Үүргээ хүлээх цагт...

ХҮН гэгч амьтан хорвоод дуу хадаан мэндлэхдээ үүрэг хүлээх, хариуцлага тээх “мөнхийн ажил”-тай ирдэг. Хүмүн төрөлхтөний ихэнх нь тэр ажлаа хагас дутуу гүйцэтгэсэн болоод буцдаг нь маргах аргагүй үнэн билээ. Амьдралын жамын дагуу гэр бүл болох, удам судраа үлдээхээс гадна бусдын төлөө, эх орныхоо төлөө үлдээсэн мөртэй байна гэдэг тэр бүр хүний хийж чадах ажил биш. Харин Ш.Адьшаа бол өөр...

УХААНЫ “ЦУЛБУУР” УРТСАХЫН ХЭРЭЭР

Хуульч, түүхч, нийтлэлч Ширнэнбандийн Адьшаагийн “мөнхийн ажил”-аа нэр төртэй биелүүлсэн нэгэн.  Тэрбээр алс баруун хязгаар Ховд аймагт, Мөнххайрхан уулын бэлд мэндэлжээ. Уулаа хайрлах, улмаар Монголоо хайрлах хүсэл тэмүүллээ “Том монголчууд” номондоо шингээн үлдээсэн буянтан. Сургуулиасаа үргэлж гэр рүүгээ оргодог байсан барилдаанч жаалхүү Халх голын ялалтын 40 жилийн ойгоор пионер сурагчдын дунд “Эх орноо хэн сайн мэдэх вэ?” гэсэн уралдаанд оролцон түрүүлснээр “засрах” эхлэл тавигджээ. Ингэж тэр тэр тэнгэр мөрлөсөн дүгнэгэр уулст баруун хязгаараас нар сульдаасан намжаа их талт зүүн хязгаарыг зорин Халхын голын уснаас амтлаж, Ерэн баатрын хөшөөг нүд хужирлаж, Ю.Цэдэнбал даргатай зургаа хамт татуулж, бяцхан биендээ багтахгүй баяр тээсэн азтай хүү.

Аравдугаар ангиа төгсгөөд МУИС-ийн хуулийн ангид орж суралцлаа, судаллаа. Яагаад хуулийг зөрчиж болдоггүйг нь арван хуруу шигээ мэддэг болж, яагаад хуулийг сахих ёстойг ер андахаа байжээ. Эрийн цээнд хүрч, ухааны цулбуур алд уртасчээ. Төгсөөд Ховдынхоо хязгаарт аймгийн прокурорын газрын мөрдөн байцаагчийн албанаас хөдөлмөрийнхөө гарааг эхлэв. Прокурор гэдэг сайхан ч алба, аймаар ч алба. Сайхан гэдэг нь хүний хар цагааныг ялгаад гэм буруугүйг нь тогтоож хилс хэргээс нь суга татан аварч ч чадна. Аймаар гэдэг нь хүнийг цустай ч алж чадна, цусгүй ч алж чадна. Энэ нь прокурорын хууль зүйн мэдлэг, мөрдөн байцаах ухааны үүднээс хэргийг задлан шинжлэх ур чадвар төдийгүй түүний мөс жудгаас ихээхэн шалтгаална. Хилс хэрэгт гүтгэгдсэн хасаг эрийг аварч, дээрэм хийсэн орос эрд алуулах дөхөж, амьдралын бартаат замыг чухам туулсаар хат суув. Наяад оны сүүлээр Ховд аймгийн прокурорын байгууллага системдээ дээгүүр үнэлгээтэй байсан нь тэнд ажиллагсдын ажлын үр дүн боловч Ш. Адьшаагийн бодлого, үйл ажиллагаа зүй ёсоор нөлөөлснийг баталдаг. 1990 онд Ш.Адьшаа хуульч Монгол Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаа. Ингэснээрээ Ховд аймгийн дайдад бус, Монгол улсын дайдад ажиллах болсон байна. Түүний ухааны цулбуур улсынхаа хэмжээнд уртассан байлаа.

 

НУТАГ АМЬТАЙ БҮТЭЭЛ, ТУУРВИЛ

Унаган нутаг Улаан ямаатын дунд өндөрлөгөөс түүний бүтээл, үйл эхлэлтэй. Тэрбээр нутагтаа олон бүтээлч ажил санаачлан, амжилттай хийсний нэг нь Баруун Монголын Бурханы шашинтны соёл уламжлалын төв Ганданпунцагчойлон хийдийн зуун найман цагаан суварга юм. Мөн Д.Сугартай хамтран “Өндөр гэгээн” ном туурвисан бөгөөд нийтлэлийн аргаар бичсэн байдаг. Чингисийн алтан ургийн Түшээт хан Гомбодорж, Ойрадын хошуудын Далай тайшийн охин Ханджамц нарын дундаас эснэсэн Занабазар гэгээний тухай Ш.Адьшаа нар бичихдээ: “Тэдний (алтан ургийнхны)  хэзээ ч үл тасрах удмын сайн чанар нь олон зуунд дамжсаар Чингисээс Өндөр гэгээнд шилжин ирсэн байна” гэж содон гаргалгаа хийснийг онцлууштай. Сэтгүүлч Ш. Цэрэнпилтэй хамтран XIV Далай ламын намтрыг туурвисан нь Д.Чойжамц хамбатны дүгнэснээр “Далай багшийн тухай монгол сэтгүүлчдээс бичсэн анхны том хэмжээний бүтээл” гэж үнэлэгдсэн байдаг.

Бизнес эмнэлэг, бөх морь, Ховд сан, Хоосон чанар гээд түүний ажил дундрахгүй ч түүхч хүний үүргээ нэр төртэй биелүүлсний гэрч нь “Галдан Бошигт” бүтээл нь юм. “Галдан бошигт! Галдан бошигт Чингис хааны багасаж жижигрэсэн хойт дүр л юм даа. Галдан хааны төр жолоодох урлаг, цэрэг засах чадвар, шинэтгэл хийх алын хараатай зоримог алхам нь их хааныг санагдуулах юм. 17-р зуунд Монгол угсаатны түүхэнд төдийгүй Азийн улс түмний харилцааны түүхэнд ул мөрөө үлдээсэн энэ хүний хувь заяа яасан эмэгнэлтэйгээр төгсч вэ? Үгүй ээ, эмэгнэлтэйгээр төгссөн биш байна. Галдан хичнээн Чингис хаантай төстэй ч Чингис хаан биш юм. Хүний зурсан зураг, төрсөн төөрөг гэж буй. Их түүх, их үйл явдлын гадна, дотнын нөлөөний эргүүлгэнд орсон тэрвээр өөрийн хийх ёстой л юм аа хийсэн байна” хэмээх эргэцүүллийг ухааруулдаг энэхүү номоо тэрбээр “уран сайхны нийтлэл” гэж тодорхойлсон.

            Ш.Адьшаа “Монгол бөх” цомгоос гадна 1925 оны Улсын анхдугаар баяр наадмаас хойшхи наадмын бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн барилдааны дүйз, тухайн баярт амжилт гаргасаан хүчтэнүүдийн гэрэл зургаар баяжуулсан “Улсын баяр наадам” номыг 2004 онд, мөн Монголын тулгар төрийн 800 жилийн ойд зориулан Улсын баяр наадмын түрүү үзүүрийн бөхчүүдийн тухай “Монгол бөх. Улсын баяр наадам” VCD гаргаж, бөхөд хайртай зон олондоо хүргэсэн байна.  Монгол бөхийг дэг жаягтай нь байлгая, монгол бөхчүүдийг мөс жудагтай нь байлгая гэх нэгэн үзүүрт сэтгэлээр 1924 оноос хойш гарсан Монгол бөхийн дүрмүүдийг эмхтгэн хэвлүүлсэн.

Эзэнгүй улс мэт байнам, Эхгүй мал мэт байнам гэсэн Тогоон тайшийн үгийг санагдуулам болчихоод байгаа өнөө үед, ай даа, эзний ёсоор эх орондоо, хүүгийн ёсоор “зовхи нь өөдөө” элгэн түмэндээ ханддаг тийм л хүн Монголд хэрэгтэйсан. Ш.Адьшаагийн ухааны “цулбуур” төрийнхөө алтан жолоог атгалцахын дайнд хүртлээ уртассан ажгуу.

Эх сурвалж: "Гранд сэтгүүл"

М.Уранчимэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • zochin
    nooluuraar tom bolson doo gej.
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • Zochin
    Uuniig bichuuleh gej hediig tulsun bol.magtuulah zuil baga l baigaa da
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • Irgen
    Нутгаасаа сонгуульд нэр дэвших юм гэсэн. Гаалиас гарсан тэрбумтан, согуулиар гарч ирвэл яаж идэж уудгийг яруу тод харуулна биз.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • zochin
    shiwee hvren gashuun suhaitaar hor nairuulj tsom bayjsan nohoi do
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • zochin
    gaalid bhad ni idsen uusan ni hyzgaargui geed l yrigdaj bichigdej bsn hun yu bolov oo turul ariljsan yum shig l bichsen bh chin ve.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин
    amjilt husey
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025