Манба Дацан зөвлөж байна
2016/03/25

Өвөл хуримтлагдсан бадганыг хавар бөөлжүүлж цэвэрлэснээр хавдраас сэргийлж болно

Буддизмд суурилсан Монголын уламжлалт анагаах ухааныг буй төрхөөр нь авч үлдэж орчин цагтай хөл нийлүүлэн хөгжүүлж буй “Манба Дацан” эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн зөвлөгөөний буланг нээж, 3 дахь цувралаа танд хүргэж байна. Хүн од гаригсын эрхшээл дор төрж, тэр л од гаригс дор бие бардаг учраас бидний бие махбодь, эрүүл мэнд байгаль эх, байгалийн эхийн өөрчлөлт, од гаригсын шилжилт хөдөлгөөнтэй амин холбоотой байдгийг энэ удаагийн зөвлөгөөнөөс та ойлгох болно. Мэдээж юм л бол тайрч огтолно гэдэг, сав л хийвэл антибиотикээр бөмбөгддөг, энэ нь ердөө тухайн өвчний шинж тэмдгийг л дарах зориулалттай, болоогүй хажуу хавиргынхаа эрхтнүүдийг өвчлүүлж орхидог европ эм, эмчилгээ 21-р зуунд улам бүр моодноос гарч, соёлт хүн төрөлхтөн байгаль эх, ургамал шүтсэн, алив өвчнийг язгуураар нь, цогцоор нь эмчилж илааршуулдаг дорнын уламжлал анагаах ухааныг эрхэмлэх болсныг энд хэлээд илүүц биз ээ. 

Хаврын улирлыг Монголчууд ядаргааны улирал гэж ойлгодог. Энэ хэр бодиттой тодорхойлт вэ? Энэ үед бид эрүүл мэнд, бие махбодь тал дээрээ юуг чухалчлан анхаарах ёстой вэ? 
Хаврын улиралд бие махбодь туйлдаж, ядардаг нь үнэн. Учир шалтгаан нь нар, сар, гариг эрхэсийн шилжих хөдөлгөөнтэй холбоотой бүх сав ертөнцөд өөрчлөлт ордог. Өвлийн улиралд нарны хүч багасч, сарны хүч ихэсдэг бол өвлийн дунд сараас эсрэгээрээ сарны хүч багасч, нарны хүч аажмаар ихэсдэг. Сарны хүч туйлдаа хүртэл ихэссэн байх үед хүний биеийн махбодийн эрч хүч, бодисын солилцоо алдагддаг. Иймээс өвлийн дунд сараас бие махбодийн чанар аажмаар буусаар зуны дунд сар хүртэл эцэж ядарсан байдаг. Түүнээс гадна шар усны сүв аажмаар нээгдсээр зуны дунд сар хүрэхэд дээд цэгтээ хүрдэг. Шар усны сүв нээгдснээр дотоод галын илч гадагшилна гэсэн үг. Цонх онгойлгоход сэрүүн агаар орж орж дулаан гадагшилдагтай адил. Энэ нь мөн л бидний бие махбодид өөрчлөлт үзүүлж байдаг. 
Ер нь хаврын улиралд зөвхөн хүн төдийгүй ургамал, амьтан, ерөөс амьтай бүхний хүч буурдаг. Малын мах хүртэл шимт чанараа алддаг гэсэн үг. Товчхондоо бүхий л ургамал амьтадын дотоод мөн чанар шим тэжээл муутай болдог улирал. Хаврын эхэн саруудад, ялангуяа луу, могой сард бие махбодийн доройтол туйлдаа хүрдэг. Бидний өвөг дээдэс намар үүцэлсэн махаа хавар буюу яг энэ цаг улиралд гаргаж иддэг байсан нь ийм учиртай. Өдөр уртасч, шөнө богиносож байгаа учир дөнгөж төрсөн эхчүүд, хөгшид настнууд, бие сул, тамир тэнхээ муутай хүмүүс өдрийн цагаар унтаж, амарч байхыг эрхэмлэх хэрэгтэй. 
Мөн галын илч гадагшилдагтай холбоотой ходоодны үйл ажиллагаа муудаж, өвөл нь хий бадган хурж, дүүрсэн ходоод, уушги зэрэг эрхтнүүдэд нөлөө үзүүлж эхэлдэг. Хий, бадган ихэсдэг улирал учраас хэмжээ бага, тослог шим өндөр, бүлээн чанарын хоол хүнс хэрэглэхийг зөвлөе. Энэ улиралд зайлшгүй хийх ёстой нэг эмчилгээ бол өвөл хуралдсан хий бадганыг гадагшуулах зорилготой бөөлжүүлэг эмчилгээ гэж бий.
-Бөөлжүүлэг эмчилгээ гэдэг нь? 
Нэг ёсны бие махбодийн цэвэрлэгээ гэж ойлгож болно. Ер нь уламжлалт анагаах ухаанд 3 төрлийн цэвэрлэгээ байдаг. Бүгд өөр өөрийн хийх улиралтай. Хаврын улиралд бөөлжүүлгээр цэвэрлэгээ хийдэг нь ходоодонд хурж арвидсан бадганыг эмийн ургамлын тусламжтайгаар бөөлжүүлж гадагшлуулж байгаа хэрэг. Ингэсэнээр биеийн галын илч нэмэгдэж, бодисын солилцоо сайжирна. Ялангуяа утаан дунд өвөлждөг Улаанбаатарчуудын хувьд хийлгэх ёстой цэвэрлэгээ. 
-Хориглох заалт бий юу? 
-Байнаа. Насны хязгаартай, 16-аас доош, 70-аас дээш насныхан мөн хэт тамир муутай, ходоодны шарх, хавдартай хүмүүст хориглодог. Цаг хугацааны хувьд яг одоо буюу болж өгвөл 3-р сардаа багтааж хийлгэвэл өндөр үр дүнтэй. 
Хаврын улиралд бөөлжүүлгээр цэвэрлэгээ хийчихлээ. Нөгөө хоёр цэвэрлэгээний тухайд? 
Өвөл бадгана хуримтлагддаг бол одоо хий хуримтлагдах улирал. Үүнийг зуны дунд сар буюу морь, хонь сард гадагшуулж цэвэрлэнэ. Хийг олгой буюу бүдүүн гэдсэнд хуримтлуулж доод биеэс буюу шулуун гэдсээр туулгаж гадагшуулдаг. Зун нь шар хуримтлагдах улирал учраас намар мөн л эмийн ургамал, тангийн тусламжтайгаар туулга хийж гадагшлуулдаг. Ийм гурван төрлийн цэвэрлэгээг улирал улиралд нь хийлгэчихсэн байхад хүний биед хорт бодис хуримтлагдахгүй, янз бүрийн хавдаруудаас бүрэн сэргийлнэгэж үздэг. Ер нь илүүдэл зүйл, хорт бодисууд биед хуримтлагдах нь хавдар үүсэх нэг гол шалтгааншүү дээ. 

Хавар хий арвиддаг улирал учраас сэтгэцийн өвчнүүд сэдэрдэг
Тэгвэл хаврын улиралд эмчилж сувилвал өндөр үр дүн үзүүлдэг өвчин эмгэг гэж байдаг уу? 
Ходоод, уушги,тархи нугас, мэдрэлийн өвчнүүдийг эмчлүүлэхэд өндөр үр дүнтэй. Түүнчлэн халуун хуурай улиралд элэгний өвчлөл, янз бүрийн халдварт өвчнүүд эдгэрэх магадлал илүү сайн байдаг. Хаврын дунд сараас зуны эхэн сар хүртэл хий арвиддаг учраас сэтгэл санаатай холбоотой өвчлөлүүд ихээхэн сэдэрдэг. Үүнийг урьдчилж эмчилбэл сэдрэхгүй, өвчлөхгүй байж болно. 


Хий гэснээс зүрхний хий гэж европ анагаах ухаанд оношлогддогггүй өвчин байдаг юм байна. Энэ юунаас үүсдэг эмгэг вэ? Түүнчлэн хэрхэн эмчилбэл үр дүн үзүүлж, илаарших вэ? 
Зүрхний тухайд хий махбодийн оршдог чухал эрхтэн. Яагаад гэвэл амин судас нь хоосон шинж чанартай, амин судас нь зүрхтэй шууд холбоотой. Энэ билэг чанараасаа болоод хамгийн түрүүнд ясанд өөрчлөлт өгдөг. Дараа нь сонсголын эрхтэн чихэнд өөрчлөлт өгнө. Дараа нь зүрхэнд өөрчлөлт өгдөг. Зүрх бол сэтгэлийн том орон. Зүрхний хий хямрах гол учир шалтгаан нь сэтгэлтэй, ялангуяа сэтгэл гутралтай холбоотой. Сэтгэлийн уй гашуу, сэтгэл гутралыг өөртөө хэзээ ч бий болгож болохгүй гэсэн үг. Сэтгэл гэдэг жолоогүй эрхтэн, тиймээс хазаарлаж, барьж байх нь чухал. Түүнээс гадна хоол ундны зохицол, цаг улирлын байдал ч нөлөөлдөг. 
Тэгвэл бөөрний хийн тухайд? 
Гол орон нь зүрх болохоос ер нь хий оршдоггүй эрхтэн гэж байхгүй. Алив өвчний шалтгаан хий, шар, бадган гэсэн гурван биеийн билэг чанар өөрчлөгдсөнтэй холбоотой байдаг. Бүгд өөр өөрийн өвөрмөц онцлогтой, голлож орших эрхтэнтэй тухай өмнө нь тодорхой ярьж байсан. Хийн тухайд ялангуяа хүйтэн шинж чанартай эрхтнүүд голлож оршдог. 

Эх сурвалж:www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • dalhaa
    dundad zuund ingedeg baisiishd ee
    2016 оны 03 сарын 27 | Хариулах
Сонин хачин