Монголын поп урлагийн нүүр царай болох “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагууд нэгдэн “Мартагдашгүй” нэртэй тоглолт толилуулах гэж байна. Тоглолт аравдугаар сарын 9-нд болно. Уг тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр Blue Sky цамхагт боллоо. Энэ удаагийн тоглолт дээрх хамтлагууд анх удаагаа хамтарч тоглох гэж байгаагаараа онцлог юм. Тоглолтын хэвлэлийн хуралд дээрх таван хамтлагийн гишүүд, хөгжмийн зохиолч, "Камертон"-ын анхны продюссер Л.Тайванбат нар оролцлоо.

Тоглолтын найруулгыг On&off продакшн, дууны найруулга, дуугаралт техникийг “New star” студи, гэрэл гэрэлтүүлгийг залуу дуучин Болдын “B sound” студи хариуцан ажиллах юм байна. Нэг хамтлаг 5-8 дуу дуулах бөгөөд дор хаяж 4-6 цагийн тоглолт болно гэдгийг уран бүтээлчид онцолсон юм. Ингэхдээ дандаа хуучны дуунууд дуулагдана. Тоглолтын тасалбар 40-80 мянган төгрөг байх бөгөөд тасалбарыг ирэх долоо хоногоос эхлэн онлайнаар борлуулах аж.
Хэвлэлийн хурлын үеэр уран бүтээлчид сэтгүүлчид, фенүүдтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Энэ үеэр “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Би энэ тоглолтыг мөрөөддөг байсан. Олон жилийн өмнөөс ийм тоглолт хийхээр ярьсаар ирсэн. Энэ маань биеллээ олох гэж байгаад баяртай байна. Хэдийгээр бид тус тусдаа хамтлагууд ч гэсэн энэ удаад нэгдэн, нягтарч гарын таван хуруу мэт болох ёстой. Ингэж байж үзэгчдийг байлдан дагуулсан, бут авсан тоглолт хийх учиртай. “Номин талст” хамтлагийн хувьд бэлтгэл сайтай байгаа.
Өнөөдөр “Сүнс” хамталгийнхан маань буцаад эвлэлдэн нэгдэж, тайзнаа эргэн ирсэнд баяртай байна. “Салхи”-ийнхан маань хаагуур салхилаад ирснийг бүү мэд. Нэгдэж тоглолтоо хийе гэдгийг маш сайхан хүлээж авсан. “Guys”-ынхан тив алгасан тоглолтоо хийж байгаа учир бэлтгэл сайтай байгаа. “Камертон”-ныхонтой юу ярих вэ мэргэжлийн хамтлаг, “Номин талст” бол яахав авъяастай хэдэн залуучууд” хэмээн тэнд ирсэн хүмүүсийг хөгжөөв.
Тоглолтод “Номин талст” хамтлагийнхнаас бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Тус хамтлагийн Т.Хангэрэл буюу Хаазаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын алба хашиж байгаа учраас тоглолтод оролцож чадахгүй болжээ. Учир нь Төрийн албан хаагчийн статуст элдэв арга хэмжээнд оролцохыг хориглодог аж.
“Мартагдашгүй” тоглолтын үеэр дээрх таван хамтлагийн уран бүтээлчид Л.Тайванбатын дууг хамтдаа дуулах юм байна. Мөн “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтдаа дуэт дуулж, бүжиглэж олныг баясгана гэдгээ мэдэгдсэн юм.
“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ “Мэдээж үзэгч олныг байлдан дагуулсан, тэдний дурсамжийг сэдрээх сайхан хайрын дуунууд эгшиглэх болно. Бид ч өөрийн уран бүтээлээсээ сонгож, хайрын сайхан дуунаасаа дуулна. Бид энэ тоглолтоороо бусад уран бүтээлчдэдээ үлгэр жишээ болно гэж бодож байгаа” хэмээн ярьсан юм.
Харин “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар “Тоглолтыг жүжигчилсэн хэлбэрээр найруулан тавина. Хамтлаг тус бүр шилдэг уран бүтээлээсээ хүргэнэ. Гэхдээ манай хамтлаг ямар дуу дуулах вэ гэдэг нь сюрприз хэвээр байсан нь дээр болов уу” хэмээлээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд дээрх хамтлагуудын зүгээс “Free zone” хамтлагаас уучлалт хүслээ. Энэ талаар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Бид “Free zone” хамтлагтаа үнэхээр их хайртай. Тэднийгээ тоглолтод оролцуулъя гэсэн боловч Бэкэ АНУ-аас ирэхгүй байна, Төмрөө, Төрөө хоёр Бэкэгүй бол дуулахгүй гэсэн. Уг нь та хэд маань байсан бол гайхалтай болох байлаа” гэв.
Ямартай ч одоогоор таван хамтлагийн залуус “Мартагдашгүй” тоглолтондоо бэлтгээд, тус тусын уран бүтээлдээ анхаарал хандуулж байгаа аж.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл (23)