Монгол залуус гадаадын багуудтай өрсөлдөнө

“Монголын үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хиймэл дагуул-Бидний гараар” сэдэвт “Кансат” тэмцээнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 

Уг уралдаан нь өмнөх жилүүдэд үндэсний хэмжээнд зохиогддог байсан бол өнөө жил хүрээгээ тэлэн, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын баг оролцож манай МУИС, ШУТИС, БХИС-ийн оюутнуудтай сонирхогчийн хиймэл дагуул хөөргөж ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор боллоо. 

“Кансат” (can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай)  буюу лаазанд багтах хэмжээний жижиг хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдөө зохион бүтээж, түүнийгээ хөөргөн өрсөлддөг билээ. 

Тэмцээн энэ сарын 22-нд Налайхын нисэхийн цэргийн ангийн дэргэд 09.00 цагаас эхлэх бөгөөд үзэж сонирхохыг хүссэн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй. 

Дашрамд дурьдахад, Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудын хүрээнд оюутан, сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладгаараа ач холбогдолтой. Иймээс сансрын технологийн чиглэлээр дэлхийн олон орон оюутан залуусын дунд “Кансат” тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулдаг юм. 2012 оны долдугаар сард Испани улсад зохион байгуулагдсан олон улсын “Кансат” тэмцээнд МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг анх удаа оролцож, алт, хүрэл медаль хүртсэн билээ. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025