“Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой, уламжлалт “Grand Awards” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 10-р сарын 7-ны өдөр УДБЭТ-т ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлье уриатай энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа бусад шагнал гардуулах ёслолын ажиллагаануудаас хүний хүн чанартай холбоотой хариуцлага, хүнлэг үйлсийг дэмжиж, урамшуулдагаараа ялгардаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгэнт дөрөв дэхь засаглал, нийгмийн оюун санаа, үзэл бодлыг чиглүүлэгч нь юм бол чухам энэхүү давуу талаа ашиглаж, амжилттай яваа, хариуцлагын мэдрэмжтэй, хүнлэг сэтгэлтэй эрхмүүдэд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн нийгэм, олон нийтийг сайн үйл, хүнлэг чанарт уриалан дуудахыг зорьж ирсэн билээ. Ингээд энэ оны Гранд эрхмүүдийг танилцуулъя.
“GRAND AWARDS – 2015” ЁСЛОЛЫН ШИЛДГҮҮД:
Хүндэт Гранд лэди: Цэдэнгийн Гарамжав
Хүндэт Гранд мэн: Дамдинсүрэнгийн Нацагдорж
Урлаг:
- Гончигийн Ундармаа
- Энхбатын Амартүвшин
Улс төр:
- Цэдэнбалын Цогзолмаа
- Дондогдоржийн Эрдэнэбат
Нийгэм, соёл:
- Ганхуягийн Пүрэвсүрэн
- Хүрэлбаатарын Дамдинсүрэн
Спорт
- Сүхээгийн Цэрэнчимэд
- Мөнхбатын Даваажаргал
Бизнес:
- Нямдэлэгийн Оюунбат
- Хүрэлбаатарын Ананд
Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага:
- “MCS Кока Кола” компани
Хүндэт Гранд Мэн-2015 Дамдинсүрэнгийн Нацагдорж
Монголын уламжлалт анагаах ухааны Мамба дацан уламжлалт эмнэлэг сургалтын төвийг үүсгэн байгуулагч, тус төвийн ерөнхийлөгч, Билгүүн номч хамба лам, Монгол улсын хүний гавьяат эмч, професор Дамдинсүрэнгийн Нацагдорж. Дамдинсүрэнгийн Нацагдорж нь 1957 онд завхан аймгийн Цагаанчулуут суманд мэндэлсэн.
Монголын уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Буддын судлаач, Англи хэлний багш, орчуулагч, Гидротехникч мэргэжилтэй. 1990 оноос Уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлж гадаадын олон оронд оношлогоо эмчилгээг хийж, олон хүнийг эмчлэн эдгээж, Монголын уламжлалт анагаах ухааны нэр хүнд, эмчилгээний давуу талыг дэлхийн улс орнуудад сурталчлан таниулсан. Мөн Буддын сургааль, гүн ухааны талаар лекц уншиж, тэдгээр хүмүүсийн амьдралд бодитой үр дүнг гаргаж, Монголын буддизмын нэр хүндийг өсгөн нэмэгдүүлсэн билээ. Ийнхүү Монголын уламлжлалт анагаах ухаан, Бурханы шашныг дэлхийн оронд түгээн дэлгэрүүлж яваа буяны элч, бурханы шавь хүн.
Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, зан заншил, эмчилгээ, сургалт, эм үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлж байгаа анхдагч байгууллага болох Манба Дацан Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төвийг 1990 онд үүсгэн байгуулж улмаар жил дарааллан Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийд, Манба Дацан нэгдсэн төв эмнэлэг, Манба Дацан эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургуулийг байгуулсан нь өдгөө амжилттай ажилласаар байна.
Професор Дамдинсүрэнгийн Нацагдорж нь ЭМСЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн, ЭМСЯ-ны Ерөнхий мэргэжилтэн, Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Монголын буддын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Их Британи улсын Лондон хотын Дорнын анагаах ухааны “Кайлаш” төвийн зөвлөх эмч, ОХУ-ын Москва хотын Уламжлалт, эрүүл мэндийн “ Вита” сэтгүүлийн редакцийн гишүүн зэрэг сонгуульт ажлыг хашиж байна. Тэрээр Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд хууль эрх зүйн бичиг баримт, Уламжлалт Анагаах Ухааныг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль, дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэхэд биечлэн оролцож ирсэн. Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв Манба Дацан нь УАУ-ны сургалт, эм үйлдвэрлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ, бурханы шашны салбарт тэргүүлэн түүчээлж байна. Монгол улс төдийгүй Халимаг, Буриад, Тува, Өвөр Монголчуудыг нэгтгэсэн Монгол Үндэстний Их Сургууль болохоор ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэл бодолд нийцүүлэн Монголын уламжлалт анагаах ухааныг таниулж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэн таниулж ирсэн юм.
Хүн ардын энхийн манаанд зогсох үйлст үнэмлэхүй хувь нэмэр оруулж буй эрхэм хамба Д.Нацагдорж Фото мэдээллийн “Гранд” сэтгүүлийн уншигчид, Удирдах зөвлөл, Урлагийн зөвлөлийн саналаар 2015 оны Хүндэт Гранд мэн-2015-аар тодорлоо.
Хүндэт Гранд Лэди-2015 Цэдэнгийн Гарамжав
Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэйн нэг, “Монполимет” группын зөвлөх Цэдэнгийн Гарамжав. Цэдэн овогтой Гарамжав нь инженер геологич мэргэжилтэй. Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна. Техникийн шинжлэх ухааны магистр, Монгол, ОХУ-ын уул уурхайн “Тэргүүний ажилтан”, Монгол улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одон болон Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоо шагнагдсан. Мөн 2012 онд Европын сэргээн босголтын хөгжлийн банкны “Women in Business” шагнал, 2015 онд Forbes сэтгүүлийн “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй”-н нэгээр шалгарсан. 2012 оны 01 сараас 2013 оны 2 сар хүртэл Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Ц.Гарамжавнь 1981 оноос эхэлж Улсын барилгын зургийн институтийн инженер хайгуулын товчоонд лаборант, лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажлыг хийж байсан. 1992 онд “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

Монполимет групп нь түүхэн хөгжлийнхөө 20 гаран жилийн хугацаанд хүнд үйлдвэр, уул уурхай, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн, олон зуун ажлын байрыг бий болгон Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй үндэсний хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгж юм. Тэрээр анх удаа Монгол инженерүүдийн хамтаар усанд хөвөгч, цагт 250 куб метр элс угаах хүчин чадал бүхий иж бүрэн, эко Драгийн 2 үйлдвэрийг ОХУ-аас задалж, тээвэрлэн авчирч угсран босгосон нь томоохон бүтээн байгуулалтын ажил байсан. Уул уурхайн салбар танхлан жишиг нөхөн сэргээлтийн үлгэр болох нуур усан сан, биологийн нөхөн сэргээлтэнд зориулан 2011 оноос БНСУ-д үйлдвэрлэсэн мод нэг бүрийг услах, усыг хэмнэлттэй зарцуулах, дуслын усжуулалтын системийг Монгол улсын уул уурхайн салбарт анх удаа нийт 30 га талбайд угсран ашигласнаар уул уурхайн ургамалжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг шинэ түвшинд гаргаж чадсан. “Монполимет” групп нь Шинэ зууны шинэ бүтээн байгуулалт болох Монцемент төслийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Дэлхийд эко хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, бүрэн автоматчилагдсан, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, 500 гаруй ажлын байрыг шинээр бий болгож буй хуурай аргын, Монцемент үйлдвэрийг энэ онд ашиглалтанд оруулан ажиллаж байна. Шинэ технологи, шилдэг үйлдвэрүүдийг барьж байгуулах, дэлхийд өрсөлдөх чанарыг Монголдоо бий болгож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко технолгийг Монголдоо нутагшуулж байгаа Монполимет группын зөвлөхөөр МУ-ын Аж Үйлдвэрийн Гавъяат ажилтан Ц.Гарамжав ажиллаж байна.
Шинэ технологи, шилдэг үйлдвэрүүдийг барьж байгуулах, дэлхийд өрсөлдөх чанарыг Монголдоо бий болгож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко технологийг Монголдоо нутагшуулж байгаа түүний хөдөлмөр бүтээлийг алдаршуулах зорилгоор “Гранд” сэтгүүлийн уншигчид, Удирдах зөвлөл, Уран сайхны зөвлөлийн саналаар Хүндэт Гранд Лэди-ээр тодорсон юм.
Нийгмийн хариуцлага-2015 Гранд цомын эзэн М-Си-Эс Кока Кола компани
Тус компанийн бүтээгдэхүүний хэрэглэгчдийн дийлэнх хэсэг нь хүүхэд багачууд өсвөр насныхан байдаг тул тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа түлхүү явуулдаг байна. Тухайлбал, хүүхэд залуустаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай орчинг бий болгох үүднээс 2012 оны 06 сарын 12 ны өдөр Happiness Center төвөө нээсэн нь 2015 онд нийт 200 гаруй өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж нийт 35000 гаруй хүүхэд залууст хүрч үйлчлээд байна.
Энэ төвд хүүхэд залууст зориулан үнэ төлбөргүй хувь хүний хөгжилд зориулсан сайн дурын сургалтуудыг явуулдаг. Нийгмийн эрүүл мэндийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар 2007 оноос эхлэн ТЛЖ 13 ТББ-тай хамтран сагсан бөмбөгийн “Спрайт хөгжлийн лиг”, “Спрайт супер лиг”, “3-ын эсрэг 3” тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг. Мөн сагсан бөмбөг сонирхогч залуусынхаа хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж жилд дунджаар 10,000-13,000 мянган хүүхэд залуусыг хамарсан үйл ажиллагаа явуулсаар байна. Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Хүүхэд – хөлбөмбөг - ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түншээр ажиллаж, дэлхийн спортын оргил олимпын наадамд.
Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа байнга дэмждэг. Энэ жил гэхэдБЗД-ийн 728 ахмадад зориулан Цагаан сарын хүндэтгэлийн бэлэг бэлтгэн БЗД-ийн засаг даргын тамгын газар хүргүүлжээ. “ГанжуурДанжуур төсөл” ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажилласан, энэ оны 4 сард Sprite брэндийннэрийндор Халдварт өвчин судлалын үндэсний төвд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн болон 1,000,000 төгрөгийн үнэ бүхий10 ширхэг пульсоксометр төхөөрөмжийг худалдан авч ХӨСҮТ-ийн захирал болон халдварт өвчин судалын тасагт хүлээлгэн өгчээ. Олон ажил хийснээс онцлон та бүхэнд хүргэлээ.
Спорт Гранд Мэн-2015 Мөнхбатын Даваажаргал
Хакухо М.Даваажаргалын хувьд 2015 он онцлох он байлаа. Тэрбээр 33 дахь түрүүгээ авч Наран улсын домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг эвдэж түүхэн амжилт тогтоосон. Тайхо аварга 32 түрүүлэх гэж 11 жил зарцуулсан бол Хакухо найман жилийн дотор түүнийг гүйцсэн байна.
М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, аав нь мөн Хөдөлмөрийн баатар бөгөөд эх орондоо анхдагч аав хүү хоёр баатрууд болов. Мэргэжлийн сумод үнэмлэхүй амжилт гаргаад буй тэрбээр цаашдаа Олимп хүртэл буухиагаа үргэлжүүлэх чин хүсэл, тэмүүлэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Түүний амжилтыг олон нийт үнэлэн Спортын салбарын 2015 оны Гранд Мэн-ээр тодруулсан байна.
Спорт Гранд Лэди-2015 Сүхээгийн Цэрэнчимэд
Тэрбээр хамгийн залуудаа дэлхийн аварга болсон тамирчин. З.Ойдов 25 настайдаа, Х.Баянмөнх 31 настайдаа, С.Батцэцэг 20 настайдаа дэлхийн аварга цол хүртэж байсан бол С.Цэрэнчимэд 19 насандаа энэхүү эрхэм цолыг авч дээд амжилт тогтоосон юм. Гаргасан амжилтын хувьд бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ээс 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртсэн.
2014 онд Армийн дэлхийн аварга, “Инчён-2014” Азийн наадмын хүрэл медальтай. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багт 2013 онд тамирчнаар орсон тэрбээр 60 кг-ийн жинд барилддаг. 2011 онд спортын мастер, мөн 2013 онд олон улсын хэмжээний мастер цол авсан. Хүүхдийн спортын наадмаас алт, өсвөр үеийн УАШТ-нээс хүрэл, хошой алт, залуучуудын улсын хошой алт хүртсэн гээд түүний гараа амжилтаар дүүрэн. Тэрбээр 18 настайдаа дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Т.Мөнхтуяатай хүч үзэж ялснаар алтан медалийн эзэн болж, өөрийгөө ямархуу өсөх ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан юм. Түүний амжилтыг олон нийт үнэлэн Спортын салбарын 2015 оны Гранд Лэди-гээр тодруулжээ.
Бизнес Гранд Лэди-2015 Нямдэлэгийн Оюунбат
Bennetton брэндийн Монгол дахь төлөөлөгч “Промон трэйд” ХХК өдгөө 5 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж буй. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд ХСҮТ-ийн хяналтанд байдаг хавдартай хүүхдүүд, өвчтнүүд болон нийслэлийн захын хороололд байрладаг Хүүхдийн асрамжийн газар, Батсүмбэр дэх ахмадын улсын асрамжийн газрынханд тэмдэглэлт баяруудаар бэлэг барьж хандив тусламж үзүүлсээр ирсэн.
“Монгол зураач” уран зургийн уралдааныг жил бүр санаачлан зохион байгуулж 2015 онд Дэлхийн Дүрслэх урлагийн олимп Венецийн 56-р Олон улсын Биеннальд Монгол улс анх удаа оролцох түүхэн үйл явдалд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тус компани ивээн тэтгэж “Unexplored Territory”,“Mongolia: Spirit of the Gobi” номнуудыг Италид хэвлүүлэн гаргасан нь Монголын уран зургийн ертөнцийг дэлхийтэй холбосон бас нэг гүүр юм. Дэлхийн 120 оронд 6500 гаруй салбар дэлгүүртэй United Colors of Bennetton брэндийг Н.Оюунбат захирал эх орондоо амжилттай нутагшуулсан төдийгүй нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийж бүтээсээр байна.
Бизнес Гранд Мэн-2015 Хүрэлбаатарын Ананд
“Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд 2005 онд Монголд “Hobby”бүрэн дунд сургуулийг төгсөж 2006 онд АНУ-ын Santa Monica College, 2009 онд USC сургуулийг “Pharmaceutical Bussiness”чиглэлээр, 2010 онд Шанхай дахь “Tongji University”, Бээжингийн “BLCU”-ийг хятад хэлний ангийг тус тус дүүргэсэн бөгөөд одоогоор Санхүүгийн менежмент болон эмзүйн чиглэлээр үргэлжлүүлэн сурч байгаа аж.
Тэрбээр 2010 оноос хойш “Kings kids” англи хэлний сургуульд багш, “Ганзам” ХХК-д менежер, “Монос” группт Төслийн ажилтан, “Монос” группийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2014 оноос “Монос” группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Түүхэн ойн баяраа тэмдэглэж амжилт ололтоо ард түмэнтэй хуваалцаж буй тус группийн хувьд нийгмийн хариуцлагаа алдалгүй хэрэгжүүлж ирсэн. Энэ үзүүлэлтээрээ бизнесийн номинацид Х.Ананд олноос онцгойрлоо.
Улс төр Гранд Мэн-2015 ДондогдоржийнЭрдэнэбат
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Зүүнхараа сумын 1-р арван жилийн сургууль, 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Авто инженер механик мэргэжилтэй. Тэрбээр 1983-1993 онд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмийн хэсгийн дарга, “Ноён” ХХК-ийнзахирал, 2008 оноос Багануур дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байсан.
Улмаар 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, АН-ын бүлгийн даргаар ажиллагаад 2014 оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газрын бүтцэд Аж үйлдвэрийн яам цоо шинээр нэмэгдсэн. Тус яамны гол зорилго, чиглэл нь Монгол орныг хэрэглээний эдийн засгаас бүтээгчдийн гарт орсон эдийн засаг руу шилжүүлэх. Д.Эрдэнэбат сайд энэ тал дээр тун нухацтай ажиллаж буй. Ирэх 5-10 жилд манай аж үйлдвэрийн салбар хэрхэн хөгжих зураглал урт хугацааны хөтөлбөр энэ эрхмийн гараас гарах нь. Шинийг санаачлан эрэлхийлж цоо шинэ яам толгойлж буй тэрбээр анхаарлын төвд байх хүн түүнийг олон нийт Улс төрийн Гранд Мэн-2015 цомын эзнээр тодруулжээ.
Улс төр Гранд Лэди-2015 Цэдэнбалын Цогзолмаа
НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа ОХУ-ын Эрхүү хотын УБИС, Удирдлагын академи, Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэсэн, улс төр судлалын багш, эрх зүйч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. Ажлын гараагаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээр эхэлсэн тэрбээр Скаутын холбоо, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга зэрэг төрийн өндөр хариуцлагатай олон алба хашиж байсан.
2014 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Хүний төлөө нийгэм МАН-ын зорилго, бодлого юм бол намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага чухам бодлого, концепцийг үндсэн үзэл санаа, чиг баримжаа болгон ажиллах ёстой хэмээн НАМЭХ үзэж бодлого хэрэгжүүлж, ажлаа явуулж буй. “Болж байгаа хэсэг нь болохгүй байгаадаа тусалдаг тэр нийгэм л хүний төлөө нийгэм” гэх үзэл ч Ц.Цогзолмаагийнх. НАМЭХ-ны ерөнхийлөгч болсноосоо хойш тэрбээр мянган эмэгтэйн чуулган, эмэйтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа, “Эмэгтэйчүүд нэгдвэл нийгмээ өөрчилнө” уриан дор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаар явж эмэгтэйчүүдийн зөвлөгөөн, уулзалт хийсэн нийгмийн идэвхи өндөртэй хатагтай Улс төрийн салбарын 2015 оны Гранд Лэди-гээр тодорлоо.
Нийгэм соёл Гранд Лэди-2015 Ганхуягийн Пүрэвсүрэн
Г.Пүрэвсүрэн Нийслэлийн 10-н жилийн 2-р дунд сургууль, Анагаах Ухааны Их Сургууль АУИС-ийн магистрантурт суралцсан. Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Бизнесийн удирдлага”, Harvard-ийн их сургуулийн Удирдах ажилтны нэг жилийн сургалтанд суралцаж төгссөн. “Морины хишиг” ХХК-д менежер, 2006-2010 оны хооронд “Гурван гал” трейд ХХК-д гүйцэтгэх захирал, 2010 оноос өнөөг хүртэл тус эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Түүний хөрөнгө оруулж үүсгэн байгуулсан ажлуудыг дурьдвал, 1992 оноос Польш улсаас эрэгтэй, эмэгтэй гутал импортлож “NORD” гутлын дэлгүүрийг үүсгэн байгуулсан.
1996 оноос үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийн ажиллаж эхэлсэн бөгөөд 1997 онд “Мориныхишиг” ХХК-ийг байгуулан “Шарга” худалдааны төвийг шинээр нээж, 42 ажлын байр бий болгосон. 1999 онд “Гурван гал трейд” ХХК-ийг байгуулж, “10000 нэрийн барааны дэлгүүр” худалдааны төвийг нээж 120 ажлын байр, 2006 онд “ГУРВАН ГАЛ” орчин үеийн худалдаа, үйлчилгээ, оффисын цогцолборыг ашиглалтанд оруулж 200 гаруй ажлын байр шинээр бий болгосон. 2008 оноос эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж 2010 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар 14 тэрбум төгрөгний өртөг бүхий 100 ортой “Гурван гал” нэгдсэн эмнэлгээ үүсгэн байгуулж, 170 хүний байнгын ажлын байр бий болгосон. Мэдээллийн технологийн ТАУЭРСОФТ ХХК-г байгуулж, эмнэлгийн удирдлагын цогц системийг эх орондоо бий болгох төсөлд 200 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн 2012 оноос “Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл” авч “Гурван гал мед” ХХК-иа байгуулан БНСУ, БНХАУ-аасэмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлон үйл ажиллагаа явуулж эхэллээ. Мөн түүнчлэн хүмүүнлэгийн ажилд 2004 оноос эхлэн цаг зав, төсөв гаргаж сайн үйл хийсээр иржээ.
Нийгэм соёл Гранд Мэн-2015 Хүрэлбаатарын Дамдинсүрэн
“Саунд оф Монголия” ХХК-ийн продюссер “Саунд оф Монголия” ХХК-ийн продюссер Х.Дамдинсүрэн шинэ тутам хөгжиж буй Монголын интертайнмент, шоу бизнесийн салбарын нүүр царайг өөрчлөн шинэчлэх, дэлхийн хөгжингүй орнуудын түвшинд хүргэхэд голлох үүрэг гүйцэтгэж, нүүр царай нь болж буй залуу бизнесмэн. Тэрээр Нийслэлийн 10 жилийн 22 дугаар дунд сургуулийг онц дүнтэй дүүргэж улмаар Москвагийн Нэхмэлийн Академийг механик инженер мэргэжлээр, Москвагийн Улсын их сургуулийн доктурантур, эх орондоо ШУТИС-ийг Аж үйлдвэрлэлийн удирдлагын магистр, СУИС-ийг Соёл Урлагийн менежементээр магистр цолтой тус тус дүүргэсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ивээл дор явагддаг төрийн томоохон арга хэмжээнүүд, түүнчлэн салбарын яамд, НЗДТГ, нам, эвсэл, холбоод, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагуудтай хамтран олон нийтийг хамарсан томоохон шоу төслүүдийг өндөр түвшинд амжилттай зохион байгуулж, продюсерлэж ирсэн.
Тэдгээрээс сүүлийн 2 жилд хийсэн томоохон ажлуудаас дурдвал, “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд “Их хотын парад” шоу, Улаанбаатар хотын Бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концерт, “Учиртай гурван толгой” дуурь, “Монгол бүжгийн наадам”, “Эх орноо магтан дуулъя” рок попын задгай тоглолт, “Жааз үдэш”, “Даншиг наадам” зэрэг арга хэмжээнүүдийг НЗДТГ болон урлагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Мөн сонгодог урлагийн үдэш “Best of Classic” тоглолтыг санаачлан ДБЭТ-ын гадаа талбайд 2 жил дараалан зохион байгуулсан нь олон нийтээс өндөр үнэлгээ аваад буй. 2011 онд “JCI Улаанбаатар централ” салбар байгууллагын ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа “Үндэс нэгтэй цэцэгс” төслийг удирдан зохион байгуулсан нь Ази, Номхон далайн орнуудын шилдэг залуучуудын оролцооны хөтөлбөрөөр шалгарч, уг төсөл одоо хүртэл амжилттай хэрэгжиж буй. Олон нийтэд чиглэсэн, нийгмийн хариуцлагын мэдрэмжтэй ажлууд ч санаачлан зохион байгуулж ирснээс онцолбол Улаанбаатар хотод анх удаа гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн, Урлан, соёлын төвийг өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ. Түүний хийж бүтээснийг олон нийт үнэлэн Нийгэм соёлын салбарын 2015 оны Гранд Мэнээр тодруулжээ.
Урлаг Гранд Лэди-2015 Гончигийн Ундармаа
Жүжигчин Г.Ундармаа СУИС-ийг 1992 онд төгсөөд Эрдэнэт хотын театрт ажиллан урлагт хөл тавьж байсан түүхтэй. Харин түүний амьдралын дараагийн мөчлөг, өрнөл хошин урлагийн салбартай салшгүй холбоотой юм. Түүний хувьд өнгөрөгч нэг жил маш онцгой жил байв. “Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлан сайн үйлсийн аян хийж, дэлгэцийн шинэ уран бүтээлээр үзэгчидтэй уулзсан гэхчлэн дуулгах мэдээ олонтой байлаа. Түүний хэрэгжүүлж буй “Итгэлийн танхим” төслийн үр шимээр Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхим, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимууд тав тухтай болоод буй.
Түүний өөр нэг амжилт нь бүтээсэн “ТюТю” кино нь “Академи Авардс-2015” наадмын шилдэг дебютын шагнал хүртсэн явдал байлаа. Уран сайхны зургаан кинонд дүр бүтээсэн жүжигчин маань ийнхүү бие даан уран бүтээл хийхэд ч бэлхэн болсноо харуулав. Хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэл, уран бүтээлч шинийг эрэлхийлэх сэтгэлгээ, олонд түгээдэг дулаан энергиэ Г.Ундармаа цаашдаа ч түгээсээр байх биз ээ. Түүний хувьд 2015 он тун онцлог жил байсан төдийгүй нийгмийн хувьд ч тэр үүргээ биелүүлсэн гоц дүр байлаа.
Урлаг Гранд Мэн-2015 Энхбатын Амартүвшин
МУГЖ Э.Амартүвшин 1986 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Ипанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медалийг тус тус эх орондоо авч ирж байсан юм. “Ээж минь намайг гадагшаа явах болгонд шууз хийж өгдөг. Түүгээр нь тэмцээний өмнө сайхан шөл хийж уучихаад ороход чадал сууж, хоолойны өнгө сайхан гардаг” хэмээн хуучилсан Э.Амартүвшин 2015 онд амжилтаа дахин ахиулсан.
Их Британийн “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн “Cardiff Singer of the World” тэмцээнд тэрбээр 350 орчим уран бүтээлчээс шилдэг 20-д шалгарав. 1983 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монголоос оролцсон анхны дуучин Э.Амартүвшин шилдэг 20-д шалгарч, улмаар “Үзэгчдийн нэрэмжит цом” хүртсэн. Английн үзэгчдэд Н.Жанцанноровын хөгжим “Чиний нулимс” хэмээх гайхалтай бүтээлийг дуулж сонирхуулсан. Төр засгаас түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж хишгээ хүртээсэн юм. Сонгодог урлагийг дэлхийн төвшинд гаргахад жинтэй хувь нэмэр оруулсан Э.Амартүвшин өөрийгөө магтахаас үргэлж зайлсхийдгээрээ “ даруу нь дэндсэн” хэмээх тодотголын эзэн болоод буй энэ эрхмийг олон нийт 2015 оны Урлагийн салбарын Гранд Мэнээр өргөмжилсөн байна.
Энэ өдрийн өөр нэг онцлох үйл явдал тус сэтгүүлийн 5 жилийн ой дээр байгуулагдсан “Гранд” хүмүүс сангийн анхны тэтгэлэг эзэддээ очлоо. Тус сэтгүүлээс өнгөрөгч 9-р сард “Мэргэжлээ зөв сонгоё” зорилтот, хүмүүнлэгийн өдөрлөгийг СХД-ийн 65-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн 80 гаруй сурагчийг хамруулан хийсэн билээ.

Энэхүү зорилтот өдөрлөгийн хүрээнд тэдгээр сурагчдад ирээдүйд эзэмших, мэргэжлээ зөв сонгоход нь тусалж, хэрэгцээт мэдээллээр хангах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх агуулгаар нэг өдрийн аян өрнүүлсэн юм. Улмаар оролцсон сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж шалгарсан 2 сурагчид “Гранд Авардс”-ын тайзнаа сургалтын тэтгэлгээ гардаж авлаа. Ийнхүү Гранд сэтгүүлийн он оны шилдгүүд, үнэнч уншигчид, салбар салбарын эрхмүүд хамтдаа сэтгүүлийн 5 насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Гранд"-ын баяр дээр баяр нэмж сэтгүүлч М.Өнөрсайханыг “Ган үзэгтэн”, сэтгүүлч Б.Ундралыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж урамшуулсан юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)