Бид энэ дугаараас эхлэн Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв “Манба Дацан”-тай хамтран эрүүл мэндийн зөвлөгөөний буланг бэлтгэн хүргэж байхаар боллоо. Бидэнд Америк улс төдөн хүн амтай, тийм ерөнхийлөгчтэй гэхээс илүү хуулийн болоод эрүүл мэндийн боловрол хамгаас чухал. Ханиад тусмагц ампициллин ууж эсвэл толгой өвдөхөд уг шалтгааныг нь эмчлэхийн оронд цитрамон уудаг, уухыг зөвлөдөг бидний нийтлэг буруу зуршил л нийгмийн эрүүл мэндийн боловсрол хэр муу байгааг олон тайлбаргүй тодорхойлно. Нөгөө талаар шинжлэх ухаан, технологийг шүтэн хорьдугаар зуун ард хоцорч, шинэ зуун гарснаар алив өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд уг шалтгааныг нь анагаан илааршуулах зэрэг шинэ чиг хандлагууд энэ салбарт хүчээ авч байна. Шулуухан хэлэхэд уламжлалт анагаах ухаан илүү үнэлэгдэх цаг иржээ.
Мэдээж уламжлалт анагаах ухаан, европ анагаах ухаан хоёрт аль алинд нь сайн болоод сул талууд бий. Буддизмд суурилсан уламжлалт анагаах ухаан алив өвчний уг суурь шалтгааныг илрүүлж, язгуураар нь эмчлэхдээ бие, сэтгэлийг хамтад нь нэг цогц гэж үздэг. Гэтэл уламжлалт анагаах ухаанд хагалгаа, мэс ажилбар хийдэггүй сул тал ч бас бий. Тэгвэл европ анагаах ухаан химийн найрлагат хүчтэй үйлчилгээтэй эм, антибиотикээр алив өвчнийг хурдан зуур эмчилдэг. Энэ нь уг өвчнийг анагаахаасаа илүү шинж тэмдгийг нь дарж байгаа хэрэг гэж үзэгсэд ч бий. Зарим нь европ анагаах ухааныг дайны үеийн анагаах гэх нь бий. Энэ нь юм л бол огтолж, хайчлаыг эрхэмлэдэгээс үүдсэн яриа байж таарна.Үнэхээр л ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчний үед хоолойн махыг нь огтолдог практик өдгөө зөвхөн манайд л байгаа анагаахын арга ажээ. Угтаа бол цусанд нь буй үрэвсэлт хорыг таслах нь хамгийн шилдэг эмчилгээ гэж уламжлалт анагаах үзэж, хануурын аргаар илааршуулдаг байх жишээтэй. Энэ мэт яриад байвал олон зүйл ярьж болох бөгөөд цаашид олныг үл нуршин та бүхний сонирхсон асуултанд “Манба Дацан” эмнэлгийн эмч нараас зөвлөгөө авч цувралаар хүргэж байхаа амалъя. Энэ удаад уламжлалт анагаах ухааны үндсэн асуудлын талаар тус эмнэлгийн зөвлөх эмч Г.Одонцэцэгтэй ярилцсанаа хүргэе. Танд хэрэв сонирхсон асуулт байвал grandsetguul@yahoo.comцахим хаягаар хүсэлтээ ирүүлж болно. Мөн “Манба Дацан” эмнэлгийн 7015-4583, 7015-8489 дугаарын утаснаас сонирхсон асуултандаа хариулт авч болно.
Судсаар төлөгдөх арга ч гэж бий
Уламжлалт анагаах бол монголчуудын эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн том соёлын нэг. Харамсалтай нь өнгөрсөн зуунд урт хугацаагаар энэ уламжлал тасалдаж, олон зүйл орхигдож гээгдсэн байх. Танай эмнэлэг уламжлалт анагаахын уламжлалыг хадгалж, өнөөдөр өргөн далайцтайгаар хөгжүүлж байна. Уламжлалт буюу дорнын анагаах ухааны талаар яриагаа эхэлье?
Дорнын анагаах ухаан олон мянган жилийн түүх, уламжлалтай, дотроо олон урсгал чиглэлд хуваагддаг салбар ухаан. Үндсэн гурванурсгал чиглэлийг голчилж үздэг. Нэгдүгээрт, бидний хэрэглэж буй Буддын философид суурилсан анагаах ухаан. Хоёрт, Энэтхэгийн Аюурвэдийн анагаах ухаан. Ерөнхийдөө манайБуддын анагаах ухаантай төстэй боловч философи, үзэл санаандаа үндсэн ялгаа нь байдаг. Гуравт, Хятадын инь-янийн онол дээр тулгуурласан зүү эмчилгээг голчилдоог анагаах ухаан. Монголчуудын тухайд Буддын философи дээр суурилсан анагаах ухааны чиглэлийг баримталж ирсэн бөгөөд Хүннүгийн үеэс эхлэлтэй гэж үздэг. Тэр үед Монголын хил Энэтхэгтэй шууд залгаа байсан гэдэг. Энэ улбаагаар Энэтхэгээс угсаа гаралтай гэж үздэг.Буддын их, багаарван ухааны нэг, бусад буюу урлахуй ухаан, дуун ухаан, гүн ухаантайгаа нягт холбоотой. Бусад ухааныг нь судлахгүйгээр бүрэн ойлгоход бас бэрх. Судлах тусам үнэхээр гайхалтай гүнзгий, дурлахгүй байхын аргагүй баялаг ертөнц дөө.
Дорнын анагаахын гурван том чиглэл дундаа Буддизмд суурилсан анагаах ухаан юугаараа ялгардаг вэ?
Энэ бол судар тарнийн ёстой холбогддог анагаах ухаан. Цаашилбал сургалтын арга хэлбэр, эмч нарын чадал чансаа, үнэхээр чадал нь хүрдэг л юм бол гайхамшигтай анагаах ухаан. Чухам яаж судсаар оношилдог юм бол гэж гайхах хүн их. Үүнд нэвтрэх гайхалтай бясалгалын аргууд бий. Жишээ нь би гэхэд судасны бясалгал, тарнийн бясалгалыг хийж байж судас оношилгоондоо сайжирч байх жишээтэй. Нарийн, өвөрмөц юмнууд бий, бүгд судар номонд заагаад өгчихсөн. Манба Дацанд үйлдвэрлэж байгаа эмнүүд яагаад бусад эмнээс чадал нь их байна вэ гэвэл эм аравнайлах, амилуулах тарнийн хүчийг эм тандаа оршоож өгдөг. Эм үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн чухал дамжлага нь энэ. Технологи, дамжлагынх нь дагуу үйлдвэрлэчихээд олон зуун жилийн тарнийн хүч шингэсэн рашаанаар болгоож аравнайлснаар хүчин чадал нь ихэсдэг гэх үү дээ. Тиймээс л адилхан эм байхад Манба Дацангийнх илүү үйлчилгээтэй байдгийн нууц нь энэ. Товчхондоо судар тарнийн хүчтэй хавсардаг учраас тодорхойлж хэлэх аргагүй үр нөлөө өндөртэй анагаах ухаан.
Дорнын анагаах ухаанд хүний биеийг оношлох 996 судас байдаг гэж үздэг гэнэ лээ. Үнэхээр л таны ярьж байгаачлан судсаар оношлох аргыг онгоц хэрхэн тэнгэрт нисдэг юм бол гэж гайхдагтай адилхан биширдэгээ нуух юун?
Ер нь судсаар бүх өвчнийг оношилж болно. Бас олон юмыг таньж болно. Бүр судсаар төлөгдөх арга ч гэж бий. Гэхдээ үүний нарийн нандин зүйлсийг жирийн хүмүүст гайхуулж байгаа юм шиг хамаагүй дэлгэж, ярьж болохгүй. Аль болох энгийн, төлөв төвшин байж бүхнийг ном ёсоор, гагцхүү бусдын сайн сайхны төлөө хийх ёсзүй хамгаас чухал. Зургаан жил сурч төгссөний дараа тангараг тушаах ёсон гэж бий. Сурч мэдсэнээ алдар нэр хөөх, ашиг хонжоо хайх, эд хөрөнгөнд шунах, мэргэлж төлөгдөх маягаар хэрэглэж болохгүй гэж тангараг өргөдөг. Тангарагийн хичээл гурван долоо хоног ордог гэх мэт юмс бий. Гагцхүү бусдын тусын тулд урдах ажлаа сайн хийх нь л бидний хувьд эрхэм чухал болохоос бид тийм ч хавдартай хүнийг эдгээсэн, ийм ч хүнд өвчтэй хүнийг илааршуулсан гэж онгироотож, олон нийтэд зарлах нь энэ анагаах ухааны ёс зүйд харшилна.
Алив өвчин 4 тавилантай
Нөгөө талд Европ анагаах ухаан гэж бий. Хорьдугаар зуунд өндрөө авч хөгжсөн юм шиг санагддаг. Одоо ч бидний амьдралын хүрээ, хэв маягт гүн гүнзгий хэрэглэгдсээр байна. Өөрөөр хэлбэл маш олон хүн уламжлалт анагаах ухаан, эмчилгээ тан гэхээсээ илүү европ эм, эмчилгээг илүү эрхэмлэдэг. Европ эм, эмчилгээ, уламжлалт эм, эмчилгээ хоёрын гол ялгаа юу вэ?
Олон хүн ингэж асуудаг. Хариулахад ч төвөгтэй асуулт. Гэхдээ өөрийн бодлоо хуваалцъя. Би1991 онд vоюутан болсон тэр цагаас хойш улажлалт анагаах ухааныг 25 жилийн турш судалж, мөн ийм хугацаагаар европ эм, эмчилгээ хэрэглэхгүй өдий хүрлээ. Шуудхан хэлэхэд би европ эмэнд итгэдэггүй. Мэдээж өвчинг, зовлонг анагааж байгаа сайн талууд байгаа байх. Гэхдээ л энэ чинь химийн найрлагатай шүү дээ. Химийн лабораторийн химийн аргаар нэг бодис, нэг эмийг үйлдвэрлэж гаргахдаа зөвхөн нэг эрхтний өвчлөлт, нэг л өвчинд зориулж гаргадаг. Манай анагаах ухааны философид үзэхдээ хүний бие махбодийг нэгэн цул, цогц гэж үзэж, эм өгөхдөө, эмчлэхдээ цогцоор нь эмчилдэг. Өөрөөр хэлбэл хүн бүр таван цул, зургаан сав, өөх мах, чөмөг яс, булчин шөрмөснөөс бүрддэг учраас цогцоор нь бодож эмээ сонгодог. Энэ философи өрнийн анагаах ухаанд байдаггүй юм болов уу гэж надад бодогддог. Бөөрний эмч бөөрөө л бодно, бөөрийг эмчилнэ, бусдыг нь орхино. Энэ эмийг сонгож өгснөөр энэ хүний элэг яах билээ, хэрхэн нөлөөлөх билээ гэж боддоггүй. Иймээс л нэг эрхтнээ эмчлэхдээ нөгөөг нь өвчлүүлж байдаг сул талтай юм шиг санагддаг. Манай анагаах ухаанд үе мөч өвддөг гэж хандсан хүнийг үе мөнч нь юунаас болж өвчлөв, хий байна уу, шар байна уу эсвэл бадгана гаралтай юу, яг ясандаа байна уу эсвэл өөр нэг хийн эрхтэнүүдээсээ хямрав уу гэж эргэдүүлж, учир шалтгааныг нь тодруулж, түүндээ чиглэсэн эм, эмчилгээг хийдэг. Тэр байтугай эрхтэн системээс гадна сэтгэл гэж маш чухал зүйл бий. Сэтгэлзүйн хүчин зүйл мөн адил эмчилгээнд чухал байр суурьтай байдаг.
Танайхыг элэгний хавдрыг хүртэл анагаасан гэж сонсож байсан. Ер нь уламжлалт анагаах ухаанд эмчилж чадахгүй өвчин, гэтэлж чадахгүй асуудал гэж байх уу?
Байлгүй дээ.Өвчний тавилан гэж чухал юм бий. Үндсэндээ дөрвөн тавилан байдаг гэж үздэг. Энэ нь тухайн хүний үйлийн үр, буян нүгэлтэй харгалзана. Нэгдүгээрт, өвчлөөд аяндаа өөрөө эдгэдэг өвчин. Элэгний хавдар байлаа гэхэд хавдрын шинж тэмдэг, эс илэрлээ, гэвч эмчлэхгүй ч өөрөө эдгэдэг. Хоёрдугаарт, оношилж, эмчлээд илаарших өвчин. Гуравдугаарт, ад зэтгэр, ад донгоор үүссэн өвчин гэж бий. Үүнийг нэг талаас эмчилгээ засал нөгөө талаас гүрэм заслаар хавсарч эмчилнэ. Энэ тохиолдолд гүрэм ном нь илүү хүчтэй байж ч болно. Товчхондоо хичнээн сайн эмчилгээ хийгээд ч ном гүрэм хийж, балин дормыг нь гаргахгүй бол илааршихгүй гэсэн үг. Дөрөвдүгээрт, анхнаасаа муу үйлийн үрээр амийг нь авахаар ирсэн өвчин гэж байна. Үүнийг эмчилгээ засал ч, ном гүрэм засал ч дийлэхгүй. Үйлийн үрээс хаашаа ч зайлах аргагүй шүү дээ. Ийм дөрвөн төрлийн өвчний тавилан байдаг учраас бид хэдэн хавдартай хүн эмчилчихээд манайх бүх хавдрыг эмчилнэ, бид бүхнийг илааршуулна, нааш ирцгээ гэж хэлж болохгүй.
Өвлийн улиралд бөөр, уушги, толгойн өвчлөлийг
эмчлэхэд өндөр үр дүнтэй
Ёстой мэдүүштэй, сонин мэдээлэл байна. Манба Дацангаар эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн судалгаа, туршлагаас харахад ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс түлхүү ханддаг вэ? Бас ямар өвчин түгээмэл байна вэ?
Ер нь бүхий л өвчнүүд байна даа. Улирал улирлын онцлогоор л ялгарах байх. Бусдаар бол тийм өвчтэй хүмүүс түлхүү ханддаг, ийм өвчин илүү түгээмэл байна гэж хэлэхэд хэцүү. Ер нь анзаарааад байхад энэ хүмүүс чинь өөрсдийгөө өвчтэй гэдгээ мэддэггүй юм байна, ихэнх нь. Гадуур хүмүүстэй уулзаад явж байхад анзаарагддаг их түгээмэл асуудал энэ байна гэж би бодсон. Өчигдөр жишээ нь зурагтаар нэг их хурлын гишүүн амьсгаадаад л яриад байна лээ. Бодвол Аризол цацдаг байх. Цацлагаар түр зуурын шинж тэмдэг л дарагдана, цаад шалтгаан нь улам л ихсээд, өвчин даамжраад байгаа гэсэн үг. Би бол хэдэн тан аваачаад л өгчихмөөр санагдсан. Хоёр долоо хоногийн дараа гэхэд л улс төрөө ярихдаа чөлөөтэй ярьж чаддаг болно (инээв). Энэ мэт харах царайны өвчтэй, хавантай, амьсгааддаг, гар хөл нь чичирдэг эмчлэх ёстой өвчтэй хүмүүс олон байх юм билээ. Энэ эрүүл мэндийн нэг тулгамдсан асуудал мөн шүү. Мэдээж өвчтэй гэдгээ ухаарч, хүндрээгүй байхад нь эмнэлэгт ханддаг арай ухамсартай хүмүүс байна л даа. Ихэнх нь л өөрт байгаа өвчлөлөө өвчин гэж танихгүй байна.
Наадах чинь ёстой үнэн байх шүү. Ихэнх нь өвчин нь хүндрээд, яг амин дээр тулсан цагт эмнэлгийн хаалгаар мөлхөөд л ордог юм билээ.
Уг нь анагаах ухааны хамгийн эхний гол зорилго бол ард иргэдийг өвчингүй, эрүүл байлгах шүү дээ. Би өнөөдөр эрүүл байж болно. Гэхдээ энэ нь хэзээ ч өвдөхгүй гэсэн үг биш. Чухам үргэлж эрүүл байхын тулд, өвчлөхгүй байхын тулд урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Улирлын онцлогтоо тохируулж идээ ундаа хэрэглэх, зарим шаардлагатай үед хүний биед хор багатай, ургамлын гаралтай эм тан хэрэглэх гэх мэт ахуйн наад захын, хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах арга замууд олон байна. Хүний биеийн хий, шар, бадганы арвидах, хорогдох, хурах, хөдлөх, амирлах үе гэж био хэмнэлтэй холбоотой онцлог өөрчлөлтүүд байдаг. Яг одоо жишээ нь бадгана хурж байгаа үе. Энэ үед ямар хоол унд идвэл зохилтой вэ гэдгээ мэддэг байхад л олон өвчний шалтгаанаас өөрийгөө хамгаалж чадна. Би чамайг орж ирэхэд Жамц дөрөв гэдэг тан уугаад сууж байлаа. Бадгана хурах улирал учраас түүний эсрэг тан хэрэглэж байгаа хэрэг.
Чухам ийм учраас л, иргэдийн эрүүл мэндийн боловсролын тухайд энэ эрүүл мэндийн буланг бид хөтлөхөөр шийдсэн. Ингэхэд өвлийн буюу хүйтний улиралд уламжлалт эмчилгээ хийлгэх тийм ч тохиромжтой биш, гам алдах аюултай гэх хүмүүс олон байх юм. Энэ хэр бодитой болгоомжлол вэ?
Бодит биш болгоожлол байна. Уламжлалт эмчилгээнд улирал хамаагүй. Гам алдах гэдэг ойлголт шар усны сүв нээгдэж, даарахыг ойлгоод байх шиг байгаа юм. Бид шар усны сүвийг шаардлагатай бол нээнэ, шаардлагагүй бол нээхгүй, гэхдээ буцааж заавал хаана шүү дээ. Шаардлагатай гам барих дэглэмийг зааж өгнө. Тиймээс нэгэнт эмнэлэгт хандсан бол ийм зүйлээс болгоомжлох, айх хэрэггүй дээ.
Та сая улирлын онцлог гэж ярилаа. Өвлийн улиралд ямар өвчтэй хүмүүс эмчилгээ хийлгэвэл илүү зохимжтой, илүү үр дүнтэй вэ? Ийм ялгаа байх уу?
Байнаа. Өвлийн улиралд бол бөөр, уушги, хамар, тархи толгойн өвчтэй хүмүүс эмчлүүлвэл илүү үр дүнтэй. Одоо энэ эрхтнүүдийн үйл ажиллагаа, тэнд байгаа бадганы хурах улирал учраас эдгээр эрхтнүүд өвчлөх магадлал өндөртэй. Цаашилбал, өвлийн улирлын сүүлээр ходоодны хямрал ихэсдэг. Тиймээс хаврын улиралд 16-аас дээш насны хүмүүс болж өгвөл толгой дараалан бөөлжүүлэг хийлгэх хэрэгтэй. Өвөл хурсан бадганыг цэвэрлэж өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа арга зам. Бөөлжүүлгийн эм гэж тусдаа тан байна. Ингэснээр уушги, ходоод, тархи, хамарт тустай. Энэ мэт зуны улиралд хийгээ цэвэрлэх, намар шараа туулгах гэх мэт улирлынхаа онцлогт тохирсон цэвэрлэгээнүүдийг жил өнжөөд ч юм уу хийгээд яваад байвал хүний биед илүү дутуу юм хуримтлагдахгүй, өнөө хавдар тусахгүй, ядахдаа л жин нэмэхгүй гэх мэт эрүүл амьдраад байх боломж дүүрэн бий дээ.
Өвөл хамгийн элбэгшдэг өвчин бол ханиад томуу. Танайх ханиадыг эмчлэх үү?
Ханиадыг ёстой нэг сайн эмчилнэ шүү. Хамрын ханиад, хоолой барьсан ханиад, уушгины ханиад гэх мэт олон янз байна. Ямар төрлийн ханиад мөн ямар уг шалтгаантай болох зэргээс шалтгаалаад олон янзын ургамал, түүгээр найруулсан тан байдаг. Ханиад ихэвчлэн халуунтай хавсардаг нь бадганатай холбоотой байдаг. Уушги бадганы эрхтэн учраасцэр, сальс их ялгарна, хямарсан халуунд цусны хүч арвидаж өндөр темпаратурт халуурдаг, бадгана, цул хоёрыг хавсраад сав эрхтэн, нарийн гэдэс хямардаг, тиймээс хүүхдүүд гүйлгэдэг гэх мэт олон зүйл ярьж болно л доо. Ер нь уламжлалт анагаах ухаанд эмчлэгдэхгүй өвчин гэж байхгүй шүү дээ.
Бэлтгэсэн М.Саян
Сэтгэгдэл (2)