Болсон явдал
Сүүлийн үед “Эксклюзив”-ийн Г.Майцэцэг гэх бүсгүй нийгэмд сенсааци тарьж, “од” болоод буй. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд тус компаниас “Хүннү молл”, “Номин” их дэлгүүрт 120 сая төгрөгийн барааг үнэ төлбөргүй тараана гэсэн цуурхал тарааж, мэдээллийг авсан иргэд бямба гаригийн шөнийн 02.00 цагаас эхлэн оочер дараалал үүсгэж, үнэгүй барааны “дайнд” мордсон. Гэвч тэнд цугласан хүмүүсээс эхний 50 хүнийг оруулаад бусдыг нь оруулаагүй нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл чухам яагаад 120 сая төгрөгийн бараа үнэгүй тараах сенсаацийг “Экслюзив” компани тараасан юм бол?
2013 оны 11 дүгээр сард үндэсний үйлдвэрлэгч, бэлэн хувцасны брэнд “Эксклюзив” компанид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулсан аж. Үүн дээр бусад татварын өр нэмэгдэж, нийтдээ “Эксклюзив” компани улсад 174 сая төгрөгийн татварын өртэй болоод байна. Уг татварын өр явсаар анхан шатны шүүхээр орж, “Эксклюзив” компани өрөө төлөх ёстой гэсэн шийдвэр гарч, компанийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, татварын өрөө төлнө хэмээн гарын үсэг зурсан хэдий ч төлөлт хийгдээгүй учраас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс компанийн дансыг өнгөрсөн онд хаажээ. Иймд Г.Майцэцэг аргагүй эрхэнд дээрх аргыг тэмцлийн нэг хэлбэр болгон ашигласан байна.
Ингээд эцсийн үр дүнд “Эксклюзив” компанийн татварын өртэй холбоотой асуудлыг Засгийн газар авч хэлэлцэж, Г.Майцэцэгийг Ерөнхий сайд хүлээн авч уулзсан юм. Гаргасан нь шийдвэр нь ТЕГ-т тус компанийн дансыг нээ гэсэн үүрэг өгсөн боловч одоогоор данс нь нээгдээгүй байгаа. Энд бас нэг сонирхолтой сэжүүр бий. тус компани өнгөрсөн онд Засгийн газрын “Чингис” бондоос 700 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Энэхүү зээлийг аваад удаагүй байхад татварын шалгалт орсон байдаг.
Г.Майцэцэг гэж хэн бэ?

Ингэхэд Г.Майцэцэг гэж хэн бэ?
Ардчилалын сүүдэр дайрсан он жилүүдэд нэг хэсэг нь ганзага үүрч, гахай зөөсөн бол нөгөө хэсэг нь хилийн чанад руу явж, амьдрал хөөсөн. Чухам харьд цагаачилж, амьдрал хөөсөн хүмүүсийн нэг нь "Exclusive" брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгийн эцэг, эх хоёр. Тэр үед Г.Майцэцэг охин 13 настай, дөнгөж 6-р ангид ордог жилээ аав ээжтэйгээ Польш улсыг зорив. Тэндээ бүрэн дунд сургууль дүүргэж, Польшийн нэр хүндтэй “Uniwersytet Marii Curie-Skłodowskiej w Lublinie” их сургуулийг Олон улсын зах зээл судлалаар бакалаврын зэрэгтэй дүүргэжээ. Багаасаа бие даасан охин их сургуульд орсныхоо дараа сургалтынхаа төлбөрийг олохын тулд Варшавын нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бэлэн хувцасны бөөний төвөөс хувцас бөөндөж аван жижиг захуудад худалдаалж, мөнгө олдог байсан гэдэг. Энэ талаар тэрбээр, “Би оюутан ахуйдаа наймаачин байсан. Ер нь тухайн үед Польшид ажиллаж, амьдарч байсан хүмүүс сайн мэднэ дээ. Хятадууд, вьетнамууд Варшаваас бараа бөөндөж аваад хот, тосгодоор явж зардаг байсан. Мэдээж өөрийнхөө хэрэгцээний мөнгөө олохын тулд хөдөлмөрлөх шаардлагатай шүү дээ” хэмээн ярьсан байдаг.

Гэр бүл
Г.Майцэцэгийг оёмол бүтээгдэхүүний салбар луу чиглүүлж, хөтөлсөн хүн нь түүний хань Л.Баясгалан. Дөчин мянгатын унаган хүүхэд түүнийг хотынхон “шар” Баясаа гэдгээр нь андахгүй. Л.Баясгалан 1980-аад оны дундуур 10 жилийн сурагч байхаасаа байрныхаа ах, эгч нарын хувцасны хэв маягийг тодорхойлж, тэдэнд барууны стилийг шингээсэн өмд цамц, банзал зэргийг хийж өгдөг сэргэлэн хүү байв. Тиймдээ ч, өөрийн сонирхлоо даган улсын зардлаар ХБНГУ-д д хувцасны зураачийн ангийг дүүргэжээ. Германд суралцаж байхдаа “Номин талст” хамтлагийн ахлагч н.Батсүхийн эхнэр, С.Нарангэрэл өмгөөлөгчийн охин Н.Жаргаланд анхны хайраа өгч, хайрын романс хэлхэв. Тухайн үед Н.Жаргалан нэгдүгээр курсийн оюутан, харин Л.Баясгалан гуравдугаар курсэд суралцаж байсан бөгөөд Н.Жаргалан хоёрдугаар курсэд ордог жилээ Н.Танан охиноо Монголд ирж төрүүлсэн нь Л.Баясгалангийн охин. Гэвч тэдний хайр сэтгэл амьдрал болсонгүй, охин төрсний дараа хоёр тийш болжээ. Энэ талаар тухайн үеийн чөлөөт хэвлэлүүд ёстой л шуугих шиг болж байв. Н.Жаргаланг хүүхдээ төрүүлэхээр Монгол явсан хойгуур Л.Баясгалан Маяа хэмээх булцгар цагаан охинтой учир ургуулж, улмаар залуу хосууд салах шалтгаан болсон гэх мэтээр шуугиж байсан ч чухам болсон явдал, үнэн худлыг хөндлөнгийн бид яахин дэнслэх билээ.
Ямартай ч Л.Баясгалан, Г.Майцэцэг хоёрын хайрын романс амьдрал болон цэцэглэж, хоёр хүү, нэг охинтой өнөр бүл өдгөө Зайсангийн нэгэн хотхонд амьдардаг. Хосуудын хамтын буюу гэр бүлийн бизнес нь “Эксклюзив” бэлэн хувцасны салон.

Бизнесийн түүх
Л.Баясгалан их сургуулиа дүүргэснийхээ дараа нэг хэсэг Германд байрлах “Zara” брэндийн оёдлын үйлдвэрт ажиллаж байжээ. Харин эхнэртэйгээ танилцснаас хойш гэрээрээ хувцас оёж, борлуулж эхэлсэн нь тэдний бизнесийн гараа. Ийн төв Европт бизнесээ эхлүүлж байсан хосууд нэг л өдөр эх орондоо ирж амьдрах шийдвэр гаргасан нь 2008 онд Европт нүүрлэсэн эдийн засгийн хямралтай холбоотой. Монголдоо ирсэн хойноо өөрсдийн мэргэжил болоод туршлага дээрээ үндэслэн “Эксклюзив” бэлэн хувцасны брэндээ бий болгов. Тэдний зорилго нь Zara, H&M шиг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах. Анх хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани эдүгээ 100 орчим ажилтантай, гурван салбар дэлгүүр, дөрвөн үйлдвэртэй болж өргөжсөн байна.
Эх сурвалж www.grandnews.mn
Бэлтгэсэн Б.Дэжид
Сэтгэгдэл (17)