Эмэгтэй хүн хүчирхэг эрчүүдийн дэргэд жаргалтай, тайван амьдардаг

“Гандирс” компанийн ерөнхий захирал Ц.ЭРДЭНЭЧУЛУУН: 

Би түүнийг супер хатагтай гэж тодорхойлно. Боловсролтой, биеэ даасан, эрх зоргоороо, дайчин, гоо үзэсгэлэнтэй намба донж төгс түүнийг олонх нь экс гишүүн, туршлагатай хуульч, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдоржийн гэргий гэдгээр нь танина. Үнэндээ тэр өөрөө дэндүү том хувь ертөнц. Өвөрмөц оршихуй. Гадаад дотоодын 5 дээд сургууль дүүргэж, Дэлхийн банкинд олон улсын зөвлөхөөр хүртэл ажиллаж байсан гээд намтар сөхвөл арвин баялаг түүхтэй тэрээр айлын  эрх танхи ганц охин, өөрийнх нь тодорхойлсончлон говь нутгийн уужуу сэтгэлтэй, хөдөлмөрч, гүргэр эмэгтэй. Амьдралын тойрогт ханиа алдаж, цөхөрчихсөн явах үедээ нэрт хуульч, ноён Ц.Шаравдоржтой учирч, ханилсан. Өдгөө 4 хүүхдийн ээж, гэрийн босс хатагтай. Бүсгүй хүн хэрхэн эрхэмсэг, ихэмсэг, төгс амьдарч болдгийн бодит жишээг амьдралаараа харуулж яваа түүнийг “Grand lady” булангийнхаа анхны зочноор урьж, ярилцсандаа сэтгүүлчийнхээ хувьд том олз олсон адил баярласанаа нуух юун. Учир нь хатагтай Ц.Эрдэнэчулуун хэвлэлд тэр бүр ам нээдэггүй ховор хүмүүсийн нэг.   

 
-    2012 оны халуун мэнд дэвшүүлье. Та шинэ жилийн баярыг ямар талаас нь хүлээж авдаг вэ? 
-    Шинэ жил гэдэг сайхан баяр. Бүтэн жилд хийж бүтээснээ үнэлж цэгнэдэг, ирэх жилийн ажлаа төсөөлж төлөвлөдөг гэдэг утгаараа яах аргагүй сайхан баяр. Манайхан маш сайхан өргөн тэмдэглэж сурснаас гадна, заншил болсон байна. Надад шинэ жил нь гэр бүлийн хувьд баяр ёслол, компанийн хувьд ажил үүрэг, нөхөртэйгээ хамт зарим арга хэмжээнд оролцохыг хариуцлага талаас нь хандах шаардлагатай байдаг. 
Нөгөө талаас жаахан шүүмжлэлтэй авч үзвэл манайхан баярлаж, наргиж цэнгэх нь арай л газар авч хавтгайрч байна. Хариас нутагшуулсан зарим баярыг хичнээн их баяжуулж тэмдэглэж байна вэ. Албан газрын, нутгийн, ангийн, найзын, хүрээллийн гээд бүхий л төрөлд хийж байна. Арай л бас дэндээд байх шиг. Аливаа арга хэмжээг яг л хэмжээнд нь, нэр хүндтэй, үнэ цэнэтэй байдлаар хийж баймаар байгаа юм. 
Гэтэл ажил хөдөлмөр хийхдээ бид ийм уриалагхан байж чадаж байна уу. Гадаадынхны ажиллаж, хөдөлмөрлөдөг, нийгмийнхээ төлөө хийдэг тэр их сайн сайхан туршлагаас ингэж санаа авч, шүүрэн хэрэгжүүлж, ийм өргөн далайцтай дагаж дуурайж байгаа юм байна уу? За даа байхгүй дээ. Иймэрхүү санаачлага  тэгсгээд газар авч чадахгүй дороо унтардаг гээч.    
   
-    Миний хувьд шинэ он гэдэг яг үнэндээ нас нэмж, өтөлж буйг сануулж, цаг хугацаа биднээс улам бүр холдож буйн шинж. Бидэнд оногдож буй цаг хугацаанаас аль болох их амжилт, аз жаргал салгаж авахын төлөө хүмүүс бид өөрсөддөө хүсэл мөрөөдөл нэртэй үүрэг даалгавар өгч, амжилт дүүрэн шинэ оныг угтъя гэж ярьдаг юм шиг ээ. Тэгээд нэг оны эхнээс төгсгөл хүртэл заримдаа юуны төлөө, юунд хүрэх гэж зорьж яваагаа умартатлаа эцэс төгсгөлгүй ажиллаж, шинэ жилээр л нэг амьсгаа авч, гоё даашинзаа өмсөж баярладаг. Та 2012 оноос юу хүлээж байна? 
-    Улиран өнгөрч буй он биднээс нэг нас авч одож байгаад нэг их эмзэглээд байх зүйлгүй мэт. Харин тэр жилээс бид юу ч авч үлдэж чадахгүй байвал эмзэглүүштэй. Үнэхээр нэг талаар чиний хэлдэг шиг бид заримдаа юуны төлөө, яах гэж ажиллаж, амьдарч байгаагаа мартатлаа ажилладаг нь үнэн. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү хамаатай асуудал. Хамгийн хөдөлмөр зарцуулалт ихтэй хэрнээ ашиг багатай салбарт хүүхнүүд л ажиллаж байна. Бүр эмэгтэй хүн гэдгээ мартчихсан гэр бүлээ, байгууллагаа, бүр цаашилбал улс орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байгаа олон эмэгтэйчүүд бий. Заримдаа бүр цаг хугацааны баримжаа бүү хэл, хүйсийн баримжаагаа алдатлаа ажиллаж байна. Энэ бол эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрх. Энэ ачааллыг өөр хэн нэгэн нимгэлчихгүй, бид өөрсдөө л зохицуулж, цаг зав гаргаж сурах хэрэгтэй. Нойрыг унтаж барахгүйтэй адил ажлыг хийж барахгүй. Гагцхүү түүнийг зохицуулж, өөртөө цаг зав гаргаж ажиллах нь чухал. Энэ тухай би хүүхнүүддээ нэлээн онцолж ярьдаг. Ажиллаж хөдөлмөрлөдөг байж болноо, гол нь үнэлэмжтэй ажиллаж, хийснийхээ хэрээр цалингаа, ажилласныхаа хэрээр ашгаа хүртдэг байхыг ойлгуулахыг хичээдэг. 2012 онд энэ бүхэн өөрчлөгдөж эхэлсэн, хүүхнүүд үнэ цэнээ мэддэг, үнэлэмжтэй хөдөлмөрлөсөн жил болоосой гэж бодож байна. Гэхдээ энэ бол битгий ажилла гэсэн үг огтхон ч биш шүү. 
-    Тэгвэл та өөрөө хэр үнэлэмжтэй ажиллаж байна гэж үздэг вэ? 
-    Өө надад өөрт бас шүүмжлэлтай хандвал зохих зүйл их байнаа. Үнэлэмж багатай ажил зөндөө л хийж байна. Гэхдээ миний хувьд бол би ийнхүү үнэлэмж багатай ажил хийж байгаа нь мэдэхгүй чадахгүйгээсээ биш, харин өөрөө хүссэн, ухамсарласан гэхээр зүйлээ хийдэг гэж хэлж болох юм. Тухайлбал, бизнесийн салбарт бол миний хөдөөд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын төслүүд, нийгмийн салбарт бол эмэгтэйчүүддээ хандсан ажлуудыг нэрлэж болно.       
Бүгд хот руу хошуурч байхад манайх л хөдөөд барилга барьж эхэлсэн, цаашдаа ч явна. Өнөөдөр хотод төвлөрсөн энэ их бөөгнөрөл, зангилааг хотод биш хөдөөд тайлна. Тэнд хүн амьдрах аятай таатай орчин бүрдүүлж байж шийднэ. Уг нь төрийн хийх ёстой ажил. Орон нутагт байгаа хүн арддаа тансаг орчноо больё, ядахдаа хэвийн амьдрах орчинг бид бүрдүүлж өгөх ёстой. Хөдөөнийхөн ч гэсэн хүн шиг сайн сайхан орчинд амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Хоёр хүн уулзаад суух газар хөдөөд алга, холоос ирсэн нэг нь байрлах зочид буудал алга,  залуу хүмүүс хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө байр авья гэхнээ тэр нь байхгүй, бүгд мөнгөө тэврээд хотод ирж байна. Энэ бол бүр ихээхэн дүгнэлт хиймээр наад захын бодит жишээ. Уг нь тэнд орчин нь байдаг бол хөдөөгийн ард түмэн гал голомт, бүтээж бий болгосон амьдрал, найз нөхөд, нутаг усаа орхиод юу нь мэдэгдэхгүй хот руу ирж, энэ их бөөгнөрөлийг үүсгэхгүй шүү дээ. Үүний төлөө дээр дооргүй санаа тавьж хөдөлмөрлөвөл бас ч дааж дийлэхгүй ажил биш. Хүн бүрийн сэтгэл, идэвх, оролцоо л чухал. Иймээс ч манай компанийнхан ашиг хараагүй төсөл гэж нэрлэдэг “Хөгжлийг хөдөөнөөс эхэлье” төслөө хэрэгжүүлэхийн төлөө зүтгэн ажиллацгаадаг. Одоогоор говийн 2 аймагт хэрэгжүүлээд дуусч байна, баруун 2 аймагт эхлэхээр ажиллаж байна.  

-    Орон нутагт барилга барих хэр ашигтай байх уу? 
-    За даа ашиг гэхэд хэцүү дээ. Ашиг бага, эсвэл хэцүү учраас л бүгд хотод бөөгнөрөөд байгаа хэрэг. Гэхдээ миний хувьд хөдөөгийн төслүүдээ бизнесийн ашиг гэхээсээ илүү сэтгэлийн дуудлага, нийгмийн ашгаа харж ийм төсөл хэрэгжүүлдэг. Намайг зовлонг нь мэдэхгүй болохоор хөдөө барилга барьж байна, хөдөөнийх учраас хөдөө ажиллаж байна гэж шоолох, сургамжлах, гайхах хүмүүс байдаг л юм. Удахгүй эдийн засгийн үр ашиг нь ирнэ, харин нийгмийн үр шим нь аль хэдийн ирчихсэн гэж боддог. Хамгийн том ашиг энэ.

    Энэ дунд хүлээн зөвшөөрөгдөж, эмэгтэй хүний ихэмсэг бөгөөд эрхэмсэг оршихуйгаа тунхаглахын тулд гоо сайхнаас гадна мэдлэг боловсролтой, биеэ даасан, санхүүгийн хувьд хараат бус, зөвхөн гаднаасаа бус бас дотроосоо сайхан, гэгээлэг, оюунлаг байхыг нийгэм шаардаж байна. 


-    Та сая эмэгтэй хүн гэдгээ мартах хүртлээ ажиллаж байна гэлээ. Ингэхэд эмэгтэй хүн гэж хэн бэ? Ямар байх ёстой юм бол? 
-    Эмэгтэйлэг, зөөлөн мөртлөө тууштай, гоо сайхан байх бол эмэгтэй хүнд байх ёстой чанарууд. Гэхдээ бүхний манлай гоё байна гэдэг утгагүй. Өөртөө таалагдаж, өөртөө гоё байх л хамгийн чухал. Бидний үеийнхэн гэж хоёр нийгмийн заагт хэрчигдсэн, өмнөх нийгмээс шинэ нийгэмд нутагших гэж дахин төрөхөөс өөр аргагүй болсон золиосны үеийнхэнд эмэгтэйлэг чанараа хадгалан, гоо сайхнаа бодон биеэ арчилж суух боломж бараг байгаагүй юм. Нийгмийн тэр их бужигнаан дунд амьдралд хөлөө олохын төлөө ёстой өөрийгөө мартатлаа ажиллаж, сурч байлаа. Одоо тэр бүхэн тэгширч, цаг үе өөр болж байна. Энэ дунд хүлээн зөвшөөрөгдөж, эмэгтэй хүний ихэмсэг бөгөөд эрхэмсэг оршихуйгаа тунхаглахын тулд гоо сайхнаас гадна мэдлэг боловсролтой, биеэ даасан, санхүүгийн хувьд хараат бус, зөвхөн гаднаасаа бус бас дотроосоо сайхан, гэгээлэг, оюунлаг байхыг нийгэм шаардаж байна. Хичнээн тогос шиг гоё хүүхэн байгаад хэн нэгний гарыг харж хэзээ, аль халааснаасаа хэдэн төгрөг гаргаад өгөх бол гэж горьдож амьдарвал тэр хэн ч биш. Бас би бизнес эрхлэгч, ажил хэрэгч хүн гээд эр хүн шиг туучаад байж болохгүй. Эмэгтэйлэг байгаа нь энэ гээд гэртээ суугаад, гэрийн ажил л хийгээд байх нь бас биш. Алив зүйл хэтрэхээрээ утгаа алддаг. За тэгээд өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой байна гэдэг юунаас ч эрхэм, юунаас илүү чухал.  
    
ААВ ЭЭЖИЙНХЭЭ ХҮМҮҮЖЛИЙН ГҮН ФИЛОСОФИЙГ ОН ЦАГ ЯВАХЫН ХЭРЭЭР ОЙЛГОЖ БАЙНА

- Ингэхэд хэвлэлд тэр бүр ам нээдэггүй хатагтайтай ярилцлагын ширээний ард сууж байгаадаа би баяртай байна. Таныг “Гандирс” компанийн захирал, Парламентын экс гишүүн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн гэргий гэдгээр тань уншигчид маань андахгүй танина. Харин Ц.Эрдэнэчулуун гэж хүн чухамдаа хэн болох, ямархуу дотоод ертөнцтэй, ямар амьдрал, цаг хугацааг туулж өнөөдрийн өндөрлөгт хүрч ирснийг тэр бүр мэдэхгүй. Тэгэхээр бага насны дурсамж, нутаг ус, аав ээжийнхээ тухай ярихаас эхлээд таньтай танилцвал ямар вэ? 
-    Би говийн хүн. Говийн хүн учраас уужим сэтгэлтэй, тайван, жаахан хэнэггүйдүү зантай. Говийн эмэгтэй учраас ажилсаг, гүргэр чанар бий. Социализмын үед төрж өссөн болохоор тэр үеийн нийгмийн хүмүүст байдаг хүмүүжил, зуршил, зан чанар байх жишээтэй. 
Энгийн нэгэн ажилсаг, сайхан сэтгэлтэй аав ээжийнхээ энгүй их хайр халамж, амьдралын ухаанаар бөөцийлүүлж өссөн ганц охин хүүхэд нь. Манайх нутагтаа хүндлэгдсэн, одоог хүртэл дурсагдсан, олон хүн цугласан, хүнд тусалсан тийм сайхан айл байсан. Аав, ээж маань намайг ямар гүн гүнзгий амьдралын философи, нарийн ухаанаар хүмүүжүүлсэнийг он цаг явахын хэрээр улам бүр мэдэрдэг. Одоогийнхоор бол ёстой л нөгөө өөртөө итгэлтэй, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх чадвартай, чадавхитай болгож, нэг үгээр хэлвэл, ямар ч жаргал ирсэн ташуурахгүй, ямар ч зовлон ирсэн сөгдөхгүй болгож хүмүүжүүлсэн юм билээ. 


-    Таныг өндөр боловсролтой эмэгтэй гэж дуулсан?  
-    Би өөрийнхөө боловсролын талаар ярихаар санаа зовоод байдаг юм /инээв/. Хэд хэдэн сургууль төгссөн. Харин дандаа сайн сургуулиуд шүү. Сайхан амьдрахын тулд сайн ажил хийх хэрэгтэй байсан. Нэг л болж өгдөггүй. Би өөрөө л хичээж, суралцаж, хүнд үзүүлэх юмтай байхаас гадна хийх ажлаа дөнгөх хэмжээний мэдлэг, мэргэжилтэй байхгүй бол болохгүй юм байна гэдгийг сайн ойлгож байсан. Тэгэхээр хэнд ч сурахаас өөр гарц байхгүй шүү дээ. Хөгжлийн эдийн засагч, хуульч, олон улсын харилцаа, төрийн удирдлага зэрэг мэргэжил эзэмшсээн.    
-    Үнэндээ таныг улс төрчийн гэргий, гоё ганган хувцас өмсөж хааяахан дээдсийн хүлээн авалтанд ирдэг зүгээр л хээнцэр гэрийн эзэгтэй нарын нэг гэж боддог байснаа нуух юун. Гэтэл та дэлхийн хэмжээний боловсролтой, олон улсын хэмжээний байгууллагад хүртэл ажиллаж явсан өндөр карьертай, томоохон хувь ертөнцтэй бүсгүй гэдгийг хожуу мэдсэн. Тиймдээ ч ярилцлага авна гээд дайрчихсан хэрэг. Бүсгүй хүнд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, албан тушаал, мөнгө хөрөнгө бүгд цогцолно гэдэг бурхны хишиг гэмээр ховор зүйл. Та хувь тавиландаа баярладаг уу? Ер нь хувь тавилан гэгчид та итгэдэг үү?
-    Хувь тавиландаа баярлалгүй яахав. Би ер нь юуханд ч байсан баярлаж байх дуртай. Хувь тавиландаа итгэхийн тухайд харьцангуй ойлголт. Бурханаас хүн оногдсон хувь төөрөг, жаргал зовлонгоо авч ирдэг гэдэг үнэний хувь бий л байх. Гэхдээ хүн өөрөө хувь заяаныхаа эзэн байдаг гэдэгт би бүр ч их итгэдэг. Тиймээс ч би “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг хэлэх дуртай. 

-    “Гандирс” компаниа та хэдэн онд байгуулсан бэ? Барилгын бизнест хөл тавихад нөлөөлсөн зүйл юу байсан бол?  
-    Би сургуулиа төгсөж ирээд Түүхий эдийн нэгдэлд ажилласан. Удалгүй Монгол Улс зах зээлд шилжиж, социализмын үеийн бүх юм хэрэггүй болсон. Нөгөө сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, бас орос хэл гээд тухайн үедээ сайхан амьдрахад хангалттай байсан бүгд огт хэрэггүй зүйл болж хувирсан. Тэгээд шинээр ирж байгаа нийгэмд зохицож, цааш амьдрахын тулд дахин суралцаж, дахин төрөх хэрэгтэй болсон доо. Тухайн үеийн нийтлэг жишгээр хувийн бизнес эрхлэх хэрэгтэй болсон. “Гандирс” бол 1991 онд байгуулагдсан Монголын анхны хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэг. Худалдаа үйлчилгээ гээд хийж болох бүхнийг хийж байлаа. Барилгын салбарт хөл тавихад хэн нэгэн хөтөлж, зааж зааварлаж, эсвэл өвөлж авсан юм байгаагүй. АНУ-д ажиллаж байгаад 1996 онд Монголдоо эргэж ирэхдээ юу хийх вэ гэдгээ шийдэх чухал сонголттой тулгарсан. Манай гэр бүлийн төрийн хүн өндөр алба хашдаг учраас надад хаа нэгэн төрийн байгууллагад ажиллах боломж үндсэндээ хаалттай байдаг л даа. Тэгэхээр гэртээ суух, ТББ-д эсвэл хувийн хэвшилд ажиллах гэсэн зам л байсан. Мэдээж гэртээ суухгүй, тиймээс компаниа сэргээж, ямар үйл ажиллагаа эрхлэх талаар бодсон. Тухайн үед уул уурхай, аялал жуулчлал, барилга гэсэн гурван салбар л хамгийн их өсөлттэй байх нь гэсэн дүн гарсан. Уул уурхай угаасаа миний мөн чанарт тохирох бизнес биш. Аялал жуулчлал нь төрийн бодлого болон бусад гадаад хүчин зүйлээс ихээхэн хамааралтай, яг энэ шалтгаанаар эрсдэл өндөртэй салбар гэж үзсэн. Уг нь манайх төрийн зөв бодлогын хүрээнд хөгжүүлж чадвал аялал жуулчлал уул уурхайгаас дутахгүй ашиг олж болох салбар. Даанч манайд зөв бизнесийг дэмжсэн төрийн оновчтой бодлого, үйл ажиллагаа их дутагддаг. Тэгээд л барилгын салбар дээр очиж зогссон доо. 

-    Нэг хэсэг хэвлэлүүд Ц.Шаравдорж гишүүний гэргий төрийн нэр барьж барилгын бизнесээ хөгжүүлж байна, казино барих гэж байна гэж шуугисан. Та ямар хариулт өгөх вэ? 

-               Харин тийм ээ, хэн ч үнэмшмээргүй юм нэлээд гарах шиг л болсон. Зарим сонин хэвлэл чинь бичүүлсэн хүн байтугай бичсэн хүн нь өөрөө эвгүй байдал орохоор л юм нийтэлж байх юм байна ш дээ.  Тэр үе чинь сонгуулийн үе байсан болохоор л жаал гүтгэж, доош нь хийж байгаа ухаантай юм болов уу даа.  Би ч нэг их тоодоггүй. Манай хүн бүүр тоохгүй. Заримдаа ч бас арай дэндэнээ хөө гээд нэг тийш нь болгомоор санагдах үе гардаг л юм. Гэтэл юун тэгж сонин хэвлэлтэй зарга шүүж явах манатай, урдах ажлаа дийлэхгүй юм байна ш дээ.    

За би чамд жишээгээр тайлбарлая. Газрын ченжээс газар худалдаж аваад, зургийн компаниар зургаа хийлгээд, банкинд төслөө шалгуулж зээлээ аваад, барилгын бригадаар байшингаа бариулаад, мэргэжлийн хяналтаар шалгуулж улсын комисст хүлээлгэж өгөөд, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компаниар барьсан орон сууцаа заруулаад, авсан зээлээ банкиндаа буцааж төлөх мэтийн үйл ажиллагаанд чинь төрийн хэрэг юу байнаа. Харваас байхгүй л байгаа биз дээ. Энэ бизнесийг хийж байгаа хүн их л хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Түүнээс энд төрөөс хамаарах зүйл огт байхгүй. Яахав, тендер энэ тэр авсан бол өөр хэрэг. Манай компани тэр тендер мэтийн юманд орж ч үзээгүй. Бараг сониноос зар хараад асуухад л, өө наадахыг чинь тэрний тэр авах юм, тиймээс танайх дэмий цаас цаг гарздаад яахав гэх юм билээ. Сүүлийн үед харин гайгүй, сайхан болж байгаа гэж дуулсан. Урам ороод энэ жилээс ганц нэг тендерт материал өгч үздэг юм уу гэж бодож байгаа шүү. 

ГЭРТЭЭ БОСС БИШ БОЛ БАЛАРНА Ш ДЭЭ 

-    Та бол боловсрол мэдлэгтэй, карьерист бизнесмэн хатагтай. Дээр нь насандаа баймгүй гоо үзэсгэлэнтэй. Энэ бүхнийг нэг биед цогцлоох тийм ч хялбар биш. Нийтлэг байдаг ч үзэгдэл биш. Нууц нь юу вэ? 
-    /инээгээд/, үгүй би одоо тийм их үзэсгэлэнтэй төрсөн ч хүн биш, тийм сайхан байх гээд хамаг байдгаараа хичээгээд байдаг ч хүн биш. Дээрээс нь миний ажил, амьдралын ачаалал, хэв хэмнэл ч тийм сайхан байгаад байхаар бас биш шүү дээ. Гэхдээ гайгүй харагдаад байх шиг байна л даа (инээв). Ер нь эмэгтэй хүнд биеийн ачаалаас илүү сэтгэлийн ачаалал хүнд тусдаг юм байна. Хэрвээ алд биенд ирж байгаа ажлын ачааллаас болдог бол би лав нэлээн л хэцүү харагдах байсан байх (инээв). Гэтэл тэр бэрхшээл биш юм байнаа. Харин сэтгэлийн ачаалал, нэг үгээр хэлбэл, дарамт стресс л хүнийг хамгийн амархан сүйтгэдэг. Надад үнэндээ гэр бүлийн зүгээс хайр л байна уу гэхээс, дарамт байдаггүй, элдвийн “хорио цээр”-гүй хүн.  Энэ л намайг өдий зэрэгтэй явуулж байгаа хэрэг. Гаднаас нь харахад ганган шингэн, амьдралд нь дутах юмгүй, хийх ажилгүй хэрнээ цаанаа баргар, бүрсгэр эмэгтэй тааралдаж л байх юм. Гэтэл амьдралынхаа төлөө өглөө үдэшгүй зүтгэдэг, гоёсон гялтайсан юмгүй хэрнээ хэний ч сэтгэлийг татахаар, эвтэйхэн, аятайхан, сэргэлэн цовоо хүүхнүүд олон л байна. Тийм болохоор гоё гэсэн мэдрэмж хүнд өгөхөөс гадна, бас залуу гэж бодогдуулдаг юм шиг байна, тиймээ.  

-    Сэтгэлийн ачаалал... Хайр, итгэлцлийн тухай л та яриад байх шиг. Би зөв ойлгож байна уу? 
-    Дээр нь эрх чөлөө. Сэтгэлийн эрх чөлөө гэж чухал юм байдаг. Бие биедээ итгэж, сэтгэлээрээ жаргалтай амьдрах хамгийн чухал. Бурхан шиг хань гэж манай нөхөр шиг хүнийг л хэлдэг байх. Заримдаа бүр үнэмшмээргүй. Манайтай ойр байж харсан, мэдэрсэн хүн бол мэднээ, угаасаа. Ер нь ажиглаж байхад хүчтэй, ухаантай, өөртөө итгэлтэй эр хүн эмэгтэй хүнийг эрх дураар нь, сэтгэлийн дарамт, ачаалалгүй амьдруулдаг юм байна. Тэдэнд тэгж ядуу дорой, дутуу төрсөн эмэгтэй хүнд хүчээ үзүүлж байхын шаардлага алга байна л даа.   

-    Та ч гэртээ босс эмэгтэй бололтой? 
-    Мэдээж ш дээ. Босс байлгүй яахав. Гэртээ босс байхгүй бол ёстой баларлаа ш дээ (инээв). Наадах чинь утгагүй асуулт байна. Нөгөө хариулахгүй ч байж болно гэдэг шиг, хүүхнүүдээ ядахдаа гэртээ шийдвэр гаргах түвшинд байцгаана шүү (инээв). Тэр нөхөр ер нь ямар ажилтай хэн байх нь гэрт бол хамаагүй ш дээ. Энгийн хар ажилчин ч бай гэртээ бол хаан л гэсэн үг. Мөн ямар ч дарга даамал бай, гэртээ бол ээжийн хайр халамжийг харсан аав, эр хүн шүү дээ. Тиймээс, гэртээ орж ирчихээд чухал царайлаад, дарга янзтай байгаад байхгүй ш дээ. Харин гэрийн босс гэдэг чинь насан туршид ямар ч сонгуульгүйгээр эмэгтэй хүнд олгогддог тусгай эрх, үүрэг гэж хэлж болох л юм байна.   

БИД 2 АМЬДРАЛЫН ТОЙРОГТ ЦӨХӨРЧИХСӨН БАЙХ ҮЕДЭЭ УЧИРСАН ЗАЯАНЫ ХАНИУД 

-    Энэ цаг мөчид ханьтайгаа танилцаж байсан тэр үеэ дурсвал сонин байх болов уу? 
-    Бид хоёр аль аль нь өмнө нь амьдралтай байсан, бас зовлон үзсэн хүмүүс.  Хэн хэн нь хань ижилгүй, ганц биеэр гэр орноо, үр хүүхдүүдээ авч явах гэж зүтгэсэн. Нэг үгээр хэлбэл, амьдралын тойрогт хэсэгхэн хугацаанд цөхөрчихсөн байх үедээ бие биенээ олсон хүмүүс. Гарал үүсэл гэвэл хоёулаа хөдөөнийх, тэр дундаа говийнх. Ярих сэдэв нэг, дуртай юм адил, дургүй юм нь бас адилхан. Хувийн үнэлэмж, зан чанар гээд биднийг холбосон, нэгтгэсэн олон зүйлүүд байсан. Тэгэхээр их ойлгомжтой бөгөөд “эвлэлдэн нэгдэх” явц нь хурдан байсан байх (инээв). 

-    Та ханийнхаа юунд хамгийн ихээр татагдсан бэ? Магадгүй тань шиг боловсролтой, амбицтай, биеэ даасан, дотоод том ертөнцтэй бүсгүйчүүд эр хүний хүчирхэг чанарт их татагддаг юм шиг ээ...
-    Тэрэнд нь татагдсан, ийм юм нь таалагдсан гэж хэлэх арга байхгүй шүү дээ. Яасан бүү мэд, юунд нь болсон бүү мэд, яахын аргагүй хоёр тэс өөр хүн яг нэг хүн шиг л болчихдог юм байна лээ. Бас нөгөө талаас хувь заяа, тавилан гэж байдаг байх. Бид хоёр ханилж энэ хорвоог туулах учиртай л хүмүүс байж. 

-    Эмэгтэй хүн ингэхэд хайр дурлал, ханийн тал дээр дурлаж хайрласан зүрх сэтгэлээ дагах ёстой юу эсвэл ухаандаа захирагдах хэрэгтэй юу? 
-    Би энэ тал дээр учиргүй зөвлөгөө өгөөд, юм яриад байх хэмжээний хүн биш л дээ. Гэхдээ зүрх сэтгэл шиг хүчтэй юм байхгүй.  Айл гэр, аав ээж болохын ч учир энэ байх. Ухаандаа захирагдана гэж хэрвээ хөрөнгө мөнгө, алба тушаал гэх зэргийн зүйлийг бодолцож, тунгаахыг хэлж байгаа бол  ажилд орж байгаатай л адил юм болно биз дээ. Тэгээд хөрөнгийг нь хараад суудаг, дампуурчвал яах билээ. Албан тушаалыг нь хараад суудаг, огцорчвол яах билээ. Харин суусан хойно бол ёстой ухаан хэрэгтэй. Ямар ч хүн ханийнхаа сайнаар харагдаж, тодорхойлогдож байдаг учраас тэр үүрэг хариуцлагаа маш сайн мэдэж, биелүүлэх хэрэгтэй байх.          

-    Таны нөхрийг хашир парламентч, манай урдаа барих хуульч, жинхэнэ төрийн түшээ гээд сайн талаас нь Монголын ард түмэн хангалттай мэднэ. Харин тэр эрхэмтэй нэгэн дээвэр дор ханийн түшиг болж амьдарч байгаагийнхаа хувьд нөхрөө нэг магтаач? 

-    За даа, магтъя гэхэд үг багадахаар тийм л сайхан хүн. Халамжтай, хайртай, нөмөртэй, түшигтэй хань нөхрөөс гадна ховор олдох сайн хүн. Өнөөгийн их баяжих хөрөнгөжих сонирхолд автсан, дорд хүн нь дарга хүнээ аргадаж явдаг, сайн яваа нэг нь саар яваа нэгнээ нүд үзүүрлэсэн энэ үед буян номын болон бурханы үйлийг шүтэж, гэгээлэг сайхан сэтгэл, хүн чанарыг гол зарчмаа болгож амьдардаг хүн дээ, миний хань.   

-    Танаас энерги, юу нь ч юм багтаж ядсан, ер нь юуны ч ард гарч чадах хүн юм байна гэсэн мэдрэмж байнга төрдөг. Энэ төрөлхийнх юм болов уу эсвэл амьдрал, мэргэжил дагаж ирсэн олдмол чанар уу? 
Багтаж ядаад байх юу байхав дээ. Ажил ихтэй, асуудал ихтэй, ачаалал ихтэй болохоор байнга л яарч явдаг. Тэгээд л чамд тэгж харагдсан болов уу. Би тийм их сүрхий “амьтан” биш л дээ. Гэхдээ хэний ч зан араншин, чадвар, амьдрах байдалд олон юмны нэгдэл нөлөөлнө байх. Миний хувьд, багадаа эрх дураараа танхил өссөн. Дараа нь амьдралдаа олон зүйл амслаа, ард нь бас гарлаа. Өнөөдөр би ардчилсан орны эрх чөлөөтэй иргэн, сайн ханьтай, сайхан хүүхдүүдтэй, түшигтэй хамт олонтой гээд бас энүүхэндээ омогших зүйл байнаа, байна.  


  
 ХАНЬ МИНЬ НАМАЙГ ХАРИН Ч ДЭВЭРГЭСЭН БАЙХ...

-    Гэр бүлийн тань хүн таныг хурцалж байв уу? Хувь хүний чинь хувьд хэрхэн нөлөөлж ирэв? Өөрөөр хэлбэл Ц.Шаравдорж гуай  таны эрх дураараа занг дарж чадсан болов уу?
Манай хүн намайг хурцална, нөлөөлнө гэж юу байхав дээ. Тийм бол тэр чинь бас л нэгэн зүйлийн дарамт гэсэн үг. Намайг яг л юу чадахаар нь, байгаагаар нь л байлгадаг. Тэр нь харин дэмжлэг болдог гэж хэлж болох юм. Эрх дураар зан байдаг бол дарсан зүйл ерөөсөө байхгүй, харин ч хайрлаж дэвэргэсэн байж болох юм (инээв). Тэгээд ч би нэг их эрх дураараа явдаг хүн бас биш, харин ёстой, шаардлагатай зүйлийн төлөө бол явнаа.      

-    Хүүхдүүд тань хэдийнэ том болцгоосон. Улс төрчдийн хүүхдүүд удам дамжсан улс төрч болох нь элбэг ажиглагдаж байна. Танай хүүхдүүдээс аавынхаа ажил мэргэжлийг өвлөх хүн байна уу? 
-    Манай хүүхдүүд огт өөр хүүхдүүд. Нэг нь тогооч болох хүсэл сонирхолтой. Их гоё хоол хийнэ. Нэг нь дизайнерийн их сониролтой. Бас авьяастай, түүгээрээ явах байх. Хүмүүнлэгийн ажилтан болсон явахыг ч үгүйсгэхгүй.  Нэг нь Бээжинд сурч байна, түүнээс цааш явахгүй гээд тас гүрийсэн. Дарга болж яах юм гэнэ, гадаад явж яах юм гэнэ. Их сонин хүүхдүүд. Би багаас нь дагуулж яваад залхаасан байж мэдэх. Мөн насаараа шахам төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа аавынхаа дэргэд байгаад тийм зүйл рүү тэмүүлэх нь сонин биш болчихсон байж магадгүй юм.   
-    Булангийн маань нэр “Grand lady”. Ярилцлагын хоймор дахь анхны зочин нь та болж байна. Хүчирхэг гэдэг үг эр хүн гэдэг үгтэй нэг утгатай, харин агуу гэдэг үг эмэгтэй хүний тодорхойлолт юм шиг надад санагддаг. Энэ ертөнцийг элгэндээ тээж, төрүүлж яваа эмэгтэй хүн агуу. Та бол хүчирхэг, агуу эмэгтэйчүүдийн нэг. Эмэгтэй хүний хүч юундаа оршдог юм бол? 
-    Хүчирхэг, дайчин, нугаршгүй байна гэдэг эр хүний хүчийг харуулах чанар. Харин эмэгтэй хүний хувьд  эдгээр чанар дээр нэмээд эвсэг, зөөлөн, эгэл даруухан байж хүчирхэг болно. Эмэгтэй хүн зөөлөн чанараараа, байгалиас заяасан эмэгтэйлэг талаараа хатууг дийлнэ, зохицуулна гэдэг хамгийн гайхамшигтай бөгөөд чадварлаг хэрэг. Зөөлөн нь хатуугаа, зөв нь буруугаа гэдэг шүү дээ. Баатар хүн гэж дайнд ороод ялж байгаа жанжныг биш, харин дайн гаргуулахгүй байгаа жанжныг жинхэнэ баатар гэнэ гэдэг үг байдаг юм билээ.   


-    Та хүнийг юугаар нь үнэлж цэгнэдэг вэ? 
Хүмүүжил, хүн чанар, сайхан сэтгэл, боловсролоор нь. 

Хүчирхэг, агуу дотоод ертөнцтэй хүмүүстэй ярилцах амттай басхүү ярих сэдэв дуусашгүй байдгийг хэлэх юун. Хэрвээ цаг зав, цаас хоёрт хязгаар байдаггүй байсан бол түүнтэй олон ч зүйлийн талаар ярилцаж болох байлаа. Юутай ч хэвлэлд ам нээж үзээгүй эрхэмсэг хатагтайн дотоод ертөнцөөр бага ч болов шагайх гэж оролдсон маань энэ. Ярилцчихаад гарч явахдаа өөрийн эрхгүй супер хатагтай гэж тодорхойлмоор санагдсан. Хөдөөгийн хөгжил, хөдөөгийн эмэгтэйчүүдийнхээ төлөө үргэлж бусдын хийгээгүйг хийж, шан татаж яваа феминист, дайчин хатагтайд алга ташин баяр хүргэж, амжилт хүсье.   
                                                                
                                                              Эх сурвалж: "Гранд сэтгүүл" 2012 он Ярилцсан М.Уранчимэг  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • G.Enkhtuvshin
    Bayarllaa tand
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • gfdgf
    goyo hun bna aa taalagdlaa
    2016 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Sharavdorj guai uneheer zovlon uzsen hun shuu. Iim saihan hanitai bolsond ni bayar hurgeye
    2016 оны 06 сарын 24 | Хариулах
  • mundag
    Ali 2012 onii yariltslaga bn.Saihan uhaalag emegtei bn. Emegtei huniig setgeliin daramt achaalalgue bailgaj chaddag mundag nuhur bnaa. Ed hurungu mungunuus chuhal zuil bol setgeliin amar amgalan baidal.daramtgue amidarch bgaa emegtei bur az jargaltai.
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин
    За Эрка эгчийгээ маш сайн мэднээ. Маш нээлттэй, хэнтэй ч учраа олоод ярилцчихна. Юм болгонд үсчээд, мэдэмхийрээд дайраад байдаггүй, харин ч эсрэгээрээ, анзаарчаад анзаараагүй юм шиг, ойлгочоод ойлгоогүй юм шиг, ялангуяа хуулийн хичээлийг шүү дээ ккк. Мөрөөдлөө зураад түүнийгээ бүтээчихдэг тийм сайхан эгч.
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025