О.Амгаланбаатар: Шууд суух хүнээ л олохсон 

“Учиртай 3” киноны Юндэн, саяхан Академи Авардс наадмын хамаг шагналыг түүсэнСодуракиноны Акод, “Бид 3-ын болзоо”, “Саарал хүн”, “Ар хударгагэхчлэн энэ залуугийн тоглосон дүрүүд тоолж барагдахгүй нь. Жинхэнэ утгаараа од болсны дараа ямар санагдаж байна гэхэд даруухан мушийх аж. Хариулахгүй бултаад л байсан. Түүний уг мэргэжил маркетинг. Загвар өмссөнөөр клип, рекламанд шилэгдэн улмаар кино урлагтхалтирсаннь найруулагчдын анхаарлыг татсан юм. Ийм дүр төрх орчин цагт ховордсон гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй болов уу. Цахим сүлжээнд хэлэхээ хэнээс ч эмээлгүй хэлж бичдэг тэрбээр хувь характерын хувьд олонлогоос ялгардаг. Харин албан ёсны ярилцлага дээр цөөн үгээр товч оновчтой дуугарах аж. Ганц бие, авьяаслаг характертай гэхчлэн охид бүсгүйчүүдээс үргэлж өндөр үнэлгээ авдаг залуутай ийн хөөрөлдлөө.

Нас, орд:  28, мэлхий

Биеийн жин:  83

Төгссөн сургууль: Их засаг олон улсын их сургууль

Шагнал: Азийн Стар модель

Хобби: Хөдөөгүүр аялах, зураг авах

Хийх дуртай зүйл:  Ном унших, хүнтэй ярилцах, сонсох

Мөрөөдөл: Тэрийгээ хэлэхгүй ээ хэхэ

Дуртай улирал: Зун

Дуртай жүжигчин: Олон бий дээ

Дуртай брэнд: Брэнд гэж хөөцөлдөөд байдаггүй болохоор тэгж нэг их нэрлэх сонирхол алга даа

Дуртай хувцас: Чөлөөт бас үндэсний хувцас

Дуртай загвар өмсөгч: Ойроос харж хамт зурганд орж байсан болохоор Tyson Ballou

Дуртай зохиолч: Эмүжин, Өлзийтөгс

Дуртай кино: Notebook

Дуртай үлгэр: Аргат өвгөн

Дуртай хот: Улаанбаатар

Дуртай үг: Эзэн хичээ тэгээд заяа нь хичээнэ дээ

-Фэйсбүүкийн хэлэмгий доломгой характертай залуугаар сонин юу байна. Жүжигчнийхээ хувьд ч энэ жил арвин ургацтай байх шиг байна. Нэг сайхан буу халаач?

-Энэ жилийн хувьд түүхэн кинонд ороод явж байна. Үүнийхээ ард гарах гээд үс сахлаа ургуулан давхиад байна даа. Өөрийн мэргэжлийн дагуу ажлаа хийгээд явж байна. Би чинь маркетингийн мэргэжилтэй хүн шүү дээ. Найз нарын зохион байгуулдаг IBIZAOUT фестивалийг зохион байгуулалтан дээр нь оролцож байгаа.

-Ингэхэд Амгаа хэр шоуддаг вэ. Сүүлийн үед тун номын стиль барих болж шүү. Нас яваад тэр үү, за за наргиа байлаа?

-Яг үнэн. Нэг хэсэг нэлээн шоучин ер нь их задгай байлаа. Ёстой нас явж байгаа юм болов уу. Хүн нь больё гэж бодсоных уу. Ямартай ч баар саванд ороод байхаа ер нь больсон. Жишээ нь ууж идэхгүй, ажлаа хийгээд явахад хувь хүний бүтээмжийн хувьд ч ахиц гарах юм. /инээв.сурв/ Гэхдээ муу нэрийг хусавч арилахгүй гэдэг шиг өмнөх солиорч явсан үеийн түүх сөхөгдөөд байх юм.

-Тун удахгүй дуулиант IBIZAOUT шоу болох гэж байна. IBIZAOUT жил бүр ахиц дэвшилтэй залууст өгөөжтэй болдог. Энэ жилийн онцлог юу байх бол?

-Найз нарын зохион байгуулдаг IBIZAOUT  festival зургадугаар сарын 17,18-нд болох юм. Зохион байгуулалтанд оролцоод завгүй гүйгээд байна. Энэ фестивалын хувьд онцлог нь эх дэлхийн соёлтой залуусын төлөө гэдэг утгаараа хоёр өдрийн турш архи дарс хэтрүүлэлгүй зохистой хэмжээнд хэрэглэж хамгийн гол нь өдрийн 13 цагаас эхлэн сонирхолтой арга хэмжээнүүд явагдах юм. Хөгжөөнт тоглоомууд, humansling shot, олны танил хүмүүсийн элсний воллейболлын тэмцээн, фитнесс моделийн тэмцээн, мэдээж дээрх бүх чиглэлийн хөгжмийн урсгалуудын фестиваль хоёр өдөр болно. Маш өргөн бие бүрэлдэхүүнээр бид хичээн ажиллаж байна. Хамгийн гол нь бидний зорьж буй зүйл бол соёлтой хотын залуусын хоёр өдөр үргэлжлэх чөлөөт цагаа өнгөрүүлэх мөч нь IBIZAOUT  байлгахыг л зорьж байна даа.

-Ингэхэд хамтран зохион байгуулалт хийж байгаа модель Э.Энхболд Лэди Гагагийнхаа үзүүлбэрийг энэ үеэр тоглоно гэсэн үү. Хүйсийн тэгш байдал эрэгтэйлэг нь эмэгтэйлэг консепт эмэгтэйлэг нь эрэгтэйлэг консепт барих үзэгдлийн талаар таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Тэгнэ. Ер нь бол шоу энтертайнмент ертөнц массыг хамрахаас амжилт алдаа нь хамаардаг. Манай Индигогийн хувьд мэргэжлийн хүмүүстэй өрсөлдсөн мөртлөө маш амжилттай явж байгаа нь үнэхээр бахархмаар зүйл. Бүр нэг шатанд нь түрүүллээ шүү дээ . Эсрэг хүйстнийхээ дүрд хувирах нь маркетинг талаасаа маш зөв шийдэл болсон байхаа

-Ер нь сүүлийн үед монгол залуусыг эмэгтэйлэг боллоо гэлцэх болж. Энэ тал дээр санал нийлэх үү?

- Тийм зүйл их ажиглагдаж байгаа. 95 оноос хойшхи залууст ч гэх  юмуу. Бидний үеийнхэнд хар бор ажил хийж үзээгүй хүн ховор доо. Үгүй ядаж ус зөөж түлээ хөрөөдсөн хүүхдийн бие хаа эмэгтэйгээсээ ялгаатай болоод хөгжиж эхэлнэ биз дээ. Тэгэхээр одооны хүүхдүүдийг нэг талаар буруутгах аргагүй юм л даа. Биеийн хүчний ажил хийхгүй байгаа юм чинь эмэгтэйлэг л байна шүү дээ. Би ер нь хүүхдийг хэт хүнд л биш бол биендээ таарсан хүчний ажил хийж байхыг буруу гэж огт боддоггүй. Тэгээд л мундаг хөдөлмөр мөлжлөг ярьдаг. Гэртээ хүүхэд аав ээждээ тусалж ажил төрөлд нь оролцохгүй яадаг юм.

-Өөрөө их эршүүд хэв маягийн орчин цагт ховордсон дүр төрхийн хүн л дээ. Өөрийнхөө имижийг нэг тодорхойлооч?

-За бас яг тийм мундаг мужык хүн байж чадахгүй байгаа. Хүн өөртөө шударга хандах шиг зөв юм байхгүй юм билээ. Сүүлийн үед өөрөөсөө нэг зүйлийг их ажигласан. Манай ээжийн эгч дүү нар намайг “Эр юм байж шөвөгнөөд” гэдэг байсан юм. Учрыг нь одоо л ойлгож эхэлж байна. Эмэгтэй хүнтэй харьцах тал дээр миний зөв гэж бодсон бол би дуусашгүй мэтгэлцээн өрнүүлчихдэг. Үнэндээ энэ буруу юм билээ. Хичнээн миний зөв байсан ч хэлэх үгээ цөөн байлгаснаар эр хүн хождог, зөвддөг. Иймэрхүү талаа засаж чадаагүй байж эр хүн, мужык энэ тэр гэж хэлэх эртдэх байх аа.

-Амгаа юуны фанат вэ?

Би спорт сонирхдог ч тэгтлээ фанат хүн биш. Хөл бөмбөг сагс олныг дагаж үздэг гээд хэлчихэд бараг болно доо. /инээв.сурв/ Харин сумо их сонирхоно.

-Модель бүсгүйтэй нэг үе болзож олны өмнө ил цагаан үерхэж байсныг чинь мэдэх юм. Тэрнээс хойш ёстой “сив” сингл болжээ. Нэг талаас томоожиж нухацтай хандаж байна гэсэн үг үү?

-Ер нь тэгэж байна. Одоо тэгээд салж нийлээд явах цаг, нас биш шүү дээ. Тэрнээс хойш Бямбаа гээд бүжигчин сайхан бүсгүйтэй хэсэг хугацаанд найзалж байсан. /”Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрд тоглодог. сурв/ Одоо бол шууд суух хүнээ л олохсон гэж бодож байна.

-Уучлаарай нэгэнт нүүр тулсных шулуухан асуухад өмнөх найз бүсгүй чинь өөрийг чинь гар хүрдэг зоддог байсан гэж ярьсан байдаг ...?

-За бас арай үгүй байлгүй дээ. Юу гэлээ гэж эмэгтэй хүн зодож цохиод явах вэ. Өөрөө би аавгүй өрөөсөн дутуу амьдрал үзсэн хүн.

-Амгаагийн хувьд ямар бүсгүйг сайхан бүсгүй гэх вэ. Ирээдүйн ханиа ямраар төсөөлж байна?

-Сайхан бүсгүй гэдэг ойлголт цаг үеийн хэмжүүрээр өөрчлөгддөг л юм шиг байна. Яг одоо надад төсөөлөгдөж буй хүн бол эмэгтэй хүн ариун зөв явах ёстой юм байна, мөн тууштай зантай нэг хүнийг итгэж хайрласан бол эцсийг нь үздэг. Энэ зан чанар хань болох  хүнд маань байх хамгийн сайн чанар юм байна л гэж хараад байгаа

-Сүүлд Солонгост нэр хүндтэй тэмцээнд оролцон Азийн супер модель болоод ирсэн байсан. Тэр талаар сонирхуулаач. Ямар шалгуураар яаж оролцдог юм. Өрсөлдөгчид хэр чанга байв?

-Баярлалаа энэ бол улс орнуудаас анкетын дагуу өгдөг шагнал. Салбартаа ийм ийм зүйлийг хэдэн жилийн хугацаанд хийж амжуулжээ гэсэн тодорхойлолтын дагуу өгдөг гэж ойлгож болно. Энэ дашрамд “Монгол модель” агентлагын захирал Болормаа багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ганц энэ шагналд тодорхойлсонд нь хэлж байгаа юм биш л дээ. Энэ салбарын олон хүний хувьд ээж шиг нь л яваа хүн

-Азийн супер модель боллоо. Одоо дараа нь яах вэ? Манайхан шагнал хүртээд л зодог тайлчихдаг гэмтэй?

-Дотроо их юм бодож байгаа. Эхлээд хэлчихээр хийхэд асуудал гарвал худалч хүн болж хувирдаг талтай. Тэгэхээр санаж бодож буй зүйлүүдээ хийж эхлэхээрээ дахиад уулзаж тэр талаараа сайхан ярилцлага өгнөө гээд хэлчихье дээ.

-Амгаа жинхнээсээ үнэхээр од боллоо. Ямар мэдрэмж төрж байх юм

-/инээв/. Хариулахгүй ээ ... Наадах чинь утгагүй асуулт байна. Юуных нь од байх вэ. Би урдахаа хийгээд л явж байгаа хүн

-Олон дүр бүтээлээ. Аль дүрдээ их хайртай вэ?

-Мундаг хүмүүсээс “шпи” авчихъя. Олон хүүхэдтэй хүн алийг нь ч ялгадаггүй гэдэг юм билээ.  

-Таны бодлоор монголын загварын ертөнцөд юу хамгийн ихээр дутагдаж байна?

-Ганц загварт биш манай бараг бүх л салбарт дутагддаг нэг зүйл бий. Энэ бол жижигхэн зах зээлтэй, хүн ам цөөн. Жилд хэдэн шоу, зураг авалт, загварын ажил болж байна гээд тэрийгээ моделуудтайгаа харьцуулаад үзвэл бас л хангалтгүй тоо гарна. Тэгэхээр залуучууд ирээдүйтэй нас залуу байгаа дээрээ дэлхий мэлхий гэж дэмий донгосдоггүй юмаа гэхэд Азид гарах хангалттай боломж байна. Үүнийг л ашиглаасай билээ.

-Ингэхэд манай загвар өмсөгчдөд ямар чанар их дутагдаж байна?

-Надад бол жаахан явган яриатай санагддаг. Гэхдээ хүн бүр гэж байгаа юм биш л дээ. Ерөнхийдөө л гэсэн үг.

-Амгаа тал бүрийн оролдлоготой авьяаслаг гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Харин чамд хамгийн ихээр ямар авьяас дутагдаж байна?

-Ая хэмжээ мэдрээд дуулж сурахсан гэж бодож байгаа. /инээв.сурв/

-Амьдралын аз жаргал гэж юу вэ?

-Эхний ээлжинд эрүүл байх хэрэгтэй юм байна. Үүний дараа гэр бүл хайртай хүмүүстэйгээ хамт байх ёстой юм байна. Харин гуравт хүссэн ажлаа хийж тэндээсээ кайф авах ёстой юм байна гэж л хардаг.

Эх сурвалж: "Гранд сэтгүүл"

Ярилцсан У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025