
Блиц:
Нас, орд:
24, үхэр
Хийх дуртай зүйл:
Хүнийг баярлуулж, догдолж байгааг нь харахад сэтгэл их хөдөлдөг.
Мөрөөдөл:
Монголын ухаантай авьяаслаг хүүхдүүдийг хөгжүүлэх, нийгэм дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хуулийнхаа мэргэжлээр улс эх орондоо хэрэгтэй зүйлс хийхийг хүсдэг.
Дуртай жүжигчин:
Ардын жүжигчин Цогзолмаа, Гомбосүрэн, Элизабет Тейлор, Роберто Де Ниро, Юрий Никулин.
Дуртай брэнд:
Брэндийн нэрийг чухалчилж үздэгүй, гол нь хийц загварыг нь хардаг.
Дуртай загвар өмсөгч:
Кейт Мосс, Наоми Кемпбелл, Синди Кроуфорд.
Дуртай зохиолч:
Ш.Дулмаа, Джейн Остин, Лев Толстой, Сергей Пушкин.
Дуртай кино:
Түүхэн сэдэвтэй кинонууд болон агуу удирдагч манлайлагч нарын амьдралыг харуулсан кинонууд.
Дуртай үлгэр:
Хүүхэд байхад эмээ өвөөгийн маань ярьж өгдөг байсан үлгэрүүд.
Дуртай хот:
Улаанбаатар, Токио, Нью-Йорк, Венец, Парис.
Дуртай үг: Биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас.
Бид ер нь эртнээс, түүхэндээ их зиндаархуу хүмүүс. Монгол хүн бүхнээс дээгүүр гэж бат нот итгэдэг болохоор “дээдсийн” гэх тодотголд хачин дуртай ард түмэн. Саяхнаас Улаанбаатар хотноо “ИнтерШарм” дээдсийн салон нээгдэж хот даяараа хуйлрах болов. Ердөө нэг удаа массажинд ороход 200 мянгаас дээш үнэ яригдах тул үр дүн, чанартай ярих юмгүй биз. Дэлхийд алдартай брэнд салон гэдэг утгаараа Холливудын ододтой мөр зэрэгцэн арьс арчилгааны үйлчилгээ авч хэвтэж байна гэж бодохоор сонихон. Тэгвэл энэхүү боломжийг нээж өгсөн хүн нь М.Бударгана хэмээх ид залуу, хорь гаруйхан настай бүсгүй аж. Угийн сониуч зангаар эрэл хайгуул хийсний эцэст салоны эзэгтэйг ярилцлагын ширээний ард суулгаж дөнгөсөн юм.
Тодруулбал, тэр “Баянмонгол”-ын “бандгар” боссын бэр. Удам угсаа хэлэлцвэл хоёр буурай өвөө, хоёр өвөө нар нь бүгд гадаадад дээд боловсрол эзэмшицгээсэн, эх орныхоо хөгжилд ихэд хувь нэмэр оруулсан,Монголын хамгийн анхны сэхээтнүүдийн нэг юм. Аавын талын буурай өвөө нь насаараа Гадаад Худалдааны Яаманд ажилласан Монгол-Япон, Монгол-Польшийн худалдааны харилцааг анх тогтоож байсан,ээжийн талын буурай өвөө нь талх чихрийн үйлдвэр, гурилын үйлдвэр, төмөрийн үйлдвэр гэх мэт Монголын хамгийн том үйлдвэрүүдийг хөл дээр нь босгож анхны даргаар нь томилогдон ажилаж байсан,Монголын уул уурхайн анхны инженер өвөө нь мөн л олон уурхайн анхны даргаар томилогдон эх орон даяараа хөндлөн гулд явж, уул уурхайн салбарыг хөл дээр нь босгосон, эмээ нь намын удирдах ажил насаараа хийж явсан нэгэн. Ээж аав нь товхийсэн бизнестэй орчин цагийн хэллэгээр хөлжиж яваа айлын ууган охин. Бага насаа Орос сургуульд эхлүүлж, Бээжин, Австралигүй хэрэн хэсэж боловсрол эзэмшсэн утгаараа яах аргагүй “New generation”-ы тод төлөөлөл. Залуу эзэгтэй “Бүсгүйчүүдийн арьсны асуудал болон залуу сайхан төрхийг нь удаан хадгалах асуудлыг шийдэж байгаагаа нийгмийн асуудлыг шийдэж байна гэж ойлгож байгаа” хэмээн даруухан инээмсэглэх. Аливаа бизнес хүний сайн сайхны төлөө чиглэвэл амжилт олох нь дамжиггүй. Нээрээ хот даяараа арьсны ямар ч асуудалгүй, өөгүй толигор мишээсэн харцтай охид, залуус, наснаасаа залуухан харагдаж сэтгэл хангалуун алхаж яваа бүсгүйчүүдээр дүүрвэл мөн гоёо. Шинэ үеийн бизнесч хатагтайн ертөнцийг таны өмнө нээж байна.

Таны нөхөр та хоёр хилийн чанадад суралцаж байгаад ирсэн. Үлгэр жишээ залуу хосуудын тоог нэгээр нэмэхээс өмнө та хоёрын хэн хэн нь хэвлэлд шинэ хүн байлаа. Ингэхэд анхны болзоо, дурлал хайр хэзээ эхэлсэн бол?
-Бид анх Монголд танилцсан. Нэгдүгээр курсээсээ үерхэж эхлээд оюутан байхдаа гэр бүл болж хөөрхөн хүүтэй болсон. Манай нөхөр өнгөрсөн жил, би энэ жил их сургуулиа дүүргэж ирсэн. Багадаа хамтдаа Орос сургуульд сурдаг байсан. Бээжинд ч нэг хотод сурдаг байлаа. Ижил төстэй зүйлүүд их байсан л даа. Цуг байхад сонирхолтой, бие биенийгээ ойлгодог. Тэгээд л үерхэж эхэлсэн.
-Бударгана гэж их өвөрмөц, эрхэмсэг нэр. Ямар утгатай юм бол?
-Бударгана гэж говьд ургадаг цэцэг юм билээ. Говийн цэцэг гэж говийнхон ярьцгаадаг. Манай буурай нар говийн хүмүүс. Аавынхаа талын анхных нь гуч болж төрж байсан учраас буурай эмээ надад өөрөө нэр өгнө гэж Бударгана гэж нэрлэж байсан юм билээ.
-Таны хадам аав Монголдоо нөлөө бүхий томоохон компанийн захирал. “Баянмонголын боссын бэр” хэмээх шошго хүссэн ч, эс хүссэн ч залуу бүсгүйн нэрний урд наалдчихаар мэдээж үүрэг хариуцлага нэмэгддэг байх. Ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-/инээгээд/Яг үнэнийг хэлэхэд би нөхөртэйгөө үерхэж эхэлж байхдаа аав ээж нь ямар хүн байдгийг мэддэггүй байсан. Хувь хүн талаасаа хадам аав маань хүнлэг, энэрэнгүй сайхан сэтгэлтэй, мундаг хүн. Сая л гэхэд эцэг эхгүй хориод өнчин хүүхдэд зориулж цэцэрлэг байгуулсан. Дотоод сэтгэлийн хувьд баялаг, агуу сайхан хүмүүс л ийм үйлд гар бие оролцдог гэж би боддог. Миний нөхрийн эцэг, хүүгийн минь өвөө гэдэг үүднээс хайрлаж хүндлэхээс гадна хувь хүн талаас маш их хүндэлж, хайрладаг маань үүнтэй холбоотой. Ер нь л үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрийгөө, эрүүл мэндээ золиослоход бэлэн юм шиг надад санагддаг, манай хадам ээж ч мөн адил. Би хүнлэг, сайхан хадмуудтай учирсандаа баяртай явдаг. Хүү нь ч гэсэн аав ээжийнхээ олон сайхан чанаруудыг өвлөж авсан, ухаантай, удирдах чадвар сайтай. Бусдаар баян айлын бэр гэсэн шошго, ер нь энэ талаас бодож, ямар нэг мэдрэмж авч байгаагүй ээ/инээв/.
-Ингэхэд танай нөхөр юу хийдэг вэ?
-Америкийн Gold`s Gym-ийг албан ёсны эрхтэйгээр Монголд нээж байгаа. Манайд бодибилдинг сонирхогчийн түвшинд л хөгжиж ирсэн гэж болно. Gold`s Gym албан ёсоор орж ирснээр бодибилдинг мэргэжлийн түвшинд хөгжих боломжтой болно. Америктаа мэргэжлийн тамирчид нь үйлчлүүлдэг, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, дэлхий даяар 700 гаруй салбартай, тавиад жилийн түүхтэй, дэлхий дээр рейтингээрээ номер нэгт явдаг гээд онцлог, давуу тал ихтэй бодибилдингийн алдартай сүлжээ шүү дээ. Нөхөр маань өөрөө Америк руу энэ чиглэлээр хэд хэдэн удаа сургалт семинарт яваад завгүй л гүйгээд байгаа.
-Та бол харьцангуй залуудаа айлын эзэгтэй, хүүхдийн ээж болсон бүсгүй. Хэт залуудаа ээж боллоо гэж бодож байсан үе бий юу?
Оюутан байхдаа ээж болсон учраас тэгж бодогдож байсан үе бий шүү. Гэхдээ 22 настай ээж гэхээр манайдаа бол“нормальный” үзэгдэлд тооцогдоно. Үеийнхэн маань ч гэсэн надтай зэрэгцээд л ээж, аав болцгоосон нь их. Харин тухайн үед сурч байсан Хятадад бол эрт гэрлэлтэд тооцогдоно. Маш их өрсөлдөөнтэй нийгэм учраас хятадууд оюутан байхдаа хүүхэд төрүүлдэггүй. Ерөнхийдөө гуч гарч байж хүнтэй сууна, ажил хийж эхэлбэл карьер нь явахгүй гэдэг утгаараа эрт хүүхэдтэй болохоос татгалздаг. Тэр нийгмийн жишгээр тухайн үед тэгж бодогдож байсан үе бий.

-Яагаад ч юм, залуу бүсгүйгээс эрчүүдийн ямар чанарыг илүү эрхэмлэдэгийг асуумаар санагдчихлаа. Жишээ нь чи нөхрөө сонгохдоо хэр өндөр шалгуур тавьсан бэ?
Бид хоёр багаасаа үерхсэн учраас шалгуур, шаардлага тавьсан гэж хэлэхэд ёстой зохимжгүй, ёстой унаган бага насны гал халуун хайраар бид гэрлэсэн. Азаар нөхөрт маань эр хүнд байх ёстой сайхан зан чанарууд болох ноён нуруу, сайхан сэтгэл, хошин шогийн мэдрэмж, хөдөлмөрч чанар бүгд бий. Ер нь нийгмийн зүгээс эрэгтэй хүнд гоо сайхны өндөр шаардлага тавьдаггүй, харин эмэгтэй хүнийг хамгаалах хүч чадалтай, ноён нуруутай байхыг шаарддаг. Нэг үгээр эрэгтэй хүний гоо сайхан дээрх чанаруудад оршдог юм шиг. Эмэгтэй хүн харин сайн гентэй хүүхэд төрүүлэхийн төлөө ухаантай, амбицтай эрчүүд рүү татагдах инстинкт байгалиасаа заяасан байдаг байх.
-Австралид дунд сургууль, Бээжингийн Их Сургууль дүүргэжээ. Энэ он жилүүд Бударганд юу өгсөн бэ?
-Хятадын эдийн засаг сүүлийн үед маш хурдацтай өсөж байна. Тиймдээ ч Хятадад номер нэгт тооцогддог Бээжингийн Их Сургуулийн хуулийн ангийг сонгон суралцсан. Хятадын хуулийг маш нарийвчлан үздэг тул надад маш их зүйлийг өгсөн гэж боддог. Ер нь гадаадад сурч байсан он жилүүд маань зөндөө их зүйл өгснөөс хамгийн чухал нь эх оронч сэтгэлгээ. Гадныхан голцуу л монгол хүнтэй анх таарч байна гэнэ, тэгэхээр Монголынхоо тухай сайхан сэтгэгдэл үлдээхүйц мэдээлэл өгөх хэрэгтэй болно. Ийм шалтгаанаар харьцангуй залуугаасаа Монголынхоо түүх соёлыг судлах хэрэгтэй болсон. Энэ л үндэсэрхэг үзэл, эх оронч сэтгэлгээтэй болоход ихээхэн нөлөөлсөн байх.
Дээрээс нь дэлхий гэдэг чинь том юм биш гэдгийг мэдэрсэн. Зөвхөн өөрийнхөө хэмжээнд амиа бодохын оронд арай жаахан томоор сэтгэхэд энэ бөмбөрцөг жижигхэн, улс үндэстнүүд нэг л гэр бүл юм, би ч гэсэн дэлхийн иргэн болох боломжтой юм гэх сэтгэгдэл төрж эхэлсэн. Дэлхийн хаа сайгүй найз нөхөдтэй болохоор ийм сэтгэгдэл төрөхөд нөлөөлсөн ч байж болно.
-Залуу ээжийн хувьд хүүхдийнхээ хүмүүжилд юуг голлон анхаарч байна вэ?
Бид хоёр хоёулаа айлын том болохоор хүү маань хамгийн анхны ач, зээ, буурай эмээ өвөө нарынхаа хамгийн анхны гуч нь болчихож байгаа юм. Тэгэхээр бүх л анхаарал хүү рүү маань чиглэнэ. Бид оюутан байсан болохоор хүү багаасаа өвөө эмээгийн “школоор” хүмүүжсэн, яг л бидэн шиг. Хүн аав ээжийнхээ ачийг хариулна гэж хэзээ ч байдаггүй болохоор өөрийнхөө хүүхдийг сайн хүн болгож өсгөх нь ээж аавыгаа баярлуулах нэг ёсны ачийг хариулж байгаа нэг хэлбэр гэж боддог. Тэгээд ч хүү ч тэдний хувьд хамгийн чухал хүн, тэр чухал хүнийг нь сайн хүн болгож өгвөл жаахан ч гэсэн ачийг нь хариулсан явдал болно.

-Өөрөө “ИнтерШарм” дээдсийн салоныг эх орондоо нээгээд удаагүй байна. Бүсгүйчүүд мэдээж голлох үйлчлүүлэгчид байх нь тодорхой. Эрчүүд ч нэг үеэ бодвол гоо сайхандаа анхаарч эхэлсэн. Салоны эзэгтэйн нөхрийн хувиар таны нөхөр дэлхийн оддын арьс арчилгаанд хамрагдсан уу?
-Эрчүүд гоо сайхны салоноор үйлчлүүлээд байх боломж Монголд төдийлэн бүрдээгүй байхаа. Зарим нь салонд орохоосоо санаа нь зовдог тал ч бий. Үүнийг бодолцож үзээд манай салон эрчүүдийн ордог хаалга, өрөө тусдаа байхаар шийдэж өгсөн. Үүний үр дүн ч байж болох юм, олон эрэгтэйчүүд манайхаар үйлчлүүлж байна. Манай нөхрийн хувьд цаг завтай үедээ салоноор байнга үйлчлүүлчихдэг шүү. Анх үйлчилгээнд орчихоод, пөөх, үр дүн нь шууд гардаг юм байна ш дээ, ямар гоё юм бэ гээд уулга алдаж, гайхаж байсан.
-Бударгана залуу бүсгүй гэхэд дэлхийн нэртэй брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд албан ёсоор төлөөлж байна. Аав ээжийн нөлөө, туслалцаа дэмжлэг байсан уу, эсвэл чиний хичээл зүтгэлийнх үү?
-Аав ээжийн дэмжлэг байлгүй яахав. Хамгийн их тусалж дэмждэг хүмүүс бол тэд маань. Харин чухамдаа “Интрасьютикалс”-ыг оруулж ирсэн нь миний сонголт. Австралид арван жилийн сургуульд сурдаг байхдаа насанд хүрээгүй байсан учраас home stay буюу айлын гэрт байдаг байсан юм. Байдаг айлын маань эзэгтэй сэтгэл зүйч мэргэжилтэй, мундаг эмэгтэй, нас нь дөч хүрч байсан тул арьс унжилт, нөсөө толбо, нүхжилт, өнгөц үрчлээ гэх мэт хөгшрөлтийн асуудлуудтай тулгарч эхэлж байсан. Тэр үед “Интрасьютикалс”-ын бүтээгдэхүүн Австралид ид хүчээ авч эхэлж байсан үе болхоор эмэгтэйчүүдийн жинхэнэ ярианы сэдэв нь болчихсон байсан. Тэгээд л үр дүн нь шууд өөрт мэдрэгдэхүйц хурдан гардаг, маш өвөрмөц бүтээгдэхүүн байна гэж манай тэр эгч найз нартайгаа гайхшран ярилцдаг байсныг нь сонсч анх удаа мэдэж байлаа. Дараа нь Европ, Америкт аялж явахад,“Шангрила”, “Марриотт”, “Хилтон” гээд бүх л гоё зочид буудал, ресорт, спа бүгдээрээ энэ үйлчилгээг үзүүлдэг, Холливудад ч гэсэн “Улаан хивсний ёслолын үйлчилгээ” гэдэг нэрээрээ хэдийнэ хүчээ авчихсан байсан гээд алхам бүр л “Интрасьютикалс”-тай таараад байсан. Би Нью-Йоркын Манхэттэний “Janes Chakler Skin Care” арьс арчилгааны клиник дотор “Интрасьютикалс”-ын үйлчилгээндээ орох гээд цагаа хүлээгээд сууж байсан чинь дуучин Леди Гага энэ үйлчилгээнд бас орчихоод гарч ирж байсан. Энэ бүхний эцэст энэ брэндийг Монголдоо оруулж ирэхээр сэтгэл шулуудсан юм. Миний бизнес учраас ингэтлээ магтаад байгаа хэрэг биш шүү, хэрэглэж, үр дүнг нь мэдэрсэн хүмүүс л миний үг хоосон магтаал биш болохыг ойлгох байх.

Энэ дашрамд “Интрасьютикалс”-ыг Монголд оруулж ирэхэд бүх талаар тусалж дэмжсэн аав, Мэргэжлийн үүднээс их зөвөлгөө өгдөг их эмч мэргэжилтэй ээж, гэр бүлийнхэн, салоныхаа хамт олон, компанийхаа удирдлагад талархаж явдгаа хэлмээр байна. Манай салоны менежментийг ажлын арвин туршлагатай, удирдлагын менежментийн мэргэжилтэй Дэлгэрбаатар ах, Алтанзаяа, Чинсүрэн эгч маань хариуцан ажилдаг. Эд нар маань намайг их дэмжиж тусалдаг, намайг бага байхаас минь эхлээд л аав ээжтэй минь хамт байсан тул би өөрийн ах эгч шигээ одоо ханддаг болчихсон. Иймд сэтгэл нэгтэй, мэргэжлийн хүчтэй баг манай салоны менежментийг хариуцдаг тул бид олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой байгаа.
Гаднах төрх, гоо үзэсгэлэн бол ялангуяа эмэгтэй хүний хувьд том асуудал шүү. Энэ асуудлаа шийдчихээр эмэгтэй хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй хүн аз жаргалтай амьдардаг. Аз жаргалтай амьдралаас гэр бүл, цаашилбал, нийгэм рүү хичнээн сайхан, хүчирхэг энерги ирдэг билээ. Тийм учраас би хийж буй ажлаа нэг талаар бизнес боловч нөгөө талаар нийгмийн нэг ч гэсэн асуудлыг шийдэж байгаа гэж сэтгэл дүүрэн явдаг.
- Австралийн “Интрасьютикалс” брэндийн албан ёсны төлөөлөгч гэдэг утгаараа танай салонд үнэ ханш нь дэлхий нийтийн жишгээр тогтсон гэж ойлгож болох уу?
-Дэлхий нийтийн жишиг гэхээсээ илүү Монголын жишиг үнэ гэж тодотгомоор байна. Яагаад гэвэл “Интрасьютикалс”-ын үйлчилгээний Монголд хийгдэж байгаа үнэ дэлхий дээрх хамгийн доод үнэ. Би өөрт байгаа өчүүхэн мэдлэг, гадаад хэл, хуулийн талын туршлагадаа тулгуурлан толгой компанитайгаа ярилцаж, Монголынхоо жишигт тохирсон буюу хамгийн доод үнийг тогтоолгуулсан. Дуучин Мадоннагийн хувийн гоо сайханч Michelle Pack-ийн багш, Versace брэндийг үүсгэн байгуулагч алдарт дизайнер Донателла Версаче, Prada-гийн дизайнер Neil Barat Barbour, Gucci-гийн гэрт уригдан очиж зөвлөгөө өгдөг, мөн Холливууд болон Бэверли Хиллс-ийн гоо заслын эмч нарт хичээл ордог багш хатагтай Патрисиа Стил өөрийн биеэр Монголд хүрэлцэн ирж манай салоны гоо сайханчдыг маань сургаад явсанд бид их олзуурхаж байгаа.
-Холливудын эрх ямбаараа цуутай одод болох Мадонна, Наоми Кэмпбелл, Ким Кардашьян тэргүүтэн “Интрасьютикалс”-ыг эн тэргүүнд сонгож үйлчлүүлдэг гэж сонсч байснаас үр дүнг нь бодитоор мэдэрч байсангүй л дээ. Гол нууц нь юундаа байдаг вэ?
- Гол нууц нь тарилгын аргыг халсантай холбоотой. Интрасьютикалс компанийн эрдэмтэд маш жижиг молекулын хэмжээтэй гиалуроны хүчлийг гарган авч, түүнийгээ хүчилтөрөгчийн хийн бөмбөлгийн даралтны тусламжтайгаар арьсны гүн рүү шингээж өгдөг аргыг анх гаргаж авсан юм. Урьд нь Гиалуроны хүчлийг шприцээр арьсны дор маш олон удаа тарьж байж арьсны гүн рүү нэвтрүүлдэг аргыг гоо сайханчид хэрэглэдэг байсан. Энэ нь мэдээж маш их өвдөнө, хэдэн өдөртөө нүүр хөхөрч хавдана. Ийм учираас Холливуудын одууд өвдөлтөөс зугтааж, огтхон ч өвтгөхгүй “Интрасьютикалс”-ын аргыг сонгодог. Үр дүн шууд мэдрэгддэг, унжсан арьс чангарч, гүн чийгшил авч, арьс хоромхон хугацаанд сэргэдэг. Дуучин Мадоннагийн аялан тоглолтоор явахдаа заавал авч явдаг “Интрасьютикалс”-ын аппаратын тухай Холливуудад мэдэхгүй хүн гэж үгүй гэж ярьцгаадаг.

Гиалуроны хүчил гэж яг юу юм бэ?
Хүний нүд, хумс, дотор эрхтэн, арьс гээд бие организм хэвийн үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй шаардлагатай, арьсны уян хатан байдлыг хангадаг, чийгшүүлдэг хүчил юм. Бие организм гиалуроны хүчлийг өөрөө боловсруулж чаддагүй учраас 22 наснаас хойш дотор эрхтнүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд гиалуроны хүчлээ арьснаас дотороос нь сорж эхэлдэг. Гаднаас нь компьютер гар утасны туяа, байр орон сууцны халаалт, машины кондиционер, нар салхи гэх мэт арьсыг хуурайшуулж чийгийг нь алдуулж байдаг. Үүнээс болж арьс хуурайшиж, үрчлээ үүсч эхэлдэг, яг чийгээ алдаж буй алим шиг. Тийм ч учраас ялангуяа 22 наснаас хойш арьсыг гиалуроны хүчлээр зайлшгүй хангаж өгөх хэрэгтэй болдог. Ингэснээр коллаген, эластины боловсруулалт нөхөн төлжилт ч сайжирж, арьс чанга уян байдлаа удаан хугацаанд хадгалж, гэрэлтсэн тунгалаг өнгөтэй болдог.
-Монголчууд хэр үйлчлүүлж байна?
-Үр дүн нь үнэхээр сайн болохоор амнаас ам дамжин хүмүүст их хүрч байна. Дээр нь “Интрасьютикалс”-ыг мэддэг, үйлчилгээг нь авахын тулд “Интрасьютикалс”-ын үйлчилгээ үзүүлдэг зочид буудлыг хайж, зорьж очдог хүмүүс ч Монголд цөөнгүй байдаг юм билээ. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй гэхэд үйлчлүүлэгч олонтой байгаа. Хамгийн ахмад үйлчлүүлэгч 70 гаран насны цоглог сайхан эгч, ирэх болгондоо арьс нь гоё болж, тэр хэрээр өөдрөг, сэтгэл хангалуун болдог нь маш их урам өгдөг. Хамгийн залуу үйлчлүүлэгч 14-тэй, батганы эсрэг үйлчилгээ хийлгэж байгаа. Батгатай арьсны үйлчилгээний онцлог нь тунгалагийн цэгээр бохирдлыг гадагшлуулах үйлчилгээтэй хавсарч явдаг учраас үр дүн сайтай байдаг.
-Нэгэнт олон улсын сүлжээ гоо сайхны бизнес эрхэлж байгаа хойно энэ салбарын шинжлэх ухаан, технологийн ололт шинэчлэлийн талаарх мэдээллээс хоцордоггүй байж таарна. Гоо сайхны шинжлэх ухааны тренд чиг хандлага хаашаа явж байгаа бол?
-Гадны биетээр биш арьсанд өөрт нь байх ёстой natural зүйл хэрэглэн арьсыг унаган төрхөөр нь хадгалж үлдэхийг илүүд үзэж байна. Тиймээс залуугаасаа хүчтэй бүтээгдэхүүн тухайлбал, парабен, гормоны найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг арьс гоо засалчид зөвлөж байгаа. Гормон, парабен агуулсан бүтээгдэхүүн удаан хэрэглээд ирэхээр өөр бүтээгдэхүүн үйлчлэхээ болих, түүнчлэн нас ахих хэрээр арьсан дээр саарал толбонууд гарч эхлэх, хөхний хавдар үүсэх зэрэг элдэв сөрөг нөлөө ихтэй байдаг учраас аль болох татгалзахыг зөвлөөд байдаг юм билээ.
Надад, танай бүтээгдэхүүн, үйлчилгээ шууд үр дүн гардаг, дэндүү хүчтэй юм биш үү, хөгширсөн хойноо л хэрэглэе гэсэн асуулт их ирдэг. Хүчтэй бүтээгдэхүүн гэдэг нь парабен, гормоны найрлагатай бүтээгдэхүүн. “Интрасьютикалс”-ын гоо сайхны бүтээгдэхүүн нь бие организм өөрөө боловсруулж чадахгүй, хүний биенээс алдагдаад байгаа зүйлийг нь л зөвхөн нөхөж өгч байгаа тул энэ тал дээр санаа зовох явдалгүй. Хэр зэрэг эрт хэрэглэж эхэлнэ тэр хэрээр залуу төрхөө удаан хадгална, нас ахисан хойноо ч ямар нэгэн лазер, гоо сайхны мэс засал зэрэг зүйлд мөнгө зарцуулах шаардлагагүй болно.
-Бударганад аав ээж хоёрынх нь хэнийх нь зан чанар илүү давамгай байдаг бол? Тэд чамд юу өгсөн бэ?
- Аав, ээжийнхээ хэн хэнийх нь сайн чанарыг авсан. Тэдний маань баримталдаг зарчим бол хүнийг хүн гэдэг үүднээс нь хандаж, харьцах. Дарга гээд саймшраад байхгүй, баян гээд долигноод байхгүй, ядуу гээд дээрэлхээд байдаггүй. Хамгийн үздэггүй зан нь хуурмаг, бялдууч, хоёр нүүртэй хүн. Мөн үр хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг өгч, зөв хүмүүжил олгож, боловсролтой болгох гэж хичээсээр ирсэн. Амьдралын бололцоо тааруу, картын бараанд орчихсон ерээд оны үед урлаг, гоо зүйн хэрэглээ байтугай хоолныхаа асуудлыг шийдэхэд хүнд байсан үе. Тийм үед хүртэл аав ээж, өвөө эмээ маань англи хэлний курс, төгөлдөр хуурын сургалтанд явуулдаг, хов хоосон шахуу дуурийн театрлуу балет, дуурь үзүүлнэ гээд дагуулаад явдаг байлаа. Ингээд яриад байвал аав ээжийн маань бидэнд өгсөн зүйл үнэхээр их.
-Аав ээж гэснээс аав чинь олон нийт л мэддэггүй болохоос биеэ сайхан авч явдаг, жинхэнэ жентельмэн эрхэм байдаг юм билээ. Тэднийгээ танилцуулаач?
Аав ээж хоёр маань хоёулаа царайлаг, нуруулаг сайхан улсууд бий. Аавын маань хамгийн гол чанар бол хөдөлмөрч. Зүгээр суухыг нь ёстой харж байгаагүй, дандаа л нэг юм хийж байдаг. Хийх юмгүй байлаа гэхэд биднийг дагуулаад л gym орж гүйнэ, дугуй унаж, сагс, талбайн теннис тоглоно. Цаг бол алт, зөв зохистой өнгөрөөх ёстой гэдэг. Аав ээж хоёр хоёулаа Орос гурвыг төгссөн болохоор найзууд нь бүгд орос “школтой” хүмүүс байдаг. Найзууд нь аавыг “мужик” гэцгээнэ. Оросуудын ойлголтоор бол энэ нь шударга, зарчимч, хэзээ ч нэг зангаараа жинхэнэ эр хүний чанарыг илэрхийлдэг юм билээ. Аав маань үнэхээр л “мужик”. Аав маань ээжид ямар их хайртай гээч. Аавыгаа хараад эхнэрээ ингэж их хайрлаж, ойлгодог, хүүхдүүдийхээ хүмүүжил боловсролын төлөө юугаа ч хайрладаггүй ийм л нөхөртэй сууна даа гэж мөрөөддөг байлаа. Одоо болтол аав өөрийхөө утсан дээрээ миний дугаарыг нялх үр минь гээд хадгалчихдаг.
Харин ээж маань өвөө эмээгийн хайртай охин, ганц ахынхаа хайртай дүү учраас нүдний цөцгий мэт нандигнаж өсгөсөн болохоор тэр үү, ухаалаг зөөлөн уяхан сэтгэлтэй, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослочихсон хүн.
Эмэгтэй хүний хувьд Бударганыг илэрхийлэх зүйл, хобби юу вэ?
-Хобби олон бий. Ээж, аав, өвөө эмээ маань хүүхдүүдээ хөгжүүлэхэд их анхаардаг байлаа. Дүү бид хоёрыг бага байхаас амьдралын утга учир, зорилго, аз жаргалын талаар ярьж, Далай ламын сургааль гэх мэт номуудыг уншуулдаг байсан. Би дөрвөн настайгаасаа төгөлдөр хуураар хичээллэж, англи хэлний курст явж эхэлсэн. Аав маань усанд сэлэх, цанаар явах, тэшүүрээр гулгах, сагс, волейбол, гольф тоглох гээд бүгдийг чаддаг байх ёстой гэж дагуулж явж, зааж өгдөг байсан. Хүн юм үзэж, нүд тайлах тусмаа сэтгэлгээ нь улам чөлөөтэй болж задардаг, юмны учрыг илүү гүн ойлгож, олон өнцгөөс нь харах чадвартай болдог гээд аялалд их авч явдаг байсан гээд хүүхэд насандаа ихийг сурч, олон газраар явсан даа. Бид дэлхийн 30 гаруй орноор аялсан байдаг. Нас ахих тусам, гэр бүл, үр хүүхэдтэй болохоор өөртөө зориулах цаг улам багасдаг. Тийм ч учраас аав ээж маань энэ тал дээр илүү анхаарч байсан байх. Одоо бол би чөлөөт цаг гарвал латин-америк бүжиг, балет, талбайн теннис, гольфоор хичээллэж, испани хэл, маркетинг менежментийн номнуудыг уншихад зориулж байна.
-Мөнгө болоод брэндийн хэрэглээний талаарх бодлоо хуваалцаач? Ямар брэндийг таашаадаг вэ?
-Таашаадаг брэнд тэр, энэ гэж ялгаж, онцлоод байдаггүй. Бүхий л брэндэд давуу болон сул тал байдаг. Бүхий л брэнд гоё бас сэтгэлд огт таалагдахгүй юмтай байдаг. Жишээ нь, сүүлд гарсан нийлчихсэн ултай гутал надад ердөө таалагдахгүй байгаа. Тийм загвартай гутал ямар ч үнэтэй, хичнээн гоё брэнд байсан би хэзээ ч өмсөхгүй. Гэтэл хэний ч мэдэхгүй брэнд атлаа хийц загвар сайтай, биед сууж өгдөг, чанартай материалаар хийгдсэн хувцаснууд байвал аваад өмсчихдөг. Товчхондоо брэндийн нэр хардаггүй, харин миний вкус, өөрийг минь илэрхийлсэн хувцас сонгохыг илүүд үздэг гэх үү дээ.
Мөнгөний хэрэглээний тухайд чин үнэнийг хэлэхэд аав ээж, өвөө эмээгийхээ буянаар эдийн сайныг эдэлж хэрэглэж явлаа. Оюутан байхдаа Бээжингийн Их Сургуульд хуулийн чиглэлээр сурч байсан болохоор Хятадын хуулийн фирмүүдэд давхар ажилладаг байсан юм. Мөн хувийн компаниуд болон Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн Хятадтай холбоотой хурал, мэргэжил дээшлүүлэх сургалт, үзэсгэлэн худалдаанд орчуулагчаар явж олсон мөнгөөрөө аав ээжийнхээ ачаанаас жаахан ч атугай хөнгөлөхийг хичээдэг байсан. Хэрэггүй гэж үзсэн зүйлдээ хичнээн хямдхан байсан ч мөнгө зарахыг хүсдэггүй. Харин хүүхдээсээ бол ерөөсөө мөнгө харамлаж чаддаггүй.
Мөнгийг хүний амьдралын эцсийн зорилго биш, харин зорилгоо биелүүлэх хэрэглээ гэж би боддог. Тийм ч учраас хэдэн үеэрээ идэж барахгүй мөнгө хөрөнгө цуглуулахыг зорилго болгохын оронд гэр бүлтэйгээ цагийг жаргалтай өнгөрөөх, дэлхийгээр аялж, юм үзэж нүд тайлах, хожим үр хүүхдүүд нь бахархах үйлс хийж бүтээхийг зорилгоо болгож амьдарна гэж боддог.
-Хувцаслалтандаа хэр анхаардаг вэ?
-Ерөнхийдөө гоёж гангалдаг типийн хүн нь лав биш/инээв/.Миний сурч байсан Бээжингийн Их Сургууль их өндөр шалгуураар оюутан элсүүлдэг болхоор Хятадын хамгийн шилдэг, сурч мэдэхэд бүхнээ зориулдаг хүүхдүүд л ордог. Бүгд л үүргэвч үүрчихсэн, манай дунд сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад хүртэл оворгүй харагддаг оюутнуудтай. Тэгэхээр гадаад үзэмж тэр чигээрээ орхигдоно. Энэ нь Хятадын бас нэг асуудал юм шиг ээ. Сургуулиа төгсөөд компаниудын ярилцлаганд ороход гадаад үзэмж сайтай байх гэдэг шаардлагыг бүр анкетан дээрээ биччихсэн байдаг. Яагаад гэвэл тэнд арван жилийн хүүхдүүд бүгд дүрэмт хувцастай, их сургуульд орохоороо хэдэн бэлтгэлийн хувцсаа л ээлжилж өмсөнө. Ингээд үндсэндээ дресс код, хувцаслалтын тал дээр жаахан ойлголт муутай хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр гардаг. Монголд ийм асуудал тулгардаггүй учраас сонин сонсогдох байх. Би тэдний нэг биш ч гэлээ гоёж гангалахад тэгтлээ санаа тавьдаггүй. Нүүр, хумсаа будаж сургууль дээрээ очихоосоо хүртэл санаа зовдог байлаа, сургууль дээрээ өсгийтэй гуталтай хэзээ ч очиж байгаагүй. Нүүрэндээ BB cream л түрхэнэ. Харин төгсөлтийн баяр дээрээ л нүүрээ будсан.
-Таны бодлоор хүн хэдэн насандаа хэв маяг буюу стиль имижээ олдог бол?
-Хүн хүн өөр байдаг байх. Арван хэдтэй охид хүртэл харахад цаанаа л нэг өөр, донжтой болчихсон байх нь бий. Гэхдээ нас явах тусам дотоод ертөнц нь нээгдэж, ухаан нэмж, улам гоё болдог эмэгтэйчүүд олон. Залуу насны гоо үзэсгэлэн бол зүйрлэвэл гоё баглаа боодолтой бэлэг юм уу. Гаднаасаа гоё харагдах ч дотрох агуулга нь сэтгэлийн утсыг хөндөж чададгүй байх жишээтэй.
-Гэхдээ хүн болгон нас нэмэх хэрээр гоо үзэсгэлэнтэй болж чаддаггүй. Яагаад юм бол?
-Магадгүй өөртэйгөө ажиллахаа больдог юм болов уу. Түүхийн ихэнх хугацаанд эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй адил тэгш байж чадсангүй. Харин орчин үед адил тэгш байх боломжтой болчихлоо. Энэ цаг үеийн сайхныг эмэгтэйчүүд бид ашиглах ёстой. Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүн байгалиасаа өөр л дөө, гэвч эмэгтэй хүн ажил хийхгүй гэртээ суугаад, нөхөр л намайг тэжээх ёстой гэсэн бэлэнчлэх сэтгэлгээгээр хандаж, эрэгтэй хүний нуруун дээр бүх зүйлийг үүрүүлээд ирэхээр дотоод ертөнц, сэтгэлгээ нь ч хөгжихөө больж эхэлдэг юм болов уу.
Ярилцсан У.Цахирмаа
Сэтгэгдэл (7)