Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг шалгаж байна. Тэднийг Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн талаар хуулийн байгууллагын эх сурвалжууд онцоллоо.
Сайд асан Н.Батбаяр Эрүүгийн хуулийн 263.2 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” үндэслэлээр сэжигтнээр татагджээ.
Эдийн засгийн хөгжлийн яам тухайн үеийн Засгийн газраас гаргасан Чингис, Самурай бондын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж, бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэгт санхүүжилт хийж байсан билээ.
Н.Батбаяр 2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайд болмогцоо бонд босгох ажлыг гардан гүйцэтгэж, “Чингис” бондыг санаачилсан төдийгүй 1.5 тэрбум ам.доллар, Японоос “Самурай” бондын 600 сая ам.доллар, “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тус тус авсан байдаг. Бондын эргэн төлөлт ирэх оноос хийгдэнэ.
Харин АН-ыг засаг барьж байх үед УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах цөөнхийн бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг 2015 оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад илгээж байсан билээ.
Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой байсан ч АН засгийн эрхийг барьж байх үед энэхүү хуулийг дагаж мөрдөөгүй учраас энэ удаад олонхоороо засаг байгуулсан МАН-ынхан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулж маш ноцтой гэсэн зүйлүүдийг илрүүлээд байгаа аж.
Тиймээс л нэр бүхий хүмүүсийг холбогдох бичиг баримтад үндэслэж ийнхүү шалгах болжээ. Түүнчлэн Засгийн газар Монголбанктай хамтран 2012 оны сүүлээс хэрэгжүүлж эхэлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулсан ч энэ хөтөлбөрийн талаарх мэдээлэл олон нийтэд хаалттай хэвээр байсан тул энэ удаад ч мөн адил нэгдсэн шалгалт хийхээр болсон тухай хуулийн эх сурвалж мэдээлж байв.
Юутай ч олны анхаарлын төвд ороод байсан Чингис, Самурай бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг ойрын өдрүүдэд тогтоож хэн буруутай нь ил болох л үлдээд байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна