэмжүүр болон ар талын оврын гэрэл ажиллахгүй, 1 автобусны хол ойрын гэрэл асахгүй, 7 автобусны дуут дохио ажиллахгүй, 3 автобусны шил арчигч ажиллагаагүй байсан байна.

2.2016 оны 09 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд ажилд гаргасан тээврийн хэрэгслүүдийн шалгах хуудастай танилцахад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 61 автобус ажилд гаргаснаас 25 жолооч, 09 дүгээр сарын 08-ны өдөр 24 жолооч тус тус ээлжгүйгээр 10 цаг 52 минутаас 15 цаг 06 минут ажилласан байна. Тухайн 2 өдөр ээлжгүй ажилласан дээрх жолооч нараас 4 жолоочоос бусад нь 12 цагаас илүү цаг ажиллажээ.

Энэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д "жолооч ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтыг зөрчихөд хүргэж улмаар осолд зохих хэмжээгээр нөлөөлж байна.

3. Тус компанид 125 жолооч ажиллаж байгаагаас 13 жолооч мэргэшсэн үнэмлэхгүй байгаа нь Монгол улсын стандарт болох "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын 8.2.1 дэх заалтыг зөрчжээ.

Нийтийн тээврийн компани тээврийн үйлчилгээг ард иргэдэд аюулгүй, найдвартай үзүүлэх үүднээс Монгол Улсын стандарт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжид заасны дагуу техникийн хувьд бүрэн тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоочийн ажил, амралтын горимыг хэрэгжүүлж ажиллах, мэргэшсэн жолоочийг ажиллуулах, компанийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байх тул дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх зорилгоор Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 26, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг тус тус үндэслэн Прокурорын мэдэгдлийг Нийслэлийн Тээврийн газар, "Сутайн буянт” ХХК-д хүргүүлжээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин