1990-ээд оноос эхлэн залуусын зүрх сэтгэлийг уран бүтээлээрээ эзэгнэсээр байгаа Монголын “boy band” хамтлагууд нэгэн тайзнаа нэгдэж “Мартагдашгүй” гэх тоглолтоо хийх гэж байгаа билээ.Уг тоглолтын үеэр “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй үзэл бодол, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-“Мартагдашгүй” тоглолтын санааг “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ та хоёр анх олж, олон жил ярьсан гэж сонслоо. Мөн таны мөрөөдлийн тоглолт гэж та тодотгоод байгаа. Энэ тухай яриагаар ярилцлагаа эхлье гэж бодлоо.
-Тиймээ. Олон жил энэ тухай ярилцсан. Бидний мөрөөдлийн тоглолт гэж хэлж болно. Бас нэг нууц задлахад, Ганаа бид хоёр тун удахгүй хамтарсан цомгоо гаргах гэж байгаа. Ерөнхийдөө та нар мэднэ ш дээ. Энэ хоёр хамтлагаас хамгийн нарийхан хоолойг гаргаж чаддаг, хоёр шувуу шиг жиргээд явчихдаг нь бид хоёр байгаа юм л даа /инээв/. Бид хоёр чинь бас биеийн жин, сэтгэлийнхээ тэнхээгээр ойролцоо учраас, хоёулаа чангахан бөгстэй, уяхан “амьтад”. Бид хоёр олон жилийн өмнөөс “Шилдгийн шилдэг хамтлагуудтай нэг тайзнаа бүрэн тоглолт хийх юмсан, гоё тиймээ” гээд л ярьдаг байсан. Тухайн үед мөн ч хөнгөн, шингэн байсан даа. Ийм өдөр ирдэг л юм байна.
-“Номин талст” хамтлаг энэ тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож чадахгүй гээд байгаа. Ямар ямар уран бүтээлүүдээрээ үзэгч түмнийхээ сонорыг мялаах гэж байна вэ?
-Хамтлагийнхаа өнцгөөс яръя гэж бодож байна. Манай Хаазаа маань Төрийн албан хаагч учраас тоглолтод оролцохгүй, үзэгчдийн суудлаас үзнэ. Тэр их азтай. Манай хамтлагт энэ дууг тоглолт дээр дуулахгүй ээ гэсэн дуу үнэндээ байхгүй. Бид нар ямар үед ямар дуу маань нийгмийг үнэхээр солиоруулж байлаа гэдгийг тооцоолж, бодон дуугаа сонгож дуулна. Жишээлбэл, “Намрын хонгор салхи”, “Үүр битгий цайгаасай” гэдэг дуунууд үнэхээр хит. Энэ дуунуудаа тоглолт дээрээ ямар ч байсан дуулна. Магадгүй энэ хамтлагуудын ямар нэг дуу жинхэнэ хит байх үед та анхны хайраа, ханийгаа, чин сэтгэлдээ мартаж чаддаггүй хэн нэгнээ олсон байх. “Мартагдашгүй” тоглолтод ирж, тэр бүр өнгөрсөн дурсамжаа сэдрээгээрэй. Миний хувьд тэр тоглолтын үеэр эхнэр маань миний өөдөөс хараад сууж байгаасай л гэж хүсэж байна.
-Одоогийн байдлаар эхнэрийн тань биеийн байдал ямаршуу байна вэ?
-/Бодолхийлэв. сур/ Би энэ тухай яримааргүй байна. Үнэхээр яримааргүй байна. Сайхан байна гэж худлаа хэлмээргүй байна, муухай байна гэж амнаасаа хүнд үг унагамааргүй байна. Үнэндээ юу ч хэлж чадахгүй байна /нулимс цийлэгнэв. сур/.

-Үндэсний их баяр наадмын өмнөхөн тантай таарахад, “Эхнэрийн бие өдрөөс өдөрт муудаад байна. Эмчилгээнд нь их мөнгө хэрэгтэй байгаа” гэж ярьж байсан.
- Эхнэр минь ходоод гэдэсний хорт хавдар гэдэг өвчинд өртчихлөө. Би хүнд тусалж л явсан болохоос өөр дээр ийм амьдрал хүрээд ирнэ гэж бодож байсангүй. Өвчин гэдэг хэлж ирэхгүй хийсч ирдэг юм байна аа. Яг нүдээр үзэж, биеэрээ мэдэрч байна. Ах нь эхнэрээ өвдсөнөөс хойш хавар, зун хоёрыг мэдэхгүй өнгөрүүллээ. Өвсний ногооныг ч, агаарын цэнгэгийг ч мэдэхгүй, түүнийхээ төлөө бүхий л цаг заваа түүндээ зориуллаа. Тухайн үед надтай өдөр, шөнө уралддаг байсан бол, одоо минут, секунт уралдаж байна. Жилийн өмнө би ээжийгээ яг энэ өвчнөөр алдаж байлаа. Дахиад эхнэр минь ийм өвчинд эзлэгдээд ирэхэд надад тэмцэх, гэр бүлээ аврах хэрэгтэй юм байна гэсэн хатуу бодол орж ирсэн. Сайхан хайр гэж байдаг шүү дээ, олдвол алдаж болохгүй гэдэг. Өнөөдөр надад ийм өндөр хариуцлага ирлээ. Хайртай хүнийхээ төлөө, охиныхоо төлөө сайхан амьдралынхаа төлөө би зүтгэнэ. Ганцаараа туулах гэж хичээсэн, чимээгүй байх гэж үзлээ, эцэстээ намайг сөхрүүлэх гээд байна.
Уран бүтээлч хүнд урлагийн гэр бүл гэж үнэхээр том гэр бүл байдаг юм байна. Миний төлөө, бидний элэг бүтэн сайхан амьдралын төлөө ингэж ариун сайхан сэтгэлээрээ нэгдэж чадсан уран бүтээлч ах эгч нар болон найзууддаа үнэхээр их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйгээр манай гэр бүл давна, ялна гэсэн бодолтой байна.
Ерөнхийдөө миний тухай мартаарай. Бид энэ бүхнийг давах ёстой. Олон түмний итгэл, хариуцлагыг даах ёстой. Түүнээс “Дээгий минь, эвий минь” гэж битгий хараарай. Хэрвээ тэгж хандвал энэ амьдралыг туулж байгаа надад шаналал болно.
-Наадмын үеэр урлаг соёлынхон эхнэрт чинь зориулж, хандивын тоглолт хийсэн. Нөгөөдөр /өнөөдөр/ орой “Номин талст” хамтлагийнхан маань хандивын тоглолтоо хийх гэж байна. Бүрэн эдгэхэд нь нийт хэдэн төгрөгийн зардал, мөнгө хэрэгтэй байгаа вэ?
-Ах нь мөнгөний үнэ цэнэ, хүний мөс чанарыг одоо л ойлгож байна. Одоо бол мөнгө маш их хэрэгтэй байна. Түүнийгээ хөл дээрээ босгон босготол мөнгө хэрэг болно. Одоогийн байдлаар хоёр долоо хоног тутамд 10 мянган долларын тариа хийж байна. Энэ тариаг хийхгүй бол болохгүй. Энэ тариаг зогсоовол, би энэ хорвоод эхнэргүй болно. Алгын чинээхэн жаахан охин минь ээжгүй болно /гүн санаа алдав. сур/. Хэрэв энэ хүн байхгүй болчих юм бол, миний амьдрал дуусан дуустал наргүй байна. Би энэ орчлонгоос ганцхан түүний үнэнч хайрыг олж авсан. Надад байгаа ганцхан үнэтэй юм бол эхнэр маань. Эхнэрээ босгоод авбал, энэ мөнгө надад “түй ч” сонин биш.

-Тэр уулзалтаас хойш хэд хоногийн дараа таны тухай нэг эвгүй шуум сонслоо. “Нөгөө Т.Дэлгэрмөрөн чинь эхнэрийнхээ биеийг муу гээд байсан чинь өөрөө Ланд-200 маркийн машин уначихсан, салхи татуулаад явж байна лээ. Тэр машинаа зарж, худалдаад эхнэрээ эмчлүүлж болдоггүй юм байхдаа” гэсэн дам яриа байна. Та үнэхээр Ланд-200 унадаг юм уу?
-Үгүй ш дээ. Би тийм юм унаж үзээгүй. Надад тийм сонирхол байдаггүй. Би мэднэ л дээ, өртэй байж хүмүүст баян харагдаад яваад байдаг хүмүүс, өөрт нь байхгүй байж өрөөлийн юмаар баярхдаг хүмүүс байна. Би тэгж чаддаггүй. Яах юм, надад тийм машин ч байхгүй. Ланд-200 унаад “занхайсан” мөртлөө рүүлийнхээ цаагуур, доошоо хараад “Бензин дуусаж байна. Яанаа” гэдэг хүмүүс байдаг. Тэднийг өрөвддөг. Дээрээс нь, өрөвдлийн “өрөвдлүүд” бас байна. Хүнийг мэдэхгүй байж худлаа ярьж яваа хүмүүсийг би хааяа боддог шд. Бурхан тэднийг худалч, амиа хичээгч, бэртэгчин болгоод шийтгэсэн байхад би дээрээс хэл ам хийж, шийтгээд яах вэ дээ гэж боддог. Тийм хүмүүсийг өрөвдөж байна, өмнөөс нь “эвий эвий энэ хүнийг бурхан бага зовоогоосой” гэж залбирдаг. Энэ бол муу санаагаараа дотроосоо ялзарч байгаа удаан үхэл. Ийм удаан үхэл бол жинхэнэ там. Миний ээж надад “Т.Дэлгэрмөрөн, Там там гэдэг чинь тамтаггүй явахыг хэлдэг шүү” гэж захидаг байсан. Нэг нь өвдөж зовоод байхад, тийм аймшигтай нүнжиггүй үг гаргаж байгаа бол тэд хүн биш. Ийм хүмүүс дэлхийд хэрэггүй. Дэлхий өөрөө амьд зүйл шүү дээ.
-Гурван жилийн өмнө тоглолт дээрээ эхнэртээ 999 сарнай бэлэглэж, тухайн үедээ л сенсааци тарьж байсан. Одоо эхнэрээ хэр баярлуулж байна?
-Тиймээ. Миний хань намайг хальтирахад минь түшиж, баярлахад минь хамт инээж, хан хорвоод надад өөр шигээ хөөрхөн охин төрүүлж өгч, аав хэмээх алдрыг хайрласан. Ханьдаа маш их баярладаг. Энэ сэтгэлийнхээ илэрхийлэл болгож, анх удаагаа 999 сарнайг тэгэхэд л бэлэглэсэн. Тухайн үедээ эхнэртээ хандаж “Хань минь ээ, амьд бурхан минь ээ” гэж анх удаа олны өмнө хэлсэн. Энэ бол ганцхан миний хүч байгаагүй, хайрын хүч байсан. Харин одоо бол өдөр бүр баярлуулж, өглөө бүр хайртайгаа илэрхийлэхийг хичээж байна.

-Дуучин Т.Дэлгэрмөрөн хэр сайн аав, хэр сайн хань вэ?
-Хамгийн хамгийн нь. Миний хань бид хоёр, хоёулаа л хамгийн хамгийн шүү дээ. Ялангуяа би эр хүнийг олон хүний хувь заяаг нуруун дээрээ тээж явдаг бодьгал гэж боддог. Тийм л учраас ямарваа нэгэн өрх гэрийн тэргүүн хүн өөрөө үнэхээр хийморьтой байгаасай гэж би хүсдэг. Түүнийгээ биелүүлэхийн тулд ч хичээдэг. Олон, олон амьдралын дүр зураг бид нарын нүдэн дээр харагдаад өнгөрдөг. Энэ болгоноос авахыг нь аваад хаяхыг нь хаях л хэрэгтэй. Тийм ч учраас бидний өвөг дээдсийн хэлсэн зүйр цэцэн үг болон сургааль үгнүүдийг дотроо бясалгаж явдаг.
-Та элдэв асуудалд холбогдох нь элбэг байдаг. Нэлээд сахилгагүй хүүхэд байсан уу?
-Ер нь түмний манлай байсан. Одоо ч гэсэн миний ангийнхан надтай их холбогддог. Ямарваа нэгэн бодьгаль зүйлийг нийлүүлэхэд гүүр болдог. Тэр алтан, мөнгөн, хүрэл гүүрнүүдийн нэг нь би байсан. Сурлагын хувьд муу хичээлдээ муу байсан. Яагаад гэхээр багш нь муу байсан учраас би муу байсан юм. Гэхдээ тэр багшийн мэдлэгийг би муу гэж хэлж байгаа юм биш. Заах арга чадвар нь муу байдаг байсан учраас би өөрөө сурахыг ч хүсдэггүй байсан. Би химийн хичээл дээр хоёр элементтэй валентуудыг цээжлэх гээд үнэхээр чаддаггүй байсан. Харин одоо бол би үхэн үхтлээ хэзээ ч мартахгүй. Би үнэхээр цээжлэхгүй байсан болохоор би хоёр элементтэй валентэд зориулж ая хийсэн юм. Тэр бол миний хувьд дуу байсан. Багш Т.Дэлгэрмөрөн цээжилсэн үү, самбарын урд гараад унш гэсэн. Үнэндээ би уншиж чадаагүй. Харин багшийнхаа чихэнд шивнэж, дуулсан /инээв.сур/
-Таныг өнгөрсөн жил Хан-Уул дүүрэгт мансуурсан байдалтай цагдаагийнхан олж, хэсэг хугацаанд саатуулж байсан. Хар тамхи татахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Хүүе ээ. Тэр чинь эндүүрэл болсон шдээ. Одоо хүртэл мэдээгүй юм уу? Би хар тамхи татаагүй. Бие гэнэт муудаад, ухаан алдсан.
-Тухайн үед яг ямар асуудал үүссэн юм бэ?
-Яг үнэнийг хэлье. Нэрийг нь хэлэхээс ч аймшигтай энэ хорт хавдар амин хайртай эхийг минь залгисан. Би гурван жил ээжийгээ өгөхгүй гэж тэмцээд дийлээгүй. Харин энэ жил дахиад миний амьдралд энэ өвчин гараад ирсэн. Би үнэхээр айсан, итгэж чадахгүй нэг хэсэг “шок”-онд орсон. Ээжийгээ өнгөрснөөс хойш сэтгэл санаа таагүй байсан. Шинэ жилийн үеэр шүү дээ, өнчин хүүхдүүдэд туслаж, бэлэг тарааж яваад гэнэт даралт өсөж ухаан алдаж унасан. Энхтайвны гүүрний орчимд явж байхдаа машин дотроо ухаан алдсан. Цагдаа нар ирээд 103 руу хүргэж, дусал залгасан. Би хар тамхи, архи ууж мансуурснаас ухаан алдаж унаагүй, сэтгэл санаа тавгүй байснаас даралт харвах шахсан. Бодит үнэн л энэ.

-Сүүлийн үед нийгэмд хар тамхинаас гадна, хүний мөс чанарыг харуулсан бараан явдал олон тохиодог болжээ. Тухайлбал, төрсөн эцэг нь хүүхдээ хазаж хайрах, болоогүй амь насыг нь хөнөөсөн аймшигт хэргүүд мэр сэр гарах болсон. Та ийм асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?
-Хүн болгонд л янз янзын зүйл тохилддог байх. Би хэн нэгний өмнөөс ярьж чадахгүй ээ. Энэ хайрын дундаас үүсч байгаа, бурханы таалалд орсон бидний ирээдүй болсон хүүхдүүд эцэг эхтэй л байх ёстой юм. Хорвоо дээр өнчин хүүхдийг төрүүлнэ гэдэг бол нүгэл. Үйлийн үр гэдэг нь тухайн эцэг эхэд ирнэ. Энэ бол баталгаатай. Тийм учраас дурлаж битгий нэгнээ сонго, хайрлаж үз. Үерхэл, дурлал хайр гурав тэс өөр зүйл. Хариуцлагатай бай, төлөвлөгөөтэй бай. Эр хүн юм бол эр хүн шиг бай, хийморьтой бай. Би ингэж л бодож байна. Мөн сүнслэг байцгаа. Өнөөдөр ард түмэндээ хэлэхэд, бид эхийн хэвлийд сүнстэй ирсэн юм шүү. Энэ биеэ толинд харсан бол одоо болцгоо, одоо сүнсээ тооцгоо. Энэ сүнс арвин хүчтэй байж, энэ бие өөрөө эрч хүчээр дүүрнэ.Сүнсгүй хоосон биеэр яахын.
-Та ямар шүтлэгтэй вэ?
-Би маш их сүсэг, сүжигтэй хүн. Бүх шашныг хүндлэнэ. Надад бүгдээрээ л сайхан санагддаг. Би өөрөө дааж авсан багштай, дагаж явах замтай.
-Та чинь Хөвсгөлийнх бил үү?
-Тийм. Би чинь С.Жавхлангийн хэлдэгээр хангай нутгийн Дэлгэрмөрөн нэртэй, дэлгэрүүлэн түгээгч хүн шүү дээ /инээв. сур/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Би айлын том хүү. Дороо нэг дүүтэй. Манай гэр бүл сайхан дулаан уур амьсгалтай жирийн л айл. Их нээлттэй өссөн. Ялангуяа манай аав ээж хоёр монгол хэл, уран зохиолын багш учраас би хүүхэд байхаасаа л монголоороо омогшиж эхэлсэн гэж болно.
-Дуучин С.Жавхлан та хоёрын үзэл бодол нийлнэ биз?
-Нийлнэ шд. Нийлэхгүй яах юм. Бид нар чинь бүгдээрээ л Монгол. Хот, хөдөө л гэж ялгараад байдаг болохоос. Бид нар Төв Азийн цээжинд дэлгэсэн тэрлэг шиг уудам нутагтай, Монгол гэдэг үндэстэн. Хот хөдөө, яс үндсээр ялгаравласан хөгийн явдлуудыг таслан зогсоох хэрэгтэй. Цус ариун, үндэс арвин байх ёстой. Энэ үндсэрэхэг үзэлтнүүд үе үеэрээ хэзээ ч тасрахгүй. Өнөөдөр Улаанбаатарын утаа л яриад байгаа болохоос, Уудам монголын хөх тэнгэрийг олж харж байгаа хүн алга. Тийм учраас улаан залаат хүмүүний шударга үр төл хэзээ ч тасардаггүй юм байна. Тэрний нэг нь Самандын хүү Жавхлан шүү дээ.


-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (15)