Эртнийхээр бол язгууртан энэ цагийнхаар бол элит гэж яг ямар шинж чанар, юуг хэлдэг юм бол гэж ихэд боддог байв. Мэдээж удамшилтай холбоотой нэршил, мөн чанар байж таарах нь дамжиггүй. Үеэс үед, үрээс үрд дамжихдаа мөн чанараа үл алдахаар барахгүй улам батжиж, чанаржиж байдаг үл тасалдах эрхэм мөн чанар бол сайн генийн гялбаа байж таарна. Эдгээр гялбаат хүмүүсээс язгууртан, элит бий болж,бүрэлдэнэ. Тиймдээ ч англиар family буюу удам судар, угсаа гарал гэдэг тийм чухал зүйл байсаар иржээ.

Орчин цагийн Монголын цөөн элитүүдийн нэг нь яах аргагүй Ц.Намсрай гуайн үр удмынх. Бид АЖ, Зууны манлай сайхан хүүхэн Л.Цогзолмаа гуайнх гэвэл илүү танимхайрах энэ гэр бүлийнхэн гурван үеэрээ Монголын урлагт хүчин зүтгэж буй. Тиймдээ ч урлагийн элит гэр бүл гэх өргөмжлөл, хүндлэлийг авцгаажээ. Харин гурав дахь үеийн төлөөлөл Т.Бат-Оргил буюу АЖ, Төрийн соёрхолт Н.Сувдын хүү үйлдэл, үг яриа, амьдралын хэвшлээрээ урлагийн гэх тодотголгүй зүгээр л элит угсааных гэдгээ харуулсаар ирж. Түүний үзэл санаанд нэг тийм ариун, хүчирхэг чанар байдаг. Үзэл санааны сүүдэр нь үйлдэл учраас түүний амьдрал нэр төртэй үргэлжилсээр өдий хүрч иржээ. Удмын сайн мөн чанар, нэр төр үнэ цэнийг бүхий л амьдрал, бие сэтгэлээрээ мэдэрч, амссан тэр дөч гарсан насандаа түүнээ үйлдэл болгож, нэгэн гэр бүлийн төлөө бус нэгэн ард түмний төлөө зориулахаар шийдэн, улс төрд хөл тавьж, Хөдөлмөрийн Үндэсний Нам байгуулсан нь саяхны явдал. Нэг талаар гунигтай, нөгөө талаар талархууштай мэдээ. Түүнтэй ярилцаж дууссаныхаа дараа “Танд амжилт хүсье, араас чинь залбиръя” гэхээс өөр үг надад олдсонгүй. Хэт ялзарч, өмхөрсөн өнөөгийн улс төрийн тогтолцоо, аалзны тор мэт хэрсэн олигархи сүлжээнээс айж, ширвээдэхдээ хэлсэн үг. Арга ядсан хүний үг гэх үү дээ.

Ийм л уур амьсгал ноёрхсон улс төржсөн агуулга бүхий сэдэв дунд бид хоёрын яриа өрнөсөн. Ихэнх улс төржсөн яриа уйтгартай, амт шимтгүй байдаг. Улс төр өөрөө баг өмсөхийг шаарддаг учраас тэр байх. Гэхдээ Т.Бат-Оргил ноёнтны яриа хэдий улс төржсөн сэдэв давамгайлсан ч гэлээ уйтгартай, сулбагар, үлбэгэр байсангүй. Учир нь тэр өөрөө хүчирхэг оршихуй юм. Тиймээс урт, нуршуу юм гэж цухалдалгүйгээр уншаарай, эрхэм уншигч минь. Маш олон үзэл санаа, үнэт агуулга бидний яриан дунд байгаа учраас заавал уншихыг уриалж байгаа хэрэг. Ингэхэд өмнөх үг маань хүртэл ийм урт болчихлоо.

Түүний ярианаас хамгийн их таалагдсан хэсэг нь эхэнд дурдсан элитийн тухай яриа. Түүнийхээр элит гэгдэж, эталон болохын тулд өөрийгөө харгислаж, тодорхой хэмжээний золиос гаргах ёстой гэх мэт ишлэл бүхий элитийн тухай яриа. Амьдралд бүх зүйл үнэтэй, чухал зүйл золиос шаарддаг үндсэн зарчим энд нуугдаж байгаа юм.
ИРГЭНИЙГ ЭЦЭГ ЭХ БИШ ТӨР ХҮМҮҮЖҮҮЛДЭГ
-Америкаас ирсэн даруйд чинь уулзаж ярилцлага авч байхад та соёлын шокон дунд байгаагаа онцолж байсан чинь санаанаас гардаггүй юм. Тэрнээс хойш бас ч гэж хугацаа өнгөрчихлөө, соёлын шокноосоо ч гарсан байх. Ер нь сүүлийн арваад жилд Бат-Оргил гэдэг бие хүн хэр их өөрчлөгдөв?
-Учиргүй өөрчлөгдсөн юм алга, ахуйн хүрээнд хэвэндээ л байна. Бүл нэмсэн, зээ охинтой болсон. Ийм л сонинтой байх шив.
Шокноос гарсан ч гэсэн үүнд дасч болохгүй. Бид нэг л буруу амьдраад байна. Ёс бус. Бүгдээрээ үүндээ дасаад, үүнээс өөр байж болно гэдэгт итгэхээ больчихсон нь аймшигтай. Өөр байж болдог юм шүү дээ. Үүнийг өөрийн биеэр үзээд, мэдрээд ирсэн. Ерэн оноос өмнө ямар байлаа, ажин түжин амьдардаг байсан. Элдэв улс төрийн хэлмэгдүүлэлт байсаан, гэхдээ нийт ард түмний хэмжээнд гар газар, хөл хөсөр амьдарч байсан. Тэгэхээр хэрхэн, яаж тэр сайхан амьдралыг цогцлоох вэ гэдэг дээр ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй байна. Үүнээс өөр байж болдог гэдэгт итгэх итгэл хэрэгтэй байна. Итгэл маш чухал. Одоо бид яг гудамжны хүүхдүүд шиг амьдарч байна шүү дээ. Тэдэнтэй хэрвээ харьцаж үзвэл ойлгоно. Тэд догширчихсон, сайн юманд, үнэгүй юманд итгэхээ больчихсон байдаг. Үнэгүй юм өгвөл энэ яах гэж байгаа бол гэж бодно. Үнэгүй юм гэдэг сэтгэлийн тус л даа. Эрхэм бүхэн үнэгүй байдаг. Бидний ээж, аав, эрүүл мэнд, сайхан сэтгэл, итгэл, Эх орон. Хэрэв үүнд итгэхгүй, зөвхөн материаллаг эд зүйлд итгэж байхад бид яаж сайхан нийгэм байгуулах юм. Гэхдээ түүний төлөө зорих хэрэгтэй.
-Амьдралд чинь гарсан томоохон өөрчлөлт гэвэл та аавыгаа алдсан. Хожуу ч гэсэн эмгэнэл илэрхийлье. Хамтдаа аз жаргалтай амьдралыг туулаагүй, тусдаа өссөн ч гэлээ халуун амиа хуваасан хүн чинь тэнгэрт халих хүнд байсан байж таарна.
-Би том болтлоо аавтайгаа хамт байсан хүн шүү дээ. Сүүлд, намайг том болсон хойно аав, ээж хоёр маань салсан. Аав маань сүүлийн жил гаруйн хугацаанд миний гар дээр байсан. Хэдийгээр хийж, өгч чадаагүй зүйл олон байдаг ч чадахынхаа -хэрээр асарсан.
-Би аавыгаа алдаад хормын төдийд л том хүн болж, ухаан суучихсан юм шиг мэдрэмж төрж байсан. Тэр эрхэм танд юу үлдээгээд буцсан бол?
-Хоосон зай үлдээсэн. Одоог хүртэл бодох зүйл үлдээсэн. Ер нь аав хөвгүүдийн харьцаа их өвөрмөц. Хүүхэд багаасаа ээждээ л ойрхон байдаг. Нас ахих тусам аавыгаа ойлгох, хайрлах сэтгэл улам их болж, тэгэх байж, ингэх байж гэж их бодогддог. Харвардын судалгаа ч гарсан байна лээ. Хүүхдэд ээж нь 25 нас хүртэл маш чухал үүрэгтэй. Эр хүн аавыгаа хэзээ хайрладаг гэхээр 75 нас хүрч байж хайрладаг гэж байгаа юм. Европчуудын дунд хийсэн судалгаа л даа. Монгол хүний хувьд арай жаахан наана байдаг байж ч магадгүй юм. Магад эсвэл 60-тай ухаан орж, 61-тэй нас барав гэдэг шиг бид хайрлаж, ухаарахгүй байсаар өөрсдөө нас бардаг ч байж мэдэх юм /инээв/.
-Танайх чинь гурван хүүтэй байх шүү. Хөвгүүд том болсон уу?
-Том нь ч 18 хүрчихлээ. Бага нь зургаатай юм байна, том залуус болцгоосон.
-Бага охин чинь сүлжээ рестораны бизнес тун амжилттай эрхэлж байна. Хөвгүүд ч өсч, том болцгоож. Хүүхдүүдээ хаана, хэрхэн боловсрол эзэмшүүлнэ гэж боддог вэ?
-Хүний хувь тавилан юм даа. Хүүхдийг дөрөв, тав хүртэл нь хүмүүжүүлдэг юм байна. Түүнээс цаашихыг хувь төөрөг нь мэддэг байх гэж би боддог болсон. Чухал үе бол таван нас хүртэлх үе. Энэ үед л сайн суурь тавьж өгөх ёстой юм байна. Ерөнхийдөө хүн болох ажлын 60, 70 хувь нь таван нас хүртэл явагддаг гэж хэлэх гээд байна л даа. Үүнээс хойш зөвлөх, үлгэрлэх юм байна. Гэвч тэр нэг их чухал нөлөөтэй биш.
-Энэ асуултыг шалгаагаад байгаагийн учир нь Монголд бага, дунд, ерөнхий боловсрол та бидний үеийнхээс үнэтэй, бүр хэдэн саяар үнэлэгдэх төлбөртэй болчихлоо. Санаанд оромгүй тоо ерөнхий боловсролын тогоонд эргэлдэж байх шиг. Тэгээд л эцэг, эхчүүд хүүхдээ хүнээс дутаахгүй гээд ёстой хуруу хумсаа тайран байж үнэтэй сургуульд сургаж байна. Үр дүн нь гэтэл юу юм бол гэж бодогдох. Магад таны хэлдэгчлэн хувь төөрөг нь авч явах уу, эсвэл үнэтэй боловсрол ирээдүйг тодорхойлох уу?
-Үүн дээр би нөхөдтэйгээ нэлээн олон сар, жилээр ажиллаж, судалсан. Иргэнийг эцэг эх биш төр хүмүүжүүлдэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Харамсалтай нь төр энэ үүргээ биелүүлэхгүй асар уджээ. Манай нийгэм хүнээ алдах процессыг их газар авахуулж. Аав, ээж хэдий хичээвч улсын иргэнийг дангаараа бий болгож чаддаггүй юм байна. Боловсрол гэхээсээ илүү хүмүүжлийн асуудал чухал. Хүмүүжил, сахилга бат хоёр өөр, тусдаа ойлголт. Сахилга бат үгэнд орох хэмжээний асуудал. Дүрэм журмыг дагах, дуулгавартай байх явдал гэх юм уу. Хүмүүжил бол тэрнээс хамаагүй өргөн ойлголт бөгөөд хүн болох ажлыг манай өвөг дээдэс эртнээс хүмүүжил гэж нэрлэж иржээ. Гэтэл энэ тухай Өрнөдийн шинжлэх ухаан зөвхөн сүүлийн 20, 30 жил хүний хөгжил гэж ярьж эхэлсэн. Бид их эртнээс мэддэг байж гэсэн үг. Одоо гэтэл хүмүүжилд ер анхаарахгүй байна. Цэцэрлэгийн боловсролыг ер хайхрахгүй. Ид хүн бойжиж байх үед анхаарал тавьдаггүй гэсэн үг байгаа биз. Цаашилбал, 10 жил, дунд сургуулийн боловсролыг ч манай төр анхаардаггүй. Зөвхөн дээд боловсролд буюу хэдийнэ хүн болчихсон, зөвхөн мэргэжил эзэмших түвшинд очсон хойно ярьж эхэлдэг. Үүнийг яаж засах вэ. Дахиад л асуудал. Айл өрх бүр хүүхэд дээр ажиллаад зогсохгүй төрийн нэгдсэн бодлого, монгол хүнийг бий болгох, хүмүүжил олгох тухайд анхаарах хэрэгтэй байна.

МОНГОЛД АРД ТҮМЭН БАЙХГҮЙ ГЭЖ БАРАГ ҮНЭН БОЛЧИХООД БАЙНА
-Яагаад ч юм Америкт нэг сар амьдраад ирсний дараа Монголд ард түмэн гэж байдаггүй юм байна гэх бодол төрж байсан. Муу засаглал, сул төрийн сүүдэр гэж ойлгож болох нь?
-Төр гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудал руу ороод явчихна. Бид өмнө нь коммунист дэглэмтэй байсан. Шинэчлэн байгуулсан төр маань ардын төр гэж байгаа. Ардчилал гэдэг ард түмэн засгаа өөрсдөө барих тухай онол. Бид үүнийгээ хийж чадахгүй их хугацаа алджээ. Ард түмэн байхгүй гэдэг бараг үнэн болчихоод байна. Хувиа хичээх явдал хэт газар авч байна. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг муухай үг бараг “зүйр цэцэн” үг шахуу болоод байна. Бузар үгнүүдийг цэцэн мэргэн үг болгож ярьдаг болсон байна. Миний өвөг дээдэс ийм юмыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Юу гэсэн үг юм бэ, хулгай, луйвар хийвэл чадаж байгаа юм чинь болж байна гэсэн үг үү? Бараг гайхуулах маягийн ханддаг болсон. Үүнийг жигшдэг үлгэр дуурайл байх ёстой.
Улсууд элит гээд яриад байдаг даа. Үүнийг хүмүүс их янз янзаар ойлгодог. Элит гэдэг бол үнэтэй, гоё юм хэрэглэж, үнэтэй хоол идэж, гоё газраар зугаалах баярхал, тансаглал биш шүү дээ. Харвард төгсөөд ч элит болчихгүй. Тэр бол зүгээр л баян, боловсролтой хүн. Тэгвэл үндэсний элит гэж хэнийг хэлдэг юм? Энэ бол ард түмнээ гэсэн сэтгэлтэй байж, ард түмэнд хайрлагдаж, тэдний хайрыг даасан хүн юм. Тэр элит гээд байгаа хүмүүс юуг жигших, юуг шүтэж амьдрах вэ гэдгийг ард түмэндээ өөрийн амьдрал, үйлээр үлгэрлэн манлайлах ёстой. Тэдний үүрэг маш их. Жишээ нь, Зэвсэгт хүчний элит гэж хэнийг хэлэх вэ? Энхийн цагт тэд хамгийн гоё хувцастай, гоё хангамжтай, гоё залуус байдаг. Дайн болоход ялалт, ялагдлыг тодорхойлох, амь өрссөн тулаанд тэд түүчээлэн ордог. Үүгээрээ л элит гэгдэнэ. Үүнтэй адил ард түмний элит гэдэг бол хамгийн хэцүү үед явах зам жимийг нь тодорхойлж, шийдэл гаргах хүч, хүнд хүчир үед зөвхөн тархи нь биш сүнс нь болдог хэсэг бүлэг хүмүүс юм. Бэрх үед ч сүнсээ алдахгүй хүчир цагийг даван туулахад манлайлж байх ёстой хүмүүс юм.

-Та элит мөн үү?
-Мэдэхгүй, энийг би тодорхойлохгүй ш дээ.
-Монголын ард түмэн танай гэр бүлийг Монголын элит гэж хэдийнэ тодорхойлсон. Таны үйлдэл, үг яриаг сонсоод би хувьдаа хүлээн зөвшөөрснөөр барахгүй элит гэдэг бол үеэс үе дамжсан үнэт зүйл, эрхэм чанар, нэр төрөө эрхэмлэх түүгээрээ нийгмийн өмнө үүрэг хариуцлагатай, үлгэр дуурайл үзүүлэхүйц амьдрах явдал гэж бодох болсон.
-Мэдээж миний аав ээж, эмээ өвөөгийн нөлөө байдаг. Дөрөв, тав хүртэл намайг тэд л хүмүүжүүлсэн шүү дээ. Гэхдээ зүгээр нэг төрснөөр, удмын эрхээр элит болчихгүй байх.
Маш их хүлээлт байдгийг би мэдэрдэг. Чи тийм хүний хүүхэд юм чинь, тийм л байх ёстой гэдэг хүлээлт, шаардлага. Үүнийг би биелүүлж чадах эсэхээ харуулах цаг нь одоо ирээд байна. Би хувьдаа сэтгэлзүйн хувьд бүрэн бэлтгэлтэй байгаа. Тийм ч учраас санаа сэтгэл нэгтэй нөхөдтэйгээ нэгдээд улс орныхоо төлөө юм хийе гэж зориод явж байна. Зорьсондоо хүрч чадах эсэхийг цаг хугацаа харуулна. Би бол чадна гэж бодож байгаа.
-Өөрөөр хэлбэл та сайн хүний үр болж төрснөөрөө ард түмний өмнө өртэй болсон байна ш дээ?
-/инээгээд/ Тэр үнэн. Яалт ч үгүй тийм хүлээлт бүр багаас хаа ч явсан дагаж ирсэн. “Өө нөгөө Сувдаагийн хүү явж байна ш дээ” гэнэ. Нэр бол байхгүй ш дээ.
-Та санаж байна уу, Сувдын хүү гэх шошго надад дарамттай санагддаг гэж байснаа?
-Санаж байна. Тэр чинь их дарамт ш дээ. Чи өөрөө хүн биш юм шиг, зүгээр нэг малгайтай хүү, өөрөө хэн байх нь хамаагүй. Бүх зүйлийг тэрний хүү гэх үг тодорхойлдог.
-Тэгвэл тэр шошгогүйгээр Бат-Оргил гэдэг хүнийг тодорхойлох зүйл нь юу юм бэ?
-Яалт ч үгүй эцэг эх, өвөг дээдсийнхээ үр удам нь мөн юм чинь, тэр хүлээлт, хүндлэлийг даах нь миний үүрэг. Нэр хугарахаас яс хугар гэдэг аймаар үг. Сайн хүн нэрээ, муу хүн амиа гэдэг. Тэр нэрийг авч явахын тулд сайн хүн байх ёстой гэж боддог.

ЭРТ, ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МАНАЙ НАМ АМЖИЛТАНД ХҮРНЭ!
-Таны хувьсгалын амьдралын талбар бас сонин ихтэй байгаа. Саяхан Хөдөлмөрийн Үндэсний Нам байгуулснаа албан ёсоор зарлалаа. Олон нам байдаг. Тэднээс та нар юугаараа ялгарах юм, юугаараа илүү байж чадах юм?
-Нам байгуулах ч, компани байгуулах ч амархан ш дээ. Гэхдээ тэдний 80, 90 хувь нь дампуурдаг. Нам болоод компанийг байгуулсаны зоргоор сайн явчихна гэж байдаггүй. Одоо байгаа олон намуудыг нам гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл тэдэнд үзэл баримтлал, зарчим, эрхэм зүйл байдаггүй.
Би үнэт зүйл гэж үгэнд дургүй. Үнэт зүйл авдранд, эрхэм зүйл цээжинд байдаг юм /инээв/. Амны билгээс ашдын билэг гэгчээр үнэт зүйл, эрхэм зүйл хоёроо андуурсан ард түмэн бол бид. Үүнээс үүдсэн гай түйтгэр ч их. Үнэт зүйл, материаллаг эдийн араас хэтэрхий амь тэмцэж, үхэн хатан зүтгээд байна. Бидний бүх зүйл үүгээр хэмжигдэж, илэрч байна. Монголчууд Бурханы шашинтай гэцгээдэг. Бид яг үнэндээ шашинтай юм уу? Би л лав, Бурхан минь би нүгэл үйлдчихлээ, намайг өршөөгөөч гэж залбирч байгаа хүнийг энэ яваа насандаа хараагүй. Харин нэг ийм юм бүтээгээд өгөөч, тэрийг болгоод өгөөч гэсэн баахан улс хийдэд оочерлоод, мөнгө төлөөд явж байгааг би өдөр болгон хардаг. Энэ шашин мөн үү? Нөгөө үнэт зүйлийн араас үхэлдэн явж байгаа өөр нэгэн хэлбэр юм. Америкийн виз гаргаад өгөөч, маргааш шалгалтанд орох гэж байна, миний шалгалтыг багшийн ухааныг нь балартуулж байгаад би муу хариулсан ч сайн дүн тавиулаад өгөөч /инээв/. Энийг залбирал гэж үзэх юм уу? Тэрний оронд хичээлээ л сайн хийнэ биз дээ. Энэ бол харамсалтай нь шашин биш л дээ.
Бид бүх зүйлд өнгөц, хуумгай ханддаг. Зарчим гэж юм байх ёстойг мартдаг. Нам зарчим дээр суурилдаг. Нам эрхэм зүйлүүд дээр суурилдаг. Зарчим болоод дүрэм журам нь тодорхой байх ёстой. Тэрнийг хэрэгжүүлдэг дотоодын хяналтын механизм байх ёстой. Энэ бүхэн байхгүй бол нам бол нам биш. Гудамжинд дурын хэдэн хүнийг цуглуулаад, адилхан өнгийн малгай өмсүүлчихээр нам болчихдог юм биш. Тэр ижилхэн малгайтай улсын эрхэм зүйлс нь хаана байгаа юм, зарчим нь хаана байгаа юм, хулгай хийгээд байгаа намынхаа гишүүдэд яагаад өөрсдөө арга хэмжээ авахгүй байгаа юм? Улсын шүүхээр ордоггүй юм байж. Яагаад намынхаа шүүхээр ордоггүй юм. Ийм зарчим маш чухал. Зарчмууд дээр бид маш их цаг заваа зарцуулж, ухаан бодлоо уралдуулж, яаж энэ нам зөв явах вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж байна. Тийм учраас эрт, орой хэзээ нэгэн цагт манай нам амжилтанд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Цаг хугацааны л асуудал. Магадгүй дөнгөж сая, сонгуулийн өмнө байгуулагдсан нам гэдэг утгаараа амжилтанд хүрэхгүй ч байж болно. Гэхдээ бид шантрахгүй. Нам ялж, би албан тушаал олж чадсангүй гээд нам нь бараг тарахаа шахдаг бол нам биш. Энэ бол дурын хүмүүс ижилхэн өнгөтэй малгай өмсөж цуглах явдал. Зарим хүмүүс цүнхтэй мөнгө зөөж байгаад нам нь сонгуульд ялчихвал аятайхан албан тушаалд оччихно гэж боддог. Энэ бол том эндүүрэл. Ямар ч үзэл бодол, ажил хөдөлмөр хийх сэдэлгүй. Намаа зөвхөн ялуулах л ажилтай. Ялчихлаа, дараа нь яах юм? Ялаад л болоо юу? Бүх зүйл зарчим, эрхэм зүйл, дүрэм журамтай байх ёстой. Бүх төлөвлөгөө гарчихсан байх ёстой. Энэ бүхэн хувь хүн болгоноос золиос шаардана. Тухтайхан галт тэрэгний суудалд тавтай сууж байгаад нэг газар хүргүүлээд буучихна гэж бодвол бас л андуурал. Гэвч бид золиослох ёстой бүхнийг хийнэ. Ард түмэн вагондоо сууна, бид зүтгүүр болно.

- Мэдээж Т.Бат-Оргил гэдэг хүн ганцаараа нам байгуулаад, улс төр хийчихгүй. Улс төр гэдэг бол багийн тоглоом. Багт чинь ямар зиндааны хүмүүс байгаа вэ?
-Би улс төрийг тоглоом гэж хэлэх тодорхойлолтонд их дургүй. Улс төр бол улсыг удирдах ухаан болохоос биш бохир тоглоом, юу юу ч гэнэ үү, тоглоомын дүрэм энэ тэр ч гэж байх шиг. Хүн юмыг яаж тодорхойлно тэрүүгээрээ л явдаг. Улс төрийг тоглоом гээд тодорхойлчих юм бол тэр хүмүүсийн хувьд тоглоом. Бидний нөхдийн хувьд улсыг удирдах ухаан, алсын хараа, бодлого гэж тодорхойлж байгаа. Тэр бодлогыг гаргахад сайхан сэтгэл хангалтгүй. Мэдлэг, туршлага хоёрын хослол, зөв үзэл бодол, зарчимтай, тодорхой түвшний үнэлэхүйц үзэл баримтлалтай хүн байх ёстой. Одоо юу гэдэг юм, би бол фашист хүнтэй нийлэхгүй. Коммунистуудтай нийлэхгүй, хэдий тэр туршлагатай хүн ч гэлээ.
ХҮН намын Удирдах зөвлөлд байгаа улсууд бүгд өөрсдийнхөө амьдралыг бүрэн аваад явчих чадалтай хүмүүс. Улс төрд орж хулгай хийж, тендер будилаантуулах ямар ч шаардлагагүй улс. Би ч гэсэн өөрийгөө болгоод яваад л байна. Үгүй ядахдаа, ядраад ирэхийн цагтаа гитараа үүрээд явахад учиргүй олигархи болчихдоггүй юмаа гэхэд өлбөрөөд үхчихгүй байх /инээв/. Нөхөд маань ч тийм хүмүүс. Намын дарга Боргил гээд залуу байна. Америкт арилжааны банкны захирлаар ажиллаж байсан хүн. Тэндээ амь нь тэмцээд, ажлаа хаяад наашаа хүрээд ирсэн. Бид хоёрын хооронд ийм адилхан түүх бий. Би ч гэсэн Америкт байшин саваа зээлээр авчихсан, гэр бүлээрээ төвхнөчихсөн, дор бүрнээ ажил төрөлтэй амьдарч байснаа гэнэт л нэг өдөр өвчин хөдлөөд нутаг буцдаг хүн гээд хамаг юмаа зарж үрээд, хаяад ирсэн хүн. Энэ улс орны байдал байж суухын аргагүй байдалд орчихоод байна л даа.

ҮХЭХЭЭС АЙМААР ЗҮЙЛ БИЙ, НЭР НҮҮРГҮЙ БОЛОХ!
- Хүн намын үзэл санаа, зарчим нь юу вэ?
-Зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Бид зэрлэг капиталзимд итгэхгүй. Яг өнөөдөр хэрэгжиж буй “чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн булай юманд итгэхгүй. Хэн хөдөлмөрлөнө, хэн зүтгэнэ тэр сайхан амьдрах ёстой. Чи баян ч бай, ядуу ч бай, бүх шатанд хөдөлмөрлөх ёстой. Баян хүн ч хөдөлмөрлөж байгаа. Яахав хулгай хийгээд баяжчихсан хүмүүс бий л дээ. Хулгай бол хөдөлмөр биш. Хөдөлмөрлөж байж баяжсан бол түүнийг бид дэмжинэ. Үнэлнэ. Үйлдвэрт ажиллаж байгаа хүнийг дэмжинэ. Хөдөлмөр хийхгүй хулгайлж баяжсан хүнийг цээрлүүлнэ. Ажил хийхгүй, архи уугаад эхнэрээ зараад гэртээ хэвтэж байгаа хүнийг бид цээрлүүлнэ. Хүүхдүүдээ гудамжинд гаргаад гуйлга гуйлгаж байгаа эцэг эхчүүдийг бид цээрлүүлнэ. Баялаг бүтээгчдээ барууны бодлогоор дэмжинэ. Баялгийн шударга хуваарилалтыг зүүний бодлогоор хэрэгжүүлнэ. Энэ бол бидний үзэл санаа, бодлого.
- Миний л бодол шүү. Аалзны тор мэт улс төр бол бохир тоглоом гэж ярьдаг. Энэ нь утгагүй ч үг биш. Тань шиг үзэл санаатай олон олон залуус улс төрд ороод уусч, дасдаг. Эцсийн эцэст хүнд юу хэрэгтэй юм, амь бие, амьдрах хэрэгтэй. Үүний төлөө олон аавын хөвгүүд тэр бохир ертөнцөд уусдаг эсвэл амиа алддаг. Тиймээс ч улс төрд хүчтэй баг хэрэгтэй. Магадгүй танай нам ирэх сонгуулиар цөөнх боллоо гэж бодъё, энэ бохир ертөнц, аалзны торны өөдөөс хэрхэн яаж тэмцэх вэ? Ер нь манай улс төрд тууштай байх, амь биеэ үл хайрлах чанар дутагдаад байгаа юм болов уу гэж харагддаг.
-Өөрийн чинь асуултын эхний хэсэг сүүлийн хэсэгтэйгээ зөрчилдөөд байна. Хүн амьдрах хэрэгтэй, аминаас илүү үнэтэй юм үгүй гэлээ. Энэнтэй би санал нийлэхгүй. Үхэхээс илүү аймаар юм бий. Нэр нүүргүй болох.
Хүн бодлоороо амьдралаа бий болгоно. Эхлээд бодол бий болдог. Дараа нь үг, үг нь үйлдэл болдог. Амьд байхын төлөө яахаас ч буцахгүй гэдэг бол аягүй өрөвдмөөр. Мэдээж,хүний амьдралд өдөр тутам ийм сонголт ирэхгүй. Харин илүү энгийн сонголтууд байнга тохионо. Чи жаахан тарчиг амьдраад цэвэр сайхан нэр төртэй үлдэх үү, хулгай хийгээд баян тансаг амьдрах уу гэдэг сонголт элбэг тохиох болов уу. Сонголтыг хүн өөрөө л хийнэ. Энэ асуултанд яаж хариулахаас хамаарад чи лидер байж чадах уу, үгүй юу гэдэг тодорхойлогдчихно.
Яг адилхан хулгайчид нэгийгээ хулгайчаар нь дуудаад суухыг бид хангалттай харлаа. Энэ сонин биш болсон. Тэгэхээр үг, үйлдэл хоёр нь зөрдөггүй хүмүүс улс төрд үнэхээр дутагдаж байна.

Ашиг сонирхлын зөрчилдөөн гэдэг ойлголт бий. Хэрвээ та ашиг сонирхлын зөрчилдөөнөө зарлаагүй бол, уучлаарай ёс суртахууны хувьд тэнцэхгүй байна гэдэг асуудал манай намын хувьд тавигдана. Гишүүнчлэлд бид айхтар шаардлага тавьж чадахгүй. Харин удирдах албан тушаалд сонгогдох гэж байгаа хүн зайлшгүй манай үзэл суртлын хаалгаар орох ёстой. Тэнцлээ. Тэнцчихсэн юм чинь гээд ялалтын цом шиг тавиур дээр тавьчихгүй. Байнгын хяналтан дор байх ёстой.
Нам маань яг одоо дүрмэн дээрээ няхуур ажиллаж байна. Миний оруулья гэж зориод, нөхөдтэйгөө ярилцаж байгаа зүйл бол Дотоодын хянан шалгах хороо. Дотоод явдлын яам шиг нэлээн харгис юм гарч ирэх ёстой. Өөрсдийнхөө гишүүдээс ч мэдээлэл авна, өрөөл бусад иргэдээс ч мэдээлэл авна. Тэр дагуу “До яам” шууд шалгана. Зөрчил илэрвэл арга хэмжээ авдаг, гишүүнээсээ хасдаг, албан тушаалаас нь огцруулдаг. Улсын шүүхийг хүлээхгүй манай нам дотроо шийднэ. Бараг шүүх ч биш, дотоодын мөрдөх товчоо юм уу даа.
ЭНЭ БОЛ АРДЧИЛАЛ ГЭСЭН ХУВАНЦАР ПАЙЗТАЙ ЯМБИЙ АМБААР
-Тун ч гайхалтай сайхан сонсогдож байна. До яам, хатуу хяналт гэснээс өнөөдрийн Монголын төрд хатуу хяналт, хатуу засаглал, төр төмөр нүүртэй гэдэг шиг чанга төр байхгүй болчихсон. Бүх зүйл ардчилал гэдэг нэрийн дор эмх замбараагүй, дураараа хөгжиж байна.
-Энэ ардчилал биш ш дээ. Энэ бол ардчилал гэсэн хуванцар пайзтай ямбий амбаар байхгүй юу. Яахав анх их зөв эхэлж байсан юм. Аяндаа шуналын бузар тусаад, хоорондоо алалцаад зүгээр амбаар болгочихсон. Гадна талд нь самбар л үлдэж. Хуучин тогтолцоонд сайн ч юм бий, муу ч юм бий. Заавал мууг нь дуурайх албагүй. Ардын хянан шалгах хороо гээд төрөөс идэж уувал ёстой чичрүүлдэг систем байлаа ш дээ. Яагаад манай өнөөдрийн төр төмөр нүүртэй байж чадахгүй байна гээч? Яагаад гэвэл тэнд төмөр нүүртэй байж чадах улс байхгүй байна. Чи өөрөө хулгайч бол өөр хүнийг хулгайч гэж болохгүй биз дээ. Тийм учраас за яахав, чи надаас арай илүү хулгайч юм байна, ямар муухай юм бэ л гэж хэлэх хэмжээнд байна /инээв/.

Тэгээд ч юун төмөр нүүр, манай төр хоёр нүүртэй. Хүний амьжиргаанд хүрэлцэхгүй цалин өгчихөөд чи шударга бай гэдэг шаардлага тавьдаг. Хажуудаа болоогүй авилгалын эсрэг тэмцлийн аппарат шиг нэг юм байгуулчихсан. Тэгээд л үзэлцэж өгнө. Амьжиргаанд хүрэхгүй цалин өгчихөөд авилгал авч болохгүй, ажлаасаа гадуур халтуур хийж болохгүй ашиг сонирхлын зөрчилдөөнтэй гэнэ. Жишээ нь, балетчид төрийн албан хаагчдын нэг. Балетчиныг та гадуур мэргэжлээрээ хичээл зааж болохгүй, өөр байгууллагад уригдаж бүжиглэж болохгүй, та зөвхөн дуурийнхаа театрт л бүжиглэж болно гэнэ. Хэрвээ гадуур ажил эрхлэх юм бол мэргэжлээрээ биш өөр ажил хий, жишээ нь, төмс тарьж болно. Төсөөлж байна уу? Балетчин хүн төмс тарих нь байна ш дээ. Эсвэл эмч хүн эмнэлэг байгуулж болохгүй. Ингээд л амьжиргаагаа залгуулах гэж аль ч талаараа АТГ-ын гарт орчихож байгаа юм. Мэдээж, эмч, урлагийнханы хувьд энэ дэндүү илэрхий тул тэднийг тэгж шалгахгүй байна. Харин бусад салбарт энэ нь ийм илэрхий биш болохоор хүмүүсийг энэ цаламдаа барьцаалчихаад байгаа юм. Жишээ нь, геологич хүн ажлаасаа гадуур төмс тарих уу, балет бүжиглэж хүрэлцээгүй цалингаа нөхөх үү? Өөрөөр хэлбэл одоогийн төр хүн хулгай хийж амьдрах тогтолцоог цаанаас нь тэтгээд байна. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлийнхнээс доогуур байх ёстой гэдэг тогтолцоог хэн, хэзээ гаргачихсэн юм бэ.
-Хэн, хэзээ гаргасан юм гэхээсээ илүү эдийн засгийн тогтолцооны гажуудалтай холбоотой зүйл. Үнийн бодлогыг төр нь барьж чаддаггүйтэй холбоотой гэх үү дээ. Төрийн албан хаагчийн цалин нэмэгдэнгүүт төмсний үнэ тэр хэрээр өсдөг. Бас л тогтолцооны буруу.
-Тогтолцоонд биш буруу сэтгэлгээнд байгаа юм. Чи хүнд муу цалин өгөөд сайн ажиллуулна гэж хэзээ ч байхгүй. Төрийн албанд тийм хөгийн цалин тавьчихаад аягүй сайн боловсон хүчин ирээд шударгаар ажиллаад улс орноо хөгжүүлнэ гэж бодож байгаа бол энэ тэнэг хүний ажил. Би жишээ нь гадуур ажиллахад сардаа хэдэн сая төгрөгний цалин авчихна. Тэгэхэд төрд очоод 500-аас эхэлж 800 мянга хүрдэг цалингийн төлөө би төрийн албанд яах гэж орох вэ. Тэгэхээр л төсвөөс ямар нэг хэмжээгээр хумслахын тулд төрийн албанд орно гэсэн үг. Эсвэл цалингаас -хамаарахгүй, өөрийн амьжиргааг тэтгэх бизнесийн өөр орлоготой байх ёстой.
-Наадах чинь зүгээр захын нэг гажуудал, захын нэг жишээ шүү дээ.
-Энэ захын нэг жишээ биш, энэ бол суурь нь. Манай улс хөгжихгүй байгаагийн суурь хэдхэн шалтгаан бий. Тэдний нэг нь.
-За тэгвэл танай нам яг энэ байдлыг яаж залруулах вэ?
-Мэдээж хэрэг бид цалинг нэмэгдүүлэх ёстой гэдэг бодлого барих ёстой. Нам энэн дээр ярилцаж байна. Цалин нэмэгдвэл дагаад олон асуудал дэгдэнэ. Энийг татварын системээр зохицуулж болно. Судалгаа хийж үзэхэд цалингийн хэмжээ 2 сая 500 байж нэг өрх айл дундаж түвшинд амьдарч байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм цалинтай байж гэмээнэ төрийн албан хаагч өөр юманд санаа зовохгүйгээр, төрийн баялгаас хумслахгүйгээр амьдрах боломжтой гэсэн үг. Үүнийг яаж бүрдүүлэх вэ? Ид шидээр тэр мөнгө бий болчихгүй. Үүнийг даах эдийн засаг хэрэгтэй. Үүнийг яаж байгуулах вэ? Татварын системээ ухаалаг болгох ёстой. Чадварлаг төрийн албан хаагч, чадалтай эдийн засаг байж төрийн алба босч ирнэ. Тэгэхгүй өлөн зэлмүүн, яахаас ч буцахгүй хүмүүсийг төрийн албанд цуглуулчихаар эргээд эдийн засгаа нураагаад байна. Эдийн засгаа босгож байж төрөө эмхлэх үү, төрөө эмхэлж байж эдийн засгаа босгох уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Шийдэхэд тийм ч амар сонголт биш.

Татварын тогтолцоо маш шударга байх ёстой. Өнөөдрийн татварын систем шударга биш. Яагаад хөдөөний малчид татвар төлдөггүй дээрээс нь улсаас мөнгө аваад байдаг юм. Хотод төрсөн нь, бизнес хийдэг нь миний буруу юм уу? Би бизнес эрхэлж байна. Тэгвэл яагаад надад улс татаас өгөхгүй байгаа юм? Яагаад төр ямаанд мөнгө өгөөд байгаа юм? Тэр ямаа надаас юугаараа илүү төрчихсөн юм? Ямаа болж төрдөг байж уу? /инээв/.
Яагаад барилгын материал зарж байгаа дэлгүүрүүд хуурамч баримт бидэнд өгөөд байхад тэднийг шалгаж, шаардахын оронд татварын алба биднийг өрөнд оруулаад байгаа юм? Өөрөөр хэлбэл барилгын материалын дэлгүүр, лангуунууд, Зуун айл тэр чигээрээ татвар төлөхгүй байна гэсэн үг. Тэр чигээрээ хар эдийн засаг. Яагаад эднийг шалгахгүй байна гэхээр энгийн логиктой тайлбар бол тэдэн дунд татвар, сангийн яам, их хурал, засгийн газарт ажилладаг хэн нэгний бизнес байна. Тэр хүний төлөө тэр олон бизнес эрхлэгчдээс татвар авдагүй. Ийм нөхцөлд бид яаж өрсөлдөх юм. Их үү, бага уу гэдэг нь асуудал биш, бүгдээс нь татвар авдаг болъё.Энэ улсын иргэн л юм бол чи татвараа төл. Улс оршихын үндэс газар шороо энэ тэр гээд мундаг мундаг юм ярьцгаадаг. Уучлаарай, ганцхан газар шороо биш түүн дээр нэмээд зэвсэгт хүчин, татвар гурав баймааж төр оршдог юм. Ийм том асуудлыг бид шийдчих юм бол цалингийн зөв тогтолцоог шийдэж чадна гэсэн үг.
ЯМАА БОЛЖ ТӨРДӨГ БАЙЖ УУ?
-Та намдаа ямар албан тушаал хашдаг вэ?
-Удирдах зөвлөлийн гишүүн.
-Дараагийн сонгуульд өрсөлдөх үү?
-Одоо бодвол өрсөлдөх л байлгүй дээ. Нам юм чинь /инээв/.
-Улс төрийн тавцанд таны очихыг хүсч буй өндөрлөг чинь юу вэ?
-Мэдэхгүй. Надад ямар л ажил хариуцуулна, би бүгдийг нь хийж чадна. Чадахгүй ажлаа авахгүй. Их хурлын гишүүн бай гэх юм бол байж чадна. Нэг их мундаг, дэлхийн хэмжээний гишүүн байж чадахгүй юм гэхэд одоо байгаагаас дордуулчихгүй л байх.
- Гэхдээ та амбицтай байх ёстой ш дээ. Би тийм албан тушаалд очиж, ийм тийм юмыг шийднэ гэх мэт хувийн мөрийн хөтөлбөртэй байх ёстой юм биш үү?
-Энэ бол багийн ажил. Би, би гэдэг үзэл л манай нийгмийн гол алдаа болчихоод байна. Би гэсэн баахан хүмүүс яваад байгаа. Тэр буруу зарчмыг бид халах ёстой.
- Та хэсэг нам, төрийн алба хашсан. АМХЭГ-аас авахуулаад нэлээн явсан байх. Улс төрийн албан тушаал гэсэн үг. Нэгэн цагт МАН-ын малгайн дор амьдарч байсан юм байж одоо ирж улс төрийн үзэл бодлоо өөрчилж гэнэ гэж өөлөх нэгэн ч байна лээ.
- Энэ бол үнэхээр зөв асуулт. МАН-д ч бай,АН-дч бай аягүй олон сэтгэл дундуур хүмүүс байна. Энэ бол намын буруу тогтолцоотой холбоотой зүйл. Би хамт ажиллаж байсан хүмүүсээ муулахгүй. Надтай мөр зэрэгцэн, энэ намыг өөрчилье гээд итгэж үнэмшээд явж байсан хүмүүс зөндөө бий. Гэтэл уг тогтолцоо нь буруу, түүнийг өөрчлөх гэвэл маш их цаг зарна. Тиймээс анхнаасаа зөв тогтолцоотой нам байгуулъя гэж шийдсэн хэрэг.
Уг нь улс орноо хөгжүүлэхийн төлөө тэмцэх ёстой байтал нам дотроо дарга цэрэг, фракцийн төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Фракцид л орохгүй бол дээшээ явахгүй. Фракци гэдэг нь ашиг сонирхлын бүлэглэлүүд. Хийсэн бүтээснийг нь би ерөөсөө үгүйсгээгүй. АН ч юм хийсэн, МАН ч юм хийсэн. Ялангуяа 2000 он хүртэл энэ хоёр нам юм хийсэн. Харин 2000 оноос хойш, уучлаарай, хоёулаа юу ч хийгээгүй.
- Яагаад 2000 оноос хойш гэж?
-Эрдэсийн хараал туссан. Ялангуяа 2005 оноос хойш ажил явахаа байсан. 1990 оноос хойш 10 жил хийсэн ажлын үр дүн нь 2000 онд гарч, харагдаж эхэлсэн юм. Гэтэл тэрнийхээ эцсийн үр дүнг нь үзэлгүй, эхний юман дээрээ алалцаад эхэлсэн. 2000- 2015 он хүртэл ингэж явсныхаа горыг бид одооноос амсаж эхэлж байна. Алив ажлын үр дүн 10 жилийн дараа гарч эхэлдэг. Өнөөдөр хийсэн ажлын үр дүн 2025 онд гарч эхлэх жишээтэй.
- Хаа байсан арван жил. Хувьсгал хийчихмээр юм биш үү?
- Нэмэргүй л дээ. Хуучин байшинг нураахад том лантуу, туухай, кранаар цохиод нураачихна. Энэ бол хувьсгал. Шинээр юм байгуулж байгаа нөхцөлд бүдүүн барагийн лантуу сэлт биш нарийн багаж хэрэгтэй. Тэр нь мэдлэг. Байшингийнхаа хундаамыг яаж ухах, байшингаа яаж барих тооцоо, үүнийг хийх мэргэжлийн чадварлаг хүмүүс хэрэгтэй.

- Төрийн толгойд суучихсан аалзны тор шиг, эдийн засаг улс төрийн олигархиуд, ямар ч нам, үзэл санаагүй зөвхөн мөнгөний эрх ашгаар холбогдсон, нэг гар нь мөнгө тоолж, нөгөө гар нь улс төрийн шийдвэр гаргаж байдаг хэсэг бүлэг хүмүүсийг хүйс тэмтэрнэ гэдэг шиг үндсээр нь авч хаяж байж шинэ юм эхлүүлж, шинэ хөгжил ярих хэрэгтэй болно байх, тийм үү?
- Санал нэг байна. Гэхдээ та нар нэр томьёонд их төөрөлдөж байна. Олигархи, популист гэх мэт. Хэн нь түрүүлж нэгийгээ олигарх, популист гэж нэрлэнэ, тэр нь бараг хожчих гээд байдаг. Хоёр олигархи нэгийгээ олигархиар нь дуудаад, инээдтэй л байгаа байхгүй юу. Энэ бол нам биш. Эд бол нам дамнасан бүлэглэл. Нэлээн олон хүн байгаа. Бид мууг зайлуулахын тулд муу арга хэрэглэж бас болохгүй. Атгаалжийн хар мангасыг дарсан хаан хөвгүүн маань өөрөө дараагийн мангас болчихож болохгүй. Өөрөөр хэлбэл буруутанг хайх нь чухал биш, маш том ирээдүйг бид төсөөлөх хэрэгтэй байна. Өөрсдөө зарчимтай, зарчимдаа үнэнч, юу ч болж байсан туйлбартай байж энэ бүхнийг даван туулна. Мэдээж маш том төлөвлөгөө, зорилго, тэмүүлэл хэрэгтэй.
Наана нь зодолдоод унавал хүрэх гэж буй алсын газраа харахаа больчихно. Тэгж зодолдох цаг ч алга. Тэгээд ч сүүлийн 15 жил хангалттай зодолдлоо шүү дээ. Одоо энэ зодооныг орхих цаг болсон. Хийх цаг ирж байна. Хүмүүс дайсан их хайж байна. Амьдрал нь муудах хэрээр хэн нэг буруутанг олчих гээд л. Уучлаарай, үүнд бид бүгдээрээ буруутай. Улс орноо ийм байдалд оруулахгүйн төлөө та яг юу хийсэн юм гэдгийг хүн болгон өөрөөсөө асуух хэрэгтэй. Жишээ нь сонгуульд очиж саналаа өгсөн үү? Энэ бол маш энгийн асуулт. Хэрвээ сонгуульд оролцоогүй бол, уучлаарай. Та сонгуульд оролцсон бол хэнийг сонгосон юм? Уучлаарай, таны сонгосон хүн тэнд сууж байна гэх мэтчлэн маш энгийн асуултууд байна.
БИ ЗҮГЭЭР ДУГААР ХОРООНЫ ИРГЭН БИШ, УДАМ СУДАР, ХҮЛЭЭЛТ БАЙДАГ
- Гэхдээ нэг эмгэнэл байдаг. Би бол бараг сонгуульд оролцдоггүй иргэн. Залхуудаа биш хэнийг нь сонгохоо мэддэггүйдээ очдоггүй. Адилхан хоёр хэрээ байхад хэнийг нь илүү гэж сонгох юм гэдэг асуудал тулгардаг л даа?
-Хэрээ болохоос нь өмнөх явдлыг яриад байна л даа/инээв/. Тэд чинь хэрээ болоод төрчихөөгүй ш дээ, уул нь. Хэрээ болохоос нь өмнө бид оролцох ёстой байсан. Одоо нэгэнт өнгөрсөн хойно хэлээд яахав. Ийм ойр зуурын хэрүүлтэй зууралдаад түүндээ шигдээд, 60 чавганцынхаа 61 дэх нь болоод ямар ч утгагүй. Хайран -амьдрал, хайран цаг хугацаа.
- Та чинь одоо хэдтэй билээ?
- Дөч гарчихлаа ш дээ /инээв/.
- Өдий насанд тань шиг хүн улс төр хийнэ гээд, тэр дундаа бохир нүсэр механизмын өөдөөс тэмцэх улс төр хийнэ гэдэг асар их золиос хийхийн нэр.
- Өдий насанд гэдэг чинь би нэлээн үхэх дөхчихсөн гэсэн үг үү? /инээв/

- Яалаа гэж дээ, ир бяр, амьдрал тэгширсэн дөчин нас гэдэг амьдралд хүн өөрийнхөөрөө байх үе эхэлдэг идэр нас гэж би боддог. Тэр утгаараа. Ийм насанд энергээ олон түмний төлөө, улс төрийн төлөө зориулахад гол хөдөлгөгч хүч нь юу болж байна гэж асуух гээд байна л даа.
-Тавьсан зорилгосоо эрч хүч авч байна. Бидний, миний өвөг дээдэс ямар улс үлдээлээ. Би хүүхдүүддээ ямар улс хүлээлгэж өгөх вэ. Хүүхдүүд маань өнөөдөр намайг ойлгохгүй байж болно. Аав нь байхаасаа байхгүй нь их болчихоор гэр хоосроод лав сайхан байхгүй. Гэхдээ эцсийн эцэст энэ улсыг тэдний төлөө авч үлдэх гэж бид явж байна. Би ард түмнээ тэгнэ, ингэнэ гэж цээжээ дэлдээд яахав. Үр хүүхдүүддээ ямар улс үлдээх гээд байна вэ гэдэг л чухал асуудал. Тэгээд ч би зүгээр дугаар хорооны иргэн биш. Ямар удам судартай билээ, ямар хүлээлт байгаа билээ. Энэ нөхцөл байдалд хүлээлт нь байсаар байтал би гараа хумхиад сууж болохгүй. Улс орон маань хүнд байдалд ороод үгүй болж болох ч аюулд орчихоод байхад хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгч, авна гэдэг шалтгаанаар оролцохгүй сууж болохгүй. Нөгөө хүүхэд маань 20 жилийн дараа надаас асууна ш дээ. Та хаана юу хийж явсан юм, намайг ээж цэцэрлэгт хүргэж өгөөд авчих байсан, та яагаад оролцоогүй юм бэ гэвэл яана.
Бид олуулаа өөрчлөх ёстой. Хэн нэгэн баатар өөрчлөхгүй. Нам гээд нэгдчихээд байгаа залуусын гол зорилго бол ард түмнийг нэгтгэе, хамтдаа хийе гэсэн санаа. Тийм ч учраас бусад намуудаас бид мундаг гэж гайхуулж, эсвэл муулахгүй. Эрүүл -санаачилга гаргасан хэн бүхэнтэй бид хамтарч ажиллана.
- Таны энэ шийдвэрийг эхнэр, ээж чинь ямраар хүлээж авсан бэ?
- Үгүй яахнав дээ л гэсэн. Эхнэр маань баяртай байгаагүй. Мань хүний нуруун дээр асар их дарамт, ачаа очиж байна л даа. Ар гэрийн ажилд би оролцохоо больсон, очиж унтдаг л үүрэгтэй болсон. Болдог бол оффистоо ороо тавиад унтчихмаар л байна. Гэртээ харих бараг илүү зарлага болоод байна ш дээ, унтаад ирэхийн хооронд /инээв/. Тэр нь ч арай юу юм бэ, энэ бол хошигнол.
- Улс төрд өөрийнхөөрөө эрх чөлөөтэй тоглож, алив шийдвэрийг өөрийн хүссэнээр гаргахын тулд хүчтэй байх ёстой. Хүч гэдэг бол эрх мэдэл. Эрх мэдлийн нөгөө тал нь мөнгө. Ялалт ч гэсэн багагүй мөнгөөр ирнэ. Та хэр хэмжээний эрх чөлөөтэй тоглогч вэ?
- Хоёр юм хэлмээр байна. Мөнгө чухал ч бүхнийг шийдэхгүй. Манай энэ байгаа засгийг хар. Сүүлийн 15 жил эдийн засагт орж ирсэн мөнгийг аваад үзье. Тэрийг юу болгосон юм. Мөнгө бүхнийг шийднэ гэдэг чинь тийм ч төгс үг биш. Мөнгө чухал, үгүйсгээгүй. Гэхдээ мөнгөнөөс өөр чухал зүйлс бас бий. Тэр бол итгэл үнэмшил, зорилго.
Бид огт мөнгөгүй гэж бас хэлээгүй. Бүр яахаа алдчихсан үгээгүй хүмүүс цуглаагүй ш дээ. Өөрсдийн ажил амьдралтай, чадалтай улс цугласан. Өөрсдөөсөө ч мөнгө гаргана, мөнгө ч босгоно. Ард түмнээсээ ч дэмжлэг хүснэ.
ИДЭЖ УУГААД ЭХЛЭХЭЭР НАМЫН ХАРЬЯАЛАЛ ЧУХАЛ БИШ БОЛЧИХДОГ ЮМ БИЛЭЭ
- Ингэхэд та аль, аль сургууль төгссөн юм бэ? Олонх нь таныг гитарчин, дуучнаар л танина шүү дээ.
- МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг 1995 онд төгссөн. Дараа нь Хууль зүйн яаманд найман жил ажилласан. Эдийн засгийн реформыг хууль зүйн талаас нь хэрхэн дэмжих вэ гэдэг Дэлхийн банкны төсөл дээр ажиллаж байсан. Сүүлд Ц.Нямдорж сайдын зөвлөхөөр ажилласан. Тэгээд Америк яваад бизнесийн удирдлагын мастер хамгаалж, дараа нь төрийн захиргааны удирдлагын мастерын зэрэг горилсон. Түүнийгээ дуусгаагүй хүрч ирсэн. Сурах ёстой юмаа сурсан, диплом хамаагүй гээд хүрээд ирсэн хэрэг. Бүтэн таван жилийн турш Монголдоо нэг ч ирэлгүй Америкт сурч, амьдарсан. Чанга юм билээ. Нэг ч монгол хүн байхгүй, америкуудын дунд эхнэр хүүхдүүдтэйгээ таван жил амьдарсан. Тэндхийн нийгмийн сайхныг харсан, муухайг харсан. Эндээ бол ясаа тавих нутгаа сайхан болгох гэж ирсэн.
Зарим улс, та нар одоо л ухаан оров уу гэх маягийн юм ярьдаг. Миний хувьд одоо л ухаан орж байгаа юм биш л дээ. Эртнээс эхэлсэн ажил. Би Монголдоо 2007 онд ирээд 2008-2009 онд Кадастрын албаны даргаар ажилласан. Тэндээс арга буюу гарсан.

- Яагаад?
-Яг нарийндаа бол намайг тэндээс зайлуулсан. Таны удирдаж байсан газар хэлтэс гэдэг нэртэй болчихлоо гэдэг нэрийдлээр таны орон тоо байхгүй болчихлоо гэсэн. Заргалдсан бол Захиргааны хэргийн шүүх дээр ялна л даа. Гэхдээ би зүгээр л хаясан. Юу ойлгосон гэхээр би энд ганцаараа юу ч өөрчилж чадахгүй юм байна, олуулаа болж төрд эргэж ирнэ гэсэн зорилго тавьж тэндээс явсан. Гэхдээ би тэнд өөрийнхөө хийж чадах бүх юмыг хийсэн. Одоо юу гэдэг юм, Бат-Оргил чинь МАН-ынх ш дээ гэдэг чинь инээдтэй аргумент байхгүй юу. Лу.Болд сайд тэгэхэд миний дарга байсан юм. Тэр хүн намайг томилсон. Дараа нь МАН-ын гишүүн, Батхуяг гэж хүн намайг ажлаас халсан. Яг идэж уугаад эхлэхээр намын харьяалал чухал биш болчихдог гэж хэлэх гээд байгаа санаа. Цаана нь асар том ашиг сонирхол байв. Тиймээс намайг зайлуулах сонирхол байсан. Системийн эсрэг би ганцаараа тэмцэх нь танкны эсрэг чулуу бариад гүйхтэй адил. Бяц дайруулаад өнгөрнө /инээв/. Тоож буудах ч үгүй. Тэгэхээр танкны эсрэг танк буюу тэрнээс хүчтэй зэвсэг хэрэгтэй. Тэр нь маш олон мэдлэг боловсрол, туршлагатай хүмүүсийн нэгдэл буюу нам.
Одоо энэ ашигт малтмалын тухай хэрүүл чинь үнэхээр хэрүүлийн бузар юм. Энэ бол зөвхөн яригдаад байгаа хэдэн олигархиудын хүрээний асуудал биш, бүр төвшин төвшиндөө хулгай хийж байгаа. Аймаг, сумын захиргааны хэмжээнд хүртэл хулгай хийдэг.
- Тэр хулгайг зогсоож, болиулж болдоггүй юм уу?
-Шийдэх олон арга бий. Юу өөрчлөхөө хувьсгалчид мэдэхгүй. Үүнд нарийн мэдлэг хэрэгтэй. Энд тэнд дусалж байгаа бүх нүх сүвийг нь хаагаад эхлэхээр хүмүүс амь тэмцэж эхэлнэ. Нүх сүвийг бөглөх зүйл нь журмууд.
- Тэгээд л та зайлуулагдсан байх нь, тийм үү?
Тэгж ойлгож болно. Хамгийн энгийн жишээ татахад, та Ашигт малтмалын газар өргөдөл өгсөн бол ажлын 20 хоногийн дотор шийдэгдэх ёстой гээд хуулинд заачихсан байдаг. Гэтэл намайг ажлаа авахад тэнд бүтэн 3 жилийн турш шийдэгдээгүй 8000 өргөдөл байсан. Энэ нь ямар хортой үр дагавартай вэ гэвэл, өргөдөлүүдийг өмнө хойно нь оруулж, төөрүүлж, будилуулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Хэн түрүүлж өргөдөл өгсөн нь тусгай зөвшөөрөл авна гэдэг зохицуулалт нь бүдүүлэг байж болох ч үүнээс илүүг бодож олоогүй, олон улсын жишиг юм. Учир нь, эрх баригчид үзэмжээрээ тусгай зөвшөөрлийг олгох юм бол танил тал, намын харьяаллаар асуудлыг шийдэж, хэсэг хүмүүсийн гарт хэт их баялаг төвлөрч, тэдэнд улстөр, эдийн засгийн давуу талыг бий болгодог. Үүнийг цэгцэлж, жил гурван сар ажиллахдаа би 5000 гаруй өргөдлийг яг өргөдлийн дэс дугаарын дагуу шийдсэн бөгөөд зохих журмуудыг боловсруулж, мөрдүүлсэн юм. Нөгөө талаас, манай төрийн албанд мэдлэг дутагдаж байна.Заавал атгаг хорон санаагаар бус мэддэггүй учраас алдаа завхарал, хүнд суртал гардаг. Зөв бурууг ялгаж мэдэхгүй тул хариуцлагаас айж асуудлаа шийдэж чадахгүй сунжруулдаг гэх мэт олон асуудлууд бий.

ЭЛИТ БОЛОХЫН ТУЛД ХАРГИСЛАЛ, ЗОЛИОС ХИЙХ ШААРДЛАГАТАЙ, БИД ЭТАЛОН БОЛОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА
- Хоёулаа баахан улс төр ярилаа. Өмнө нь ярилцаж байхад улс төрийн сэдэв хөндөхгүй хичнээн гэгээн, сайхан байсан юм бэ. Ярианыхаа сэдвийг өөр тийш нь хандуулъя. Саяхан та, “СУИС нь энэ улсыг соён гэгээрүүлэх өндөр урлагийн хүмүүсийг бэлдэх ёстой байтал дандаа нийтийн дуучид, алиалагчдыг төгсгөдөг харанхуй нүх болов” гэж бухимдал дүүрэн дуугарсан байсан. Таны ээжийн ажилласаар ирсэн газар. Энэ үг чинь соёлын тодотголтой их сургууль нь өөрөө соёлын концепци, стандартгүй болчихсны шинж мөн биз?
- Үнэн юм чинь, миний ээжийн ажилласаар ирсэн газар гээд амаа хамхиад сууж болохгүй. Тогосоо эгч ч /СУИС-ийн захирал Э.Сонинтогос. сурв/ гэсэн надад гомдсон байх. Гэхдээ таньдаг байлаа гээд зарчимгүй байж болохгүй. Би ээжид, та ийм оюутнуудыг төгсгөж байгаадаа ичдэггүй юмуу, наадуулаа хөөгөөч гэж хэлдэг. Болдоггүй юмаа миний хүү гэж байгаа юм. Тэр нөхдийн мөнгөөр цалингаа тавьдаг учраас хөөж болохгүй. Муу сурсных нь төлөө сургуулиас хөөх гэхээр Төрийн сан тэр нөхрийн өмнөөс төлсөн мөнгөө буцаагаад авчихдаг гэж байгаа юм. Тийм утгагүй зохицуулалттай байж болох уу? Мөнгөнд баригдаж бүхнийг шийдэж болохгүй.
- Гэхдээ л чухам энэ үед тийм бухимдал дүүрэн бичсэн нэг шалтгаан байсан байх?
- Хоёр жүжигчин эмэгтэй нэгийгээ шалзлаад, нэг нь шоронд яваад, нөгөө нь хохирч үлдсэн ичгүүртэй явдал боллоо. Гэтэл жүжигчин хүн гэж ямар хүн байх ёстой билээ.Зүгээр нэг дүрд хувирдаг алиалагч бол биш шүү дээ. Алиалагч ч гэсэн аягүй нарийн мэргэжил. Юун хүн рүү халуун ус цацах. Тэр чинь худалч хүнд газраас таван см-ийн зайтай нисч, хөөрч явах ёстой хүмүүс байхгүй юу. Оюун нь тийм хэмжээнд хүрсэн, бусдыгаа соён гэгээрүүлэх дагина шиг хүмүүс байх ёстой. Гэтэл тэнд эр эмийн явдлаас болж хоорондоо маажилцаж, үсдэлцэж, буцалсан усаар нэгнээ шалзалж байдаг. Миний ой тоонд буухгүй байна.
Чих дэлссэн ярианаас үзвэл СУИС хуучин цэргийн ангид хал цэргүүд шинэ цэргүүдээ дарамталж, зоддог шиг явдал байдаг гэж байгаа. Энэ одоо урлагийн сургууль мөн үү? Яг юу вэ? Яваад барилга дээрээ ажиллаг л дээ. Юун урлаг яриад байгаа юм. Урлаг гэж тийм юм байдаг юм уу.
“Урлаг дуусах тэр цэгт ТҮЦ эхэлдэг” /Там, где кончается искуство, начинается ремесло/ гэж Станиславскийн үг байдаг. Ресторан, гуанз хоёрын ялгаатай адил юм. Хуушуур буузны гуанз шиг юм хийж байгаа хэдэн нөхөд хүмүүсийг тойруулчихаад маазрахыг урлаг гэж ойлгож болохгүй ээ. Аливаа улсад өндөр урлаг зах зээлийн зарчмаар явдаггүй юм. Тэрнийг улсын бодлогоор, тэтгэлэгээр хөгжүүлдэг. Харгисладаг, диктатуртай байлгадаг. Агаарт, газраас таван см дээш хөөрч яваа балерина, жүжигчин хүн хөлс, нулимс, цусаараа энэ цол мэргэжлийг олж авдаг юм.
- Ингэхэд монгол соёл, Монголын гэх онцлогтой амьдралын үнэт зүйлийн хэв маяг, стандарт байхгүй болчихсон завсрын, зэрлэг үед бид амьдарч байгаа юм шиг санагддаг. Та олон жилийн өмнө л бид зэрлэгшиж байна гэж байсан. Тэр зэрлэгшил улам лавшраад байгаа юм шигээ. Энэ бүхэн хэзээ, яаж гэгээрэх ёстой юм бэ?
- Энэ бол Монголд элит байхгүйн шинж. Элит гэж нэг хүнийг хэлдэггүй. Энэ бол бүхэл бүтэн давхарга. Тэд тухайн түмний юуг жигшиж, юуг шүтэж, дагах уу гэдэг шалгуурыг тогтоож өгдөг давхарга. Энэ элитийн хүрээ л хурдан бий болох ёстой. Бий болгох ёстой хүмүүс нь бид өөрсдөө. Элит болохын тулд гоё юм өмсөж, зүүж, бусдыг шүүмжлэхийн нэр биш. Өөрийгөө харгислан,өндөр хэм хэмжээ, зарчмыг өөртөө суулгаж байж элит бий болно. Тодорхой хэмжээний золиос шаардагдана. Тэд эталон гэдэг юмыг бий болгодог. Тэрний төлөө бид тэмцэж байна. Би л гэхэд сүүлийн гурван сар гэрийнхэнтэйгээ уулзаагүй. Осолдохгүй очиж унтаж байгаа юм. Өглөө долоо гэж гараад шөнө 11 гэж ирнэ. Хүүхдүүд бүгдээрээ унтчихсан байх үе. Энэ бол нөгөө золиос гээд байгаагийн зах зух нь. Ингэж байж бид тодорхой үр дүнд хүрнэ л дээ.
- Хүн бол яаж хичээгээд эцсийн дүндээ байгалийн амьтан. Адгууслаг хүсэл, шунал байж л байна гэсэн үг. Үүнийгээ хүн яаж хязгаарлаж, хазаарлаж, тэнцвэржүүлэх ёстой юм бэ?
- Хүний дотор бурхан ч бий, буг чөтгөр ч оршино. Аль хэсгээ хөгжүүлэх нь тухайн хүний л мэдэх хэрэг. Үүнд төр, шашин хоёр чухал үүрэгтэй ч аль аль нь манлайллаа алдаад байна. Шашин маань мөн л ТҮЦ болон хувирсан. Хүний доторх чөтгөрийг дарж, бурханыг нь амьдад нь ил гаргаж ирэх ажлаа хийхгүй, бурхан болсны дараа нь алтан хайрцагийг нь нээсэн шигээ л сууна. Ард түмнийг нэгтгэдэг нь шүтлэг, үндэсний тэмдэг чанарыг бүрдүүлдэг нь төр гэдгээ ухамсарлахгүй байна.
-Та өөрийгөө хэр их барьж, хорьдог вэ?
-Хянана аа. Их дүгнэлт хийнэ.
- Ярилцлагын булангийн маань нэр “Гранд Би”. Та өөрийгөө нэг магтаач? БИ-гээ нэг омог бардамханаар тодорхойлооч, ямар ч комплексгүйгээр.
-Ханыг цөмлөнө гэсэн бол тэр хана цөмөрнө, эсвэл би бяцарна. Энэ бол миний гэхээсээ илүү манай гэрийнхний чанар юм. Зорьсон бол урд нь байна уу, хойно нь байна уу хамаагүй, ямар ч байсан хүрнэ. Энэ бол миний зорилго гэж харсан бол намайг юу ч зогсоодоггүй. Бусад хүмүүс юу гэж хэлэх, бодох, намайг хэн ч шүүх байсан би тоохгүй. Би тийм л дүлий хүн.
- Таны идеал юу вэ?
-Би шударга, үнэнд итгэдэг. Монголын Нууц Товчоог уншиж байхад нэг л зүйл анзаарагддаг. Эзэн Чингис өөрөө хэзээ ч урваж байгаагүй. Дандаа цэх шулуун байж, хэлсэн үгэндээ хүрдэг. Урваж, шарвадаг нь эргэн тойрныхон нь, хөрш зэргэлдээ улсууд нь. Тэр тохиолдолд хариу өгдөг болохоос өөрөө урваж байгаагүй.
Ер нь хүмүүс хоёр янз байдаг. Зүү эсвэл утас. Өөрөөр хэлбэл чи зүү шиг бай,чадахгүй бол утас шиг бай. Зүү шиг байж чадахгүй, зүүний араас зүүгдэх утас юм бол утас шиг утас байж тасрахгүй яв. Үнэнч, туйлбартай бай гэсэн үг мөн биз.
-Та юу нь вэ?
-Зүү байхыг хичээж байна. Би хувьдаа өөрийгөө нэлээн бэлтгэгдсэн гэж боддог. Олон шалгуурыг давсан гэж боддог. Жишээ нь л гэхэд намайг АТГ-аас гурван ч удаа эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Сүүлийнх дээр нь бүр сэжигтнээр татаж,таслан сэргийлэх арга хэмжээ ч аваад амжсан. Өршөөлийн хуулинд хамрагдах уу гэж өгөөш хаяж ч байх шиг.
- Ёстой дуулаагүй мэдээ байна. Ашигт малтмалын газрын дарга байсан үеийн улбаа юу?
-Тийм. Гурван жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө амжиж гогцоодох шалтаг хайж байна л гэж ойлгосон. Таньж мэддэг, ойр дотныхон маань, чи бас овоо гар юмаа гэж байв. Санаа сэтгэлээр унаад, янз бүр болно гэж бодсон байх л даа. Би, надад айх, нуух юмгүй хэдүүлээ үзэлцнээ л гэсэн. Уулаас эрүүгийн хэрэг биш юмыг яаж ч шалгаад 6 сарын дараа хаасан.
- Та ямар ч буруугүй учраас айгаагүй байх нь?
-Та ямар ч буруугүй байлаа хүчний байгууллагаас дуудаж, танд эрүүгийн хэрэг үүсгэлээ, сэжигтнээр татлаа, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа гэхэд ямар ч хүн айна шүү дээ. Айдсаа даван туулах сэтгэлийн хат, зоригтой л байх хэрэгтэй юм.

- Одоо дууссан биз дээ?
- Дуусаад хаагдчихсан. Ер нь улс төрд орох гэж байгаа хүн иймэрхүү зүйлд бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Оролдож, шалгах нь мэдээж. Гутаана, гүтгэнэ. Эрүүгийн элементүүдээр айлгана. Бизнесийг чинь боомилно. Том эрх мэдэл, ашиг сонирхлуудын эсрэг яваа шүү дээ.
Хүнд хамгийн чухал зүйл бол зориг байдаг. Нэгэнтээ эхэлсэн зодооныг дуусгаж байж л салах хэрэгтэй. Би олон хүний жишээнээс харсан. Гайгүй мэдлэгтэй, олон танилтай байлаа ч зориг дутах л юм бол тэр хэн ч биш болдог юм билээ. Тийм учраас л зүү шиг эсвэл утас шиг бай гээд байгаа хэрэг. Хэрвээ чи зориггүй гэдгээ мэдэж байгаа бол зодоон бүү эхлүүл. Зүү шиг байж чадахгүй гэдгээ мэдэж байвал зоригтой хүний араас утас нь болоод, урваж шарвахгүй, өөр зүүнүүдэд сүвлэгдэхгүйхэн шиг /инээгээд/ яв. Олон зүүнд сүвлэгдвэл тасарна. Олигтойхон утас байхад ч зориг хэрэгтэй шүү дээ.
- Та юунаас таашаал авдаг вэ? Жишээ нь хамгийн сүүлд хэзээ хатуу дарс ууж, шоудав?
- Би ч жаахан зэрлэгдүү хүн юм уу даа, спортод дуртай. Уулын дугуйнаас их таашаал авдаг. Ойрд дугуй унасангүй. Аваар хийгээд дугуйгаа эвдсэн. Найз маань засаж өгөхийг хүлээгээд л байж байна. Учир зүггүй архи хэрэглээд байдаггүй. Хааяа нэг итгэлтэй хүмүүстэйгээ уудаг.
- Нээрээ таны гэргийгээс ярилцлага авсан, тань шиг өвөрмөц сэтгэлгээтэй, дотогшоо бардам бүсгүй шиг санагдсан. Тэр таны түүнд өгсөн гялбаа юу эсвэл тэр эмэгтэй таныг өөрчилсөн хэрэг үү?
-Нэг нэгнийгээ л өөрчилнө ш дээ /инээв/. Ноомой хүмүүст би дургүй гэх нь хаашаа юм, өрөвдөнө л дөө. Тэдэнд муу юм хийхгүй. Гэхдээ тийм хүмүүстэй нөхөрлөж чаддаггүй. Учир нь би дарангуйлагч нарт дургүй.Өөрөөр хэлбэл ноомой хүмүүстэй нөхөрлөж дарангуйлагч болмооргүй байна гэсэн үг. Ноомой улс чинь өөрөө аяндаа доогуур гүйгээд орчихдог.
Эхнэр маань намайг хурцалдаг байж магадгүй. Сонирхолгүй юманд сонирхолгүй л байхгүй юу.
- Ханилаад бас ч гэж он цаг өнгөрчихлөө. Энэ олон жил хайр сэтгэл чинь өөрчлөгдөх юм уу?
-Хайрыг дугаарлах хэрэггүй, хэмжих хэрэггүй гэж боддог. Анхны хайр, хоёрдугаар хайр, аравдугаар хайр гэх юм уу. Хүн хэзээ ч дурлаж дуусах юм.Нэг хүнд олон удаа дурлаж ч болно.
- Гоо үзэсгэлэнгийн талаарх бодол чинь хэвээрээ юу, ингэхэд. Нас явах хэрээр хүнд ер нь ямар ухаан илүү суудаг юм байна?
- Чехов үүнийг аль хэдийнээ хэлсэн байдаг. Хүний бүх юм л сайхан байх ёстой. Зүс царай, хувцас, бодол нь. Нас ахихын эрхээр хүний доторхыг л илүү сайн харж таньдаг юм уу даа. Бас хүний насыг хайрладаг болсон. Залуу хүмүүсийн өөрсдөө үнэлж мэдэхгүй байгаа насыг, хөгшин буурлуудынхаа дурсамж дүүрэн насыг.
- Гадаад үзэмж талаасаа эм гоо үзэсгэлэнгийн юу нь хамгийн чухал гэж та боддог вэ? Өөрөөр хэлбэл та эмэгтэй хүний юуг хамгийн түрүүн хардаг вэ гэх юм уу даа.
- Эмэгтэй хүн цэвэрхэн л байх ёстой. Тэндээс гоо үзэсгэлэн эхэлнэ. Эмэгтэй хүний үнэр их чухал. “Эмэгтэй хүний үнэр” гээд нэг гоё кино байдаг даа. Анх харахад адайр ааштай сохор хурандаа болон түүнтэй нөхөрлөсөн залуу хүү хоёрын тухай кино. Хараагүй болсон ч, амьдралын гүн ухааныг таньж билгийн нүд нь нээгдсэн хөгшин эр, бүх юм нь дөнгөж эхэлж байгаа туршлагагүй залуу хоёр эмэгтэй хүнийг яаж мэдэрч, хүлээж авч байгаа нь их сонин гоё контраст үүсгэдэг. Сохор хурандаа эмэгтэй хүнийг зөвхөн үнэрээр нь л тийм хүн байна гээд харсан юм шиг тодорхойлдог. Эр хүн болж өсөхөд тийм хурандаанууд л залуу хүмүүст хэрэгтэй юм даа.
Сэтгүүлч, сурвалжлагчийн амьдралд минь учирсан цөөн сайн ярилцагчдынхаа нэгтэй ийнхүү долоон жилийн дараа ярилцсан маань энэ. Хэрвээ тэр улс төржиж, нам байгуулаагүй бол, хэрвээ тэр зүгээр л гитарчин, дуучин, урлагийн зүтгэлтэн байсан бол бид ямар гоё, гоо сайхан, сэтгэл татам мөн чанарт сэдвүүдээр ярилцаж, ямар их амттай, яг л бурам шиг яриа өрнүүлэх байсан гээч. Хэрвээ тэр зүгээр л урлагийн зүтгэлтэн байсан бол алив ард түмний эталон байх ёстой урлагийн ертөнц ямар гоё эталон-дүртэй байх байсан гээч. Ингэхэд том гүрнүүдэд яагаад тийм алдартай урлаг болоод соёлын иконууд төрж, бойжоод өөрийн ард түмнээ төдийгүй бүх дэлхийн ард түмнийг байлдан дагуулж, хүмүүжүүлээд Монголд л болохоор жинхэнэ стар төрдөггүй, улам улмаа идеалгүй болоод байгаа юм бол гэх асуултынхаа хариуг ч би олж авсан. Төр нь сул дорой, төр шиг төр байдаггүй учраас юм байна. бод доо, үнэхээр чанга хатуу, сайн төртэй байсансан бол ядахдаа л Т.Бат-Оргил, түүн шиг том ертөнцтэй олон аавын охид, хөвгүүд авьяас болоод мэдлэгээр тэжээгдсэн ур чадвараа улс төр, бизнес мэтийн гоо сайхан, хүн мөн чанар гэрэлтэж гялбаад байдаггүй ядмаг ертөнцөд зарцуулахгүй байсан. Хэрэв би эртний язгууртан, энэ цагийн баян айлын хүүхэд байсан бол генетикч, философич болох байсан гэдэг шиг...
Ярилцсан М.Уранчимэг
Сэтгэгдэл (24)