Улс төрчдийг иргэдийг ядуу гэж доромжлосных нь төлөө шийтгэх ёстой

Б.Жаргалсайхан

-Хаврын мэнд хүргэе! Тантай удаан уулзсангүй. Сонин хачин юу байна вэ?

-Дандаа л тахиа шиг донгодоод байвал уйтгартай байлгүй дээ. Тэгээд ч хэн нэгний уйтгарыг тайлж, инээж баясгах гэж би ярилцлага өгдөггүй. Миний ярианаас хүмүүс өчүүхэн ч гэсэн юм ойлгоосой, дүгнэлт хийгээсэй гэж бодож ярилцлага өгдөг. Одоо чинь хүмүүс өөрсдийгөө, бие биеэ голохоо больчихсон байна ш дээ.  Дуртай нь дуучин болно гээд гүйж явна.  Дуртай тамирчин нь УИХ-ын гишүүн болно гээд явж байна. “Иван Васильевич мэргэжлээ  солив” гэж Оросын дээр үеийн кино байдаг юм. УИХ гэдэг  нь сайн дурын уран сайханчдын муухан найруулсан жүжгийн ангийнхан шиг л юмнууд сууж харагдах юм. Яаж энэ улс орон өөдлөх вэ дээ. Аливаа  юманд чинь мэргэжил, профессионализм гэж нэг юм  байдаг. Манайд бол бүх салбарт мэргэжил үгүйлэгдэж байна ш дээ. Соёл, урлаг, спорт, үйлдвэр, үйлчилгээ, сурган хүмүүжүүлэх ухаан, шинжлэх ухаан гээд бүх салбарт  мэргэшил, мэргэжилтэй боловсон хүчин бараг байхгүй болох гэж байна. Социализмын үед бэлтгэгдсэн хэдэн мэргэжилтэй хүмүүсээс цөөхөн нь үлдэж байна. Шинэ үеийн залууст боловсрол хангалтгүй байна. Дээр нь үзэж харсан юм цөөхөн, хэл усны барьер их муу байна. Өнөөгийн дэлхий ертөнцийн мэдээллийг англи хэлээр л олж авна. Тэгтэл ихэнх нь англи хэл мэдэхгүй байна.

-Сонгуулийн жил. Та нэр дэвших үү?

-Үгүй яахав, харж байна. Нэр дэвших байх аа гэж бодож байна, гэхдээ одоогоор тойргоо шийдээгүй байна. Ер нь бол сонгуулийн хууль их тааруу хууль гарсан байна лээ. Үндсэндээ бол Монголын төрийг АН дөрвөн жил удирдсан юм чинь одоо Ардын нам удирдана гэсэн хууль. Хэзээ энэ улс орон ардчилсан улс орон болох юм, бүү мэд. Ардчилалын үнэт зүйлс бол хүний эрх,  эрх чөлөө,  сонгох,  сонгогдох эрх,  сонгууль байдаг. Гэтэл хууль нь цаагуураа энэ бүх боломжийг боомилчихсон байна. Эвсэл байгуулах юм бол ална шүү гээд  биччихсэн. Шинээр нэр дэвшиж байгаа хүн өөрийгөө таниулж, олон юм ярьж ч болохгүй. СЕХ-нд намууд нь бүртгүүлж байх хугацаанд сонгуулийн сурталчилгааны өдөр нь дуусчихна. Арвандөрөвхөн хоногт хүн яаж өөрийгөө танилцуулж, сурталчлах юм. СЕХ-ны дарга нь  ч байна уу, нэг нөхөр   “Дөрвөн жил өөрсдийгөө танилцуулах хэрэгтэй ш дээ”  гэсэн байсан.  Дөрвөн  жил улс төрийн ажил, сонгуулийн сурталчилгааны ажил хийх юм байна л даа. Тэр хооронд  хувийн амьдрал, хувьсгалын ажил нь яах болж байна.

-Улс төрийн намууд эвсэхийг хориглочихсон гэж та ярьж байна. Гэхдээ АН, ИЗНН, цаашилбал МҮАН гэх мэт нам хүчнүүд эв найртай хамтран ажиллах нь бараг тодорхой болчих шиг. С.Оюун дарга гэхэд л АН-ыг бараадах нь зөв гэж үзэж байгаа гэсэн.

-Тэр чинь эвсэж байгаа биш, бүр нэгдэж байгаа. Нэгдсэн нөхцөлд бол болно. Эвсэх юм бол тэндээс нэг л хүн эсэргүүцсэн ямар нэгэн асуудал гарах юм бол эвсэл задраад байхгүй болно гэсэн үг. С.Оюуны хувьд яахав дээ, чааваас. Ер нь бол нэг их гишүүнчлэл ч юм уу, ард олны дэмжлэг байхгүй нам шүү дээ. Ганцхан С.Оюун л байдаг, ганцаараа. Дандаа л С.Оюун нь сайд дарга болж байдаг,  тийм л нам. Тэгээд С.Оюун дур мэдээд тэр намтай нэгдсэн нь ч бараг зөв байх дөө.

-Танд  тэгэхдээ С.Оюунтай эвсэж байсан цаг бий шүү дээ?

-Эвсэх биш ээ, чааваас даа. Тэр үед эмэгтэй хүн юм байна, бас  тусгай 23 дугаар дунд сургуульд боловсрол эзэмшсэн, аав ээж нь сайхан сэхээтэн байсан юм байна гэж бодоод, нэг ах нь нас барчихлаа, дараа нь ээж нь нас барахаар дэмжсэн хэрэг шүү дээ. Гэхдээ С.Оюун бол тийм ёс суртахуунгүй юм билээ. Одоо бүр ч ёс суртахуунгүй байгаа болчихсон харагдана лээ. Их хуралд олон жил суулаа. Ямар хууль санаачлав аа. Юу хийж бүтээв ээ. Шударга ёсны талаар нэг үг дуугарав уу. Нэг ч үг дуугарсангүй. Дээр нь С.Оюуны хийсэн нэг айхтар юм бий. Америкийн Ассанж гэж нэг нөхөр интернэтийн нууц мэдээлэл задалж цацсан хэрэг гарсан даа. Энд манайх хүртэл холбогдсон. С.Оюун өөрийгөө канадуудад тэднийг их дэмждэг, Жаргалсайхан бол Канадуудад дургүй, үзэн яддаг хүн гэж  хүртэл хэлээд, тэрийг нь Канадын ЭСЯ Канад руугаа явуулсан байдаг байхгүй юу. Тэрийг нь хүртэл тэр Ассанж гэж нөхөр  гаргаад тавьчихсан байсан ш дээ. Өөрөөр хэлбэл Монголчууд гадныхны хоол болж байгаа хэрэг. Нэг нь нөгөөдөхөө муу хэлдэг. 1921 оны хувьсгалын дараа манайд яг ийм дүр төрхтэй явдал болсон. Ринчино  гээд нэг буриад нөхөр,  яах аргагүй л монгол хүн шүү дээ, гэтэл Монголын өчнөөн сайхан сэхээтнүүдийг  НКВД- тэй Оросын хөл гар болж устгасан. Өөрөөр хэлбэл нэг Монгол нөгөө Монголоо устгадаг. Тэгэхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой, оюунлаг хүмүүсийг бүгдийг нь устгасан шүү дээ. Ийм хүмүүстэй бол хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой.

-Хуулийн хариуцлага тооцохын тулд бат ноттой  үндэслэл байх ёстой л доо?

-Байгаа ш дээ, тодорхой баримттай байж байгаа.

-Та өрөвдөж С.Оюуныг дэмжсэн  гэх юм. Улс төрд энэ чинь тохиромжтой үг мөн үү?

-Өрөвдөлгүй яахав, ах нь, ээж нь нас барчихлаа. Эмэгтэй хүнийх нь хувьд, нэг сургуульд сурч байсны хувьд өрөвдсөн. Тэгээд ч БНН дээр С.Оюуны нам хамтрах асуудал тавьсан болохоос  би тэрэн дээр очоод нийлээд наалдчихсан юм байхгүй ш дээ. Тэгээд хамтарч ажиллах гэж үзсэн. Ёс суртахууны хувьд нийцээгүй учраас больсон. Одоо тэр эмэгтэйтэй яриад байх юм надад байхгүй. Тэр бол улс төрийн ажил хийх ёсгүй эмэгтэй. УИХ гэдэг сайн дурын уран сайханчдын ажил биш шүү дээ.

Уран сайханчдыг сайн дурын, мэргэжлийн гэж хоёр хуваадаг. Манай улс төрийг сайн дурын уран сайханчид хийж байна. Үндсэндээ Монголын төр хэн дуртай нь орж байдаг, мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн газар болчихлоо доо.

-Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ?

-Иргэд сонгуульдаа хариуцлагатай оролц. Сонгууль гэдэг нэр дэвшигчийн төдий хийгдэж байгаа ажил биш, нийт Монголын 3 сая иргэдийн төлөө хийгддэг том ажил. Улс төрчидтэй хариуцлага тооцох Үндсэн хуулиар заагдсан ганцхан арга бол сонгууль. Та нарыг хэн гомдоогоод байгаа юм, амьдралд чинь хэн садаа болоод байна, энэ бүхнээ эргэцүүлж хариуцлага тооцох, төр барих эрхээ эдлэх ганцхан өдөр шүү дээ. Гэтэл манайхан хэн нэгэн хүний өмнөөс хонины ээлж өнгөрүүлж байгаа юм шиг ханддаг. Тиймээс л энэ улс төрчид нь давраад, ард түмнийхээ  толгой дээр нь гараад суучихаж байна. Ер нь яасан ч яадаг юм гэсэн анархи хандлага нь хариуцлага тооцдоггүйтэй л холбоотой юм шүү дээ.

-Ингэхэд Н.Энхбаяр, М.Энхсайхан та хэд 9 жил хамтрах гэрээ байгуулаад байсан, тэр юу болсон бэ?

-Түрүүчийн сонгуулиар хамтарч ажиллах гэрээ байгуулсан нь үнээн. Хэдий эвсэл байгуулсан ч М.Энхсайхан МАХН-тай эвсээд явчихсан. Одоо бол дараачийн сонгууль болох гэж байна аа. Тийм учраас тэр гэрээг дахиж шинэчлэх асуудал гарна аа.

-М.Энхсайхан одоо АН- тай ойртох гээд байгаа юм биш үү? 

-Үгүй ээ, үгүй. Буцаад л Н.Энхбаяртайгаа эвсэх байлгүй дээ. Тэгээд  гуравдагч хүчний эвсэл ч гэдэг юм уу, ямар нэг эвсэл нэр зүүж улс төрийн жүжиг тавих байх аа гэж бодож байна.

Шулуухан асуучихъя, та битгий уурлаарай. Улс төрийн он жилүүдэд та АН-тай ч сүжирч явсан, Иргэний Зориг намтай ч хамтарч үзсэн. Нэгэн цагт Н.Энхбаярыг “энэ л зайлчихвал Монголын төр цэвэрлэгдэнэ” гээд л ярьж байсан. Сүүлд Н.Энхбаяраас илүү сайн хүн байхгүй гэж яриад л дэмжээд сууж байсан. Таны ийм хувирамтгай хүн үү эсвэл улс төрийн нөхцөл байдал таныг ийм болгочихсон юм уу?

-Аливаа нэг юманд үг үсэгний дэс дараалал аягүй чухал за юу. Өнөөдөр бүх юмыг абсолют үгүйсгэнэ гэдэг бол фашист тогтолцоог бий болгоноо гэсэн үг. Бүх хүмүүсийг устгах хэрэгтэй болно. Та нар тэрийг хүсээд байгаа юм уу. Н.Энхбаярыг яах уу, шоронд хатаах уу. Хоёр Энхболдыг шоронд аваачаад хатаах уу. Юу хүсээд байгаа юм, та нар, танай сэтгүүл. Сэтгүүлзүйг дөрөв дэхь засаглал гэдэг биз дээ. Танай засаглал юу хүсээд байгаа юм. Абсолют юм хүсээд байгаа юм уу. Наад тавьж байгаа асуулт чинь, асуулт тавьж байгаа арга чинь буруу байнаа. Надыг доош нь хийх гэж асуулт тавьж яах нь вэ. Тэглээ гээд би доошоо ордог ч гэж хаа байсан юм.

Хүн амьдралынхаа явцад алдаж онодог. Алдаагаа засах гэж явсаар байгаад энэ хорвоогийн амьдралыг дуусгадаг. Сайнтай, муутай хүний хорвоо ш дээ. Та нарын хүсээд байгаачлан бүх юм абсолют байна гэвэл энэ ертөнц чинь утгаа алдаж, хүний амьдрал дуусчихна.

АН тай сүжрээд би яачихсан юм бол доо. Би нэг тендер, нэг лиценз авав уу? Н.Энхбаяр шиг надыг Шадар сайд болгоод өгөөч гэж гуйж байна уу? Эрүүгийн гэмт хэрэг үйлдчихээд, хуулиа өөрчилж надыг гэмгүй болгож өгөөч гэж АН-ыг гуйгаад явна уу? Албан тушаал авав уу? Авбал авч чадна. АН-ын үндэслэн байгуулагчдынх нь нэг учраас надад өгөх ч байх гэж бодож байна. Тийм учраас сүжрэх гэж муухай үгээр асуулт тавина гэдэг бол буруу гэж бодож байна.  Хоёр банзал, янхан хүүхэн надаас ярилцлага авах гээд байгаа юм уу гэж би ярих юм бол ёс зүйгүй асуудал мөн үү?  Мөн за.

-Та бухимдах хэрэггүй. Олон нийтийн дунд таны талаар ийм имиж бүрдчихсэн учраас өөрөө бодит үнэн тайлбар хариулт өгөөсэй гэсэндээ асуусан хэрэг. 

-Бухимдаагүй, асуултанд чинь тааруулж хариулж байна. Тэгээд ч миний талаар ийм мэдээлэл, имиж бүрдээгүй. Би бас  интернэт хардаг ш дээ. Хандлагыг үзэж байхад 70, 80 хувь нь дэмжиж байгаа харагддаг юм, 10, 20 хувь нь дэмждэггүй юм. Тэр нь яахав дээ Ардын нам, Ардчилсан намын интернэтийн сүлжээнд ороод хор хутгаж байдаг хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэл. Жирийн иргэд бол миний талд байдаг. Н.Энхбаярыг муу хэлж байсан л гэнэ, магтаж байсан л гэнэ. Муу хэлж байснаа бол урд өмнө нь мэдэхгүй юм аа. Дарга цэрэг байхад нь муу хэлж байсан үг үсэг байна уу, та нар сониноо нэг шүүрдчихээрэй. Түүнтэй хамтарч улс төр хийх гэж үзсээн. Гэтэл тэр миний бодож байсан шиг хүн биш байсаан. Дэндүү шударга биш хоёрт, хүний эрх, эрх чөлөөний төлөө явах хүн мөн үү гэсэн чинь бас биш байсан. Тэгээд л хэлэлцэж ярилцаад шууд хоёр тийшээ болсон.

-Ард түмэн МАН, АН гэсэн хоёр намаас өөр сонголт хийхийг хүсч буй боловч өөр хэнийг сонгохоо мэддэггүй нэг зовлон байна. Жишээ нь танай БНН-д таниас өөр кадр болчихоор хэмжээний гишүүн хэд байна? Ер нь  БНН хөрсөн дээр буугаад ирэхэд хэр хүчтэй, хэр хүчирхэг гишүүдтэй улс төрийн хүчин бэ?

-МАН-д тийм боловсон хүчин байгаа болов уу. Та нар юу гэж бодож байна.

-Эрх биш төр барилцаж  байгаа хойно хувь хүний хувьд хүчирхэг биш ч гэлээ ядахдаа л олон нийтэд танил байгаа улс төрчид харьсангуй олон байгаа шүү дээ.

-Хэн байна? АН-д тийм их боловсон хүчин байна уу?

-Ц.Элбэгдорж, З.Энхболд гэх мэтээр нэрлэж болох байх..

Хувцас моодноос гардаг шиг хүн ч гэсэн моодноос гардаг ш дээ. Хүний үзэл бодол, үйл ажиллагаанд  бас моод гэж байна аа. 

-Та моодных хэвээрээ болов уу?

Байгаа байх аа гэж бодож байна. Шалтгаан нь миний хэлсэн бүх зүйл нэг ч үг үсгийн зөрүүгүй биеллээ олдог. Тэгэхээр би өнөөдрийнхөө цаг үетэй хөл нийлүүлэн алхаж яваа, заримдаа түрүүлж яваа ч гэж харахаар байгаа биз. Хорин жилийн өмнө миний ярьж байсан юмнууд өнөөдөр биелэгдэж байна гээд бодохгүй юу. Хорин жилийн өмнө долларын чинь ханш 2000 болноо, бензин чинь 1500 болноо, талх чинь 1200 болноо, цалин чинь 300 мянга болноо гэж хэлж л байсан ш дээ. Битгий санаа зов оо, бүгдээрээ гар утастай, машинтай болноо, тэр асуудал биш. Асуудал ганцхан бий, яаж мөнгө олох вэ. Мөнгө олох олон арга байдаг талаар ч хэлж л байсан. Гэтэл одоо нэг хэсэг нь хулгай хийж амьдарч байна, ялангуяа улс төрчид нь хулгай хийж, авлига авахдаа гаргууд байна. Нэг хэсэг нь дээрэм хийж, нэг хэсэг нь хар ажил хийж мөнгө олж байна. Аж ахуй эрхэжл, бизнес хийж байгаа хэсэг байна. Гэтэл хоёр хүний нэг нь худалдаачин. Эрээнээс хэдэн эрээн юм авчирснаа нэг мухлаг нээгээд хоёр нугалж зарах гээд л гүйх юм. Наймаачин ардтүмэн яаж хөгжих юм бэ? Манайд ганц үгүйлэгдэж байгаа зүйл нь үйлдвэрлэл. Хүнд ажил, арав, хорин жилийн дараа хөл дээрээ тогтдог. Ингэхээр валютын хомсдолд орох нь аргагүй ш дээ. Дотоод төлбөрийн баланс тэр чигээрээ алдагдчихаад байна. Тиймээс л долларын ханш эрчимтэй өсч байна. Миний харж байгаагаар 6 сар гэхэд нэг доллар 2500 болно. Оны эцэс гэхэд 3000 болно. Амьдрал улам дордох болов уу даа.

Монголын төрийг олон жил орчуулагч, сэтгүүлчид авч явлаа, одоо шинжлэх ухааныхан,  инженерүүдийн ээлж ирсэн

-Одоо үндсэн асуултанд чинь хариулъя, БНН-д хүн байдаг юм уу гэж. Байлгүй яахав. БНН зөвхөн дэмжигч гишүүн гэхэд 70 мянгатай. Намын УЗ-д 28 хүн байдаг юм. Тэгж ярих юм бол социализмын үед дандаа гуравдагч оронд сургууль төгссөн, ихэнх нь доктор, профессорууд, шижигнэсэн залуучууд байгаа. Түрүүчийн сонгуулиар гарсан манай нэр дэвшигчдийн анкетыг үзэхгүй юу. Манай иргэдэд нэг суудал байна л даа. Та хоёрт ч гэсэн ялгаагүй. Хэн илүү их сэтгүүлийн нүүрэн дээр зургаа тавьж, телевизээр нүүрээ харуулсан нь аягүй мундаг од гэж ойлгодог.

-Таны хэлж байгаа зөв ч гэлээ нөгөө талаар жирийн иргэдийг буруутгах аргагүй л дээ. Олон нийтэд өөрийгөө ямар нэг хэмжээнд таниулахгүй бол тэд сонголтоо хэрхэн хийх билээ. Тэгээд ч “Таньдаггүй бурхнаас, таньдаг чөтгөр нь дээр”  гэж монголчууд ярьдаг. Энэ үүднээс бодсон ч гэлээ та намынхаа гишүүд, дэмжигчдийг товойлгож ард олон нийтэд таниулах, өөрсдийнхөө үзэл бодлыг сурталчлах тал дээр яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ?

-Нэгт, хуулийн хүрээнд ажиллана аа. Сонгуулийн сурталчилгааг 14 хоногийн дотор хий гээд цаана чинь заачихсан байна ш дээ. Хоёрт, манай нам 76 хүн дэвшүүлж чадна.  Бид гарчих юм бол энэ Засгийн газраас доргүй кабинетийг эмхлэн байгуулж чадна аа. Өч төчнөөн сайхан залуучууд, сэхээтнүүд байна. Тэд чинь энэ төрд байгаа хүмүүсийн чадваргүй, боловсролгүй мэргэжилгүй байдлыг хараад эгдүүцээд явж байна ш дээ.

БНН өөрийн тодорхой үзэл санаа, мөрийн хөтөлбөртэй. Үндэсний хэмжээний том зорилтуудыг дэвшүүлдэг. Биднийг ард түмэн хэзээ ойлгодог болохыг хүлээж байна. Биднийг ойлгохын тулд иргэд жаахан өмч хөрөнгөтэй болох хэрэгтэй болно. Жаахан хариуцлагатай болох хэрэгтэй болно. Түүний дараа биднийг ойлгоно. Энэ нийгмийг шинэчилье гэж бодож байвал бид нараас өөр хүнийг сонгоод ямар ч боломжгүй. Улс орноо хэт экстримист Ливи, Сири шиг байдалд оруулахгүй л гэж байгаа бол энэ улс төрийг жаахан зохицуулах хэлбэрээр асуудлыг шийдэхгүй бол болохгүй л дээ. Тийм учраас зарим нөхцөлд улс төрчид хэлэлцээрийн ширээний ард суудаг.

Надад өнөөгийн улс төрчдийн явуулж байгаа бодлого таалагдахгүй байгаа нь үнэн. Тэглээ гээд би хувьсгал хийе гэж бодъё. Улс орныг хамарсан том жагсаал цуглаан хийе. Тэгээд энэ төрийг хүчээр шахаж байгаад огцруулъя аа. Ийм байдал байж болох уу? Байж болно оо. Гэтэл манай иргэдэд улс төрийн ийм идэвх байгаа юм уу. Гадаа гараад жагсчих хүн байна уу? Хэт өрөвдмөөр байхгүй юу. Бүр дэндүү өрөвдмөөр, арчаагүй. Телевиз юм уу, нэг экраны ард суучихаад л худлаа улс төржөөд нэг их эх оронч дүр эсгээд л, нэг их өөрийнхөө санал шүүмжлэлийг бичээд байна. Яг үнэндээ гарч ирээд энэ нийгмийг өөрчилье гээд гүйж байгаа, тэмцэж байгаа хэн байгаа юм. Чадахгүй юм бол шүүмжилж яах юм. Дуугай мөрөөрөө мөөмөө унжуулаад сууж бай гэж нэг үг байна ш дээ.

--Та яг энэ үзэл баримтлалаар 7 сарын 1-нийг дэмжсэн үү?

-Дэмжих нь ч хаашаа юм бэ. Үндсэн хуулиар жагсаал цуглаан хийх эрх баталгаажчихсан байгаа  ш дээ. Тэр цуглаан яваандаа үймээн болно гэж би бодоогүй. Харин тэнд очсон хойноо цуглааныг яаж зориуд үймээн болгодог вэ гэдгийг харсан. Тухайн үеийн МАХН- ын дарга С.Баяр зохион байгуулж, үймээн болгосон шүү дээ. Тэнд хүчний байгууллагын 3 мянга гаруй ажилтан энгийн болоод дүрэмт хувцастайгаа явж байсан. Харин жирийн иргэн үсрээд л 300 байсан байх. Тэр 300 хүнийг 3 мянган хүн дөрвөн мөчөөр нь өргөөд аваад явчихаж болох байсан уу? Болох байсаан. Тэр ард түмэнд буу зэвсэг байсан уу? Байгаагүй. Central tower баригдаж байсан учраас гадаанаас нь чулуу аваад л шидэж байгаа харагдсан. Видео бичлэгүүд нь байгаа ш дээ. Тэрийг тараах сонирхол огт байхгүй, аль болох үймээн болгох хүсэл сонирхол эрх баригчдад байсан юм.

-Зорилго нь юу байсан гэж?

-Түүгээр далимдуулж шударга ёсны төлөө явдаг улс төрчдийг намнаж, дарж авъя гэж бодсон байхгүй юу. Тэгээд тэр нь бас бүтээгүй л дээ, чааваас. Дахиад хэлчихье. Энийг толгойлж хийсэн хүн бол С.Баяр. Өнөөдөр юу ч болоогүй юм шиг явж байна. Баахан авлига авч идчихээд юу ч болоогүй юм шиг хээвнэг ичихгүй явж байна.

-С.Баяр өөрийгөө буруугүй гэдэг шүү дээ. Эрлэгт очихгүй хүн байхгүй шүү гэж сая нэг ярилцлагаараа хэлсэн байсан?

-Энэ хорвоогийн бүх хүн эрлэгт очдог номтой юм. Гэхдээ эрлэгт очихоосоо өмнө яагаад нэг хэсэг нь бусдын өмч, хөдөлмөр, бусдын эрх чөлөөг булаан дээрэмдэж аваад найрлаж, наадам хийж амьдрах ёстой юм бэ. Энэ шударга ёс юм уу. С.Баяр өөрөө үхэх хэрэгтэй ш дээ. Яах гэж амьд байгаад байгаа юм, эрлэгт очих гээд байгаа юм бол. Худлаа донгосох хэрэггүй ш дээ. 7 сарын 1-ний хариуцлагыг эрт орой нэгэн цагт С.Баяр толгойгоороо үүрэх ёстой. Н.Энхбаяр ч бас. Н.Энхбаяр тухайн үед Ерөнхийлөгч байсан. Яагаад тийм байдал үүсгүүлсэн юм. Н.Энхбаяр Аюулгүйн зөвлөлийг толгойлж байсан ш дээ. Яагаад тийм байдалд оруулсан юм. Тэрнийхээ хариуцлагыг яагаад хүлээдэггүй юм. Тэр 4 залуугийн амь насыг яагаад шийдээгүй юм. Нохойнд зуудаг мод шиг хэдэн цагдаа нарыг шийтгэсэн болчихоод л өнгөрсөн. Яагаад улс төрчид хариуцлага хүлээдэггүй юм.

-Харин яагаад?

-Яагаад гэхээр нөгөө л хоёр нам ээлжилж төр барьж байгаа учраас. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд -бүгдээрээ худалдагдчихлаа. Засгийн газрын захиалгаар сэтгүүл,  ном, сонингоо өгдөг болчихсон. Тэгээд л нөгөө хэдээ тойрч бүжиглээд л, ард нь гарч нэг бичээд, урд нь гарч нэг бичээд л. Хамгийн хөөрхөн зургийг нь нүд амыг нь давхраатай болгож засч тавьж байгаад бичнэ. Яасан нөгөө 4 дэх засаглал хааччихсан юм. Мэдээллийн хэрэгслүүд 4 дэх засаглалаасаа татгалзах юм бол Монгол Улс Ардчилсан орон мөн үү? Асуудал энд л байгаа юм. Гэхдээ энэ бүхэн яваандаа зөв тийшээ шийдэгдэх байхаа. Яагаад гэвэл дэлхий даяараа, бүх улс орон ардчилалын төлөө нийгэм,  эдийн засаг, улс төрийн шинэчлэлтүүдээ хийж байна. Орос хүртэл тэгж байна. Удахгүй Хятад ч гэсэн ардчилсан орон болно. Коммунист нам нь татан буугдана. Олон намын системтэй болно. Хүний эрхээ дээдэлдэг болно.

-Та сая оны эцэс гэхэд доллар 3000 хүрнэ гэлээ. Яасан муу мэдээ вэ. Эрх баригчид бол гаднаас бондын хэдэн доллар олж ирээд ханшийг барина гэж хараад байх шиг?

-Дандаа л биднийг зүгээр суулгаад, тэжээгээд, за май гээд мөнгө өгөөд, сайхан амьдраарай гээд байх газар одоо олдохгүй байх аа. Төсвийн орлого маань нэг тэрбум орчим доллар, гадаад өр 22 тэрбум доллар. Бидний зардал 3.5-4 миллиард долларын зардалтай амьдарч байна. Тэгтэл олж байгаа нь ганцхан миллиард доллар. Дөрөв дахин зөрүү байгаа биз. Дээрээс нь өрөө яах гэж байгаа юм. Өнөө маргаашгүй өрөө төлөөд эхэлнэ ш дээ.

Тэр 4 залуугийн амь насыг яагаад шийдээгүй юм. Нохойнд зуудаг мод шиг хэдэн цагдаа нарыг шийтгэсэн болчихоод л өнгөрсөн. Яагаад улс төрчид хариуцлага хүлээдэггүй юм.

-Эдийн засгийн хямрал ч тартагтаа тулж байгаа нь үнэн. Та нэг их муу амлахгүйг хичээгээрэй, энэ хямрал хэр удаан үргэлжилж хэрхэн дуусах бол?

-Муу амлаж байгаа юм биш ээ. Хэрвээ надыг муу амлаж байна гэж байгаа бол амьдрал хэцүү байнаа гээд бөө дээр очоод бөөлүүл. Уулан дээр очоод овоо тахь. Ганданд очиж ном уншуул, за юу. Тэгээд амьдрал чинь сайжрах нь уу, үгүй юу харна биз.

Өнөөгийн хүнд байдлаасаа гарахыг хүсч л байвал иргэн бүр улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролц. Сонгуулиа шударгаар, идэвхтэй өг. Гурван төгрөг өгсөн хүнд, бэлэг дурсгал өгсөн нэгэнд санал өгдгөө болимоор байна. Надад юу өгөх вэ биш миний эх орныг яаж өөд нь татах вэ, миний эрхийг яаж хамгаалж өгөх юм бэ гэж асуу, ингэж ханд. Ингэж чадвалд нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралыг эрс шинэчилнэ. Ерэн оноос хойш манай ардчилал анархи байдал руугаа ороод  урагшлахгүй зогсчихлоо. Энийг эрс шинэчлэх улс төрийн тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Үүнийг хэн чадах вэ, ард түмэн л чадна. Тэгэхгүй бол энэ хямрал дуусахгүй.

-Таны бизнес ямар байна?

-Бизнес яахав дээ, хувийн ажил учраас бусдын адил явж байгаа. Алдахдаа алддаг юм. Бизнес гэдэг юм чинь дандаа хождог зүйл биш шүү дээ. Нэг гараараа алдаж нөгөө гараараа олж байдаг зүйл. Харин энэ хоёрыг тэнцвэртэй л байлгах ёстой.

-Үндсэн бизнес чинь ноолуурын үйлдвэрлэл. Өөр шинэ бизнес бий юу?

-Баярын хүн нэг л удаа амьдарч, нэг л удаа үхдэг гэдэг шиг бүх юмыг хийнэ гэвэл хүний нас хүрэхгүй  байлгүй дээ. 

-Таньд зэсийн “Эрдмин” гээд үйлдвэр байдаг биз дээ?

-Байхгүй.

-Тэр хааччихсан юм бэ?

-Тэр чинь “Эрдэнэт” үйлдвэр дээрээ л байгаа ш дээ. Байхгүй ш дээ тийм юм. Хүнд ер нь тийм их хэрэглээ байдаггүй юм ш дээ. Бид ерэн оноос өмнө туйлын ядуу байлаа. Бүгдээрээ, нийтээрээ жигд ядуу байлаа. Одоо л нэг жаахан юм үзэж, жаахан юмтай болох гэж үзэж байна. Юмтай болохын тулд дарга нар нь хулгай хийж байна. Энэ тогтолцоо л буруу.

-Ингэхэд танай үйлдвэр  бондын мөнгөнөөс ноос ноолуурын салбарыг дэмжихэд  авсан уу?

-Авсан авсан.

-Хэдий хэрийн юм авсан бэ?

-Жаахан авсаан. Хэдэн машин авах гэж авсан.

-Баахан улс төр ярилаа. Өөр сэдвээр ярилцмаар байна. Та өөрийнхөө амжилтанд хүрснийг шинжлэх ухааны чиглэлээр сурч боловсорсонтой холбоотой гэж боддог уу?

-Морин дээр сууж хувьсгал хийх амархаан. Мориноос бууж төр улсаа төвхнүүлэх хэцүү. Нэг хэсэг нь хувьсгал хийдэг байхад нөгөө хэсэг нь улс орноо хөгжүүлдэг юм аа. Улс орныг хэн хөгжүүлдэг вэ? Эрдэмтэд, инженерүүд, архитекторууд хөгжүүлдэг болохоос хувьсгалчид хөгжүүлдэг юм биш шүү дээ. Гэтэл сүүлийн үед манай улсыг дандаа нийгмийн ухааныхан, тухайлбал, орчуулагч, сэтгүүлчид төрийн эрхийг авч явлаа. Билл Гейтс физикч, математикч, “Майкрософт” компаниа байгуулсан. Windows программ хангамжийг бий болгож дэлхийн бүх компьютерийн программ хангамжийг хийсэн. Стив Жобс физикч, математикч. Смартфон утсыг хийсэн. Дэлхий даяараа утсаараа шууд интернэтээр дамжиж харьцдаг болголоо. Энэ хүмүүс бүгдээрээ шинжлэх ухааны салбарынхан. Энэ дэлхийн хөгжлийг шинжлэх ухааны салбарынхан,  инженерүүд авч явдаг юм ш дээ. 

-Цөмийн физикч мэргэжил танд юу өгсөн бэ?

-Цөмийн биш сансар судлалын физикч ээ. Цөмийн физик чинь тусдаа өөр юм байдаг.

-Таны намтарт цөмийн физикч гээд яваад байдаг ш дээ?

-Мэдэхгүй ээ, хэн тэгээд биччихсэн юм. Манайх чинь физикч л бол талх хийдэг физикч ч гээд биччихэж магадгүй улс ш дээ.

-Таныг шинжлэх ухааны, технологийн фанат гэдгийг мэднэ. Шинжлэх ухаан, технологийн хөгжил хаа явна, энэ ертөнцөөр сонин сайхан юу байна гээд дуртай сэдвээрээ яриа өрнүүлээч? 

-Бидний төрж байсан үе, ер нь 40-өөд оноос хойш буюу Дэлхийн II дайнаас хойш дэлхий ертөнц аягүй эрчимтэй хөгжлөө шүү дээ. Хүн төрөлхтөн үүссэнээс хойших хоёр, гурван сая жилд хүрээгүй их хөгжилдөө энэхэн зуун жилийн хугацаанд үсрэнгүйгээр хүрсэн юм. Энэ зуун жил бол шинжлэх ухаан, технологийн хувьд асар хурдтай хөгжлийн эрин. Гэтэл энэ зуун жилтэй тэнцэх хэмжээний хөгжлийг одоо 10 жилийн дотор бий болгох гэж байна гээд бод доо. Хүн төрөлхтөн мэдээллийн технологийн  оргил дээр ирчихлээ. Үүнээс цааш мэдээллийн технологи бол байхгүй. Бүх юм дижитал болж байна. Яахав тоног төхөөрөмж янз янз байж болно. Лазер видео прожектор байж болно. Удахгүй 3D, 4D  дүрс хардаг мониторууд гарна. Харин онолынхоо хувьд бол дээд цэг дээрээ ирчихлээ гэсэн үг. Энэ бол 25 жилийн дотор болсон үйл явц.

Одоо хүн төрөлхтөн юу хийх гэж байна вэ гэвэл хоёр зүйл хийх гэж байна. Энэ талаар сая  “Их долоо”  дээр ярьж харагдана лээ. Сэтгэх чадвартай компьютерууд бий болгох асуудлыг үндсэндээ  хэлэлцээд тохирчихлоо. Дахиад нэг асуудал. Шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгоё оо гэж байна. Гал түлж, нүүрс шатааж эрчим хүч гаргадагийг больё гэж байгаа. Энэ таван жилийн дотор бүх суудлын автомашин 100 хувь цахилгаанаар явдаг болно. Бензиний хэрэггүй болно гэсэн үг. Тийм ч учраас дэлхий дээр бензин тосны үнэ нам унаж эхэлж байна. Дэлхийн бүх машины том концернууд, Герман, Франц,  бүгдээрээ цахилгаан хөдөлгүүртэй машин руу шилжиж байна. Тэр битгий хэл Америкийн машины үйлдвэрүүдээс гадна Yahoo, Google хүртэл өөрсдөө цахилгаан машин хийх гэж байгаагаа мэдэгдлээ. Япончууд мэдээж цахилгаан машинууд хийгээд эхэлчихлээ. Тэр байтугай жолоочгүй машин үйлдвэрлэх гэж байна. Та суугаад Буянт Ухаа, Чингис хаан зочид буудал руу явъя гэж хэлэхэд л машин чинь шууд хүргэж өгдөг болох гэж байна. Хэдийнэ туршчихсан.

-Цахилгаан хөдөлгүүртэй автомашин дээр өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй ганцхан асуудал байсан нь аккумлятор байсан юм. Цэнэг хураагч, хадгалагчийн асуудал гэсэн үг. Гар утсанд хэрэглэж байгаа Литиум-Ион батерейгаар цахилгаан хөдөлгүүртэй машинууд явж байгаа. Гэхдээ түүнийг цэнэглэхийн тулд доод тал нь 4, 5 цаг шаардагддаг. Нөгөө талаасаа энэ батерейнууд дөрөв, тавхан жилийн настай. Литиум бол байгаль дээр дангаараа байдаггүй, газрын ховор элемент л дээ. Тийм учраас боловсруулалтынх нь зардал их өндөр. Дээр нь байгаль экологид муугаар нөлөөлнө. Цэвэр литиум гаргаж авахын тулд химийн асар их урвалууд явуулж байж байгалиас салгаж авдаг. Дээр нь хангалттай эрчим хүч хурааж дийлдэггүй. Tesla-гийн нэг машин бий л дээ, шалаар нь дүүрэн бараг 20 см зузаан аккумлятортай. Ашиглахад бас л эвтэйхэн биш. Гэтэл япончууд шинэ аккумлятор гаргачихсан. Туршаад одоо үйлдвэрлэл рүү оруулах ажлууд хийгдэж байна. Тэр нь карбон батерей. Графит балын харандаа гэсэн үг. Бал чулуугаар хийнээ гэсэн үг. Тэр аккумлятор энэ литиум аккумлятороос 20 дахин илүү хугацаанд ажиллах нөөцтэй. Нэг тийм  карбон батерейг аваад гар утсанд хийчих юм бол солихгүйгээр 100 жил ажиллана гэсэн үг. Дараагийн том дэвшил нь литиум батерейг бодвол 7 дахин хурдан цэнэг авдаг. Машиныг 15 минут залгаад л, дүүрэн цэнэглэчихнэ. Дээр нь багтаамж их өндөртэй. Энэ утсыг бодвол бараг 5 дахин их өндөр. Нэг удаа машинаа цэнэглэчихээд 5-600 км явна гэсэн үг.

Дараагийн түвшинд дахин хялбарчлах технологийн асуудал яригдаж байгаа нь зам дагуу баахан антеннууд барина. Машин тэр антенны хажуугаар өнгөрч явахдаа өөрөө цэнэглэгдээд явдаг технологи. Өөрөөр хэлбэл ямар нэг юманд очиж залгаж цэнэглэхгүй гэсэн үг. Энэ онолыг Тесла гэдэг словак гаралтай Чехээс төрсөн эрдэмтэн 1940-өөд онд гаргасан юм. Гэвч тухайн үедээ дарчихсан. Товчхондоо машин гэдэг юм бензинээр явж байсан бол эрчим хүчээр явах нөхцөл одоо бүрдчихлээ.

Дараа нь яахав, сансрын хөлгүүд үйлдвэрлэхэд, хүчилтөрөгчийг шатааж огторгуйн мандал руу гаргаж байгаа. Энэ аягүй хүнд технологи. Тэгээд хол явж болдоггүй. Тийм учраас цөмийн реактортой сансрын хөлөг хийх  байдаг юм уу. Үгүй эсвэл ион протоны хөдөлгүүртэй сансрын хөлөг ч юм уу. Ийм шинэ хөдөлгүүрүүдийг бий болгох асуудал дээр эрдэмтэд эрчимтэй ажиллаж байна. Дараа нь цахилгаан эрчим хүчийг зөвхөн уран гэдэг зүйлээс биш устөрөгчийг цөмийн урвалд оруулж гаргаж авах асуупдал яригдаж байна. Атомын цахилгаан станц чинь ураны цөмийн урвал явуулж байж их хэмжээний дулаан ялгаруулж, тэр дулаанаар усыг уур болгоод турбин ажиллуулж, цахилгаан гаргаж авч байгаа шүү дээ. Цаашилбал, хүйтэн синтезийн аргаар эрчим хүч гаргах асуудал байна. Ингээд ярих юм бол өнөөдөр огт байхгүй эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг гаргах асуудал руу энэ хөгжилтэй орнууд эрчимтэйгээр яваад очрихлоо. Ирэх 25 жилд эрчим хүчний эх үүсвэр, бүх төрлийн хөдөлгүүрүүд, онгоц машин бүгдийг нь шинэчлэх байхаа гэж би хувьдаа харж байна. Цаашилбал энэ 25 жилд бүх аж үйлдвэр, үйлчилгээний салбарт тэр чигээрээ хүн биш робот ажиллах болно.

-Хүний хэрэггүй болох нь...

-Хүн хэрэггүй болно. Дэлхийн энэ эрс шинэчлэлт өөрчлөлтийн хаана бид байна вэ гэдэг асуудал  одоо тавигдаж байна. Глобалчлал гэдэг хөгжилтэй орнуудын хөгжлийг хэлээд байгаа юм. Бид тэдэнтэй хөл нийлүүлж хамт урагшлах уу эсвэл Орос, Хятад хоёртойгоо л зууралдаад явах юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Хэрэв глобальчлалд нэгдэх юм бол улс орноо юугаар, яаж хөдөлгөж, хөгжүүлэх вэ. Энэ асуудал намуудын мөрийн хөтөлбөрүүдэд муу тусгагдсан байна. Ерөөсөө огт алга байнаа. Эд жаахан зээл авахыг мэднэ. Хэдэн зам барилга барихаа л ярьдаг. Гэтэл дэлхий ертөнц их өөр юм руу явж байна шүү дээ.

-Таныг хоёр намд Мөрийн хөтөлбөрөө хулгайд алдсан гэдэг. Мэдээж харамсдаг байж таарна. Гол нь хулгайлсан юмаа тэд хэр зэрэг ажил хэрэг болгосон юм бол?

Тэр бол энэ улс орныг хөгжүүлэх хөтөлбөр учраас харамсдаггүй. Харин ч зөв зүйтэй юмыг нь аваад ашиглаг гэж бодож байгаа. Харамсалтай нь зөв зүйтэй ашиглаж чадахгүй байна. Сэглээд сэглээд хаячихлаа.

-Хүүхдийн өдрийн цайны хөтөлбөрийг бид анх гаргасан юм. Энэ ямартай ч ажил хэрэг боллоо. Аж үйлдвэрийн парк гэж бид л анх дуугарч байсан. Бид уг нь Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт аж үйлдвэрийн парк бий болгоё гэж байсан чинь Дорноговь руу аваачаад элсэн дотор барьчихлаа. Дунд сургуулийг 11 жил болгоё оо, сүүлийн 2 жил нь коллежийн хэмжээний сургалт хөтөлбөртэй, өөрөөр хэлбэл 11 дүгээр ангиа төгсөхдөө бүрэн дунд боловсролтойн дээр мэргэжилтэй төгсдөг, цаашаа сурна гэсэн нь гадаад дотоодын конкурс өгөөд дээд сургуульд ордог, бусад нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажил хийдэг байхаар Мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харамсалтай нь ёстой юу ч үгүй сэглээд хаячихлаа. Ашигт малтмалын хуулийг ард түмнийхээ төлөө байлгая аа гэж бид бас оруулсан юмаа. Тэгсэн тэрийг өөрчилнө гээд олигтой ч өөрчилж чадсангүй л дээ. Өөрчлөөд ч олигтой юм болохгүй л дээ. Ингээд яриад байвал зөндөө юм ярина даа.

-Таны шинжлэх ухаан, технологийн яриа их сонирхолтой байнаа. Хүмүүст ч хэрэгтэй юм. Шинжлэх ухаан, технологийн энэ их үсрэнгүй, галзуурсан хөгжил эргээд хүн төрөлхтнийг сүйтгэнэ, эцсийн мөхөл нь байх болно гэж онолддог хүмүүс олон байдаг юм билээ. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би ерөөсөө ч тэгж боддоггүй. Дарвины онолоор бол хүн гэдэг амьтан сармагчингаас үүссэн гэдэг. Одоо бол энэ худлаа гэдэг нь нотлогдож байгаа. Өнөөгийн шинжлэх ухаан  бол хүний эсийг хувилж болдгийг тогтоочихсон. Хүний эд эсийн хаанаас нь ч авсан, жаахан үс ч юм уу, арьс ч юм уу аваад шууд хүн бий болгож байна. Тийм учраас Дарвины онол худлаа. Тэгвэл энэ хүн гэдэг амьтан чинь хаанаас бий болсон юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр манай гаригаас сансрын хөлөг Марс гариг дээр очиж, зураг аваад судалгаа хийгээд явж байна. Ер нь бол одоогоос хэдэн сая жилийн өмнө Марс амьдралтай гариг байсан гэж үздэг. Дэлхийтэй илүүтэй төсөөтэй, өөрийн таталцах хүчтэй. Ганцхан атмосфер, ионосфер байхгүй учраас агаарын даралт их муу. Кислорадын хэмжээ их бага. Урьд өмнө нь байсан боловч нэг том солирын мөргөлтийн улмаас тэр байх ёстой зүйлс нь  устжээ гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрээд байна. Тэнд амьд ертөнц байсан бол магадгүй биднээс хэдэн зуун сая жилийн өмнө илүү хөгжилтэй ертөнц байжээ. Тэгээд тэд маань тэр гариг сөнөхийг мэдээд нүүгээд дэлхий рүү ирсэн юм биш үү. Тэд өнөөдрийн бидний гайхаж бишрээд байгаа пирамид эд нарыг чинь барьсан юм биш үү. Тэд бидэнд өнөөдрийн боловсрол, мэдлэгүүдийг чинь суулгаад байгаа юм биш үү. Жишээлбэл, Менделеев унтаж байгаад, зүүдэндээ үелэх таблицаа  олсон гэдэг. Энэ мэтчилэн  аягүй олон нээлтүүдийг эрдэмтэд гээд байгаа тэр хүмүүс тохиолдлын журмаар олж нээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрхүү “Марсянууд” буюу өөр ертөнцийнхөн одоо бидний амьдарч байгаа гариг дээр биднийг бий болгоод, бидний генд тэр оюун ухааны мэдээллүүдийг суулгасан байж болох магадлал их өндөр байна гэж өнөөдрийн эрдэмтэн, судлаачид үзэж байна л даа.

Дараачийн асуудал бол энэ ертөнц маань мөнхийн юм биш ээ. Бид нүүж ирсэн, бас нүүж явах хэрэгтэй болно. Хүн эхээс төрөөд бас буцаад явдагтай адил. Энэ хорвоо ертөнц, матери бол мөнхийн биш гэдэг нь тогтоогдчихсон. Бүх юм харьцангуй юм байна. Нар бол миллиард жилийн түүхтэй, тэгвэл биднийх 100-хан жилийн түүхтэй. Зуун жилийн дотор л амжиж энэ гаригийнхан мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй болж байна. Тэгээд энэ ертөнц маань зөв зүйтэй хөгжөөд явах юм бол хүн төрөлхтөн өөр гаригийг эзэмдэх асуудал яригдана. Технологи хөгжиж, робот бий болсноор хүний хэрэглээ үнэ цэнэгүй болно. Хувцас, оймс, машин тэрэг гэх мэт бидний авахыг мөрөөддөг, төлөө нь хөдөлмөрлөдөг, амьдардаг зүйлс удахгүй үнэ цэнэгүй болох байх. Яагаад гэвэл хүний хэрэглээнээс хэд дахин их хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх болно. Ер одоо тийм илүүдэлд орчихоод байна. Энэ гар утсыг сард хэдэн зуун саяыг үйлдвэрлэж байна. Тэгээд л эхэлж гарахдаа мянган доллар, тавхан сар хүлээчих юм бол зуун доллар болж байна. Дэлхий ертөнц их өөр тийшээ явж байна шүү дээ.

-Ёстой гайхалтай, амттай, сонирхолтой мэдээллүүд байна. Дэлхий ертөнцийн энэ их галзуу, үсрэнгүй хөгжил дунд монголчууд бид ямар үүрэг оролцоотой байх вэ?

-За чи ёстой зууны асуулт асуусан шүү. Заримдаа танай сэтгүүлчид чинь тэртээ 1950, 60-аад оны үеийн хүнтэй тааралдчихсан юм шиг сонин асуулт тавьдаг ш дээ. Одоогоос ухраад 300 жилийн өмнөх Монголыг харах юм бол, за даа нэг сармагчинтай дөхөж очно доо. “Өглөө” билүү,  “Сэрэлт” ч билүү, нэг кинон дээр гардаг даа. Нэг герман нөхөр “Энэ монголчууд ер нь яаж дэлхийг байлдан дагуулж байсан юм болоо, их бүдүүлэг, хоцрогдчихсон, болхи юм. Маллаж байгаа малаасаа ялгаа алга. Малных нь үс гадагшаа харин эд үсийг нь дотогшоо харуулж нөмөрдгөөрөө ялгарч байна”  гэж  монголчуудыг хэлдэг дээ, санаж байна уу /хэсэг дуугүй болов.сурв./. 

Бид яг одоо энэ асуудлыг шийдэхийн ирмэг дээр зогсож байна даа. Миний үзэл баримтлал гэж нэг байна, бусад хүмүүсийнх гэж байгаа, та хоёрынх бас бий байх. Минийхийг сонирхож байвал би хариулъя.

-Мэдээж таны үзэл бодол, байр суурийг сонирхож байна?

-Хараад байхад бидэнд хоёр сонголт байна. Нэг нь бол хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэн, хамтарч, ажиллах. Эсвэл Орос, Хятад хоёртойгоо зууралдаад л, эд нарынхаа гар хөл болон, аар саар юмыг нь эдэлж хэрэглэн үгэнд нь орж амьдрах. Миний бодлоор ойрын гурав, дөрвөн жилд Хятадад улс төр, нийгэм, эдийн засгийн том шинэчлэлт хийгдэнэ. Ардчилал, хүний эрх, олон намын систем,  улс төрийн эрх  чөлөө, чөлөөт сонгуультай болно. Тэгэхгүй бол Хятадын хөгжил зогсчихсон байгаа. Дараачийн асуудал бол өмч хөрөнгийн хувьд  олон өмчит нийгмийн баримжаатай болох байх. Тэр нь төрийн өмч бөгөөд хувийн өмч, хамт олны өмч, хувьцаат компани ч гэдэг юм уу олон хэлбэрүүдээр  өмчөө хувьчлах асуудал тавигдах байх. Ингэхээр Хятадад нэлээн эмх замбараагүй байдал үүсэх байх аа. Үүнийг дагаад Хятад улс дөрөв, таван улс болж хуваагдах болов уу гэсэн таамаглал байна. Үүнд  нэлээн ойрхон ирчихсэн байгаа болов уу.

ОХУ-ын хувьд ажиглаад байхад нэг хэсэг нь хэтэрхий хатуу байр суурьтай, агуу их Орос орон, Оросын эмпир улсыг  байгуулна гээд байгаа. Эзэнт гүрэнт гэдэг чинь түрэмгийлэгч төр гэсэн үг шүү дээ. Тэгтэл Европын холбоо бол тийм биш, илүү чөлөөтэй, нээлттэй, эрх чөлөөт нийгмийг байгуулсан, бүх юмыг хуулийн хүрээнд шийддэг улсуудын нэгдэл. Нэг хүний хүслээр бүх юмыг шийддэг биш, хуулиар  шийддэг улс орон болтлоо хөгжлөө. Оросууд дээрэнгүй их Оросын үзлээ гаргаад байгаа учраас Америк зэрэг орнуудын зүгээс эдийн засгийн хувьд хориг тавиад байгаа юм. Орос рублийн доллартай харьцах ханш 30 байснаа өнөөдөр 78 хүрчихсэн байна. Энэ ондоо 120 хүрэх байх. Өөрөөр хэлбэл хүн амын орлого нь тав дахин буурна, юмны үнэ зургаа дахин нэмэгдэнэ. Энэ нь Оросыг улс төрийн хувьд тогтворгүй байдал руу шилжүүлэх болов уу. Орост мөн улс төрийн дахин хуваарилалт явагдах болов уу. Тэрийг дагаад өмч хөрөнгө бас дахин хуваарилагдах байх. Эмх замбараагүй байдал газар авах магадлал өндөр бий. Тийм учраас магадгүй Оросын хувьд дахиад хоёр гурав хуваагдаж задрах аюул гарч болно. Дорнод Сибирийн нэг хэсэг, Төв Орос гээд Москва, Ленинград, Урал ч байдаг юм  уу, Алс дорнод,   Дундад Ази  гээд Орос дахиад гурав дөрөв хуваагдах аюул гарч магадгүй. Энэ бол ойрын хоёр гурван жилд болж магадгүй үйл явцууд. Энэ задрах гэж байгаа орнуудыг дагаж бид их далдаганавал яахнав. Аягүй л бол бас л задрах нь ээ дээ.

-Элэг нэгтнүүдээ авчихъя л даа?

-Тэр ч бас тийм амархан биш л дээ. Өвөрмонголыг Ар Монголтой  нийлүүлэх юм бол Өвөрмонгол чинь эргээд бид нартайгаа муудалцаж эхэлнэ. Монголын төрийн эрхийг булаацалдана, газар нутаг булаацалдаж эхэлнэ гээд зөндөө асуудал үүснэ. Тийм учраас бид энэ асуудлыг зөв зүйтэй өнцгөөс нь шийдэх хэрэгтэй болох байх аа. Миний санал бол хөгжил дэвшлийг дагаж хөгжсөн нь дээр болов уу. Яваандаа ирэх 25 жил энэ дэлхий ертөнц хил хязгааргүй болох тухай, хөгжил дэвшлийн үрээр өнөөгийн үнэ цэнэтэй зүйлс зарим нь үнэ цэнэгүй, утгагүй болох талаар би дээр ярьсан.

-Тэгвэл бас нэг асуулт байна. Захын хүн л Хятадын банк ороод ирчихлээ, эдийн засгийн хувьд Хятадаас хараат болчихлоо, ер нь Хятадын колони болчихлоо гэх мэтээр ярихтай их таарах юм. Глобалчлалын энэ эринд энэ нь Монгол хүний ярих ёстой, санаа зовох ёстой асуудал мөн үү?

-Хятадын хөгжлөөс бид өөрсөддөө сайн сайхан зүйл авч хэрэглэх нь Хятадад дагаар орчихож байгаа хэрэг биш л дээ. Эдийн засгийн хамтын ажиллагааг шууд улс төртэй хутган ойлгож болохгүй. Өнөөдөр Хятадын барааг Америкууд ч гэсэн, Европууд ч гэсэн бүх нийтээрээ авч хэрэглэж байна ш дээ. Тэглээ гээд тэд Хятадын улс болчих юм уу. Үгүй дээ. Хятад улс хөгжих өшөө болоогүй байгаа. Хятад улс өөрөө гадаадаас аягүй их зээл хөрөнгө оруулалт авч байж ажил нь явж байгаа ш дээ. Манайхыг бодвол хэдэн зуун миллиардаар  нь авч байгаа.

-Сонин л юм. Хямралын энэ үед чинь хятадууд л мөнгөтэй байна гэх юм байна ш дээ. Жинхэнэ утгаараа хамгийн баян улс тэгвэл хаанах  вэ?

-Америк гэж нэг улс байх юм аа. Дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч орон болсон юм аа, Америк. Тийм учраас тэр орны ирээдүй бөгөөд  эдийн засгийн үнэлгээ одоо байгаагаасаа хэдэн мянга дахин өндөр үнэлгээтэй явж байгаа. Тийм ч учраас дэлхийн ард түмэн АНУ- ын мөнгөн тэмдэгтийг дэлхийн мөнгө болгон хэрэглэж байгаа.

-Тэд яагаад ноёрхоод байдаг юм? Нууц нь юу юм бол?

-Америкууд ноёрхсон юм байхгүй ш дээ. Дэлхий ертөнцийг илүү соёл иргэншилтэйгээр ажиллаж,  амьдарцгаая гэдгийг санал болгодог ард түмэн ш дээ.

-“Брикс”-ийн  бүлгийн орнууд чинь Америкийн эсрэг, америк долларыг дарах валют гаргаж ирнэ гээд байгаа..?

-Хэдэн гуйлгачин сохор зоосоо нийлүүлж хоршоо байгуулчихаад, өнөөдөр тэр хөрөнгөтнүүдтэй өрсөлдөж харагдаач гэж бодож байх юм, би. Бриксийн гаргаж ирэх шинэ мөнгөний ард юу байгаа юм. Хөгжил муутай, шашинд нэрвэгдсэн хүн амынх нь тэн хагас нь ядуу, тэрбум 400 сая хүнтэй шахуу Энэтхэг улс байж байгаа. Тэрбум 300 сая хүнтэй Хятад байж байгаа. Хятад улсын нийт мөнгөний хэмжээг хүн амынх нь тоонд хуваах юм бол нэг хүнд ноогдох мөнгөний хэмжээ асар доогуур шүү дээ, манайхыг харьцуулах юм бол. Дээр нь Хятад технолигийн орон биш. Нэг оймс, гутал, майк, таавчик л хийдэг орон ш дээ. Өөр юм байхгүй. Хэдэн шаазан плита, жорлон л хийж байгаа байх.

Оросын хувьд хэдэн танк, их буу л хийдэг байх. Өөр юу хийдэг юм. Хуш модны самар  авч цөмдөггүй л юм бол, цагаан архи, зөгийн бал л авдаггүй юм бол Оросоос аваад байх нэг их юм байхгүй.

-Тэгвэл бидэнд юу байна вэ?

-Бидэнд юу ч байхгүй. Бидэнд агуу том, сайхан түүх, авьяаслаг 3 сая хүн байна. Их авьяаслаг нэг сая залуустай. Энэ залуучуудыг ирэх 25 жилд соёл иргэншлийг нь зөв залуурдаад, боловсрол мэдлэг олгоодох юм бол магадгүй тэрний дараачийн 25 жилд бид энэ ертөнцийг ч удирдаж магадгүй. Морь унаж, сэлэм эргүүлэн улс орныг удирдах эрин үе дууссан гэж дээр хэлсэн дээ. Магадгүй монгол залуучууд хамгийн том дээд сургууль Кембриж, Оксфорд гэхчлэн сургуулиудыг онц төгсөх юм бол тэр улсын том том компаниудад очиж ажиллана. Захирлыг нь хийнэ. Том том банкуудад менежерүүдийг нь хийж эхэлнэ. Тийм учраас бид тийм маягаар энэ ертөнцийг удирдах болов уу гэж бодож байна.

-Дахиад асууя, бид тусгаар тогтнолоо алдахаас айх нь зөв үү?

-Орос, Хятадад үймээн болох юм бол хэдэн явуулын улаан орос наашаа дамжиж зугтаж орж ирж магадгүй. Хэдэн хятад тэндээсээ наашаа зугтаж орж ирэх асуудал бий байх. Бусдаар нэмэх дөчөөс хасах дөчийн хооронд халж, хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай энэ тал газар амьдардаг хүн монголчуудаас өөр байхгүй биз.

-Монголын хөдөөд асар олон хятадууд ороод ирсэн байна гэцгээж байна лээ?

-Тэр худлаа, тийм их хятадууд байхгүй юм шиг байна лээ. Зүгээр монгол эмэгтэйчүүд маань хятад нөхөртэй сууж, хятад хүнтэй явалддагаа л больчих хэрэгтэй. Асуудал эндл байгаа юм.

Тэгвэл байгалийн баялаг, ашиг малтмалын тухайд ямар байр суурь байх ёстой гэж та бодож байна?

Надад бол Таван толгойн 50 хувийг Хятадуудад, үлдсэн 25, 25 хувийг Япон, Солонгос хоёрт хуваагаад зарчихмаар санагддаг юм. Өөрсдөө ухаад аваад гараг. Тэр мөнгөөр нь энэ гурван сая хүний амьдралыг богино хугацаанд өөд нь татах хэрэгтэй, тун яаралтай. Мөнгө зарах бас нэг гол зүйл бол боловсрол.

-Таныг ингээд яриад эхлэхээр өрсөлдөгчид чинь энэ Жагаа эх орноо зарах гэж байна, эрх чөлөө тусгаар тогтнолыг чинь Хятадуудад зарах гэж байна гээд л популизм хийнэ дээ?

-Хятадуудад өгөх гээд байгаа юм биш шүү дээ. Худалдах гэж байгаа нүүрсийг л яриад байгаа ш дээ. Тэгээд ч одоо манай иргэд тийм юманд автахаа больчихсон доо. Популизм, бодит үнэн хоёрыг аягүй сайн ялгаж салгаж ойлгодог болчихсон.

-Ээ дээ, би лав итгэхгүй байна. Популизмд автсан хэвээрээ учраас, бидон саваар саналаа худалддаг хэвээр учраас л төрийн толгойд эрүүл ухаантай, шударга, хөдөлмөр хийдэг хүмүүс гарахгүй байгаа юм биш үү. Уг нь эхний ээлжинд ийм улсууд л худлаа ярьж байгаад ч болов гарах нь чухал байгаа юм?

-Ямар ч нийгмийн тогтолцоог бий болгож болноо, гол нь энэ улс оронд хийгдэж байгаа ажлууд монгол хүний сайн сайхны төлөө, аз жаргалтай амьдралын төлөө л хийгддэг байх хэрэгтэй. Энэ бол эцсийн туйлын зорилго байх хэрэгтэй. Баян хүн байж болно. Гэхдээ бүх хүн амьдралын баталгаатай байх ёстой. Тэрнээс нэг хэсэг нь хагартлаа баян, нөгөө хэсэг нь үгээгүй гуйлгачин амьдардаг Африк шиг байж болохгүй ш дээ. Манай нам мөрийн хөтөлбөрийн нэг гол зүйл нь иргэдээ ажил хөдөлмөртэй байлгах асуудал байдаг. Өнөөгийн Монголд бүх юм болж бүтэхгүй байгаагийн хамгийн гол том шалтгаан бол улс орон маань хэт ядуу байна. Ядуу хүмүүст шаардлага тавих утгагүй ш дээ. Тэдэнд сайхан зүйл яриад ч нэмэргүй. Дэгтэй байлгах гээд бүр ч хэрэггүй. Тэдэнд хайрлах юм алга байна ш дээ. Тийм учраас л улс төрчдийн үйл ажиллагаа энэ 3 сая хүнийг яаж зовоолгүйхэн шиг богино хугацаанд амьдралыг нь өөрчлөх вэ, өөд нь татах вэ гэж бодох ёстой. Түүний төлөө зүтгэх ёстой. Энэ бүхэн чинь манай намын мөрийн хөтөлбөрт цогцоороо тусгагдчихсан байгаа. Орон сууц гэхэд л иргэддээ 25-30 жилийн хугацаатай хүүгүй зээлээр өгье гэж тусгагдсан байдаг.

Бидон,  сав өгч байгаа улс төрчдийг иргэдийг ядуу гэж доромжлосных нь төлөө шийтгэх ёстой

-Тийм боломж бий гэж үү?

-Байлгүй яахав.

-Сонин л юм. Чухамдаа 8 хувийн зээлээс болоод л эдийн засаг элгээрээ мөлхчихлөө гээд байгаа ш дээ?

-Үгүй дээ, үгүй. Дэндүү их импорт хийснээсээ болж эдийн засаг элгээрээ мөлхөх гээд байна. Хамаг мөнгөө гадагшаа зарчихаад байна ш дээ. Өнгөрсөн жил суудлын автомашинд 480 сая доллар, гэр ахуйн цахилгаан бараанд 380  сая доллар, шатах тослох материалд тэрбум 200- гаад сая   доллар, дахиад тэрбум орчим долларыг барилгын материалд, хувцас, хоол хүнсэнд 300 сая доллар зарцуулсан байна лээ. Гурван тэрбум 500-гаад сая доллар ингээд гадагшаа гараад явчихаар бид яаж өөдлөх юм бэ. Тийм учраас л бид бодохдоо баригдсан хэрнээ зарагдаагүй, баахан мөнгө түгжээд сул зогсчихсон байгаа орон сууцуудыг Тавантолгойг зарсан мөнгөөрөө төр худалдаж аваад, тэр байшингуудаа иргэддээ 25 жилийн хугацаатай хүүгүй зээлээр өгчихье, тэгээд үхтэл нь ажиллуулъя гэж үзэж байгаа юм. Ингэвэл өнөө иргэд нь ядахдаа дэг журамтай, бүр нэг иргэн хүн шиг ажлаа хийнэ дээ.

Ер нь бол хаус,  апартмент, пентхаус нийт 500 мянган орон сууц байхад эхний ээлжинд болчихно гэж хараад байгаа. Улаанбаатарт нэмээд 200 мянган айлын орон сууц дахиад барихад болно. Үүнээс илүү хэрэггүй. Дархан, Эрдэнэт, Багануурт 150 мянга л хэрэгтэй биз. Үлдсэн 150 мянгыг нь 18 аймгийн төвүүдэд барьчихъя. Орон сууцууд үйлчилгээтэйгээ хамт байх ёстой. Барилгаа богино хугацаанд хятадуудыг оруулж ирээд бариулчихъя. Монголын барилгын компаниуд юу хийх вэ гэвэл баригдаж байгаа барилгуудын дотоод засал, сантехник, цахилгааныг нь хийнэ. Хятадууд энэ ажлуудыг хийхдээ их муу байдаг.

-Ер нь БНН-ын мөрийн хөтөлбөрийг сонирхъё?

-Боловсрол, орон сууцны асуудлыг дээр шийдчихлээ. Дараагийн нэг асуудал бол хүн амын өвчлөлтийг байхгүй болгох асуудал маш чухал. Монгол хүн доод тал нь 100 насалдаг болох хэрэгтэй. Тийм боломж байна уу гэвэл байнаа. Өнөөдөр элэгний вирусын өвчнүүдийг зүгээр эмээр зуун хувь эмчилдэг болчихлоо. Эсийн түвшинд хүний насыг уртасгах асуудлыг эрдэмтэд бараг үндсэндээ судлаад аргыг нь олчихоод байж байна. Микробиологи, генетикийн салбарт асар их ахицууд гарчихсан байна. Энэ ахиц дэвшлүүдэд тооцоолон бодох мэдээллийн хэрэгслийн хөгжил асар их нөлөө үзүүлсэн. Супер компьютерууд, электрон микроскофууд гарч ирж байна. Электрон микроскофоор авсан зургийг боловсруулж байна. Хүний хийж чадахгүй зүйлсийг супер компьютерээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл ололт амжилт арифметикийн прогрессоор урагшилж байгаа. Ийм зуунд амьдарч байж бид бид үхэхгүй юмаар үхэж байна. Монгол хүн бараг бөөсөндөө тээглэж үхэж байна ш дээ. Бөөс гэдэг бол хамгийн энгийн биет, эгэл нэгэн шавьж шүү дээ.

Хэрэв төрийн бодлого хүн амыг яаралтай эрүүлжүүлж, урт удаан амьдрах тал дээр анхаарах л юм бол зуу наслах энгийн үзэгдэл болчихоод байна. Манай нам иргэдээ зуун наслуулах хөтөлбөрийг боловсруулаад бараг дуусч байна. Мөрийн хөтөлбөрт чухал байр суурьтай байгаа. Магадгүй 20 жилийн өмнө бол Буянгийн Жагаа бурж байна, худлаа фантаазалж байна гэж манай иргэд хүлээж авах байсан байх. Өнөөдөр бол тэгж хүлээж авахгүй байх гэж би итгэж байна. Учир нь миний одоогоос 10, 20 жилийн өмнө хэлж байсан олон зүйлс өнөөдөр биеллээ олсон. Бодит болсон. Лизингээр нэг нэг жамбий машин авч унахыг хүртэл би хэлж байсан юм шүү дээ.

За тэгэхээр зуу наслах олон зүйлээс хамаарнаа. Нэгдүгээр алхам, бүх  иргэд жил бүр эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдах ёстой. Хоёрдугаар алхам, богино наслахад хүргээд байгаа шалтгаануудаа засах ёстой.

-Жишээ нь?

-Яагаад хүмүүс ийм богино наслаад байгаа юм бэ? Нэгд, халдварт өвчин вирус тээгчид болчихжээ. Хоёрт, асар их хэмжээний архи ууж байна. Гуравт, биеийн хүчний хөдөлмөр, хөдөлгөөн үгүй болчихжээ. Дөрөвт, экологи ялангуяа хот суурин газруудын экологи асар бохир байгаа учраас эндээс асар их хордолт авч байна. Тавд, асар муу чанарын хоол хүнс идэж байна. Дээр нь сэтгэл санааны доройтол, ядуурал гээд бүхэлдээ энэ нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх асуудалтай иргэдийн эрүүл мэндийн проблем, богино наслалт шууд холбоо хамааралтай болчихоод байна л даа. Товчхондоо иргэдээ зуу наслуулах хөтөлбөр дотор энэ улс орныг хөгжүүлэх, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх бүх зүйл багтаж байгаа гэж болно.

Ойрын арван жилд жил бүр иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь иргэний үүрэг гээд энэ үзлэгийг үнэгүй шийдэж өгнө. Тэгж байж бид чухам ямар өвчлөл их байгаа статистик мэдээллийг гаргаж түүндээ үндэслэж нийтлэг халдварт өвчнүүдээс ард иргэдээ салгаж авна.

Дараачийн асуудал иргэдийг олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх боломжоор хангах ёстой. Зөвхөн мах гурил идээд эрүүл мэндээ хамгаалж чадахаас бид өнгөрчихөөд байна. Сүүн бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглэгдэг болъё. Дээр нь иргэдийн ахуйн амьдралын соёлжилтын асуудал байна. Гараа угаадаг, ариун цэвэр сахидаг, гэр орондоо ариун цэвэрч амьдардаг болмоор байна.

 Дараачийн асуудал ажлын байрууд бий  болгоё. Хүн ажилтай болчихвол стресс нь багасдаг юм шүү дээ. Ингээд орон сууцны асуудлыг нь шийдээд өгчихвөл энэ улс орон хичнээн сайхан амьдарна гээч. Ингэж хөгжиж байгаа Скандинавын орнууд байна ш дээ.

Цаашилбал мөнгө хүүлдэг тоглоомыг бид нар арчиж хаяна. Банкуудын зээлийн хүү дэндүү өндөр байна. Мөнгө ёстой хүүлж байна. Нийгмийн баялаг бүтээсэн юм байхгүй, цаасыг цаасаар л өсгөөд байна. Яг ингэж мөнгө хүүлж байгаад 1934 онд Германы эдийн засаг асар инфляцид унаж хямарснаас болоод Гитлер гэдэг хүн гарч ирээд дэлхийн II дайн болсон. Тэгээд тэр мөнгө хүүлэгчдээ бүгдийг нь шоронд хийж, зууханд хийж шатаасан юм ш дээ. Энэ мөнгө хүүлдэг асуудлыг бид цэгцлэх цаг болсоон. Үүнийг БНН мөрийн хөтөлбөртөө маш сайн оруулж байгаа.

Одоо жаахан  бодит эдийн засаг, бодит тогтолцоо руугаа явах цаг болсон. Нэгдүгээр ээлжинд орон сууцжуулах асуудлыг яаралтай шийдээд иргэддээ 25-30 жилээр зээлээр өгчихвөл дараагийн ээлжинд за одоо найз нараа ажил хийцгээнэ ээ, дэг журамтай байя гэж хэлэхэд арай бодитой, боломжтой болно. Ажил хийхийн тулд хүнсний хөнгөн хүнд үйлдвэрүүдийг бий болгох хэрэгтэй. Энэ үйлдвэрүүдээ ашигтай ажиллуулах асуудал. Хүнсний ногоо,  махан бүтээгдхүүнийг импортоор оруулж ирэхээ болье. Хуулиар хоръё. Зөвхөн өөрсдийнхөө л юмыг хэрэглэе. Гэхдээ хангамжийг нь нэмэх хэрэгтэй. Үйлдвэрлэл, нийлүүлэлтээ нэмэхгүй бол өнөө төмс чинь алтнаас ч үнэтэй болоод эхэлнэ. Тиймээс үүн дээр бүхэл бүтэн цогц арга хэмжээнүүд авъя гэж бодож байгаа. Тэгээд улсын хүнсний аюулгүйн нөөцийн агуулахууд бий болгоё. Жил болгон улсаас мөнгө гаргаж малчдаас мах, сүүн бүтээгдэхүүнийг нь худалдаад авчихдаг болмоор байгаа юм. Ногоочдоос шууд ногоог нь худалдаад авчихдаг болмоор байгаа юм. Улс ногоо худалдаж авдаг боллоо гэхээр бүгд мөнгө олох гээд ногоо тариад, гурилаа үйлдвэрлээд гүйдэг юм байгаа биз дээ. Ингэж дотоод худалдаагаа замбараатай болгоод, хэн дуртай нь хилээр хог оруулж ирэхийг багасгачихвал үндэсний үйлдвэрлэл сэргээд нөгөө жил бүр гадагш урсаад байгаа их мөнгө нь дотооддоо эргэлдээд эдийн засаг сэргэдэг юм байгаа биз дээ.

-Товчхондоо нийтээрээ баяжъя, чинээлэг больё, түүнийгээ дагаад бүгдээрээ боловсролтой, хариуцлагатай больё тэр боловсролоороо дамжуулаад дэлхий ертөнцийг удирдъя гэж БНН, БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө уриалж байна.

-Та ер нь новширч байхаар Ерөнхийлөгчид нэр дэвшчихээч?

-Тэгж С.Ганбаатарыг гомдоож яах нь уу. Энхболд нарыг гомдоож яах нь уу? Юманд чинь бас оочер дугаар гэж бий.

-Та чинь одоо нас сүүдэр 57 хүрчихэв үү?

-Нас сүүдэр гайгүй ээ. Тавин долоо  хүрээгүй ээ, 37 хүрч байнаа. Үрчлээ мүрчлээ бол лав л  Ц.Нямдоржийн хажууд маяг байгаа биз дээ. Нямдорж ёстой аймшиг байна лээ.

-Та хоёр чинь насны зөрүү хэд юм бэ?

-Надаас хоёр гурав ах аа. Тэгэхэд би чинь бас ч гэж арай л залуу байгаа биз дээ. Үрчлээ мүрчлээ харьцангуй гайгүй ш дээ.

-Та улс төрчийнхөө өөрийгөө хувьд хэр хашир сууж, том болсон гэж боддог вэ?

-Хэсэг дуугүй байснаа/ Энийг бичээд хэрэггүй биз дээ. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад би нэг  сонгуульд үзээд гарсангүй. Тэр чинь хэдэн он билээ, Сонгинохайрхан дүүрэг. Тэгэхэд тэндээс С.Оюун гарсан. С.Оюун тэнд очоо ч үгүй, сонгогдоо ч үгүй. Нэг ийм гурван настай хүүхдийн жийнснүүд тараасан байсан. Тэгэхэд үнэндээ бол би гарсан юм. Гэхдээ С.Баяр, Н.Энхбаяр хоёр ярьж байгаад Б.Жаргалсайханыг гаргаж болохгүй шүү гэж тохиролцсон байсан. Цаадахийг чинь гаргачих юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд явчихнаа гэж харцгаасан л даа. Тэр үед Н.Энхбаяр дахиж Ерөнхийлөгч болно, С.Баяр нь Ерөнхий сайд болно гээд хоорондоо тохирчихсон байсан. Тэгээд л намайг гаргахгүйн тулд улайм цайм С.Оюуныг гаргаж байхгүй юу. Ёстой улаан цагаан луйвардаж, хааж байгаад гаргасан даа. Дараа нь дахиад сонгууль боллоо. Манай Р.Гончигдорж гуай “хөөх тэр Жагааг гаргаж болохгүй шүү, гарах юм бол бол цаадахтай чинь хэл ам олоход хэцүү, тохирохгүй шууд Ерөнхийлөгчийн сонгуульд яваад өгнө. Эдний намаас нэг ч хүн гаргаж болохгүй” гээд л хасч байсан. Шалтгааныг нь одоо ойлгосон уу?

-Улс төрчид таниас их айдаг юм байна, тийм үү?

-Надаас айх биш ээ. Миний хэлсэн ярьснаас их эмээдэг юм билээ. Үйл явцыг үнэн  бодит байдлаар нь хэлчихдэгт хэрэг байгаа юм. Сонгуулийг луйвардчихаад байна шүү дээ. Тийм учраас иргэд сонгуульд ухамсартай, хариуцлагатай оролц оо гээд байгаа юм. Саналаа өгснийхөө дараа дүн гартал сонгуулийнхаа хороог тойроод, ажиглаад байж бай. Тэгвэл сонгуульд булхайцаж чадахгүй шүү дээ.

Миний хувьд өнөөгийн нийгмийн хөгжлөөс түрүүлж яриад, хүмүүс хойноос нь удаан ойлгоод байгаад л асуудал байгаа юм.

-Дээр нь та популизмын өгөөш болохоор, хар масст таалагдахааргүй ярих юм. Улс төрчид бол бусдад таалагдахын тулд л тэдний дуртай дууг дуулж өгөөд байтлаа ядуу дээр нь дөрөөлөөд бидон сав тараагаад байна шүү дээ. Та нэг удаа таалагдах гээд үзээч?

-Одоо иргэд тийм юманд хууртахаа больчихсон доо. Хүн болгон ухаалаг утас, компьютертэй болчихсон байна. Хүн болгон мэдээллийг шуурхай, бодитоор авч байна. Тиймээс хэр баргийн юманд хууртахаа больсон. Одоо сонгуулийн тойрог дээр очоод С.Оюуны гурван настай хүүхдийн жийнсийг 30, 40-тэй залууд өгвөл яах вэ? Өөдөөс шиднэ биз дээ? Одоо тийм юманд хууртагдахгүй байх оо. 

-Юун 3 настай хүүхдийн жийнсэн өмд, нүүрс, бидон сав, бүр мотоцикл машин тараах нь дутуу байгаа юм биш үү?

-Яах вэ, хөөрхий О.Магнай гарчихья л гэж бодож байгаа байх. Жаахан нүүрс тараасан байна лээ. Нөгөө Баянхонгорт дэвших хэн билээ, бидон Ганбаа хэдэн бидон тараагаа л биз. Тэглээ гээд иргэд саналаа өгч сонгохгүй байх аа. Эрх биш бидон сав моодноос гараа байлгүй. 25 жил бидний толгой эргэлээ. Одоо эргээ нь гарч байгаа гэдэгт итгэж байна. Уг нь бол тэр юм тарааж байгаа хүмүүсийг тэр тусам нь сонгохгүй байж шийтгэх ёстой юм байгаа ш дээ. Юм өгч байнаа гэдэг чинь чи ядуу, би баян учраас би чиний эрх чөлөөг чинь сонгуулиар дамжуулж худалдаж авч байна гэсэн санаа шүү дээ. Ийм доромжлолын хариуд шийтгэх ёстой.

-Сайхан амьдарья, амьдралаа өөрчилье гэж бодож л байгаа бол одоо сонголтоо өөрчил. Байдгаараа байя гэвэл нөгөө л хулхи данзангуудаа, нөгөө л арвин, харвингаа сонго. Лүндээ өвөө эмээгээ сонго. Харин амьдралд чинь ямар ч өөрчлөлт, шинэ юм гарч ирэхгүй. Уг нь хүн чинь энэ хорвоод шинэ өглөө, шинэ юмны төлөө амьдардаг биз дээ.

-Гэхдээ л ингэж ярих арай эрт байх. Мэдээж сонгогчдын боловсрол, чиг баримжаа өөрчлөгдсөн байх. Гэхдээ л улс төр бол улс төр, ард түмэн бол ард түмэн. Та бусдад таалагдах л хэрэгтэй болно байх?

-Би тэгээд таалагдах гэж байгаа нь энэ гээд Гүнбалай шиг дуулах уу? Би тэгэхгүй. Та нар Гүнбалайгаа сонго. Миний толгой мөрөн дээрээ байгаа цагт, мэдрэл арай муудчихаагүй байгаа үедээ би дуулахгүй. Энэ бол том эмгэнэл шүү. УИХ чинь хууль санаачлах, батлах, хуулийн мөрдөлтөнд хяналт тавьдаг газар болохоос сайхан хүүхнүүдийн “мода” үзүүлдэг газар биш шүү. Тэр сумо бөхийн дэвжээ биш, сайн дурын уран сайханчдын цуглуулга ердөө ч биш. Одоо бид улс төрд, төр улсдаа ёс суртахуунтай хандах цаг ирсэн. Үгүй бол энэ улс орон чинь баларлаа. Байдгаа барлаа.

-Ингэхэд та хүүхдүүдээ хаана боловсруулж байна? Ямар мэргэжилтэй болцгоож байна вэ?

Англи,Герман, Америкт сурч байна.

-Таны мэргэжлийг өвлөх  хүн байна уу?

-Байгаа байгаа. Эрэгтэй хүүхдүүд бол өвлөнө ш дээ. Эрэгтэй хүүхдүүдээ илүү шинжлэх ухаан технологи руу яв гэж хэлж байгаа. Менежер гэж нэг ямар ч хэрэггүй, худлаа хий хоосон ярьдаг, боловсролгүй хүмүүсийн эзэмшдэг нэг мэргэжил байнаа, тийм ээ.

-Та хэдэн хүүтэй юм бэ?

-Гурав.

-Нөгөө орос хүүтэйгээ холбоотой байгаа юу?

-Байгаа, байгаа.

-Эхнэр авчихсан уу?

-Аваагүй байгаа. 

-Эрлийз  хүүхдүүд потенциалын хувьд илүү чадварлаг байдаг гэж үнэн юм болов уу?

-Тэр худлаа байх аа. Тэгж бодохгүй байна. Сайн ээж, сайн ааваас л сайн хүүхэд гардаг байхгүй юу. Аав нь архи уугаад л байх юм бол хүүхэд нь гарсан хойноо аав аа надад сүү биш пиво авчраад өгчих өө, би сүүний оронд хөхье дөө гэж хэлдэг юм. Тийм учраас залуучууд зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч болохгүй. Авгай нөхөр авна, амьдрал зохионо, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг үлдээх хүүхдүүдтэй болно гэж бодож байгаа бол аав эрүүл сэтгэж, эрүүл амьдрах хэрэгтэй. Согтуу хүнээс согтуу л хүүхэд гарна. Ном унших дургүй хүнээс ном унших дургүй л хүүхэд гардаг. Хулгайчийн хүүхэд хулгайч л болдог байхгүй юу даа. Ээж аав нь хулгайч бол хүүхдийнх нь гар нь загатнасан юм гардаг ш дээ. Тийм учраас л бид амьдралдаа хариуцлагатай байх хэрэгтэй болдог юм шүү дээ. Таны энэ амьдралд олж байгаа мэдлэг боловсрол, ёс суртахуун чинь зуун хувь хүүхдэд чинь дамжина. Үүнийг шинжлэх ухаан 100 хувь нотолчихсон.

-Та ингэхэд мэргэжлээрээ ажиллаж үзсэн үү?               

-Үгүй чишш. Ерэн он мон болоод юун мэргэжил.

-Сансрын физикч мэргэжил, оюутны он жилүүд танд юу өгсөн бэ?

-Маш өргөнөөр амьдралыг харахад тус нэмэр болсон. Шинжлэх ухааныг мэдэхгүй хүн сохор, дүлийтэй адил. Өнөөдөр залуус англи хэлтэй болчихвол болоо гэж бодох юм. Шинжлэх ухааны үндсэн суурь онолыг үзэж, судлах хэрэгтэй. Энэ их чухал шүү.

-Хэрвээ та өнөөдөр их сургуульд сурах мэргэжлээ сонгохоор бол ямар сонголт хийх вэ?

-Физикч байж болох юм. Микробиологич байж болох юм.

-Танд амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе байсан уу?

-Байхгүй. Мухардана гэдэг их мулгуу эрийн л ажил байх.

-Та хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?

Муу ээжийгээ гаргахад л уйлсан даа. Миний ээж ямар сайхан хүн байж вэ. Хорвоо дээр бурхан гэж байдаг бол ээж минь байж. Энд хийх ёстой бүх зүйлээ хийчихээд ээж минь явсан даа гэж бодогддог. Таван хүүхэд өсгөлөө. Хүүхдүүд нь бүгдээрээ энх саруул, хариуцлагатай бол хариуцлагатай хүмүүс болж өссөн. Ээж минь энэ хорвоо дээр багыг идэж, багыг хэрэглэх зорилго тавьж амьдарч байсан. Надаас нэг ч төгрөг авдаггүй байв. Зөвхөн өөрийнхөө тэтгэврийн мөнгөөр, зөвхөн өөрийнхөө ажиллаж олсон мөнгөөрөө хувцас хунар, хүнсээ авдаг байсан. Тэгж явсаар байгаад дууссан даа....

Би өөрөөс чинь нэг юм асууя. Намбарын Энхбаяр гээд нэг хүн байдаг даа. Бид хоёрын хэн нь илүү аз жаргалтай амьдарч байна гэж чи бодож байна?

-Мэдээж та.

-Хүн зарчимтай, замбараатай байх нь зөв юм аа гэдгийг л хэлэх гэж энэ хүний жишээг татлаа. Хамгийн нийтлэг, нийт олноороо мэдэх жишээ учраас шүү. Нэгэн цагт хаан мэт байсан тэр хүн одоо ямархуу зүс царайтай, ямархуу юм явж байна вэ. Энэ ертөнцийн бүх зүйл цаг хугацаатай, өгөө аваатай, хэмжээтэй байдаг байхгүй юу. Энэ дунд хүн хаана ч очсон нүүр бардам байна, тэргүүн дээгүүр байна гэдэг хамгийн үнэтэй, сайхан зүйл. Энэ бол хамгийн том нэр төр. Хүнд нэг их юм хэрэггүй байдаг. Харж байгаа биз дээ, энэ аягатай хоолноос би гурав л савхдлаа. Барах бүү хэл бараг гурав хоног идэхээр хэмжээтэй юм үлдлээ.

-Та ёс суртахуунтай хүн мөн үү?

-Ядаж би ёс суртахуунтай байх гэж их мөрөөдөж, хичээдэг юм.

-“Ийгл” телевизийн сэтгүүлчийг шанаадсан нэг явдал байна. Тэгэхэд ард түмнээс ёс суртахуунгүй гэдэг үнэлгээ авсаан?

-Наадхыг чинь би худлаа үг гэж бодож байна. Твиттер, фэйсбүүкээр тавьсан бичлэгийг 300 мянга гаруй хүн үзсэн байна лээ. Үзсэн  хүмүүсийн 90 хувь “Жаргалсайханы  зөв”, “Наад хэд чинь мөн ч их далбиганаад байсан юм” гэж бичсэн байсан.

Ер нь албаны шугамаар телевиз дээрээ хүн дуудаж авчирчихаад элдвээр загнаж доромжлох нь өөрөө ёс суртахуун мөн үү? Би тэр телевизийн ажилтан биш, би нэвтрүүлэгч  биш. Харин би ямар ч нөхцөлд хэвлэл мэдээллийнхэн надад хандахад хэзээ ч татгалзсан хариу өгч байгаагүй юм шүү. Ярилцлага өглөө гээд мөнгө нэхдэггүй. Миний ярилцлага өгсөн сонин, сэтгүүл тэр өдрөө л зарагдаад дуусдаг.

“Ийгл” телевизийг бол анх байгуулагдсан цагаас нь хойш дуудах болгонд нь ажлаа хаяад, цагаа үрээд очдог байсан. Энэ миний тэдэнд үзүүлж буй хүндэтгэл. Гэтэл яагаад нэг удаа намайг уучилж болдоггүй юм бэ. Хоцорч очсон нь миний буруу. Гэхдээ нөхцөл байдлыг ойлгоод нэг удаа цагаа хойшлуулаад зохицуулж болноо доо.

Дээр нь би камерын өмнө тэр залууг мангасдаагүй. Тэд нууцаар тэр бичлэгийг авч олон нийтийн сүлжээгээр цацсан байсан. Өөрсдийгөө өрөвдүүлэх гэж. Энэ чинь харин жинхэнэ ёс суртахуун биш юм биш үү. Тэр залууд “Одоо болио” гэж зөндөө хэлсэн. Дараа нь Л.Гүндалайгаар намайг “хийх” гэж оролдсон. Тэр ч яахав, Шагай гэж нэг хүн бий, Батболд нарын улс төрчдийг шүүмжилсний төлөө хариуд намайг доош нь хийх гээд аазгай нь хөдлөөд байсан юм. Намайг урьчихаад Л.Гүндалайг гэнэт оруулж ирж байгаа байхгүй юу. Надад Л.Гүндалайг ирнэ гэж хэлээгүй. Тэгсэн нөгөөх нь сагсаганаад л, толгойгоо далбилзуулаад хичнээн их маягласан. Энэ хүн намайг өдөж байна аа гэж би мэдсэн. Нэвтрүүлэг дуустал арзаганаг, маяглаг гэж би бодсон. Телевизийн эфирийн өмнө би өөрийгөө хэрхэн авч явахаа мэднэ л дээ. Надад тэр хэмжээний ёс суртахуун бий.

Ингээд нэвтрүүлэг дуусаад нөгөө залуу хамгийн сүүлд нь босч явахдаа намайг доромжилж эхэлсэн. Би бас хүн шүү дээ. Хэдэн насаар ах юм болохоороо тэр бацааныг мангасдахтайгаа шүү дээ.

-Тайзны ард ухамсрын шанаа өгсөн хэрэг үү?

-Шанаа биш ээ, зүгээр мөр рүү нь л түлхсэн юм. Тэрнээс цохиод авбал тэрнээс юу үлдэхийн.

-Ёс суртахуун гэж юу юм бэ, таныхаар?

-Хариуцлагатай, хувийн соёлтой, мэдлэг боловсролтой, даруу төлөв  байхыг хэлэх юм болов уу.

-За тийм байж. Ингэхэд “Хангай” зочид буудлынхаа талаар  яриач. Тухайн үед таныг нэг онгоц өдөн куртикээр худалдаж авсан гэж ярьдаг юм билээ, үнэн үү?

-Өнөөдрийн ханшаар бодох юм бол 5 сая доллараар худалдаж авсан. Хотын захиргаанаас дуудлага худалдаагаар, хайрцагтай мөнгө аваачиж өгөөд авсан.

-Тэгээд яагаад балгас болгочихоод байгаад байгаа юм? Ашиглалтанд оруулаач. 

- Балгас болгочихоод байгаа юм биш. Нэг хэсэг газрын маргааны асуудал саад болсон. Одоо маргаан шийдэгдсэн. Одоо  өргөтгөл хийгээд янзлах төслөө ажил хэрэг болгох гээд  явж байна. Михайл чинь бас тэнэг биш байна ш дээ, барилгын материалын үнэ, ажлын хөлс, цемент арматурын үнэ буухаар  барьж эхлэе гэж бодох юм.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд улам их амжилт хүсье! 

Ярилцсан М.Уранчимэг

Э.Болорхажид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (16)

  • Зочин
    Harin ch uhaantai hun shuu
    2016 оны 06 сарын 17
  • Eoeo
    Jagaa gej ene soliotoi hunii yariag amitan hunii doog tohuu bolgoj tavisan bna. Jagaa shig iim galzuu hun baga baigaasai gej zalbirya daa. Heleh ug alga
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Harin ch uhaantai hun shuu
      2016 оны 06 сарын 17
  • Zochin
    Jargalsaihan tatvar gej yu ch tulduggui hun dee yos surtuhuun gej bna uu ene hund ta nar yu gej bodood bna ve
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • sfmbhxm
    bambaalai
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин
    OYU TOLGOIG DELHIIN BAYLAG GEJ HYTSDAG HALTAR SHY DE RIO TINTOGIN BYYNI NOHOI
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин
    unen ug yaridag hun amjilt husie
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • irgen
    Жаргалсайхан гуайд дайх хэдэн үг байна. Та тэр Зайсангийн Энхжин хотхоны үүдэнд хууль бусаар хүний дэд бүтцээс хулгай хийж бас нэг балгас хийж орхиод 3 ж ил боллоо, тэрийгээ засч янзлаачээ Ясан толгойтоо, энд тэнд балгас хийгээд яваад байх юм, мид Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох газарт хандана шүү. худлаа ярихаас цаашгүй, хийж бүтээсэн юмгүй худал шүүмжлэгчид итгэхгүй байна за.
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • МОНГОЛ
    нЭЭРЭЭ ҮНЭН ХЭЛЖ БАЙНА..ОЮУН ГИШҮҮН ДУУГҮЙ СУУЖ БАЙГААД 4 ЖИЛЭЭ ДУУСГАЛАА
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • haha-d
    chi dandaa untaa maidardag yum uu.Jagaa ad bolood l unen ug yariad yavj baidag.tanii minii bidnii ireeduin toloo nervteed yavj baina.businessee hoogood yavbal yavah l bsan.ih bayan hun.yaduu setgelgeenees ali et salsan hun l mongoliin toriin toloo unench zutgene,yag Jagaa shig.bi tuuniig hezeed 100 demjine.unen ug hatuu sonsogdono.asrahad osoogui shuu bid.ugjnii uls bolmoorgui baina.Afrikiin yaduu oron shig.Jagaa mongoliin tord mash ih heregtei.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • bambaalai
    teso
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • zochin
    Ooriihoo ajilchidiig ystoi baga ochuuhen tsalin ogch ajiluuldag hun ard tumeniig hairlaj chadahuu ehleed uoldvertee bool sjig ajildag bas hodolmoriin holsnii dood hemjeegeer ajiluuldag humuusee anhaar daraa tom yum yri za
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин
    Загнах биш зөв хэлж бна эргүү дагзнуудаа
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Ter nevtruulegch hen be ? Mangastah ch bagadna.
    2016 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Bi huvidaa hundeldeg.
    2016 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин
    мундаг гоё ярилцлага байнаа хааяадаа ч гэсэн ийм нүнжигтэй ярилцлага тавьж байвал зүгээрсэн дээ
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • Haha
    Songuuli duhuhleer l ene uvgun genet garch ireed l zagnaad ehleh uym daa..
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025