Бооёо гавъяат дурсамжаа хуваалцлаа

Гранд сэтгүүлийн хамт олон таван жилийн ойн хүрээндээ өнгөрсөн долоо хоногт нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн ахлах ангийн сурагчидтай өнжин, мэргэжлээ зөв сонгох өртөөчилсөн аялал хийсэн билээ.

Энэ үеэр МУГЖ Н.Ариунболд манай хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн сонгох талаар лекц уншсан юм. Хошин урлагийн нэрт төлөөлөл, авьяаслаг эрхмийг хүүхдүүд элгэмсүү хүлээж авч, халуун арга ташилтаар угтав. Хүүхэд байхад зурагтаар гардаг хүнийг “амьд”-аар нь харах бас л гоё байсан бололтой. Гавъяатын лекцийг бүрэн эхээр нь уншигч танаа хүргье.

“Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр намайг энэ өдөрлөгт урьсанд маш их баярлалаа. Миний аав ээж хоёр хоёулаа Сүхбаатар аймгийн хүмүүс байдаг. Би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Улаанбаатар Төмөр замын 2-р цэцэрлэг, ЕБС 51-р дунд сургууль, СУИС, Удирдлагын академи зэрэг сургуулиудыг төгссөн. Айлын дөрвөн хүүхдийн дээрээсээ гурав дахь нь. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Харин би өөрөө дөрвөн охинтой, эхнэртэйгээ 6-уулаа амьдардаг. Залуучууд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Ер нь бол би залуучуудын салхин доогуур өнгөрөх, залуучуудын байгаа газар очих дуртай. Тэнд сайхан ирээдүйг зөгнөсөн, ирээдүйг хүссэн эрч хүч, био энерги бүхий сайхан мэдрэмж төрж байдаг. Би бас өнөөдөр та нарын ирээдүйн төлөө зорьж яваа, өөрсдөөсөө сайн сайхан энерги цацруулж яваа залуу хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байна. Би шууд мэргэжил гэж ярихаас илүү мэргэжилтэй боловсон хүчин болж, мэргэшхийн тулд бие хүн өөрөө ямар байх вэ гэдгээ та бүхэнтэй ярилцмаар байна. Хүн өөрөө бүтээлч байх хэрэгтэй, ажилласаг хичээнгүй байх, зорьсон зорилгондоо хүрэхийн тулд аливаа нэг юманд дээрээ тэвчээр заах хэрэгтэй. Манай эмээ надад “Миний хүү өвдөөд байвал, энэ бол юу ч биш. Энэнээс их өвдөнө шүү дээ  гэж бодохоор өвдөлт өнгөрсөн байдаг юм аа” гэж хэлж байсан.

Тэрэнтэй адилхан аливаа нэг юманд маш их тэвчээртэй хандаж байх хэрэгтэй. Бидэнд өвдөх, уйлах, зүдрэх, ядрах олон цаг хугацаа биднийг хүлээж байгаа. Гэхдээ бид нарыг тэрнээс сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Бидний амьдралд жижигхэн саад бэрхшээл тохиолдоход, түүндээ гутарч гунилгүй даван туулж, зоригтой алхамуудыг хийх хэрэгтэй. Өнөөдрийн зах зээлийн ороо бусгаа, өнгө мөнгөний амьдрал эхэлцэн энэ цаг үед бид нарыг зөөлөн хатуу руу, зөв буруу руу чирэх хүн олон бий. Гэхдээ чи өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн толгойтой, өөрийн гэсэн ирээдүйтэй учраас амьдралынхаа жолоо цулбуурыг гараараа чанга атгах хэрэгтэй гэж та нартаа захимаар байна. Эрт орой хэзээ нэгэн цагт чи амьдралдаа алдсан ч, оносон ч би өөрөө яваад дууссан гэдэг үзэл баримтлалыг барих ёстой. Би тэр хүний үгэнд орж яваад, ийм байдалд хүрсээн гэвэл, өөртөө гомдохоос гадна, тэр хүнд гомдож, хоёр гомдол та нарт төрөх болно. Тэгэхээр өөрөө өөртөө эзэн бай, өөрөө өөрөөрөө бай гэдэг бол хамгийн том зарчим. Би Оросын нэг мундаг зураачын хөл нүцгэн тариалангын талбай дээр суучихсан зургийг хараад “Ер нь хөл рүү хатгах өвснөөс зүрх рүү хатгах өвс гэдэг бол их хатуу юмаа” гэж бодож байсан юм. Тэгэхээр бид нар өөрсдөө зүрх сэтгэлдээ ямар нэгэн шарх авах, хэн нэгэнд гомдож, алдах өдөр байхад тэвчээртэйгээр босож ирэх чадвартай байх хэрэгтэй. Одоо бид нар сайхан мэргэжлийн тухай яриад, сайн сайхан ирээдүйг төсөөлөөд явж байгаа боловч, наана нь сургуулийн төлбөрийн асуудал,  суралцахад боломж бололцоо яахав гээд олон асуудал, олон салаа зам байна. Тэднийг хэрхэн даван туулах вэ гэдэг гарц гаргалгаагаа бодох хэрэгтэй. Зургаадугаар сарын 1-нд дунд сургуулиа төгсөж, гэрчилгээгээ аваад их сургуульд ордог. Тэгээд л оюутны амьдрал эхэлдэг гэж бодож болохгүй. Тэгэхээр өнөөдөр энэ цагаас эхлэн сургалтын төлбөрөө цуглуулж эхлээрэй. 5, 10 мянган төгрөг байсан ч цааш нь хийж, хуримтлал хийх хэрэгтэй. Үүнийг сургалтын төлбөр гэхээсээ илүү, өөрөө өөрийнхөө ирээдүйдээ хийж байгаа хувь нэмэр гэж үзээрэй. Энэ нь чиний хүсэл мөрөөдөлд хүрэх зам болно. “Далайд дусал нэмэр” гэгчээр бага багаар цуглуулсан мөнгө оюутан болох үед хувцас, төлбөрт чинь их нэмэр болно.

Би өөрийгөө боддог юм. Айхтар амжилтад хүрье гэж зорьж яваагүй. Өөрийнхөө хүссэн сонирхсон сургуульдаа ороод, мэргэжлээрээ мэргэшээд, мэргэшсэн ажилтан, мэргэжилтэн болох юмсан гэж бодож байсан. Харин өнөөдөр миний ажил мэргэжил та нарын халуун дулаан алга ташилтан дундуур алхах боломжийг бэлэглэсэн, ард түмний хүндэтгэл хайрыг хүлээсэн. Би үүнд их баяртай байдаг, бахархалтай санагддаг. Намайг сургуульд орж байхад сургалтын төлбөрийн асуудал хүнд байсан. Тэр үед би сургалтын төлбөрөө аав ээжээсээ авахыг хүсээгүй, ажил хийж олж байсан. Тухайн үед манай найзуудаас “Чи сургуульд сурч яах гээд байгаа юм бэ. Тэрний оронд хэдүүлээ ганзагын наймаа хийе, наймаа нэг нугалж ашиг олж байна” хэмээн ярьж, гоё ганган хувцаслаж, машин тэрэгтэй болсон байсан. Тэд намайг ресторанд хоолонд оруулж байсан. Гэхдээ надад “Ямар ч байсан би сургуулиа төгсөх ёстой” гэсэн бодол л байсан. Яагаад гэвэл, халаасанд мөнгө байхгүй. Ээж аав намайг өөд нь татаад явъя ч гэсэн их эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө байсангүй. Надад миний боловсрол, миний итгэл маш чухал байсан. Хоосон газар хот босгоё л гэсэн бодолтой явсан. Тэглээ гээд надад алдсан юм алга. Хүн яаж амьдрах ёстой юм, би тэр хэмжээнд амьдраад л явж байна. Та нарт энэ боломж байгаа учраас, өөрөөл бусдад бус өөртөө итгэх хэрэгтэй. Хүмүүс их мөнгө олоод, том бизнес эрхлээд, овойж оцоотлоо баяжчихна гэж ойлгодог. Энэ бол нэг л удаагийн зүйл. Нэг насны хоол гэдэг бол бид нарын тархинд байдаг. Нэг насаараа зовохгүй амьдрах гэдэг бол, бид нарын олж авсан эрдэм, мэдлэгт байгаа. Хөгшрөөд өтөлсөн байсан ч, бид нар нэг компани, Төрийн байгууллагад зөвлөхөөр ажиллаж болно. Тэтгэвэрийн мөнгөө авахынхаа хажуугаар зөвлөхөөр ажиллана. Чамайг мөнгөтэй учраас ажиллуулаагүй, мэдлэгтэй учраас ажиллуулж байгаа хэрэг. Тэгэхээр миний дүү нар ажил мэргэжил гэдгийг сайн бодож, төлөвлөж зөв сонгох хэрэгтэй.

Би бага байхдаа кинотеатрын үүдэнд билет таслаж байгаа хүнийг хараад, “Ямар гоё юм бэ, энэ эгч өдөр бүр кино үздэг байхдаа”, маруужин /мөхөөлдөс/ зарж байгаа хүнийг хараад, “Энэ хүн байнга маруужин иддэг байхдаа, ер нь том маруужны үйлдвэртэй болно оо” гэж боддог байсан. Харсан болгон гэрэл гэгээтэй сайхан санагдаж байсан. Үнэхээр гоё. Ажил мэргэжлийн онцлог гэж байна, түүндээ дурлаж, мэргэшиж түүгээрээ өөрийгөө хөгжүүлж явна гэдэг бол өөрийн дур сонирхол байгаа юм. Өнөөдөр зах зээлийн нийгэмд хуульч хэрэгтэй бол, Монголоор дүүрэн хуульч байна. Эдийн засагч хэрэгтэй бол, Монголоор дүүрэн эдийн засагч нар байна. Гэтэл өнөөдөр барилга байгууламж барих инженер, техникчид алга. Хуульч эдийн засагч гэдэг өнөөгийн нийгэмд “халаас” дотор л байна.

Манай ээж булчирхайн хавдартай. Би олон жил хуримтлуулсан мөнгөөрөө ээжийгээ гадаадад аваачсан. Учир нь монголын эмнэлэг надад “Танай ээж нэг л сарын настай” гэсэн ах дүү нар маань бүгд уйлалдаад, би гадаад руу ээжийгээ авч явсан. Хагалгаанд орохын өмнө нь шөнө би ээжийнхээ өвөрт унтсан. Ээжээ би таньтай унтая гэхэд ээж эхнэртэйгээ унтаач миний хүү гээд, би үгүй ээ ээжээ би тантай унтмаар байна” гэж хэлсэн. Би маргааш нь хагалгаанаас босч ирэхгүй ч байж магадгүй гэж бодож байсан. Гэрэл унтарсан ээж маань миний толгойг илж байснаа “надад яаж ийм хүү заяасан юм дээ” гэж ээж маань уйлсан. Би ч бас уйлсан. Гэхдээ бид хоёр бие биенийгээ хараагүй ч, хэн хэнийх нь нулимс урсаж байсан. Нэг мэдсэн чинь л өглөө болчихсон байсан. Хагалгаа ч амжилттай болсон. Ээж маань өнөөдөр эрүүл саруул, энх тунх амьдарч байна. Би яагаад энэ тухай ярьж байна гэхээр би ажил мэргэжлээрээ олсон мөнгөөрөө ээжийгээ эдгээсэн.  Ажил мэргэжил гэдэг зүйлтэй амь нас, эрүүл мэнд, гэр бүл, хань ижил, албан тушаал салшгүй холбоотой. Сонгосон мэргэжилдээ эзэн байж, сайн суралцах хэрэгтэй. Өөртөө зав өгөхгүй сайн ажиллах хэрэгтэй. Завгүй хүнийг зовлон тойрдог гэж үг байдаг. Та нарт сайхан ирээдүй хүлээж байна, ээж аавынхаа ачыг хариулна гэдэгт итгэж байна” ярилаа. Түүний лекцийг хүүхдүүд маш халуун дотно хүлээн авч, хайртай жүжигчиндээ үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа хэмээн чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлж байв.

Мөн хүүхдүүд МУГЖ Н.Ариунболдод хандан “Таниас асуулт асууж болох уу” хэмээн ам амандаа уралдан шуугилдав. Тэдний хүсэлтийг хайртай жүжигчин нь уриалагхан хүлээн авч, асуусан асуултад ээлж дараалалтай хариулсан юм.

-Таныг 17 настай байхад мэргэжлээ зөв сонгох талаар танд зөвлөгөө өгч байсан хүн бий юу?

-Тэгж байсан хүн их л ховордоо /инээмсэглэв.сур/. Хамт олон найз нөхөд, манай багш нар жүжигчин бол гэдэг байсан. Тэр үед мэргэжлээ сонгоход хамгийн үнэтэй зөвлөгөөг аав маань өгч байсан. Миний хүү ингэх ёстой, тэгэх ёстой, энэ сургуулийг төгсөөд, тэнд ажиллах ёстой. Тэгээд ингэвэл, тэгнэ гэдэг үнэтэй зөвлөгөөг аав маань өгч байсан. Гэхдээ би өөрөө өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө суралцаж, ажиллаж ирсэн. Түүнийхээ үр шимээр амьдралд би сайн муу сайхан муухайг үзэж яваа. Олны танил байна гэдэг хэвлэл мэдээлэл, хүмүүсийн ам хэл, яриа хөөрөө зэрэг янз бүрийн юмыг дааж явах хэрэг гарсан. Уран бүтээлч хүн өөрөө энэ бүхнийг дааж явах үүрэгтэй. Уран бүтээлч хүнийг ярьж л байвал тэр хүн амьд байна, юм хийж байна гэсэн үг. Би өөрөө ч үүнтэй эвлэрдэг. Яагаад гэвэл би энэ замыг 15 настай байхдаа сонгосон. Сургуулиараа намайг Бооёо гэж ярьдаг байсан. Дараа нь Төмөр замаараа намайг ярьдаг болсон. Бооёо ингэжээ, тэгжээ гээд л. Би өөрөө энэ замыг сонгосон юм чинь, эргэлт буцалт байхгүй. Энэ бүхнийг даах нуруутай яваарай гэж аав маань л зөвлөж байсан. Надад энэ зөвлөгөө өдрөөс өдөрт хэрэг болдог.

-Та бид нар шиг байхдаа өөр мэргэжил сонгоно, тийм хүн болно гэж бодож байсан уу?

-Мэргэжил бүхэн сайхан юм шиг санагдаж байсан. Гэхдээ ах нь долдугаар ангиасаа л жүжигчин болно гэдгээ сонгосон байсан учраас асуудал гараагүй. Хэрэв та юу болох байсан бэ гэвэл магадгүй хуульч ч юм уу, багш ч юм уу болох байсан байх. Би аман хичээлдээ сайн байсан учраас тэрийгээ дагах байсан байх. Ямар ч байсан би математикч болоогүй байгаа /инээв.сур/. Тоондоо их муу байсан байхгүй юу” гэж хүүхдүүдийг инээлгэв.

Жүжигчин МУГЖ Н.Ариунболдын лекц хүүхдүүдэд маш их таалагдсан, сэтгэгдэл төрүүлж чадсан гэдгийг хүүхдүүд итгэлтэйгээр хэлж байсан юм. Үүнээс ихийг яриулмаар байсан ч гавъатын маань тоглолтын цаг ойртсон тул, дараа дахин хүүхдүүдтэй уулзахаар болзож, лекцээ өндөрлөсөн билээ. 

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Дэжид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • sara
    Ih sain zaluu.oyutan bhad n naizuud blaa.saihan setgeltei bolohoor sain yavj bga minii naiz.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • туяа
    ээжийгээ эдгээсэн нь хамгийн гоё
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • ZOCHIN
    AMJILT HUSIE.SAIN JUJIGCHIN SHUU
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • ахггнмн
    Утгагүй амьтан
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Бооёо гавьяатыг дурслаа гэж уншлаа шүү сая, муу ёр байгаадаа
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025