Би гоонь эрийн амьдралаар 13 жил яваа залуу

Олон нийт “Guys” хамтлагийн дуучин Уугий гэдгээр нь жүжигчин Х.Бат-Ундралыг илүү сайн таних биз ээ. “Guys” хамтлагийнхан ирэх аравдугаар сарын 9-нд болох “Мартагдашгүй” хэмээх тоглолтод оролцох гэж байгаа юм. Түүнтэй амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Юуны өмнө “Мартагдашгүй” тоглолтонд танай хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж байгаад баяр хүргэе. “Guys-ын залуус энэ тоглолтонд оролцож байгаа бусад хамтлагуудаас хамгийн “отгон” нь. Танай хамтлаг бусдаас өөр ямар давуу талтай вэ?

-Баярлалаа. Ер нь айлын отгон хүүхэд цаанаа л нэг адтай, хор шартай байдаг шүү дээ. Манай хамтлагийн хувьд ч тэр, эдгээр дөрвөн хамтлагаасаа мэргэжлийн жүжигчид гэдгээрээ онцлог. Жүжигчин гэдэг мэргэжил ямар ч зүйлд хувирч чаддаг, мэдрэмжтэй хүмүүс байдаг байхгүй юу. Тэднээс илүү мэдрэмжтэй. Тайзан дээр дуугаа хүргэхдээ үзэгчдэд ямар байдлаар хүргэх вэ гэдгээ сайн мэднэ. Гайхашруулж, цочоож хүргэж болно. Жүжиглэх арга зүйн сэтгэлгээндээ тулгуурлаж, бид тайзыг эзэмддэг. Үзэгчдийг хэрхэн байлдан дагуулахаа мэддэг. Мөн бүх дууныхаа үг, аяыг өөрсдөө зохиодог. Бид хэнээс ч хараат бус.

-Саяхан танай хамтлагийнхан “Амьдрал үргэлж сайхнаараа” тоглолтоо “Crocus event hall”-д тоглолтоо хийсэн. Энэ үеэр нэгэн бүсгүй тань руу өндөр өсгийтөө шидэж, оносон байдаг. Та тэр бүсгүйг таних уу?

-Тийм юм болсон. Би танихгүй л дээ. Тоглолтын үеэр сэтгэл нь хөдлөөд өндөр өсгийтэй гутлаа шидсэн байх. Тэр нь намайг оночихоор хүмүүст их сонин санагдсан юм шиг байна лээ. Дэлхийн том том одуудын тоглолт дээр охид бүсгүйчүүд гутал байтугай дотуур хувцас ч шиддэг л биз дээ. Би тэрийг нэг их сүр болгож, хүлээж аваагүй.

-Таныг “Guys-ын залуучуудаас хамгийн тогтворгүй амьдралтай нь гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үгүй яахав. Би ганц бие, гоонь эрийн амьдралаар 13 жил явсан залуу. Ингээд ирэхээр амьдралын хэмнэл нэг хэвийн болоод ирдэг юм байна /бодолхийлэв.сур/. Хамгийн гол нь би эхнэрээсээ хэрэлдэж, муудалцаж, гомдоож салаагүй байхгүй юу. Тэр маань алс холын Америкт байсны улмаас хоёр тийш болсон. Бие холдвол, сэтгэл холдоно гэж үнэн үг. Эхнэр маань намайг ир гэж зөндөө гуйсан, хүлээсэн. Гэвч би тийшээ очиж чадаагүй гурван жил болсон. Эхнэр маань надад хэлж байсан л даа “Би чамайг гурван жил хүлээсэн шүү. Би бол Монголд очиж чадахгүй ээ” гэж хэлж байсан. Ингээд миний урлагаа гэх сэтгэл, тэр хүний Америкт амьдарна гэдэг сэтгэлзүй нь хэрэлдэж биш, бие биенээсээ аажим аажмаар холдсоор байгаад салсан. Тэр утгаараа одоог хүртэл 13 жил ганцаараа, гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа нь хувь тавилан. Би хэн нэгнийг гомдоож, бэтгэрүүлээгүй, зөвхөн өөрөө өөрийгөө золиослож яваа л эр.

-Таны эхнэр өөр хүнтэй суусан уу?

-Суусан. Тэндээ хүнтэй суусан. Дахиад хүүхэдтэй болсон.

-Таны хүү одоо хэд хүрч байна. Хаана амьдарч байгаа вэ?

-Том эр болсоон. Миний хүү 16 настай. Хэдхэн жилийн дараа өвөө болно гэж бодож байна /инээв. сур/. Ээж аавынхаа дунд ирж очоод явж байна даа. Их сайн хүү бий.

-Анзаараад байхад, та өөрөөсөө 10 гаруй насаар дүү охид бүсгүйчүүдтэй нэр холбогдчихсон явж байдаг. Таны хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, нийгэмд тодорхой хэмжээний байр сууриа олчихсон, ганц бие залуу. Бүсгүйчүүд өөрсдөө тань руу түрүүлж, хандарна биз?

-Аймар хандардаг ш дээ /инээв.сур/. Худлаа худлаа. Хандрах нэг нь байхад, хандруулах нэг нь бас байнаа байна. Би ээждээ их хайртай шиг, монголын бүх охид бүсгүйчүүдэд ч хайртай. Миний харж байгаа ертөнц орон зай бол, монголын гэр бүл салалт. Салалт маш их. Амьдралд хөлөө олоогүй, явах зам чигээ олоогүй, буруу найз нөхөдтэй нөхөрлөсөн охид бүсгүйчүүд маш их байдаг. Ямар ч байсан би тэр охид бүсгүйчүүдтэй өөрөө зорьж биш, амьдрал бид нарыг учруулдаг. Гэхдээ би тэр бүсгүйчүүдийг зөв яваарай гэдэг, бүх замыг нь гэрэлтүүлдэг.

-Танд ойрын хугацаанд гэрлэх бодол бий юу. Яагаад, уулзаж учирч байсан бүсгүйчүүдээсээ салаад байдаг юм бэ?

-Гэрлэлтийн асуудлыг цаг хугацаа харуулна. Би тэр охидтой нийлээгүй ш дээ, нийлээгүй.

-Тэгвэл яагаад өөрийн цахим хуудастаа нэг биш бүсгүйтэй дотно зургаа даруулж, олон нийтэд цацаад байдаг юм бэ.  Та ингэснээр олон нийтийн дунд “шалиг” нэр зүүгээд байгаа юм биш үү?

-Тэр зүгээр л миний эрх чөлөө байхгүй юу. Тэдэнтэй зүгээр л найзууд. Нийгэм намайг яаж харах нь өөрсдийнх нь хэрэг. Хамгийн гол нь, би тэр хүмүүсийн амьдралд саад болоогүй, буруу юманд уруу татаагүй, нөлөөлөөгүй. Дандаа зөв рүү татдаг. Сурч боловсроход тусалж, эмэгтэй хүн гэдэг талаас нь ухаантай байгаасай, зөв байгаасай гэж зөвлөдөг, хүсдэг. Бас тэднийг хүндэлдэг.

-Та чинь бараг “Сайн ах” юм биш үү?

-Сайн ах уу? “Сайн ах” байх ёстой. Яагаад гэвэл, “Сайн ах” нар байж, монголын охид зөв замдаа орно. Одоо уран бүтээлээ ярья, тэгэх үү?

- За тэгье. Энэ тоглолтын дараа гадаадад аялан тоглолтоо үргэлжлүүлнэ гэж сонссон. Одоо хаана тоглох гэж байна?

-Европын орнуудаар аялан тоглолтоо хийсэн. Удахгүй Австралиар аялан тоглолт хийнэ. 2008 онд “Сайн уу амьдрал минь” кинонд ажилласнаас хойш дахиж уран бүтээл хийгээгүй. 2016 онд киноны уран бүтээлд орно. Харин 2017 онд “Guys” хамтлагийн 20 жилийн ой болно. 20 жилийн ойгоо угтаад цаг наргүй, шахуу хөтөлбөрөөр ажиллаж байгаа.

-Танай хамтлагийн "Зун орсон цас" тоглолтыг тухайн үедээ хамгийн үнэтэй тоглолт гэж шуугиж байсан.

-2005 онд тоглосон тоглолт. Театрын номонд "Монголын анхны рок попын мюзикл" гэж бичигдсэнд баярладаг. Энэ бол манай хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Бүх дуунуудаа оруулах, хөгжмийн найруулгыг нь шинэчлэх, жүжиглэлт, тайз засалт гээд их л хөдөлмөр зарсан тоглолт л доо. Яг "Валентины баяр"-ын өдөр 1000 ам.доллараар тоглосон. Нийтдээ 16 хос ирж үзсэн. Харин маргааш нь 100 ам.доллараар тоглосон. Тэрний дараа нэлээд их шүүмж ирж байлаа. Тухайн үед ямар ч тоглолтын тасалбар 5000-8000 төгрөг л байсан. Ингээд шүүмжлүүлснийхээ дараа 10 мянган төгрөгөөр бүтэн сарын турш тоглосон. "Зун орсон цас" шиг бүтэн сарын турш танхим дүүрэн үзэгчидтэй тоглосон тоглолт ховор шүү.

-"Guys" –ынхан оюутан байх хугацаандаа хоёр ч тоглолт хийсэн байх аа?

-Оюутан байхдаа манай хамтлаг хоёр тоглолт хийж амжсан. Бид 2001 онд СУИС-ийг Г.Жигжидсүрэн, Х.Уртнасан, Н.Ганхуяг гэсэн гурван багшийн удирдлаган дор төгссөн. Манай анги нэг кино, хоёр жүжигтэй төгсч байлаа. "Бидний найзын дурлал" гэх кино найруулаад, түүний “Хайрын бүжиг" нэртэй дууг зохиож байсан. Кино маань театрт гарч, "Гамлет", "Цаг өөр болжээ" гэж хоёр жүжиг тавьж байлаа.

-Ер нь "Guys"-ынхан хэрхэн нэгдэж хамтлаг байгуулж байв. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай хамтлаг анх "Зүгээр л", "Сонсч бай" зэрэг дуугаа гаргаж байлаа. Би анх СУИС-д орохоосоо өмнө "Нэг хороолол", "Хэт даврагсад" зэрэг хамтлагт дуулж байсан. Тэгээд СУИС-д оюутан болсны дараа манай ангийн Лхагваа, Төгсөө хоёр анх хамтлаг байгуулах санааг олсон.  "East 17", "2Рас", "TLC" гэх мэт тухайн цаг үеийн арай хэмнэлтэй дуунууд байлаа. Лхагваагаас Төгсөө "Би нэг ийм хамтлагтай байсан. Тэгээд энэ дуунаасаа холдож чадахгүй байна. Чи надтай хамтлаг байгуулах уу" гэж асуусан гэнэ лээ. Тэгээд л зөвшөөрч, хамтлаг бүрдэж эхэлсэн.

-Танай хамтлагийн анхны сонсогчид ангийнхан чинь байж таарна биз?

-Яг л ангийнхан. Бид хэд муу гитартайгаа ч дуулна, арай гэж хийлгэсэн фонограммтайгаа ч дуулна. "Элькондор" хамтлагийн Амараа ах, Болорхүү ахаар бичлэгээ хийлгэнэ. Тэд биднийг оюутан юм чинь гээд харж үзээд 10 мянган төгрөгөөр хийж өгнө. "Залуу нас”, "Дурсамж" дуугаа гаргасны дараа ангийнхандаа сонсгосон чинь сайхан хүлээж авсан. Удалгүй "Дурсамж" дуу маань FM радиогийн хитэд гурван долоо хоног тэргүүлээд систем хөгжмөөр шагнуулж байлаа шүү дээ.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар...?

-Бодсон ажил байна. Цаг хугацааг зарлах болоогүй. Одоогоор өнгөрсөн хугацаанд гаргасан уран бүтээлээ хүмүүст хүргэх нь чухал байна. Гэхдээ мэдээж шинэ уран бүтээл гаргана. Илүү их цар хүрээг хамарсан буюу 18-45 насны бүх хүмүүст таалагдах уран бүтээл хийнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Дэжид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Зочин
    Olon ohinii zamiig zaasan ai kkkk
    2015 оны 09 сарын 27 | Хариулах
  • odko
    Saihan yriltslaga bnoo
    2015 оны 09 сарын 27 | Хариулах
  • e
    yamar saihan zaluu ve.
    2015 оны 09 сарын 26 | Хариулах
  • Shaadag gar
    Shaaldaa uugii. Ontsgui erdee ene
    2015 оны 09 сарын 26 | Хариулах
  • undraa
    Хүүтэй минь амидай болохоор уншив!Таны амьдралд аз жаргал хүсьё!
    2015 оны 09 сарын 26
  • Зочин
    хөөе, чамд танилцуулах сайхан бүсгүй байна шүү.
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    AMJILT HUSIE TA NARTAA HAIRTAI SHUU
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Бараг л зандан, айн?
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    bargiin huuhen setgeld niitsehgui, huuchin ehner shigee hun tusuuldug bolchdog ch tsag hugatsaa ali hediine ungursun dahin tiim ue irehgui, dahiad tiim huuhen taarahgui bgaa ni l gol buruu ni yumaa.
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    танай хамтлаг бол хамгийн давтагдашгүй гое хамтлаг. дууг нь сонсох үнэхээр дуртай шүү. амжилт. хамтлагаараа үргэлж лаг байгаарай
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin
    chanartai uran buteel hiideg sain hamtlag shuu, ta buhend amjilt husey.
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Бат-ундралдаа удахгүй гэр бүлтэй болж хөөрхөн хүү охины аав болж аз жаргалтай амьдрахыг хүсье. Чиний уран бүтээл тоглосон киног үзээд дэмжиж явдаг шүү. Гое эерэг дүр бүтээдэг сайхан залуу. Амжилт хүсье.
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
    • undraa
      Хүүтэй минь амидай болохоор уншив!Таны амьдралд аз жаргал хүсьё!
      2015 оны 09 сарын 26
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025