НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, БЗД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч Жамсранжавын Тогтохбаяр:

Нийгэмд залуу үеийн дуу хоолой хамгийн тод сонсогдож буй он цаг магад 2016 он байж мэдэх юм. Гучаас дээш насныхан салбар салбарт түүчээлж ах, эгч нараас дутахгүй ажил хөдөлмөрийн амтанд орж, басхүү шилдэг шинэлэг санааг гаргах болсон. Тийм ээ, тэд бол магтууштай, анзаарахгүй өнгөрөх аргагүй шинэ үеийнхэн. Энэ удаагийн ярилцлагын зочноор Ж.Тогтохбаяр уригдлаа. Хэвлэлд тэр бүр ам нээгээд байдаггүй, “гэрэлд цохиулаагүй” урдах ажлаа тасхийтэл хийчихдэг түүнийг мэдэх хүмүүс нь ам сайтай юм билээ. Гайхалтай нь олон нийтийн ажилд тэр гэр бүлээсээ их цаг зав гаргадаг, бусдын төлөө чинхүү сэтгэл нь үг өгүүлбэр бүрээс нь мэдрэгдэх. Ийм залуу хойч үетэй байхад үнэхээр алзахгүй, ажрахгүй юм байна гэсэн итгэл төрснийг нуух юун. Залуу үеийнхэн чухамдаа юугаараа онцгой байгааг та түүний ярилцлаганаас олж харах болно. Магадгүй зарим нэгнийг нь эгдүүцлийг төрүүлэх өнцгийг ч тэр илэрхийлсэн байж мэднэ. Залуу нас ийм л гэгэлгэн, комплексгүй, бардам байдаг шүү дээ.
-Намын шижигнэсэн залуу үеийн төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Жамсранжавын Тогтохбаяр, барилгын инженер мэргэжилтэй. Залуу насны бас нэг туулах ёстой нэг жам, зам жим гэх юм уу, Залуучуудын холбоонд нөхдөө дагаад 10 жилийн өмнө элссэн. Холбоондоо 10 жил ажиллалаа. Салбар зөвлөлөөс авахуулаад өнөөдөр дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
-Залуучуудын холбооноос манай үе үеийн лидерүүд төрсөн. Хүүхдүүдийг бэлдэх хамгийн гоё газар, зөв талбар бол Найрамдал зуслан гэдэг шиг энэ холбоо улс төрчдийн хувьд бэлтгэгддэг нэг мөчлөг юм шиг. Холбоонд байсан он жилүүд танд юу өгсөн бэ. Тэндээс ер нь юу сураад дараа нь улс төрд их гялалзаад байдаг юм бол?
-Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо юун түрүүнд залуусын нөхөрлөлийн түүчээ болдог. Улс төр гэхээсээ үе үеийн чадалтай залуучуудыг холбож, нөхөрлөлийг бий болгодог холбоо юм болов уу. Улс төрд бэлтгэгдэхийн хувьд энэ холбоогоор дамжсан манай том том улс төрчид байна. Ах нарынхаа хажууд ажилладаг амьдардаг, үлгэр дуурайл авдаг учраас үнэхээр бэлтгэгддэг. Нэг ёсны улс төрийн академи гэж хэлж болно.
-Та анх хэний хажууд бэлтгэгдэж байсан бэ. Арван жил гэхээр багагүй хугацаа өнгөрсөн байна?
-Анх хоёр найз маань намайг Залуучуудын холбоонд элсээч, энд сайхан нөхөдтэй болдог гээд. Нөхдийн хамтын нөхөрлөлөөр явдаг л даа. Хэн нэгэн ах эсвэл багшийг дагадаггүй. Залуучууд өөрсдөө бие биенээ сургаад бие биедээ зөвлөөд бие биенийгээ төлөвшүүлээд аваад явчихдаг.

-Оюутан байхдаа орсон уу?
-Үгүй. Төгсөөд орсон. Оюутан байхдаа хувийнхаа компанийг нээж явж байгаад тэгээд орсон.
-Би дээрээ 4 ахтай. Нэг ах маань банкинд ажилладаг, би хамгаалалтыг нь хийдэг байсан юм. Тэгж байгаад мөнгө зээлэх сэжүүр анхны санаагаа олж аваад. Гадуур судалдсан чинь анх Ломбард гээч юм гарч байсан. Тэр чинь 97, 98 оны үе. Ойр зуурын мөнгөө хуримтлуулж байгаад ах дүү нараараа анх Ломбард нээсэн. Хэсэг хугацааны дараа тэрийгээ болиод анхны модон эдлэл хийдэг хувиараа эрхлэх аж ахуй нээгээд явж байгаад үйлчилгээний бизнес, сургуулиа төгсөөд барилгын чиглэлээр мэргэжлээрээ үйл ажиллагаа явуулсан юм. Үйлчилгээний бизнесийг бараг 17, 18 жил хийж байна.
-Залуучуудын холбоо хүнээс нэлээн их цаг зав, энерги шаарддаг бүдүүлгээр хэлбэл хэнхэг маркийн нөхдүүд хиймээр юм шиг харагддаг. Хувийн бизнестэй товхийсэн амжиргаатай болсноо гэнэт ийшээ орлоо гэхэдгэрийнхэн чинь анх яаж хүлээж авсан бэ?
-Залуучуудын холбоог улс төр гэж хараагүй л дээ. Ороод нийгэм, олон нийтийн төлөө ажиллаад явахад ер нь бол хүнд байдаг. Одоо ч хүнд. Бизнес ардуур хүндэрнэ, хаягдана. Гэр бүл хаягдана, үр хүүхдэдээ гаргах цаг зав багасна. Гэхдээ хамгийн гол нь олон нийт, залуучуудын төлөө ажиллаж байгаа гэдгээрээ сэтгэлд сайхан зүйл их бий л дээ.
-Та гурван хүүхэдтэй юм билээ. Залуу хүн гэхэд өнөр бүлийн тэргүүн юм байна. Хэдтэйдээ анх амьдралд хөл тавив?
-Хорин дөрөвтэй амьдрал зохиож байсан. Байрныхаа бие биенээ мэддэг хүнтэй суусан. Товчхон, бие биенээ судлаад байх юмгүй. Энэ залуу ийм, энэ эмэгтэй ийм, ээж аав нь тийм гээд мэддэг. Тэрүүгээрээ бие биенээ ойлгоход бас их хялбар байсан. Миний нэг зарчим нөхөрлөлийг урдаа тавьдаг, олон нийтийн төлөө явдаг. Компанийн ажил, гэр бүлээ хань маань аваад явдаг. Тэвчээр алдахаар үе их гарна. 21 аймаг тойроод сар, хоёр сар явна. Хөдөөгийн замд эрсдэл гарна. Тэр бүхний ард ар гэрийн ажил бүгд эхнэрийн нуруун дээр үлддэг. Их л ойлгодог. Олон нийтийн ажилд ар гэр сайн байж байж явдаг юм билээ.

-Гэргийгээ энэ дашрамд танилцуулахгүй юу?
-Манай эхнэр Япон хэл судлаач, Японд их сургуулиа төгссөн. Монголд СЭЗДС-ийг төгссөн тийм эмэгтэй байгаа.
-Ажиглаад байхад улс төрийн хүрээний нийгмийн идэвхитэй залуус орчуулагч хэлний талын мэргэжилтэй бүсгүйтэй гэрлэсэн байх юм. Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Болор гэдэг ч юм уу гэргий нар нь орчуулагч. Энэ магадгүй ямар нэг логик байдаг юм болов уу?
-Тэрийг бол мэдэхгүй. Би зэргэлдээ орцных гэдэг утгаараа л танилцсан. Манай хүн арван жилээсээ Япон яваад тэр чигээрээ тэндээ суралцсан.
-Та монголдоо төгссөн. Уучлаарай харьцуулах юм бол гэргий чинь бараг тэнгэрийн амьтан байж?
-/инээв/ Эхнэр маань ирэн очин сурдаг байлаа.Би монголдоо оюутан. Тэр чинь арван жилээсээ Японд, хэл соёл бүх юмыг ойлгочихсон. Харах өнцөг, биеэ авч явж байгаа байдал, харилцаа шал өөр төвшинд байсан. Гэхдээ анхнаасаа өөртөө итгэлтэй, ер нь эхнэрээ болгоно гэсэн бодолтой найзалж байсан л даа.

-Эр хүний эхнэр сонголтоор нь тухайн хүний амбиц, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тодорхойлж болно гэдэг. Эхнэрээ сонгохдоо тэр бүр өөрөөсөө илүү хүнийг сонгоод байж чаддаггүй. Энэ яг эр хүний амбицыг тодорхойлох үзүүлэлт мөн үү?
-Мөн. Яг тэр шалгуурыг би мэдэрч байсан. Нэг удаа би нэг юм хийж байхгүй юу. Сауны засвар хийж байсан. Сауны өрөөнд шилний ард зурагт тавьчихвал чийг татаж хөлрөхгүй тухтай байдаг юм байна лээ ш дээ гээд. Энэ ямар сонин, жаахан хүүхэд 18 настай охин гэхэд айхтар сэтгэж байна аа. Нэлээн хөгжих эмэгтэй болох юм байна гэж тэр үед бодогдож байсан. 2001 2002 оны үед саунд шилний ард зурагт тавиад сууж байгаа хүмүүс зурагт үзнэ гэдгийг би ч сэтгэхгүй байсан. Хүмүүс их ирдэг болсон.
-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Хүүхэд нас хөдөө. Би Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын арлын хүн л дээ. Тэгээд Хэнтий аймгаас нүүгээд Булганд томилолтоор очоод цаашаагаа Эрдэнэт рүү очоод. Ээж аавыгаа дагаад амралтаараа эмээ өвөө дээрээ хөдөө мал дээр гардаг байсан.
-Ээж аав чинь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Манай ээж 17-той жолооч болж байсан. Сайдын тэргийг барьж насаараа жолооч хийсэн юм. Манай аав автын инженер, насаараа хөдөө аж ахуйн салбарт ажилласан.

-Аав ээжээс хэдүүлээ вэ?
-Таван хүү, хоёр охин, бид хоёр хоёр насны зөрүүтэй. Олуулаа бужигнаж өссөн. Би бол айлын бага. Манай гэр бүлд улс төрч юм уу олон нийтийн сонгуульт ажил хийдэг хүн байхгүй. Ер нь тэр тал дээр маруухан. Тийм ах дүү ч байхгүй. Өөр өөрийн хувийнхаа мэргэжлээрээ ажилладаг. Би л найзуудаа дагаж явж байгаад Залуучуудын холбоо олон нийтийн ажилд оролцлоо. Багадаа ангийн дарга, хүүхдүүд цуглуулсан нийгмийн идэвхитэй хүүхэд байлаа. Олон хүнтэй байх дуртай, олуулаа өссөн. Тэр талаараа Залуучуудын холбоотой холбогдсон гэж боддог.
-Хүний өссөн орчин, авсан хүмүүжил тэр хүний насан туршийнх нь амьдралын чиг баримжааг тодорхойлдог. Танай аав ээжийн сэтгэлд хамгийн ойр байдаг сургамж сургааль, таны байнга бодож явдаг үг?
-Миний аав багаас нэг л зүйлийг сургадаг. Шударга бай, хэлсэн үгэндээ бай, нөхөдтэй бай, тэвчээртэй бай гэдэг ийм л үгийг хэлдэг байсан. Ийм л үгсийг бага байхаас маань хэлдэг байсан. Яг эр хүн болоод ажиллаж амьдраад амьдралын нугачаанд явах үед яг энэ үг алхам тутамд орой руу ордог. Үүнийг л урдаа бариад явдаг даа. Амнаас үг гарвал яг хэлсэн үгэндээ хүрэхийн төлөө бүх хүчээ дайчилдаг. Мэдээж амьдралд байнга тэвчээр шаардагддаг, бүх юманд.

-Улс төрийн идэвх чармайлттай энэ хүрээнд байх гэдэг нь залуу хүнд ер нь юу бодогдуулдаг юм бол. Сайхан тал нь юу байдаг юм, хүнд тал нь юу байдаг юм бол?
-Миний бодлоор их л хэцүү юм байна лээ. Сайхан тал нь улс эх орондоо өөрийн гэсэн шударга хувь нэмрийг оруулж аливааг ялгаж салгах юмсан гэсэн сэтгэл бидний үеийнхэнд байна гэж би харж байгаа.
-Таны улс төрийн чиг баримжаа төлөвшихөд нөлөөлсөн хүчин зүйл юу байсан юм бол. Энэ салбарт амжилт гаргах хэмжээний тодорхой хэмжээнд бусдыг байлдан дагуулах чадвартай хүн гэдгээ та хэзээ анх мэдэрсэн бэ?
-Надад найз нөхөд маань их нөлөөлсөн. Чи нэг ингээд явбал зүгээр юм уу. Олонтой, олон нийттэй явахад сэтгэлзүй болоод чиний зан характерт таарна. Чи нийтийн төлөө явахдаа их өөдрөг сэтгэлтэй гоё байдаг хүн ш дээ гээд. Хүмүүсхаа нэг ууланд, газар шороо өвс мод тарих ажил хэцүү ч гэдэг юм уу. Надад бол тэр нь гоё кайфтай байдаг. Багаасаа олон нийттэй байсан. Тэр утгаараа найзууд маань их нөлөөлсөн. Чи бидний дундаас яв, заавал юманд хүрнэ гэдэг байсан. Миний найз зөв шударга явна ч гэдэг юм уу. Магтаалын урмын үг нөлөөлөөд өөрийн эрхгүй нэг мэдэхэд дотор нь орчихсон явж байсан.
-Тэгэхээр улс төр заавал төлөвлөж байж хийдэг зүйл биш байх нь. Мэдрэмж, дээр нь хувь тавилан юм байна.
-Тийм. Мэдрэмж, хувь тавилан л юм байна гэж бодож байгаа. Тэгээд хажуудах нөхдийн нөлөөлөл бас их байна. Зарим хүн аав нь улс төрч болохоор хүү нь улс төрч ч юм уу удам дамжсан байдлаар явдаг. Миний хувьд найз нөхөд маань нөлөөлөөд мэдрэмжээрээ орж ирсэн.
-Найзтай байхын сайн талыг яривал өнөөдөр хоёулаа дуусахгүй байх. Сул тал нь юу юм бол?
-Сул тал нь найз нөхдөдөө их цаг зав зарцуулах шаардлага тулгарна. Гомдоох ёсгүй, нөхөрлөл эхлэлдээ биш төгсгөлдөө гэдэг. Эхэлсэн тэр л байр суурь, зарчим, тэр сэтгэлээрээ нөхөдтэй байх ёстой байдаг. Цаг заваас илүү сэтгэлээ зориулж байх ёстой. Тэгж байж хүнхарилцан найз нөхдийнхөө дэмжлэгийг авч амжилттай явдаг юм болов уу.

-Хүн жинхэнэ нөхдөө улс төрийн хүрээнээс олж чадах уу. Их нөхөдтэй болдог орон зай мэт боловч тэр нь яг жинхэнэ нөхөрлөл мөн үү?
-Миний хувьд Залуучуудын холбоонд үеийнхэнтэйгээ явж байгаа нь шинэлэг юм болов уу. Энэ маань бас өмнөх шиг ах дүү нар, багуудын фракцийг үгүйсгэж залуучуудын нэгдэл гарч ирж байгаа юм болов уу. Бүлэг фракц, ах дүү аав ээжээс уламжлагдсан улс төр үеэ өнгөрөөсөн гэж харж байгаа.
-Та багаасаа мөнгөтэй харьцсан. Үеийнхэн чинь ажилд орох гээд анкет бөглөөд явж байхад та аль хэдийнэ хувийн бизнесээ төвхнүүлээд улс төрийн чиг баримжаагаа олчихсон ер нь нэлээн өөрийгөө эрт олсон хүн. Ер нь найз нөхөдтэй тодорхой хэмжээний карьертай байх энэ бүхэн эрх мэдэл юм л даа. Энэ бүхэн танд юу мэдрүүлдэг вэ?
-Эрх мэдэл гэж ... Залуучуудын холбоонд залуусаа толгойлоод дэд Ерөнхийлөгчийг нь хийгээд явж байна. Надад энэ эрх мэдэл гэж ерөөсөө мэдрэгдэггүй. Би энэ компаниа, залуучуудын холбоог толгойлж байхдаа эрх мэдлийн давууг мэдрэхийг хүсдэггүй. Жигд оролцоог эрхэмлэдэг. Ер нь аливаа төрийн алба ч хувийн бизнес ч компанид ч тэр заавал багийн зохион байгуулалт байх ёстой. Толгойлоод эрх мэдлийг мэдэрч суухдаа биш. Дунд нь хамт багийг түлхэлцэж явж байж ажил явдаг гэж боддог.
-Эр хүний хүч юунд оршдог юм бол?
-Ер нь өөртөө итгэх итгэлд л тулгуурлах болов уу.
-Танд тэр итгэлийг юу өгдөг вэ?
-Надад нөхөд минь их урам өгдөг. Чи л чадна гээд. Би яагаад чадах юм бол гэж бодоод л. Тэгээд нээрээ би тэрийг чадах юм болов уу яах юм бол гээд санаа тавиад үзэхээр болох гарцыг дөхүүлээд эсвэл арай давуулдаг ч юм уу. Нэг бол нөхөд минь намайг сургадаг ч байж мэдэх юм.
-Аз жаргал гэж юу вэ. Таны амьдралын хамгийн том аз жаргал юу юм бол?
-Мэдээж миний эх орон, гэр бүл, найз нөхөд, хүрээлэн байгаа байдал маань миний аз жаргал. Би амьдралдаа аз жаргалтай, зөв сайхан явж байна. Би олны дунд, нөхдийнхөө дунд ээж аавынхаа өгсөн нэрийг сайхан хүслээр авч яваагаа аз жаргал гэж хардаг.
-Та юуны фанат вэ?
-Би ууланд авирах дуртай. Нөхөдтэйгөө монголынхоо бүх ноён оргилоор гардаг л даа. Бас усан спортод их сонирхолтой, нэлээн сайн сэлдэг.
-Мөнгөө харамгүй зарцуулдаг зүйл чинь юу вэ?
-Хобби, цуглуулга гээд мөнгө үрдэг юм байхгүй дээ. Олон нийтийн ажилд арваад жил явчихсан учраас тиймэрхүү юманд яаж ийгээд л явчихдаг. За Улаанбурхан өвчин гараад байна. Энэ болохоо байлаа найзуудаа энэн дээр цуглая нэгдье гээд манай нэг найз орой утсаар яриад. Чамтай эхэлж яриад бусадтай нь ярьчих гээд байна гээд. Тэгье гээд бид хоёр тэр аяныг өрнүүлээд нэлээн чухал тоног төхөөрөмжийг авчирж халдвартын төвд хандивласан. Олон нийтийн ажилд явахаар иймэрхүү ажилд их идэвхитэй болчихдог юм байна лээ. Гэртээ сар болгон цалингаа өгдөг гэдэг шиг иймэрхүү зүйлд мөнгө харамгүй зарна шүү. Тэрнээс биш эд юм цуглуулаад зангиа цуглуулаад харахаараа л авчихдаг хувцас гэх юм надад байхгүй.
-Таны амьдралдаа хамгийн их онож гаргасан шийдвэр юу байсан бэ?
-Зөв сайхан ханьтай болсон явдал юм болов уу. Амьдралын гарааны эхлэл чинь тэр шүү дээ. Тэрнийхээ хүчээр өнөөдөр энэ бүхнийг бүтээж яваа.
-Тэгвэл хамгийн их харамсаж явдаг зүйл?
-Байдаг л даа. Зөндөө тийм юм байгаа. Аль болох алдахгүйг хичээж явдаг. Харамсах зүйл зөндөө. Миний нэг бодож байгаа зүйл байгаа л даа. Эрчүүд нь гадаад дотоод явчихсан эмэгтэйчүүд нь хятад хүмүүстэй гэрлэдэг ч юм уу. Нийгэм хямарч өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болчихсон. Өө энэ бэлэвсний хороолол ч гэж байх шиг. Тэрийг хараад их эмзэглэдэг. Би олон нийтийн ажлынхаа шугамаар өрх толгойлсон эмэгтэйчүүдийн гэрээр явж үзсэн юм. Үнэхээр эр хүний тэвчихгүй тэвчээрийг эмэгтэйчүүд гаргаж байна. Амьдралаа яаж авч явааг нь хэн ч мэдэрдэггүй л дээ. Байрандаа байна уу гэр хороололдоо байна уу тэр хаана байх нь хамаагүй. Гол нь тэр хүний сэтгэлзүй, гэр доторх уур амьсгал амьдралыг ямар их тэнхээгээр үүрч явааг хүмүүс мэдэрдэггүй юм болов уу. Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд залуустайгаа бололцооныхоо хэрээр туслалцаа үзүүлээд явж байхад нэг ийм бодол орж ирсэн. Монгол эмэгтэйчүүд дэлхийд байхгүй тэвчээртэй хүмүүс. Монгол улсын амьдрал, хэв маягийг эмэгтэйчүүд маань үүрч яваа юм байна. Үүнийг эрчүүд бодох л ёстой асуудал.
-Монгол эрчүүдэд таны бодлоор ямар чанар хамгийн их дутагдаж байна?
-Нийгмийн харилцаа эрэгтэйчүүдийн хувьд тогтворгүй байгаад байна уу гэж харж байгаа. Эрчүүд маань эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг шиг маш том юмыг багтаахыг хүсэж байгаа л даа. Нийгэм нь тогтворгүй учраас гэр бүл сэтгэлзүй бүх юм нь тогтворгүй байна.
-Яг одоо таны амьдралын цаг хэд болж байна?
-Яг л 12 дээрээ эгц дээшээ гозойж байгаа юм болов уу гэж бодож байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Танд баярлалаа.
Ярилцсан Б.Ундрал
Сэтгэгдэл (4)